| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00364/И |
| Дугаар | 413 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
аймгийн сумын -р багт байрлах, банкны салбарын нэхэмжлэлтэй,
аймгийн сумын -р баг, -р байр тоотод оршин суух, овогт ын //,
аймгийн сумын -р багийн иргэн овогт гийн // нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр нийт 7702284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч банкны салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн Ё.Мө, Б.Д нар нь банкны салбараас 2016 оны 01 сарын 12-ны өдөр №ЗГ-16/28 тоот зээлийн гэрээ байгуулан 11000000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлийн барьцаанд 42 инчийн зурагт, 3 үйлдэлт принтер, хөргөгчийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу зээл хүүг төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4238286.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2222825.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3618.81 төгрөг, нийт 6464731.27 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /229 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 09 сарын 19-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 7081945.18 төгрөг, зээлийн хүү 600634.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17205.35 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 2500 төгрөг, нийт 7702284 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ё.М, Б.Днар нь банкны салбартай 2016 оны 1 сарын 12-ны өдрийн ЗГ1628 тоот зээлийн гэрээ байгуулж 11 сая төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулалтаар авсан байдаг. Зээлдэгч нар зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2-т заасны дагуу банкинд нийт 4238286 төгрөг 77 мөнгөний үндсэн зээл, 2222825 төгрөг 69 мөнгөний зээлийн хүү, 3618 төгрөг 81 мөнгөний нэмэгдүүлсэн хүү, нийт 6464731 төгрөг 27 мөнгийг гэрээний дагуу төлсөн байдаг. Ингэж зээлийн гэрээнийхээ дагуу төлж явж байгаад 2017 оны 1 сарын 2-ноос хойш өнөөдрийг хүртэл нийт 291 хоног зээлийн төлбөрөө төлөөлөгүй хугацаа хэтэрч байна. Иймээс банк 2017 оны 9 сарын 19-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 7081945 төгрөг 18 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 600434 төгрөг 74 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17205 төгрөг 35 мөнгө, нотариатын үйлчилгээний төлбөр 2500 төгрөг, нийт 7702285 төгрөг 27 мөнгийг Ё.М, Б.Д нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн барьцаанд Ё.М 42 инчийн зурагт, гурван үйлдэлт прентэр, хөргөгч зэрэг эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Хэрвээ зээлээ мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авахад би хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг утгаараа гарын үсэг зурсан нь үнэн. 1 сарын 12-ны өдөр банкнаас 4175000 төгрөг нэмж зээлж авсан байна. Тус зээлийнхээ 4100000 төгрөгийг Ё.М өөрөө авсан гэсэн баримтыг шүүхэд өгсөн. Тэгэхээр энэ мөнгө зориулалтын бусаар ашиглагдсан. Мөн банкинд би зээлээ барагдуулах боломж байгаа шүү гэж хэлж байсан. Гэтэл банк зээлээ төлүүлэх боломжоо алдсан. 2016 оны 7 сарын 9-нд ажлаас гэнэт халагдсаных нь тэтгэмжийн мөнгө юм уу, юуг нь сайн мэдэхгүй байна. 3504000 төгрөг гээд нийгмийн даатгалаас ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гэж их хэмжээний мөнгө авдаг. Зээл нь хугацаа хэтрэлттэй явж байсан учраас тус мөнгөнөөс нь зээлээ төлүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иргэний хуульд хамтран зээлдэгч гэдэг нэр томъёо байхгүй байхад тус нэр томъёог хаанаас гаргасан юм. Ё.Мнь зээлсэн мөнгөө зориулалтын бусаар ашиглачихсан гэж би хэлээд байхад яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм. Би өөрийнхөө орон сууцны зээлийг төлдөг, мөн 2 хүүхдээ өөрөө өсгөдөг учраас тус зээлийг төлөхөөр юугаараа амьдрах юм. Би Ё.Маас болж бие махбодь, сэтгэл санаагаараа олон удаа хохирсон. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулчихсан. Одоо Ё.Мбид хоёр тусдаа амьдарч байгаа. Мд хүүхдүүдээ гэсэн сэтгэл байдаггүй, өөрийгөө бодоод явдаг. Ихэнх мөнгө нь буудал, баар, хүнсний дэлгүүр, архины дэлгүүрт зарцуулагдсан байгаа нь дансных нь хуулга дээр байна. Энэ хүн ингээд явж байхад би яахаараа энэ хүний өмнөөс тус зээлийг төлөх ёстой юм. Ё.М төлбөрийн чадваргүй биш төлбөрийн чадвартай. Хэргийн материалтай танилцахад хотод ажиллаж, амьдардаг гэсэн хаяг харагдсан. Энэ хүн зээлээ төлж чадахгүй гэснийг нь яахаараа би төлөх ёстой юм. М нэг хүн өмгөөлөөд 700000 төгрөг авдаг. Миний амьдралын нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн би элэгний C вирустай болохоор эм уух шаардлагатай байдаг. Гэтэл өнөөдөр эмээ ч авч чадахгүй байна. Одоо ээжтэйгээ хамт амьдардаг. Хэрвээ би ганцаараа хоёр хүүхэдтэйгээ амьдрах юм бол үнэхээр хэцүү болно. Ё.М нь хөдөлмөрийн чадвараа алдаагүй, амьд сэрүүн байгаа, мөн хариуцлагагүй байдал зэргийг харгалзан үзэж намайг хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлж, хариуцагч Ё.М төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Ё.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие аймаг дахь банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Тус салбараас авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг миний бие төлөх боломж одоогоор байхгүй болно. Учир нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн асуудалтай байгаа болно. Иймд гэрээнд заасны дагуу хамтран зээлдэгчээс гаргуулна уу. Тус зээлийн мөнгийг байрны урьдчилгаанд зориулсан болно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч банкны салбар нь хариуцагч Ё.М, Б.Д нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр нийт 7702284 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч “төлөгдөхгүй байгаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч болон хамтран зээлдэгч нараас гаргуулахаар гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч нар нь зээлийг хувийн хэрэгцээнд зориулан авсан тул зарим нэг төрлийн тухайлбал бизнесийн, орон сууцны гэх мэт зээлийн зарцуулалтад хяналт тавьдаг шиг хяналт тавих боломжгүй. Мөн хариуцагч Ё.Мын ажилгүйдлийн тэтгэмж дансанд нь орж ирэх үед зээлийн хугацаа хэтрээгүй байсан тул зээлийг шууд шаардаж төлүүлэх үндэслэлгүй байсан” гэж,
Хариуцагч Б.Д нь “энэ зээлийг авахад би Ё.Май гэр бүлийн харилцаатай байсан болохоор гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ мөнгийг Ё.М архи, буудал гэх мэт зүйлд үрж дуусгасан. Гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаагүй. Иргэний хуулинд хамтран зээлдэгч гэх нэр томъёо огт байхгүй байхад надаас хамтран зээлдэгч гэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн банк зээлийнхээ зарцуулалтад /зориулалтад/ хяналт тавиагүй, хариуцагч Ё.Мтын дансанд ажилгүйдлийн тэтгэмж орж ирэхэд зээлээ төлүүлээгүй зэрэг буруутай. Үүнээс гадна миний цалин бага тул өөрийн орон сууцны зээлийг төлөөд үлдсэн нь 2 охин бид 3-ын хэрэгцээнд хүрэлцдэггүй. Иймд Ё.Мын зээлийг төлөх боломжгүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч банкны салбар нь 2016 оны 1 сарын 12–ны өдөр байгуулсан ЗГ-16/28 дугаар зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ё.М, хамтран зээлдэгч Б.Д нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7699785 төгрөгийг нэхэмжилжээ. Уг зээлийн гэрээнд /хх-ийн 10-12-рт/ хариуцагч Б.Д нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх ба гэрээнд хамтран зээлдэгч гэж нэрлэхээр гэрээний удиртгал хэсэгт заасан бөгөөд хамтран зээлдэгч гэдэг нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн гэрээний нэршил гэж ойлгогдохоор байна. Дээрхи зээлийн гэрээний хугацаа 2016 оны 1 сарын 12-ны өдрөөс 36 сарын хугацаатай буюу гэрээний хугацаа дуусаагүй байх боловч гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн эсэх талаар маргаагүй ба дээрхи нөхцлийг зөвшөөрөн гэрээ байгуулсан тул зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөрийг төлүүлэхээр шаардах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Уг маргааны зүйл болсон зээлийг хувийн хэрэгцээнд зарцуулахаар авсан нь зээлийн гэрээгээр /хх-ийн 10–рт/ нотлогдож байх бөгөөд зээлдэгч уг зээлийг ямар нэгэн тодорхой зориулалтгүйгээр хувийн хэрэгцээнд зарцуулахаар авсан байх тул зээлдүүлэгчийн зүгээс зээлийн зарцуулалтад хяналт тавих үндэслэлгүй байна.
Хамтран зээлдэгч нь уг зээлийг би аваагүй, Ё.Мавч зарцуулсан гэж маргаж байна. 2016 оны 1 сарын 12-ны өдрийн ЗГ-16/28 гэрээгээр хариуцагч нар нь өмнө 6824851 төгрөгийн үлдэгдэл бүхий зээл дээр 4175149 төгрөгийн зээлийг нэмэгдүүлэн авчээ. /хх-ийн 10-рт/ Үүнээс өмнө 2015 оны 6 сарын 5-ны өдөр 8000000 төгрөгийн зээлийг авсан /хх-ийн 121-рт/ байх ба уг зээлээс 7920000 төгрөгийг хариуцагч Ё.Мын данснаас хариуцагч Б.Дгийн цалингийн харилцах дансанд /хх-ийн 64, 121-рт/ шилжүүлсэн байгаа нь уг зээлийн мөнгө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Б.Дгийн хариуцагч Ё.М мөнгийг хувьдаа зарцуулсан гэдэг тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар ...” үүснэ. Хариуцагч Б.Дгийн хувьд хамтран хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар үүссэн байх бөгөөд гэрээг зөвшөөрч гарын үсэг зурснаар уг гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон гэж үзнэ. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заажээ. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүргийг тусгайлан заагаагүй тул хариуцагч Ё.М, Б.Д нарын хүлээх үүрэг тэнцүү байна.
Хариуцагч Ё.М нь “эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн асуудалтай тул зээлийг Б.Даар төлүүлнэ үү” гэж /хх-ийн 57–рт/, хариуцагч Б.Д “өөрийн орон сууцны зээлийг төлөөд үлдсэн нь амьдралд хүрэлцдэггүй, төлөх боломжгүй” гэж тус тус тайлбарлажээ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т зааснаар “Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилах”-аар байх боловч хариуцагч нар нь төлбөрийн чадваргүй болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч Ё.М Б.Д нарын хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь зээлийг олгох, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул банкны нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үүргийн гүйцэтгэлийг шаардахтай холбогдон гарсан зардлыг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна... Тус тус гаргуулахаар нэхэмжилж байна” /хх-ийн 2-рт/ гэсний дараа “Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох иргэн Ё.Мын өмчлөлийн Дундговь аймаг Сайнцагаан сумын 8 дугаар баг Айраг 9 гудамж 32 тоот хаягт байрлах 42 инчийн өнгөт зурагт, 3 үйлдэлт принтер, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ. Нэхэмжлэлийн энэхүү хэсэгт “зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд” гэсэн нь урьдчилан харах боломжгүй болзол заасан нөхцөл байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байна.
Хариуцагч Ё.Мнь шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагч Ё.Мын эзгүйгээр хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч Ё.Мын эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ё.Маас 3851142 /гурван сая найман зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөг, хариуцагч Б.Дгаас 3851142 /гурван сая найман зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан банкны салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138187 /нэг зуун гучин найман мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Маас 69094 /жаран есөн мянга ерэн дөрөв/ төгрөг, хариуцагч Б.Дгаас 69093 /жаран есөн мянга ерэн гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч банкны салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