| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0281/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/296 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0281/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Д.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овгийн Д-ын Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн 1818004810304 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ...тоотод оршин сууж байгаа, Урьд:
-2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх хэрэг хариуцах чадвартай, У- овгийн Д-ын Ц- / /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Д.Ц- нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дархан сумын ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Б-ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ц- нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, ...тоотод Д.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Б-ын “...Ц- миний зүүн хөлийг баруун хөлөөрөө ороож намайг газар унагаасан, тэгэхэд миний зүүн хөл хугараад тавхай хэсэг нь эргэсэн. Ц- миний дээр хэвтээд босохгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,
Гэрч Б.Б-гийн “...Ц- манай нөхрийг үүрч газар унагаад дээрээс нь хүчтэй дарж унаад нүүр рүү нь цохисон. Тэгэхээр нь би салгаж дийлэхгүй болохоор нь хашаанд байсан модоор Ц-ний хоёр гар руу нь мөн нуруу руу нь цохиж салгах гээд дийлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 639 дугаартай “...Б-ын биед зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны 1/3 битүү хугарал, тавхай өвдөг, гуя хэсгийн цус хуралт зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22/,
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой эвлэрсэн” гэх мэдүүлэг болон бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Ц-нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Д.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Д.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагийн талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч орлого боломжтой, прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд төлөх хугацаа тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У- овгийн Д-ын Ц-нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У- овгийн Д-ын Ц-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ц-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч Д.Ц-эс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД