Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Н.Мийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэртэй

Н.Мийн нэхэмжлэлтэй

Г.А, Ч.Б нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 56 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21 040 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч нарын өмгөөлөгч Х.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Н овогтой М миний биө 2014.04.28-2014.07.18-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн төвд үйл ажиллагаа явуулдаг Шар бүрд дэлгүүрийн эзэн Г.А болон түүний хүү Ч.Б нарт 87 000 000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Г.А, Ч.Б нар нь надаас 87 000 000 төгрөгийг 2015.01.01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлж, зээлийн хүүнд 43 000 000 төгрөгийг үндсэн зээл 87 000 000 төгрөгийн хамт надад өгөхөөр тохиролцож бид гэрээ байгуулсан. Ч.Б, Г.Апгаа нар нь үндсэн зээл 87 000 000 төгрөг, хүү 43 000 000 төгрөг, нийт 130 000 000 төгрөгөөс хүү 43 000 000 төгрөг, үндсэн зээл 31 000 000 төгрөгийг надад өгсөн бөгөөд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 56 000 000 төгрөгийг өгөөгүй байгаа билээ. Энэ мөнгийг Г.А, Ч.Б нараас нэхэхээр өгнө л гэдэг боловч өгөхгүй байсаар өнөөдрийг хүргэж байна. 2015.03 сард сум дундын 3 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээнд уригдагч тал нь Г.А, Ч.Б нар байхаас зөвхөн Г.Агийн “Н.Мт 56 000 000 төгрөг төлнө” гэснийг үндэслэж Г.А бид хоёрыг байлцуулан эвлэрлийн гэрээг байгуулсан. Тус шүүхийн эвлэрлийн гэрээг батАжуулсан шүүгчийн 634 дугаартай захирамж гарсан бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх гэсэн боловч төлбөр төлөгч Г.А нь хүү Ч.Бийн нэр дээр өөрийн хөрөнгө өмчөө шилжүүлсэн байдаг бөгөөд надаас Г.Атай хамт мөнгө зээлсэн Ч.Бийн эд хөрөнгөөс мөнгөө гаргуулъя гэхэд 106 дугаартай эвлэрлийн гэрээ болон шүүгчийн 634 дугаартай захирамжид Г.А л хариуцагч байна гэсэн. Тэгээд эвлэрлийн гэрээ батАжуулсан 634 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1087 дугаартай захирамжаар хүчингүй болгуулаад дахин эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Г.А нь эвлэрүүлэн зуучлагчийн дуудсан цаг хугацаанд ирээгүй бөгөөд эвлэрүүлэх ажиллагаа явагдах боломжгүй болж эвлэрүүлэн зуучлагчаас миний гаргасан өргөдлийг буцаан өгсөн. Г.А, Ч.Б нар нь надаас зээлсэн мөнгөө өгөхгүйн тулд арга саам хийж, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаанд саад хийгээд байсан учраас цагдаагийн байгуулагад хандсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, Г.А нь үндсэн зээлийн үлдэгдэл 56 000 000 төгрөгийг төлнө гэж байгаа учраас шүүхэд хандах боломжтой гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Би Г.А, Ч.Б нарт өөрийн бүх хөрөнгө болох 87 000 000 төгрөгийг зээлдүүлснээс болж бизнес хийх эргэлтийн хөрөнгөгүй болчихоод байгаа билээ. Ч.Б, Г.Апгаа нар нь надаас мөнгө гуйсаар байгаад зээлж авсан атлаа одоо тохиролцсон ёсоороо мөнгөө өгөхгүй намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Ч.Б, Г.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 56 000 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: “Н.Мийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.А, Ч.Б бид хариу тайлбар гаргаж байна. Г.А миний бие хүү Ч.Бтойгоо ярилцаж байгаад түүний найз Н.Мөөс зээл авахаар болсон юм. Ингээд Мөөс 2014.04.28-ны өдөр         20 000 000 /хорин сая/ төгрөг, 2014.06.24-ний өдөр 3 000 000 төгрөг тус тус миний данс руу шилжин орж ирсэн. Тэр өдөр Б Н.Мөөс бэлнээр 17 000 000 төгрөг авч миний данс руу хийсэн. Дараа нь 2014.07.03-ны өдөр Н.Мөөс 2 000 000 төгрөг миний данс руу шилжин орж ирсэн. Тэр өдөр Б Н.Мөөс 18 000 000 төгрөг бэлнээр авч миний данс руу 15 000 000 төгрөг хийсэн юм. Ингээд Н.Мөөс 2014.04.28-2014.07.03-ныг хүртэл нийт 60 000 000 төгрөг авсан юм. Тухайн үед Н.Мт банкны зээл гарахаар авсан мөнгөө өгье гэж хэлсэн. Н.М 10 хувийн хүүтэй шүү гэж хэлсэн. Тухай бүртээ амаар ярилцаж хэлээд авдаг байсан. Хас банкнаас миний хөөцөлдсөн зээл 2014.12 сарын эхэнд гарсан байсан. Гэтэл Н.М цагдаагийн байгууллагад өргөдөл гарган залилан мэхэлсэн мэтээр намайг бичиж өгсөн ба тэр өргөдлийнхөө нэг хувийг Хас банкинд аваачин өгч “энэ хүн чинь залилан хийсэн, надад өртэй байгаа, танайх зээл өгвөл дээд газарт чинь хандана шүү" гэх мэт худал цуурхал тараасны улмаас банк миний зээлийн дансыг хаасан. Хас банкнаас яагаад зээлийн данс хаасныг лавлахад “М гэдэг хүн ирсэн, та 152 сая төгрөгийн өртэй юм байна, манайхаас танд олгогдсон зээл эрсдэлтэй байдал үүсэхээр байсан учраас таны дансыг хаасан” гэж хэлсэн. Мийн өөрийнх нь бодож гаргасан өндөр зээл, түүний хийсвэр хүүнээс болж би зээлээ гаргуулж авч чадаагүй. Цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө надаас 152 сая төгрөгийн авлагатай мэтээр бичсэн байсан. Өөрөөр хэлбэл Н.