Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/403

 

       

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,

Хохирогч Ч.У, Д.Д,

Иргэний нэхэмжлэгч Ч.Ц,  

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Б, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2134000000228 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Б, суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.   

2.Монгол Улсын иргэн, Г.Б, суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай. 

 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б, Г.Б нарын өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй  гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол /хх 8/, Ж.Бы өмчлөлийн Kia.Bongo маркийн  УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх 9-10/, Б.Нийн өмчлөлийн Mitsubishi.Colt маркийн 8069 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх 12-13/, Эй Жэй Жэй Эм ХХК-ны үнэлгээний тайлан /хх 32-37, 70-78, 131-137, 147-153/, хяналтын прокурорын эрүүгийн 2134000000228 дугаартай хэрэгт эрүүгийн 2134000000254, 2134000000258 дугаартай хэргүүдийн нэгтгэсэн тогтоол /хх 55, 98/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 141, 156/, малын үнэлгээ /хх 163/, сэжигтэнийг зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол /хх 163, 170/, яллагдагч нарыг цагдан хорихоос татгалзаж, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2021.6.16-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамж /хх 175-178/, барьцааны мөнгө байршуулсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар /хх 188-189/, яллагдагч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 202-203/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 205-212/, 7 тооны үхрийг хохирогч Б.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 232/, шүүгдэгч Б.Б, Г.Б, иргэний нэхэмжлэгч Ч.Ц нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 238-241/,       

            Хохирогч Д.Дгийн өгсөн мэдүүлэг /хх 23/,

            Хохирогч Б.Тын өгсөн мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/,

            Хохирогч Ч.Уын өгсөн мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

            Гэрч Г.Бын өгсөн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

            Гэрч Ч.Аын өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

            Гэрч М.Тгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/,

            Гэрч Б.Гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/,

            Гэрч Д.Гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/,

            Гэрч Ч.Цын өгсөн мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Г.Бын өгсөн мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Б.Бгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 64, 119-120 дугаар хуудас/,

            Гэрч Б.Нийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

            Гэрч Ц.Тын өгсөн мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/,

            Гэрч Ж.Бы өгсөн мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/

            Гэрч Ж.Оын өгсөн мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Ч.Цын өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

           

   Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглаж Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Гулзгай ам гэх газраас 2021 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө иргэн Б.Тын өмчлөлийн 7 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 6 дугаар сарын 10-ны орчим Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт бэлчээрт байсан иргэн Д.Дгийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1 133 300 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ч.Уын 4 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 8 083 400 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

  

            Хохирогч Д.Дгийн өгсөн: “Би нөхөр Жын Гийн хамт Хан-Уул дүүргийн 113 дугаар хороонд үхрийн аж ахуй эрхэлж амьдардаг. Үхэр маань Туул гол дагаад Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутгаар бэлчээрэлдэг ба манайхтай ойролцоо байдаг Цын үхэрнүүдтэй хамт бэлчээрт гардаг. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 10-ний өдрөөс эхлээд манай хөх бор зүсмийн буруу талын чих үзүүрээсээ ухам имтэй шүдлэн эр үхэр алга болчихсон хайгаад олдохгүй байсан. Тэгтэл цагдаа нар үхэр олдсон талаар мэдэгдсэн би бичлэгийг үзэхэд зүсээрээ яг таарч байсан." гэх мэдүүлэг /хх 23/,

 

            Хохирогч Б.Тын өгсөн: “Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Ар дулаан гэх газраас 2021 оны 6 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө 7-н тооны үхэрээ бэлчээрээс алдсан. Тухайн хулгайд алдагдсан 7-н тооны үхэрээ 2021 оны 6 дугаар сарын 07-ны өглөө 05 цагийн үед бүртгэж бөөгнүүлээд бэлчээрт гаргасан. Тэгсэн үдээс хойш 16 цагийн үед үхрээ хураагаад бүртгэж үзтэл манай Улаан хязаалан гуна, хар тарлан эр бяруу, шар тарлан гунж, хоёр ягаан гунж, нэг хар хүрэн гунж, нийт 7-н тооны үхэр байхгүй байсан. Би тухайн үед ойр хавьдаа хайгаад олоогүй. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний хулгайд алдагдсан үхэрнүүд зөв чих нь онь эмтэй буруу чих нь араасаа эрхэм эмтэй. Тухайн үхэр дотор хар алаг эр бяруу, цавь цагаан улаан хязаалан гуна, хоёр ягаан гунж, нэг хүрэн гунж, шар тарлан гунж, сүүл цагаан хар гунж зэргийн 7-н тооны үхэр байхгүй байгаа. Бүгд адилхан эмтэй." гэх мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ч.Уын өгсөн: “Би нөхөр Цын хамт Говь-Алтай аймаг руу 2021 оны 6 дугаар сарын 07-ний өдөр амархаар явсан. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 10-ний өдөр зөв талын цавь цагаан, хойд хоёр хөл нь турууныхаа дээгүүр бага зэрэг цагаантай хүрэн халтар тугалах гэж байгаа дөнжин үнээ, хар алаг гунжин үнээ, хүрэн зүсмийн буруу талын чих 2 талаасаа ухам имтэй гэдэс 4 хөл, цагаан зоон дээрээ жижиг зураасан цагаан эвэргүй цагаан халзан нүүртэй эр бяруу, хүрэн цоохор зүсмийн цагаан гэдэстэй, буруу талын гуя ташаа хэсгээрээ цагаантай, сүүл нь дундаа цагаантай охин бяруу зэрэг нийт 4 толгой үхрээ алдаад олохгүй байсан. Ингээд цагдаа нар үхрийг минь зүсээр нь олж өгсөнд баярлаж байна. Хүрэн алаг охин бяруугаа амьдаар нь буцааж хүлээж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Аын өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зүс таних залуу Наранхүүгийн дүү байна та бяруу авч байгаа юм уу. Нэг бяруу, тугал байна гэхээр нь үнэ тохирвол авна гэж хэлсэн. Тэгтэл маргааш өдөр нь өөрөө ирж уулзаад хүрэн алаг зүсмийн хүзүүндээ цоожтой охин тугал авчирч үзүүлээд 350 000 төгрөгөөр авахаар тохиролцоод үлдээгээд явсан. Надад Наранхүүгийн дансыг мессежээр явуулсан би тооцоогоо хийгээгүй байгаа. Одоо тугал нь манай үхэртэй байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

            Гэрч М.Тгийн өгсөн: “Нөхөр Т өглөө эрт босоод үхрээ хурааж ирээд бүртгэж буцаагаад бэлчээрт гаргасан. Тэгээд үдээс хойш манай хүн үхэртээ яваад ирээд манай үхэр дотроос 7-н тооны үхэр байхгүй байна гэхээр бид хоёр ойр орчмоороо айлын үхэр дотор нийлээд явсан байж магадгүй гээд хайсан чинь байхгүй байсан. Тэгээд хайгаад олохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Гийн өгсөн: “Манай ах Г 2021 оны 6 дугаар сарын 11-ний миний гар утас руу залгаад 7 үхэр ирээд аваадах чи маллаад өг гэсэн. Тэгээд би дүүгийн хамт Улаанбаатар хот ХУДүүргийн 13 хороо Туул тосгонд мал мах бэлдэж нийлүүлдэг “Мийт Фүүдс” ХХК-ны хашаанаас Г ахаас очиж авсан. Тэгээд би Төв аймгийн Аргалант сумандаа авчраад маллаж байхад 2021 оны 6 дугаар сарын 12-ний өдөр хэсгийн төлөөлөгч ирээд наад үхэрээ харж байгаарай хүн амьтанд өгч болохгүй шүү гэж хэлээд явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Гийн өгсөн: “Би Улаанбаатар хотын ХУДүүргийн 13-р хороо Туул тосгонд мал мах бэлдэж нийлүүлдэг “Мийт Фүүдс” ХХК ажиллуулдаг. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн орчим үл таних залуу манай үйлдвэрийн гадаа ирээд ямар малын мах авч байна гэсэн. Тэгэхээр нь би гарал үүслийн бичиг байгаа бол авна гэхэд  14 цагийн үед 7 үхэр үйлдвэрийн хашааны гадаа ирчлээ гээд дуудсан. Тэгэхээр нь найз Цыг явуулж худалдаж авахуулсан. Тэгээд бойны хашаа руу туугаад ороод ирэхээр нь хашаанд оруулаад бид нар ярилцаад жинд хүрэхгүй үхэрүүд байна. Мал болгож авъя гээд би дүү Гын утсаар яриад Төв аймгийн Аргалант сум руу явуулсан. Тэгтэл 2021 оны 6 дугаар сарын 12-ний өдөр над руу дүү Г залгаад 7 үхрийн эзэн гээд хүн ирлээ гэсэн. Би нэг бярууг 428 500 мянган төгрөгөөр үнэлж 7 үхрийг 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Мал зарсан хүмүүсийг танихгүй. Би үхрийг авахдаа анзаараагүй шууд гарал үүслийн кодыг үйлдвэрийн даргад өгсөн. Сүүлд малаа ачуулах гээд ахиад бичиг авах гэтэл миний худалдаж авсан 7 үхрийн 3 үхэр дээр гарал үүсэл авсан байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Цын өгсөн: “Улаанбаатар хот ХУДүүргийн 13-р хороо Туул тосгонд малын мах бэлдэж нийлүүлдэг. Манай найз Г энд хэдэн үхэр ирсэн байна. Чи үнэ тохироод аваач гэсэн. Тэгээд 7 үхрийг танихгүй хоёр залуугаас 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр хоёр залуугаар хашаанд оруулаад бид нар ярилцаад жинд хүрэхгүй үхрүүд байна. Мал болгож авъя гэж ярилцаад найздаа үлдээгээд явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Г.Бын өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Бөхөгийн голд гэртээ ганцаараа байж байхад машин дуугараад Б ганцаараа манайд орж ирсэн. Ингээд манайд ирээд энүүгээр ирэхгүй удчихлаа гэж хэлээд ямар ажлаар явж байгааг нь асуухад хойно нэг 1 сая төгрөгний ажил байна хоёулаа яваад хийгээдэхье гэхээр нь ямар ажил юм бэ гэж асуухад гайгүй боломжийн ажил гээд яг юу хийх гээд байгаагаа хэлэхгүй байсан. Инээд орой манай аав сүүгээ тушаачихаад 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд аавд Б ах би Быг авч явлаа шүү тэр ажлыг хийж дуусгаад ирье 3 хоногийн хугацаатай явж ирнэ гэж хэлэхэд. Аав за миний хүү ажил хийх гэж байгаа юм бол тэгдээ гээд зөвшөөрсөн. Намайг явахад Бг машинд орж суусны дараа битгий буруу зүйл хийгээрэй Б бүтэхгүй хүн шүү гэж анхааруулж байсан. Ингээд би Бгийн машинд суугаад манай гаднаас хөдлөөд манай ойролцоо байх Ням-Очирын гэх айлын Хүрлээ гэх хүүхэд Улаанбаатар хот руу явах гэж байгаа гэсэн.  Тэдний гадаа очиж зогсоод дүүтэй нь хамт яваад Улаанбаатар хот руу 21 цагийн үед хөдлөөд нөгөө хоёр хүүхдийг Нисэхийн тойрог өнгөрч Яармагийн дэнжид гэрт нь дүүг нь орхиод тэднийд жаахан сууж байгаад хөдөлсөн. Хүрлээ найз охинтойгоо уулзана гээд бид гурав Гачууртад очиж Хүрлээ найз охиноо аваад Туул гол дээр ирж бүгдээрээ голын эрэг дээр хоносон. Маргааш өдөр нь Хүрлээгийн найз охиныг Гачууртад хүргэж өгөөд эргэж Хүрлээг гэрт нь буулгаад тэднийхээс яваад шууд Таван толгойн цэргийн ангийн баруун талын хадтай хошууны хажууд очоод дээшээ амаар өгсөж явж байгаад эзэнгүй өвөлжөөний хажууд байсан үхэрийг хараад надад хандаж энэ манай найзын үхэр байгаа юм эндээс нэг үхэр авъя гэж хэлэхээр нь би юм дуугараагүй. Би ер нь тэр өдөр Бг пиво ууж байхдаа за одоо хаачих уу гээд надаас байн байн асуугаад байхаар нь л нэг болохгүй юм хийх гээд байна надад ажил хийнэ гэж худлаа хэлсэн юм байна гэдгийг нь ойлгосон. Ингээд нөгөө үхэрийг харчихаад шууд хойшоо айлд очно гээд яваад хар замд нийлээд нэг айлд очсон. Тэр айлыг Бых гэж хэлж байсан. Тэр айл дөнгөж нүүж бууж байсан. Ингээд