Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 22-07/,

-шүүгдэгч А.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Алтангэрэлийн Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201619000450 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай,яс үндэс халх,бүрэн дунд боловсролтой, автын механик, нярав бүртгэлийн ажилтан мэргэжилтэй, Төв аймгийн Зуунмод сум 2 дугаар баг Дэнжийн 14-22 тоотод  оршин суух, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Тайжовогт Алтангэрэлийн Мөнхжаргал /РД:НЭ88102318/ гэв.

 

     Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Мөнхжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 05-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт /хуучнаар/ 8-н жилийн сургуулийн байрны хойд талд 16 настай А.Лхагвацэндийг “том дуутай залуу юу” гэх үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлан хавсарч унаган нүүрлүү нь цохиж, А.Лхагвацэндийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхйрсан болох нь мөрдөн байцалтын явцад хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч А.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй..” гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Насанд хүрээгүй хохирогч А.Лхагвацэнд байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хамаатны ах Жанлавсүрэнгийнд юм хийж байгаад орой 19 цагийн үед гэрлүүгээ буюу Зуунмод сумын 2 дугаар багийн Дэнжийн 15-10 тоот руу гараад хуучин найман жилийн байрны хажууд 2 дугаар багийн байрны ард талд газар зоолттой байсан хаймран дугуйн дээр суугаад амарч байсан юм. Би тухайн үед пепсиний сав руу чулуу шидээд сууж байсан чинь голын тэндээс хоёр надаас насаар ахимаг эрэгтэй хүн ирсэн нэг арай намхан нуруутай бадируун биетэй залуу нь надад хандан дүүд тамхи байна уу гэхээр нь би түүнд хандан надад тамхи байхгүй, би тамхи татдаггүй гэж хэлсэн чинь  надруу хандан ямар том дуутай залуу ву миний өөдөөс пээдийгээд байна уу гэсэн тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн... Тэгсэн чинь түүнтэй цуг явж байсан ах нь чи ингэж том хүнд томорч болохгүй шүү дээ гэхээр нь нөгөө ах над руу дайраад байсан ах намайг чи муу над руу томроод гээд өмсөж явсан цамцны энгэрээс боогоод газар унагаасан, тэгснээ шууд дээр гараад нүүр лүү цохисон хэдэн удаа цохисныг санахгүй байна, тэгсэн чинь хамт явж байсан залуу бид хоёрыг салгасан, тэгээд би босоод гэр лүүгээ явах гэсэн чинь толгой эргээд явж чадахгүй байсан ба толгойгоо бариад сууж байсан чинь манай ах Жанлав машинтай хүрээд ирсэн. Ингээд Жанлав ах намайг дагуулаад машинтай Энхтайван руу очсон чинь нөгөө намайг зоддог залуу Жанлав ах бид хоёрыг хадаад хашаа даваад зугтаачихсан. Тухайн үед намайг зоддог залуу бараг хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан ба хамтявсан ах нь арай гайгүй гэхдээ согтуу байсан. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй, надаас тамхи асуухаар нь байхгүй гэсэн чинь том дуутай гэх зэргээр дарамталж зодсон...намайг зодсон залууг би урьд өмнө нь таньдаггүй юм. Би тухайн залуутай хэрэлдэж маргалдсан, түүнрүү чулуу шидсэн асуудал байхгүй. Анх ирэхэд нь би пепсиний сав руу л 2-3 удаа жижиг чулуу няслаад сууж байсан сав миний урд байсан, харин нөгөө хоёр голоос буюу ертөнцийн зүгээр баруун талаас ирж байсан... гомдолтой байна 150.000 төгрөг нэхэмжилнэ”  гэх мэдүүлэг /хх-15-16/,

           