М надад зээлсэн мөнгөө миний зээлийн дансыг хаалгуулснаасаа болж хугацаандаа авч чадаагүй. Ингээд Н.М нь 2014.12.31-ний өдөр Ч.Б бид хоёрыг гэрээ байгуулъя, нотариатаар батлуулъя гэж дуудсан. Тэгэхэд нь би түүнд “Чи өөрөө гэрээгээ бичээд ир, би зээлсэн мөнгөө өгөх нь үнэн учраас татгалзах юм алга” гэж хэлсэн. Түүний дагуу Н.Мийн бичиж ирсэн гэрээг нь үзтэл 87 сая төгрөг зээлдүүлсэн, хүү нь 43 сая төгрөг гэж бичсэн байхаар нь яагаад ийм өндөр болчихсон байгааг асуутал “хуулийн дагуу зээлдүүлсэн мөнгөний хүү нь ингэж гарч байна, дангаараа хүүний мөнгө нэхэж болдоггүй юм” гэсэн утгатай зүйл ярьсан. Түүнээс биш бид мөнгөн дүн дээр хоёр талаас тооцоо нийлж тохиролцсон зүйл байхгүй. Мөөс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийнх нь дагуу намайг асууж шалган иргэн хоорондын маргаан гэдгийг тогтоосон юм билээ. Түүний дагуу прокуророос гарсан албан бичгийг надад өгдөггүй, Мт л өгдөг юм байх гэж ойлгоод тэр бичгийг Мөөр банкинд өгүүлэхийн тулд түүний бичсэн өндөр хүүтэй, аваагүй 87 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Учир нь банкнаас “залилан гэх мэт хэрэгт холбогдоогүй гэдэг албан бичиг аваад ирвэл таны зээл гарна” гэж хэлсэн юм. Ингээд Мөөс прокурорын тогтоолыг авч банкинд өгсөн юм. Үүний дараа миний зээл гарч Н.Мт 2015.01.14-ний өдөр 27 000 000 төгрөг, 2015.01.16-ны өдөр 29 500 000 төгрөг, 2015.01.20- ны өдөр 15 000 000 төгрөг, 2015.02.13-ны өдөр 2 500 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн өгсөн. Мөн манай нөхөр Н.Мт 2014.08.18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2014.08.20-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг бэлнээр өгсөн байсан. Мөн дэлгүүрийн кассын орлогоос 1 800 000 төгрөг М өөрөө ирж авсан. Түүний дараа аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас намайг дуудаж миний цүнхэнд байсан 1 000 000 төгрөгийг, дараа нь 200 000 төгрөгийг Мт шилжүүлнэ гэж тус тус хураасан. Ингээд Н.Мт нийт 81 000 000 төгрөг өгсөн нь үнэн. Иймд Н.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: “Хариуцагч бид Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Мөөс 2014.12.31-ний өдөр Г.А, Ч.Б бид нартай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Н.Мөөс зээлсэн 60 сая төгрөгийн хүүд төлсөн 21 040 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэг 14 760 000 төгрөгийг хариуцагч Г.А, Ч.Б нараас гаргуулж нэхэмжлэгч Н.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Г.А, Ч.Б нарын Н.Мөөс зээлсэн 60 000 000 төгрөгийн хүүд төлсөн 21 040 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Мийн төлсөн 437 950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.А, Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 231 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мт, хариуцагч Г.А, Ч.Б нарын төлсөн 592 950 төгрөгийн 329 800 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Г.А, Ч.Б нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Х.Мын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Мийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нарын өмгөөлөгч Х.М би Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч нар нь Н.Мөөс 2014.04.28-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014.06.24-ний өдөр 20 000 000 төгрөг, 2014.07.03-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөг авсан байна. Н.Мт 2014.08 сард 1 800 000 төгрөг, 2014.08.18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2014.08.20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015.01.14-ний өдөр 27 000 000 төгрөг, 2015.01.15-ны өдөр 29 500 000 төгрөг, 2015.01.20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2015.02.23-ны өдөр 2 500 000 төгрөг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байхад 1 040 000 төгрөг, 200 000 төгрөг, нийт 81 040 000 төгрөгийг өгсөн байна. Н.Мөөс 60 сая төгрөг зээлсэн болохыг үнэн зөв тогтоосон боловч “Гэрээ" гэх зүйлийг тайлбарлахдаа гэрээний үндсэн дүн болох 60 сая төгрөгийн 50 хувиар хүүг бууруулан тогтоож 30 сая төгрөгийн хүүг гаргуулах үндэслэлтэй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохоор тогтоон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

2. Гэрч Чимэдцэрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Би Н.Мт нийт 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн. Энэ нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан. Шүүх өөрөө хийсэн ажиллагаагаа үнэлээгүйд гомдолтой байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэрийг хүчингүй болгох буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Иргэний хуулийн зээлийн гэрээний хүүд холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна. Шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Г.А, Ч.Б нарт холбогдуулан зээлийн төлбөрт 56 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Г.А, Ч.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21 040 000 төгрөг гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид зээлийн гэрээг амаар байгуулж, уг гэрээний дагуу Н.М 20 000 000 төгрөгийг 2014.04.28-ны өдөр, 3 000 000 төгрөгийг 2014.06.24-ний өдөр, 17 000 000 төгрөгийг мөн өдөр, 15 000 000 төгрөгийг 2014.07.03-ны өдөр, 2 000 000 төгрөгийг мөн өдөр тус тус Г.Агийн  дансанд шилжүүлжээ. /х-1, х 39-41/

2014.12.31-ний өдөр зохигчид гэрээг бичгээр нөхөн байгуулж, уг гэрээнд Н.М нь Г.А, Ч.Б нарт 2014.04.28-2014.07.08-ны өдрийг хүртэл нийт 87 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба 2014.12.31-ний өдөр хүртэлх хугацааны хүүг 43 000 000 төгрөгөөр тохиролцсон талаар тусгасан байна. /х-1, х-11, 110/

Анхан шатны шүүх Н.Мийн Г.А, Ч.Б нарт зээлдүүлсэн мөнгөний хэмжээг тогтоохдоо Г.Агийн дансанд шилжүүлсэн дээрх 57 000 000 төгрөг, хариуцагч нарын хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн Ч.Бийн бэлнээр авсан 3 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгөөр тооцож, 2014.12.31-ний өдөр бичгээр нөхөж байгуулсан гэрээний нөхцлийг анхаараагүй нь алдаатай болжээ.