Бтай уулзаад миний хажууд тэр хүндээ хандаж манай үхэр Жирмийн  цагаан нуурын тэндээс ирж байгаа морио өгчих бид хоёр үхэр туугаад ирье гэтэл Б нь манайх руу хэрэггүй энүүгээр цагдаа эргээд байгаа гэж хэлээд алийг нь авч явах юм бэ гэж Бд хандаж хэлэхэд Б хээр морийг нь аваад явчихъя гэж хэлээд цэрэг эмээл тохоод өгсөн. Тэгээд Б намайг чи уна гэж хэлээд зам зааж өгөөд урагшаа нөгөө үхэр лүү яваад оч гэж хэлсэн. Ингээд  орой харанхуй болоод Б машинтайгаа түрүүлж яваад би араас нь дөхөөд очтол Б над руу яриад наана чинь үхэр байна уу гэж асуухад би байхгүй байна гэж хэлтэл өө яасан заяагүй писда вэ гээд утсаа салгасан. Тэгтэл нөгөө үхэр нь байж байхаар нь би эргүүлж залгаад нөгөө үхэрнүүд чинь байна гэж хэлэхэд бүгдийг нь хөөгөөд ир би доор машинтайгаа байж байна гэж хэлээд би тэнд байсан үхэрүүдийг хөөгөөд очход Б цэргийн ангийн хажуу талд тосож аваад тэднээс 8 үхэр ялгаад хамт туугаад үүрээр өглөө 06 цагийн үед Туул голын хойноос Шувуун фабрик руу орж ирээд гол руу орж ирэхэд гэгээ орж байсан. Б шөнө үхэр туухдаа машинаа орхиод явган жаахан тууж байгаад эргэж машин руугаа алхаад араас гүйцэж ирээд машинаа орхиж явган туугаад яваад байсан. Ингээд би түрүүлж гол ирээд Бг 1 цаг орчим хүлээгээд Б ирээд үхрээ хамт элбэж гаргаад нэг хар зүсмийн үхэр гарахгүй үлдээд тэр чигт нь тэнд нь орхиод явсан. Морио карьерын манаачийн гадаа аргамжиж орхиод би Бгийн машинд суугаад Моносын уулзвараар тойрч эргэж үхэр дээрээ ирэхэд дахиад голын тасархайд үхэр хоригдчихсон гарч чадахгүй байсан. Ингээд Б өөрөө тэр хавиар яваад морьтой хүн олж ирээд гол гаргуулсан. Би тэр хүнийг нь харвал танина тэнд байдаг морь уядаг хүн байх шиг байсан. Ингээд намайг махны үйлдвэр рүү туугаад оч би бичиг хийлгээд ирье гэж хэлээд би түрүүлж очоод байж байхад араас Б ирээд дотогшоо ганцаараа орж уулзаад нэг хүнтэй хамт гарч ирээд нөгөө хүнд хандаж хүүхдийн бие муу байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд нөгөө хүн нь Бгоос бичиг байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлээд бичиг бололтой цаасаа үзүүлээд үхрээ тууж оруулсан. Нөгөө хүн за хэдэд өгөх юм бэ гэж Бгоос асуухад 3 саяд өнгө гэж хэлээд нөгөө хүн зөвшөөрөөд Б надад хандаж би данс руугаа хийлгэхгүй эхнэр мэдчихнэ чиний данс руу хийлгэе гэж хэлээд миний дансыг нөгөө хүн аваад миний данс руу 3 сая төгрөг хийсэн. Ингээд бид хоёр тэр шөнөдөө буудалд очиж архи ууж хоол унд идэж хоноод маргааш өглөө нь Б чи унтаж бай би морио хүргэж өгөөд ирье гэж хэлээд явсан. Тэгээд орой 23 цаг болж байхад ирээд би буудалдаа идэж уугаад байж л байсан. Тэгээд бид хоёр буудлаасаа гараад өөр өөр буудалд хоноод маргааш өдөр нь дахиад голын хойшоо яваад Шувуун фабрикын хойноос 3 үхэр туугаад Эмээлтэд очиж бичиггүй үхрээ зараад мөнгөө миний данс руу 3 500 000 төгрөг хийгээд бид хоёр хот руу ороод зах гарч Б машиндаа сэлбэг аваад машинаа янзлуулаад буцаж буудалд ороод идэж ууж хоноод маргааш өглөө нь Б хаачих уу гээд байн байн асуугаад байхаар нь би мэдэхгүй ээ л гэж хэлсэн. Ингээд дахиад голын хойшоо явъя гэж Б хэлээд тийшээ яваад би яах гэж байгаа юм бэ гэж асуухад тийшээ яваадхъя гэж хэлээд голын хойно байсан үхэрнээс 4 үхэр тасдаж хөөгөөд чи туугаад явж бай би Бы портерыг аваад ирье гэж хэлээд харанхуй байж байхад Б цэнхэр өнгийн портер унаад ирсэн дугаарыг нь санахгүй байна. Ингээд эргэнд шахаад харанхуй болж байхад ачаад Эмээлт рүү яваад замдаа улаан алаг бяруу машин дээрээс ойчоод чирэгдээд үхчихсэн байсан. Ингээд зогсож тэнд нь хаяад Эмээлтэд очиж өмнө өгсөн газартаа өгөөд 3 400 000 төгрөг болоод миний данс руу хийлгэсэн. Тэндээс хөдлөөд хотын төв рүү ороор 3 сая төгрөг миний данснаас авхуулаад Бд бэлэн өгөөд би өөрийнхөө мөнгийг жаахан байж байгаад авна гэж хэлсэн. Ингээд Бтай гэр лүү нь яваад тэндээс өөрийнхөө машиныг унаж эргэж ирээд бид хоёр буудалд ороод миний картыг аваад би мөнгөө авна гэж хэлээд гарсан. Удалгүй баахан идэж уух юм барьчихсан орж ирээд за унтах уу гээд унтацгаасан. Ингээд маргааш өглөө нь гэр лүүгээ явъя гэж хэлээд намайг Бөхөгийн голд гэрт хүргэж ирчихээд Б тэнд байдаг Т гэх хүнтэй уулзаад ирье гэж хэлээд намайг авч яваад Тынд очоод Б гэрт нь ганцаараа орж уулзаад гарч ирээд тэр хоёр хашаа руу нь яваад Б хашаан дотроос хээр зүсмийн тамгыг нь хараагүй морь хөтөлж гарч ирээд намайг дуудаад чи үүнийг унаад явчих гэж хэлээд Эмээлтэд очоод өөр ченжид өгсөн. Мөнгөө өөрөө авсан хэдээр өгснийг мэдээгүй. Ингээд л гэртээ хариад 1 хоноод өнөө өглөө гэрээс цагдаа нар очиж намайг барьсан." гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар хуудас/,