Гэрч Ц.Болорцогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...Тухайн  2016 оны 06 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед... Мөнхжаргал, Бат-Өлзий нарын хамт гол дээр нэг шил Хараа нэртэй 0,5 граммийн архи хувааж ууцгаасан тэгээд... Мөнхжаргал намайг андыгаа гэр лүү дөхүүлчих гээд бид хоёр голоос дээшээ Дэнж рүү хуучнаар найман жилийн сургуулийн хойд талын дугуйн дээр нэг юүдэнтэй цэнхэр цамцтай хүүхэд сууж байсан, тэгсэн Мөнхжаргалын хөлөн доогуур нэг жижиг чулуу ороод ирсэн тэгсэн чинь Мөнхжаргал тэр хүүхэд рүү яваад очиход би дагаад очсон Мөнхжаргал тэр хүүхдэд  яагаад чулуу шидээд байгаа юм бэ гэсэн чинь Мөнхжаргалд би та хоёр луу шидээгүй би тэр сав руу шидсэн юмаа гэсэн Мөнхжаргал чи яаж яриад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө хүүхэд нь би ярьдгаараа ярьж байна гэсэн тэгсэн чинь Мөнхжаргал түүнд яаж хараад байгаа юм бэ гэсэн чинь хүүхэд зүгээр хардгаараа харсан юмаа ах аа гэсэн  тэгэхээр нь би Мөнхжаргалыг явъя аа жоохон хүүхэдтэй яах гээд байгаа юм гэсэн чинь Мөнхжаргал байж бай гэснээ чи тэгээд яах гээд юм бэ гээд тэр хүүхэд рүү дайраад байсан...би тэр хоёрыг боль гэсэн чинь байж бай гэсэн, би утсаар яриад байж байгаад эргээд харсан чинь Мөнхжаргал нөгөө хүүхдийг хавсарч унагаад дээр гарсан тэгэхээр нь би тэр хоёр луу очоод Мөнхжаргалыг нөгөө хүүхдийн дээрээс татаж босгосон...” гэх мэдүүлэг /хх-18/,

 

     Гэрч Ц.Жанлавсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн 2016 оны 06дугаар сарын 05-ны өдөр манай төрсөн ахын хүүхэд Лхагвацэнд нь манай гэрт Зуунмод сумын 6-р баг Энхтайваны 10-15 тоотод надад тусалж байсан. Тэгээд би оройн 18 цаг өнгөрөөд Дэнж рүү буюу Лхагвацэндийн гэр лүү очоод тэндээсээ Лхагвацэндийг Дэнжрүү дуудсан, тэгсэн чинь Лхагвацэнд 8 жилийн тэндээс Дэнжрүү гүйгээд ирсэн. Тухайн үед Лхагвацэнд нүүрэндээ цохиулчихлаа толгой өвдөөд байна гэхээр нь юу болсныг асуусан чинь хоёр залуу ирээд нэг нь зодчихлоо гэсэн.. Энхтайванруу очоод нөгөө залууг хайж байсан чинь Замт дэлгүүрийн хажууд нөгөө залуутай нь тааралдсан, тэр 1 залуутай хамт 2-лаа явж байсан...тэгэхээр нь нөгөө залууг чинь яахаараа хүүхэд зоддог юм бэ гэж асуугаад цагдаа дуудсан чинь нөгөө залуу Энхтайваны 7-5 тоот руу гүйж ороод даваад зугтаачихсан. Тухайн үед манай дүүг зодсон залуу нилээн юм үнэртүүлчихсэн, согтуу байсан... манай дүү биедээ ил харагдах шарх гэмтэл аваагүй зүгээр байсан. Хүнд зодуулчихлаа гэж тааралдахдаа нүд нь хөхөрчихсөн, хамар нь зулгарчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-19/,

 