Зохигчдын хооронд 2014.12.31-ний өдөр бичгээр нөхөж байгуулсан гэрээнд нэхэмжлэгч нь 2014.04.28-2014.07.08-ны өдрийг хүртэл нийт 87 000 000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн талаар тусгагдсан байх ба уг гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байгаа бөгөөд шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж байгаа тохиолдолд энэхүү заалт нь нэхэмжлэгч хариуцагч нарт 87 000 000 төгрөг зээлдүүлснийг нотолсон байхад 60 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. Энэ гэрээг хариуцагч Г.А, Ч.Б нар баримтаар үгүйсгээгүй, “прокурорын албан бичгийг Н.Мөөр банкинд өгүүлэхийн тулд түүний бичсэн өндөр хүүтэй, аваагүй 87 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан” гэж тайлбар гаргасан боловч энэ талаар үндэслэл бүхий нотлох баримт гаргаагүй байна.

Хүүгийн талаархи эхний амаар байгуулсан гэрээний заалт дараа нь бичгээр нөхөж байгуулсан гэрээнд тусгагдсан, бичгээр байгуулсан гэрээнд 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба 2014.12.31-ний өдөр хүртэлх хүүг 43 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж заасан байх ба энэ заалт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан агуулгад нийцээгүй байхад хүү тооцох үндэслэлтэй гэж үзсэнээс гадна зээлдэгчийн хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

Хариуцагч Г.А, Ч.Б нар нь зээлийн гэрээгээр үндсэн зээлд 87 000 000 төгрөг төлөхөөс 2015.01.14-ний өдөр 27 000 000 төгрөг, 2015.01.16-ны өдөр 29 498 000 төгрөг, 2015.01.20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2015.02.23-ны өдөр 2 500 000 төгрөг, 2015.06.04-ний өдөр 1 040 000 төгрөг, 2015.09.07-ны өдөр 200 000 төгрөг, нийт 75 238 000 төгрөг төлсөн тул 11 762 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэрч Л.Чимэдцэрэн Н.Мт 2014.08.18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2014.08.20-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг бэлнээр өгсөн болон дэлгүүрийн кассын орлогоос 1 800 000 төгрөг Н.М өөрөө ирж авсан талаархи хариуцагч нарын тайлбар нотлогдоогүй болохыг тодорхойлж, хариуцагч нарын төлсөн гэх 81 040 000 төгрөгөөс 5 800 000 төгрөгт холбогдох хэсгийг нотлогдоогүй гэж дүгнэсэн нь зөв боловч зээлдэгч нар 2015.01.16-ны өдөр 29 498 000 төгрөг төлснийг 29 500 000 төгрөг төлсөн гэж алдаатай тооцоолжээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 21 040 000 төгрөг нэхэмжлэгчид илүү төлсөн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан хэдий ч тэдгээр нь 11 762 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага 21 040 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийн оролцогчийг зөв бичээгүй алдаа гаргасныг залруулах шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, үндсэн зээлд 11 762 000 төгрөг гаргуулахаар өөрчлөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14 760 000” гэснийг “11 762 000 /арван нэгэн сая долоон зуун жаран хоёр мянга/” гэж, “41 240 000” гэснийг “44 238 000 /дөчин дөрвөн сая хоёр зуун гучин найман мянга/” гэж, 2 дахь заалтын “231 750” гэснийг “203 142” гэж, “нэхэмжлэгч Г.А, Ч.Б” гэснийг “хариуцагч Г.А, Ч.Б” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 231 750 төгрөгөөс 203 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28 608 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                            Д.БЯМБАСҮРЭН