             “Би Бтой хамт дээрхи цаг хугацаанд байхаа яг сар өдрөө санахгүй байна Туул голын хойноос 5 толгой үхэр хулгайлж туугаад Эмээлтэд авчирч зарсан. Тус 5 үхэрний 4 нь зөв талын цавь цагаан хүрэн халтар тугалах гэж байгаа бололтой хээлтэй үнээ, хар алаг гунжин үнээ, хүрэн зүсмийн эр бяруу, бас нэг хүрэн охин бяруу нийт 4 толгой үхэр байсан. Хүрэн эр бярууг нь ачиж явж байгаад машин дээрээс унаад газраар чирээд алчихсан би мэдүүлэг шалгах ажиллагаагаар зааж үзүүлсэн байгаа. Охин бярууг нь дараа нь цагдаа нартай бойн дээр очход амьд байж байсан. Цагдаа нар эзэнд буцааж хүлээлгэж өгч байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг Шувуун фабрикаас Нисэх хоёрын хооронд таксинд өөрийн өмчлөлийн 80-69 ТӨВ улсын дугаартай саарал өнгийн Хюндэй пит маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. Орой 21 цагийн орчим Б 80211050 гэсэн дугаараас миний  дугаарын утас руу залгаад би 7 тооны үхэр Алтанбулаг сумын цэргийн ангийн хойгуур Туул голын хойноос туугаад Шувуун фабрик руу явж байна малын бичиг хэрэгтэй байна чи олж чадах уу тэгвэл үүнийг борлуулъя гэсэн. Би малын эмчээс бичиг авч чадна гэж хэлсэн. Тэгээд би Нисэхэд байдаг гэртээ очиж унтаад өглөө 08 цагт Б над руу утсаар залгаад би голын хойно ирчихсэн байна гэхээр нь би тосож очоод уулзахад хар алаг үнээ, хар алаг бяруу, цагаан цоохор гунж, хар гунж, улаан гунж, нийт 7 толгой үхэр туугаад ирсэн. Тэгээд надад хандаж малын бичиг хэрэгтэй байна би тусдаа гараагүй болохоор надад малын бичиг өгөхгүй байх гэж хэлсэн. Ингээд би Шувуун фабрикын Батчимэг гэх малын эмч эмэгтэйтэй очиж уулзаад 7 толгой үхэр нядалгаанд оруулах гэсэн юм бичиг хийгээд өгөөч гэж хэлээд 7 толгой үхрийн гарал үүслийн бичиг хийлгэж аваад 15 000 төгрөг бэлэн тушаагаад Шувуун фабрикын махны үйлдвэр дээр очход Б үхрээ туугаад оччихсон хүлээгээд байж байсан. Ингээд бид хоёр хашааны үүдэн дээр бичгээ өгөөд үхрээ тууж оруулаад Б дотогшоо орж уулзаад үнэ ханшаа тохироод 3 сая төгрөгөнд өгчихлөө гэж хэлээд гарч ирсэн. Ингээд Б өөрийнхөө Хаан банкны дансаар мөнгөө аваад би Быг Улаанбаатар хот руу Нисэх рүү оруулж өгөөд Б буугаад гэр лүүгээ автобусаар явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/,

            “Би Бын хамт 2021 оны 6 дугаар сарын 10-ний орой Туул голын хойд эрэг дээрээс харанхуй болсон хойно хар алаг үнээ, хөх буурал үнээ, хүрэн халтар цавь цагаан үнээ, хүрэн алаг охин бяруу, хүрэн тарлан халзан эр бяруу нийт 5 толгой үхэр Бтай хамт туугаад Эмээлтийн урд аваачиж жалганд шахаж байгаад би өөрөө явж Бы гэрт очход Б гэртээ согтуу хэвтэж байхаар нь манай найзын 5 толгой үхрийг ачаад өгөөч борлуулах гэсэн юм гэхэд эхнэр нь бичигтэй юм уу гэж асуухаар нь би бичигтэй гэж хэлсэн. Ингээд Бы машиныг асаалгаад Эмээлтийн урд очиж жалганаас Б хоёулаа элбэж 5 үхрээ ачаад Эмээлт рүү явж байхад 1 үхэр нь тэвшин дээрээс унаад чирэгдээд үхчихээр нь тэнд нь хаяад 4 үхрийг Эмээлт рүү оруулж 3 сая төгрөгөөр зараад мөнгөө Бын данс руу хийлгэж мөнгөө хувааж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Нийн өгсөн: “Манай нөхөр Б 2021 оны 5 дугаар сарын 25-ний үед барилга дээр ажиллаа гээд Улаанбаатар хот руу миний нэр дээр байдаг 80-69 ТӨВ улсын дугаартай машинаа жолоодож яваад 2021 оны 5 дугаар сарын 31-ний орой гэртээ ирээд өдөр нь ирэхээсээ өмнө өөрийнхөө 2 морийг зарна гэж манай ангийн хүүхдэд хэлсэн байсныг нь өөрт нь хэлээд бид хоёр жоохон ам мурийгаад Б хэрэггүй ирлээ гэж хэлээд үхнэ гээд яваад өгсөн. Ингээд 4 хоног огт эргэж холбогдохгүй яваад өгөхөөр нь санаа зовоод сим картын гар утсандаа хийгээд асаагаад үзтэл данс руу нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр адуу гэсэн утгатай 1 250 000 төгрөг орлого орсон тэр өдөртөө эргээд мөнгө нь гарсан. Тэгээд өөрөө над руу холбогдохоор нь би чи юун мөнгө хийсэн юм бэ гэж асуутал би махны үйлдвэрт ажиллаж байгаа Энхээ гэх хүн 2 адуу зараад мөнгөө миний дансанд хийлгэсэн юм гэж хэлсэн. Энхээ нь Алтанбулаг сумын зүг таних хөдөөний хүн байдаг. Түүнээс хойш ажлаа хийж байна гээд гэртээ ирдэггүй байсан би нэг удаа эгчээс зээлсэн мөнгөө өгнө 40 мянган төгрөг өг гээд мөнгө байхгүй гэхээр нь би уурлаад малчны 100 мянган төгрөг орсон байгаа түүнээс явуул гэхэд над руу 40 мянган төгрөг явуулсан. Түүнээс хойш 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр миний дансанд миний цалин буусан 300 000 төгрөг байна гэхээр нь би итгээд чи тэгвэл үрчихнэ миний дансанд хий гэж хэлэхэд  би Энхээгээс авах 1 000 000 төгрөгөө авсан хамт хийлээ гэж хэлээд хийсэн. Түүний дараа 2021 оны 6 дугаар сарын 12-ний өглөө гэртээ үүрээр 05 цагт ирээд надад миний цалин гээд 400 000 төгрөг өгөөд тусад нь 100 000 төгрөг би урьд шөнө халтуур хийж олсон гэхээр нь би итгээд өөрийнхөө дансанд хийсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Тын өгсөн: “Б гэх залуу 2020 оны зун манай Бөхөгийн голд ирж нутаглаж байгаад явсан. Тэр үеэс хойш таньдаг болсон. Б гэх хүнийг танихгүй. Яг хоног хугацаагаа сайн санахгүй байна. 2021 оны 5 дугаар сарын сүүлээр билүү гэж бодож байна. Б надаас зөв гуяндаа гурвалжин чойндон тамгатай хээр морь 400 000 төгрөгөөр худалдаж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.Бы өгсөн: “Манайх 2021 оны 6 дугаар сарын 06-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумаас Аргалант сумын Цагаан Хөнгөл гэх газарт нүүж байхад Б танихгүй залуутай ирээд морио өгчих манай үхэр гүйчихлээ тууж ирэх гэсэн юм гээд манай гадаа байсан хээр морийг эмээлтэй нь авч, хамт явсан залуудаа унуулаад маргааш өдөр нь Б өөрөө авчирч өгсөн. Түүнээс хойш 3 хоногийн дараа байх мөн ганцаараа ирээд би бичигтэй үхэр эмээлт рүү оруулж зарах гэсэн юм ачаад өг гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгтэл намайг унтаж байхад татаж босгоод машин асаалгаад намайг хажуудаа суулгаад өөрийнхөө машиныг манай гадаа орхиод миний машиныг жолоодоод шөнө Хүйтний хонхорхой орчмоор яваад нэг газарт очход өмнө явсан залуу нь үхэр туугаад явж байсан. Тэгтэл тэр үхэрнээс 4 үхэр ачаад Эмээлт рүү явж байтал 1 үхэр нь тэвшин дээрээс унаад чирэгдээд үхчихсэн. Тэгээд 3 үхрийг Эмээлт рүү оруулж зарсан надад мөнгө өгөөгүй. 20 000 төгрөгөөр бензин хийж өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.Оын өгсөн:  “2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт 17 цагийн орчим ирээд сайн байна уу гээд мэнд ус мэдэлцээд танимхайрхаар нь би чи чинь хэн билээ гэхэд ноднин танай хороонд ирж өвөлжиж вакцин хийлгэж байсан айл байна гэсэн. Тэгэхээр нь танайх хаана байгаа юм гэхэд урд төмрийн үйлдвэрийн урд байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд малын бичиг авах гэсэн юм гэхээр нь мал эмнэлгийн цахим гэрчилгээнд нэрээр нь хайлт хийхэд тус бүртгэлд малтай гээд гараад ирэхээр нь хэдэн малын бичиг авах талаар асуухад 3 үхрийн бичиг гэхээр үхрийн чинь зураг хаана байгаа юм гэхэд хажуу талын махны үйлдвэрт тушаах гээд ирчихсэн байгаа очоод зургыг нь явуулъя яаралтай кодоо аваад ир гээд байна гэхээр нь би 3 үхрийн гарал үүслийн бичгийг санд үүсгэж өгөөд кодыг нь цаасан дээр бичиж өгөөд явуулсан. Яваад над руу зургаа явуулаагүй алга болсон." гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Ч.Цын өгсөн: “Би мал махны ченж хийдэг. 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчим манай найз Г надад хандаж хүн үхэр зарна гээд ирчихээд байна гэнэ чи очиж үзээд боломжийн байвал аваатах гэж хэлсэн. Ингээд би хашааны үүдэн дээр яваад очтол 7 тооны үхэр явган туусан хоёр залуу зогсож байсан. Ингээд үхрийг нь харахад 5 бяруу, 2 жижиг шүдлэн үхэр харагдсан. Нөгөө 2 хүнд хандаж ийм жижиг үхэр зардаг нь яаж байгаа юм бэ гэхэд арай ахимаг насны залуу нь манай найзын хүүхэд хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм аа гэсэн. Хэдэд өгөх юм гэхэд 3 саяд өгнө гэхээр нь гарал үүслийн бичиг байгаа юу гэхэд байгаа гээд гарал үүслийн код бичсэн цаас харуулсан ингээд үхрийг нь авахаар болж хашаанд оруулаад өөрсдийнх нь өгсөн данс руу 3 сая төгрөг хийгээд үйлдвэрийн дарга Эрдэнэцэцэгт гарал үүслийн бичгийг нь өгөөд нөгөө хоёр хүн мөнгөө аваад явсан. Ингээд Г бид хоёр ярилцаад бага үхрүүд юм чинь мал болгож авъя гээд Гийн дүү Гийх руу ачуулаад явуултал 2 хоногийн дараа эзэн гарч ирээд үхрээ авна гээд цагдаад хэлээд ингээд үхрийг нь буцааж хүлээлгэж өгсөн. Одоо би 3 сая төгрөгөө нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,      

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол /хх 8/, Ж.Бы өмчлөлийн Kia.Bongo маркийн 3805 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх 9-10/, Б.Нийн өмчлөлийн Mitsubishi.Colt маркийн 8069 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх 12-13/, Эй Жэй Жэй Эм ХХК-ны үнэлгээний тайлан /хх 32-37, 70-78, 131-137, 147-153/, хяналтын прокурорын эрүүгийн 2134000000228 дугаартай хэрэгт эрүүгийн 2134000000254, 2134000000258 дугаартай хэргүүдийн нэгтгэсэн тогтоол /хх 55, 98/, 7 тооны үхрийг хохирогч Б.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 232/, шүүгдэгч Б.Б, Г.Б, иргэний нэхэмжлэгч Ч.Ц нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 238-241/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   

Олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь хамтран бусдын тээврийн хэрэгсэл ашиглаж 3 удаагийн үйдлээр бусдын 12 тооны бод малыг хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл. Шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай гэмт хэрэг.

 

            Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар орлого олох гэсэн санаа зорилготой. Өөрийн үйлдлийг хэн ч мэдэхгүй хэмээн ойлгож, бусдын олон тооны малыг удаа дараагийн үйлдлээр нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой үйлдсэн гэж үзэв.

 

            "Бүлэглэн гүйцэтгэгч" гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгох тул шүүгдэгч Г.Бын "Б ганцаараа манайд ирээд ямар ажлаар явж байгааг нь асуухад хойно нэг 1 сая төгрөгний ажил байна хоёулаа яваад хийгээдэхье гэхээр нь ямар ажил юм бэ гэж асуухад яг юу хийх гээд байгаагаа хэлэхгүй байсан." гэх мэдүүлгийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Г.Быг Б.Бтой уг гэмт хэргийг хамтран үйлдэхэд оролцоогүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй;

             гэрч Ч.Цын өгсөн: “7 үхрийг танихгүй хоёр залуугаас 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр хоёр залуугаар хашаанд оруулаад бид нар ярилцаад жинд хүрэхгүй үхрүүд байна мал болгож авъяа гэсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/,

            гэрч Ж.Бы өгсөн: “Манайх 2021 оны 6 дугаар сарын 06-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумаас Аргалант сумын Цагаан Хөнгөл гэх газарт нүүж байхад Б танихгүй залуутай ирээд морио өгчих манай үхэр гүйчихлээ тууж ирэх гэсэн юм гээд манай гадаа байсан хээр морийг эмээлтэй нь авч, хамт явсан залуудаа унуулаад маргааш өдөр нь Б өөрөө авчирч өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/,

            иргэний нэхэмжлэгч Ч.Цын өгсөн: “Би мал махны ченж хийдэг. 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчим манай найз Г надад хандаж хүн үхэр зарна гээд ирчихээд байна гэнэ чи очиж үзээд боломжийн байвал аваатах гэж хэлсэн. Ингээд би хашааны үүдэн дээр яваад очтол 7 тооны үхэр явган туусан хоёр залуу зогсож байсан. Ингээд үхрийг нь харахад 5 бяруу, 2 жижиг шүдлэн үхэр харагдсан. Нөгөө 2 хүнд хандаж ийм жижиг үхэр зардаг нь яаж байгаа юм бэ гэхэд арай ахимаг насны залуу нь манай найзын хүүхэд хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм аа гэсэн. Хэдэд өгөх юм гэхэд 3 саяд өгнө гэхээр нь гарал үүслийн бичиг байгаа юу гэхэд байгаа гээд гарал үүслийн код бичсэн цаас харуулсан ингээд үхрийг нь авахаар болж хашаанд оруулаад өөрсдийнх нь өгсөн данс руу 3 сая төгрөг хийгээд үйлдвэрийн дарга Эрдэнэцэцэгт гарал үүслийн бичгийг нь өгөөд нөгөө хоёр хүн мөнгөө аваад явсан." /хх-ийн 20 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн гэж үзэв     

 

            Иймд  шүүгдэгч Б.Б, Г.Б нарын дээрх үйлдэл бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн,    

            хяналтын прокуророос шүүгдэгч нарыг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын хууль бус үйлдлээрээ хохиргоч Б.Тын өмчлөлийн 7 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 6 000 000 төгрөгийн, хохирогч Д.Дгийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж 1 133 300 төгрөгийн, хохирогч Ч.Уын 4 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 8 083 400 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд,

Хохирогч Б.Т 7 тооны үхрээ эргүүлэн авсан болох нь хавтаст хэргийн 232 дугаар хуудсанд авагдсан 7 тооны үхрийг хохирогч Б.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдсон,