     Гэрч Т.Чимэддулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “.. 2016 оны 06 дугаар сарын 05-ныөдөрнамайг гэртээ буюу  Төв аймгийн Зуунмод  сумын 6-р багийн Энхтайваны 8-а-6 тоотод байж байсан чинь манай найз Жанлав гэдэг залуу надруу залгаад гараад ир ээ би гадаа чинь байна гэхээр нь хашааныхаа гадаа гараад очсон чинь... Жанлав манай энэ дүүг хүн зодчихсон байна, Энхтайванд явж байна гэнэ  жаахан хайгаадахъя гээд машинаараа булан тойрсон чинь Замт дэлгүүрийн хажууд миний зүс таних Бат-Өлзий болон Мөнхжаргал нар зогсож байсан. Тэгсэн Мөнхжаргалыг Жанлавын дүү энэ залуу мөн байна гэхээр нь Жанлав машинаасаа буугаад чи яахаараа хүн зоддог юм гэсэн чинь Мөнхжаргал надруу Чимэдээ чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь Жанлав цагдаа дуудна гээд утсаа гаргасан чинь Мөнхжаргал нь цаашаа  зугтаачихсан. Тухайн үед Жанлавын дүү гэх залуугийн зүүн нүд нь улайж хөхөрсөн, хамар нь халцарч, зулгарчихсан гэмтэлтэй уйлсан байдалтай байсан. 12 дугаар ангийн хүүхэд гэж байсан” гэх мэдүүлэг /хх-20/, 

 

     Гэрч Э.Бат-Өлзий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн ажлын хамт олон болох Мөнхжаргал, Болорцог гээд хоёр залуутай Зуунмодны голын эрэг дээр 16 цагийн үед нэг шил 0,5 граммын Хараа нэртэй архи хувааж ууцгаасан... Мөнхжаргал бид хоёр Замт дэлгүүрийн баруун хажууд зогсож байсан чинь цагаан өнгийн приустэй хүмүүс ирсэн тухайн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан ба ирж зогсоод эрэгтэй нь яагаад хүүхэд зодоод байгаа юм гэхээр нь би юун хүүхэд ямар хүүхэд вэ гэсэн чинь гэсэн чинь манай дүү гэж эрэгтэй нь хэлсэн. Чимэдээ гэдэг таньдаг хүүхэн байсан, тэгсэн чинь машиных нь ард нэг эрэгтэй хүүхэд сууж байсан...Мөнхжаргал цаашаа яваад өгсөн тэр хоёртой  юм ярьж байгаад яваад өгсөн...Тэр хоёр Мөнхжаргалыг манай хашааг даваад явчихлаа гэж байсан...тухайн үед Мөнхжаргалын нүд нь сүмийчихсэн  байсан яг хэр зэргийн согтолттой байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Мөнхжаргал сүүлд нэг хэлэхдээ 8 жилийн хойд талд  жаахан бацаантай шөргөөцөлдсөн, надад маргааш нь Мөнхжаргал хэлэхдээ саатуулагдаж магадгүй гээд зугтаасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-21/,

 

Гэрч С.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016оны 06 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед Жанлав манайхаар ирчихээд эргэж гараад буцаад хүүг маань дагуулаад ороод ирсэн,тухайн үед хүүгийн маань зүүн нүд нь хавдчихсан дух нь нүднийхээ дээгүүр хавдчихсан хамар нь шалбарчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь хүүгээсээ чи яав аа гэж асуусан чинь хүү маань надад сая Жанлав ахынхаас ирж явсан чинь 8 жилийн сургуулийн хойд талд хоёр согтуу ах тааралдаад нэг нь тамхи байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь ахынхаа өөдөөс томроод байна уу гээд зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22/,

 

 

Гэрч Ц.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016оны 06 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед намайг гэртээ сууж байсан чинь хүү Лхагвацэнд маань манай төрсөн дүү Жанлавын хамт хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн. “хоёр ах тамхи нэхээд намайг зодчихлоо” гэж байсан... тухайн үед хүү маань 15 цагийн үед гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа биедээ ямар нэгэн гэмтэл шарх аваагүй байсан.Харин зодууллаа гээд орж ирэхдээ хамар нь шалбарсан зүүн нүд нь хавдаж хөхөрсөн уйлчихсан орж ирсэн..” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Шинжээчийн 286 тоот дүгнэлт:

