Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 403

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 аймгийн сумын -р багт байрлах,  банкны  салбарын нэхэмжлэлтэй,

 аймгийн  сумын -р баг, тоотод оршин суух,  овогт ын  //,

аймгийн  сумын -р баг,  тоотод оршин суух,  овогт гийн  // нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариат, лавлагааны хураамж нийт 15339154,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр  сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017  оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З

Хариуцагч Х.Н

Хариуцагч Ц.С

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  банкны  салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн Х.Н, Ц.Снар нь  банкны  салбараас 2015 оны 09 сарын 01-ний өдөр №ЗГ201542367051 тоот зээлийн гэрээ байгуулан 15666000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Иргэн Х.Н, Ц.Снарын өмчлөлийн Notebook, зурагт 2 ширхэг, 5 ханатай гэр зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу зээл хүүг төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3256547.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2726305.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8090.04 төгрөг, нийт 5990943  төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /415 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 09 сарын 21-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 12409452.30 төгрөг, зээлийн хүү 2738646.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178055.35 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 3000 төгрөг, лавлагааны хураамж 10000 төгрөг, нийт 15339154.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Н, Ц.С нар нь  аймгийн  банкны салбараас 2015 оны 9 сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15600066 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд Х.Н, Ц.С нарын өмчлөлийн нөтбүк, 2 ширхэг зурагт, 5 ханатай гэр зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Зээлдэгч нар нь зээлийг хувиарынхаа дагуу төлж байсан. Нийт 5990043 төгрөг 19 мөнгийг хувиарт төлбөрийн дагуу төлсөн байдаг. Улмаар Х.Н нь ажлаасаа гарсан гэх шалтгаанаар зээл нь төлөгдөхгүй хугацаа хэтэрч 2017 оны 9 сарын 21-ний өдрийн байдлаар нийт 415 хоног хугацаа хэтэрч байна. Тиймээс зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалтыг үндэслээд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 12409452 төгрөг 30 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2738646 төгрөг 53 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 178055 төгрөг 45 мөнгө, нотариатын төлбөр 4000 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны хураамж 10000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 234646 төгрөг, нийт 15339154 төгрөг 18 мөнгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Зээлийн гэрээний 4.3-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байгаа учраас Ц.Сг зээлээс чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй

Хариуцагч Х.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олдохгүй байсан юм. Урагшаа таван толгойд ажил хийх гэсэн боловч хилийн хоригтой байсан болохоор гарч чадаагүй. Би машин барьж цалин авдаг байсан болохоор эрхээ хасуулаад машин барьж чадахгүй байсан юм. Хотод барилга дээр ажилласан боловч цалингаа өгөхгүй нэг ч төгрөгийн цалин авч чадаагүй. Одоо би ажилтай болсон учраас цалингаараа зээлээ төлөөд явахад болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна. Ц.Сг зээл төлөхөөс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байгаа учраас би өөрөө төлөөд явж болохгүй юм уу гэв. 

Хариуцагч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зээлийг 2015 оны 9 сард авсан. Миний нэр дээр ч гэсэн 15 сая төгрөгийн зээл байгаа. Х.Н бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа зээл авсан юм. Тэгээд Х.Нээс салснаасаа хойш 2016 оны 7 сар хүртэл би хоёр зээлээ давхар төлж байсан. Тэгсэн анги дааж авахгүй болохоор миний цалин багасаад зээлээ төлж чадахаа болиод зээлээ огт төлөхөө больсон. Хоёр хүүхдээ би өөрөө өсгөдөг. Үүнээс хойш төлөгдөөгүй жил гарны хугацаа өнгөрчихсөн байгаа юм. Яагаад энэ зээлийг төлөхгүй гээд байна вэ гэхээр Н бид хоёр өөр өөрсдийнхөө нэр дээр 15, 15 сая төгрөгийн зээлтэй. Би Төрийн банкинд зээлтэй. Уг нь Хаан банкинд зээлтэй байсан юм. Хаан банкны эдийн засагч нь намайг олон сар зээлээ төлсөн гэдгийг мэдэж байгаа. Нээс салснаас хойш өөрийнхөө зээлийг нэг ч удаа төлүүлээгүй. Мөн хүүхдийн мөнгө авч үзээгүй. Н бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулчихсан. Тэгээд одоо авч байгаа цалин маань бага болохоор бид гуравт хүрэлцдэггүй. Тиймээс энэ нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй. Одоо би зээлээ сард 450000 төгрөгөөр төлдөг. Гар дээрээ 510000 гаран төгрөг л авдаг. Цалингийн тодорхойлолт болон зээл төлж байсан дансны хуулгуудаа хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Н өөрөө ажилтай болчихсон мөн бид хоёр салчихсан учраас өөр өөрсдийнхөө зээлийг хариуцах хүсэлтэй байна. Тус зээлээс би өөрийнхөө нэрийг татаж авмаар байна. Миний нэр дээр авсан зээл нь Н бид хоёр хамт авсан зээл. Гэхдээ би өөрөө ганцаараа төлдөг. Х.Нээр төлүүлдэггүй. Тиймээс өөр өөрийнхөө зээлийг төлөх хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч банкны салбар нь хариуцагч Х.Н, Ц.С нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариат, лавлагааны хураамж 15339154 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримт /хх-ийн 9-14-рт/, хариуцагч нар болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар нь  банкны салбараас 2015 оны 9 сарын 1-ний өдөр 15660000 төгрөгийн зээлийг авсан болох нь нотлогдож байх ба нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар хариуцагч нар нь маргахгүй байна.

Хариуцагч нар нь, уг зээлийг Х.Н нь ганцаар төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч надад хариуцагчаас татгалзах эрх олгогдоогүй тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт цугларсан баримт болох “Барьцаат зээлийн гэрээ”-ээр /хх-ийн 9-11-рт/ хариуцагч Ц.С нь уг зээлийг авахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох”-оор байх боловч нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээл, зээлийн, хүү нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхийг шаардсан байх тул шүүх хариуцагчийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

 

Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байх тул нэхэмжилсэн мөнгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргаж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.Н, Ц.С нараас 15339154 /арван таван сая гурван зуун гучин есөн мянга нэг зуун тавин дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч  банкны  салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234646 /хоёр зуун гучин дөрвөн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н, Ц.С нараас 234646 /хоёр зуун гучин дөрвөн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан банкны  салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