хохирогч Д.Дд учирсан 1 133 300 төгрөг, хохирогч Ч.Уд учирсан 8 083 400 төгрөг, иргэний хариуцагч Цад учирсан 3 000 000 төгрөг нийт 12 216 700 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж шүүгдэгч Б.Бс 6 108 350 төгрөг, шүүгдэгч Б.Баас 6 108 350 төгрөг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

   

            Хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б хохирогч Ч.Уд 6 сая төгрөг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн гарын үсэг бүхий тодорхойлолтоор тогтоогдож байх тул,

            шүүгдэгч Г.Баас 6 108 350 төгрөг гаргуулж хохирогч Ч.Уд 1 975 050 төгрөг, хохирогч Д.Дд 1 133 300 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Цад 3 000 000 төгрөг олгох, шүүгдэгч Б.Бгоос 108 350 төгрөг гаргуулж хохирогч Ч.Уд олгохоор шийдвэрлэснийг,

            Шүүгдэгч нар ЭХХШт хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг ажлын 5 хоног завсарлуулсан болно.

 

            2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б хохирогч Ч.Уд олгохоор шийдвэрлэсэн 108 350 төгрөгийг төлсөн талаархи баримт ирүүлсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Харин шүүгдэгч Г.Б хохирогч Ч.Уын 1 975 050 төгрөг, хохирогч Д.Дгийн 1 133 300 төгрөгийн хохирлыг төлсөн талаар хохирогч нараас тодорхойлолт ирүүлж, иргэний нэхэмжлэгч Ч.Цын 3 000 000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлжээ.

 

            Шүүгдэгч Г.Б эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олдоггүй, өөрт ногдох хөрөнгөгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд эвлэрлийн гэрээнд 3 000 000 төгрөгийг хэрхэн ямар орлого, хөрөнгөөр төлөхөө нотлоогүй байх тул түүнийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч нотлогдоогүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүрийг 3 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих,

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч П.Ганбаатар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.   

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Бын хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй бөгөөд,

 шүүгдэгч Б.Б урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар /хх 203, 205-212/ тогтоогдсон бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмйн аюулын шинж чанарыг харгалзан гэмт буруутайд тооцсон зүйл заалтаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнд хамаарч, шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож,

            түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэсэн заалтад хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,  дүйцүүлэн солихдоо зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцохыг дурдав.

 

Түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн харъяалал болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулах саналыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Бын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл заалтаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл /хх 170, 175-178/ цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан.

 

            Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ 2 тээврийн хэрэгсэл ашигласан байх бөгөөд 3805 УБӨ улсын дугаартай Kia.Bongo маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Ж.Бы өмчлөлийн болох нь түүний мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/, гэрчилгээний хуулбар /хх 141/ зэргээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 1 920 000 төгрөг, 8069 ТӨВ улсын дугаартай Mitsubishi.Colt маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Нийн өмчлөлийн болох нь түүний мэдүүлэг /хх 121-122/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 156/ зэргээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 1 922 800 төгрөг нийт 3 842 800 /гурван сая найман зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Бгоос 1 921 400 /нэг сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч Г.Баас 1 921 400 /нэг сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бд 400 000 төгрөгийн, шүүгдэгч Г.Бт 500 000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Аймгийн Прокурорын газар Төрийн сангийн 100140006350 тоот дансанд /1 хх 188-189/ байршуулсан байх бөгөөд уг барьцаа тус шүүхэд шилжиж ирээгүй байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, барьцааг барьцаа гаргагчийн дансанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Б нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 хэрэгт иргэн Б.Нийн эзэмшлийн 8069 ТӨВ улсын дугаартай Mitsubishi.Colt маркийн тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Бы эзэмшлийн 3805 УБӨ улсын дугаартай Kia.Bongo маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.   

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Б. Б, Г.Б нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Бг 3 /гурав/ жил хорих ялаар, шүүгдэгч Г.Быг 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

     5.Шүүгдэгч Б.Бд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр зорчихоор тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч тоотод оршин суух Ц /РД /-т олгосугай.   

 

   8.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн 3805 УБӨ улсын дугаартай Kia.Bongo маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1 920 000 төгрөг, 8069 ТӨВ улсын дугаартай Mitsubishi.Colt маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1 922 800 төгрөг нийт 3 842 800 /гурван сая найман зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Бгоос 1 921 400 /нэг сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч Г.Баас 1 921 400 /нэг сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

   9.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Нийн эзэмшлийн 8069 ТӨВ улсын дугаартай Mitsubishi.Colt маркийн тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Бы эзэмшлийн 3805 УБӨ улсын дугаартай Kia.Bongo маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт буцаан олгосугай.

 

   10.Шүүгдэгч Б.Бд 400 000 төгрөгийн, шүүгдэгч Г.Бт 500 000 төгрөгийн барьцаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Аймгийн Прокурорын газрын Төрийн сангийн 100140006350 дугаартай данснаас барьцааг барьцаа гаргагчийн дансанд шилжүүлсүгэй.  

 

   11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

   12.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Б нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.     

 

   13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   14.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