1. А.Лхагвацэндийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангад нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ:

-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-10/,

-насанд хүрээгүй хохирогч А.Лхагвацэндийн насыг тоолсон тэмдэглэл /хх-12/,

-шүүгдэгч А.Мөнхжаргалын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /хх-42/,

-шүүгдэгч А.Мөнхжаргалыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр /хх-36-37/, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар /хх-38-39/ байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

      Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Мөнхжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 05-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт /хуучнаар/ 8-н жилийн сургуулийн байрны хойд талд 16 настай А.Лхагвацэндийг “том дуутай залуу юу” гэх үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлан хавсарч унаган нүүрлүү нь цохиж, А.Лхагвацэндийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхйрсан болох нь: насанд хүрээгүй хохирогч А.Лхагвацэндийн: “...өмсөж явсан цамцны энгэрээс боогоод газар унагаасан, тэгснээ шууд дээр гараад нүүр лүү цохисон хэдэн удаа цохисныг санахгүй байна, тэгсэн чинь хамт явж байсан залуу бид хоёрыг салгасан, тэгээд би босоод гэр лүүгээ явах гэсэн чинь толгой эргээд явж чадахгүй байсан ба толгойгоо бариад сууж байсан чинь манай ах Жанлав машинтай хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Ц.Болорцэцэгийн: ".. Мөнхжаргал нөгөө хүүхдийг хавсарч унагаад дээр гарсан тэгэхээр нь би тэр хоёр луу очоод Мөнхжаргалыг нөгөө хүүхдийн дээрээс татаж босгосон..” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч Ц.Жанлавсүрэнгийн: “..Хүнд зодуулчихлаа гэж тааралдахдаа нүд нь хөхөрчихсөн, хамар нь зулгарчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Т.Чимэддуламын: “..Тухайн үед Жанлавын дүү гэх залуугийн зүүн нүд нь улайж хөхөрсөн, хамар нь халцарч, зулгарчихсан гэмтэлтэй уйлсан байдалтай байсан... ” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Э.Бат-Өлзийгийн: “..Мөнхжаргал сүүлд нэг хэлэхдээ 8 жилийн хойд талд  жаахан бацаантай шөргөөцөлдсөн, надад маргааш нь Мөнхжаргал хэлэхдээ саатуулагдаж магадгүй гээд зугтаасан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, гэрч С.Одончимэгийн: “..8 жилийн сургуулийн хойд талд хоёр согтуу ах тааралдаад нэг нь тамхи байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь ахынхаа өөдөөс томроод байна уу гээд зодчихлоо гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-22/, шинжээчийн 286 тоот дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч А.Лхагвацэнд, Ц.Болорцог нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-26/,  шүүгдэгч А.Мөнхжаргалын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч А.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхүзлээ.

 

Шүүгдэгч А.Мөнхжаргалд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулж байгаа байдал, хохирогч гомдол санал гаргаагүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

 Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч А.Лхагвацэнд нь эрүүл мэндийн хохиролд 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч А.Мөнхжаргал нь  төлж барагдуулсан ба насанд хүрээгүй хохирогч А.Лхагвацэнд болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Одончимэг нар нь хохирол гомдолгүй гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Эд мөрийн баримт болон битүүмжилсэн зүйлийн талаар:

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч А.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

          1. Шүүгдэгч Тайж овогт Алтангэрэлийн Мөнхжаргалыг догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алтангэрэлийн Мөнхжаргалыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Мөнхжаргалд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Мөнхжаргалд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Мөнхжаргалын тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт үүрэг болгосугай.

           

            6. Монголулсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд ялтан А.Мөнхжаргал нь захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

            7.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, ялтан А.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан А.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА