Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

улсын яллагч А.Сайнбаяр,

 

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

 

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Э-ад холбогдох эрүүгийн 2017 2501 0074 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн

 

  1. дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ы Э.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч О.Э нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн

 

  1. дугаар хороо “Энканто” таунд байрлах “Голомт” банкны АТМ-г багаж хэрэгсэл ашиглан эвдэлж хулгайлахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ:…”Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй…” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс шүүх сэтгэц эмгэг судлалын 183 дугаартай дүгнэлт /хх-37-38/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-21/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын мэдүүлэг /хх-23-24, 25/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11/, гэрч Д.Пүрэвжавын мэдүүлэг /хх-26-27/, гэрч Ш.Батчулууны мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч О.Э-ын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-57/, шүүгдэгч О.Э-ын ял шалгах хуудас /хх-58/, шүүгдэгч О.Э-ын суурь боловсролын гэрчилгээ /хх-60/, хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол /хх-85/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

Шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзэж шүүгдэгч О.Э-ад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэнийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Э нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн

 

  1. дугаар хороо “Энканто” таунд байрлах “Голомт” банкны АТМ-г багаж хэрэгсэл ашиглан эвдэлж хулгайлахаар завдсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын өгсөн:…”2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 05 цагийн орчим манай “Голомт” банкны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Энканто таун” хорооллын “Миний дэлгүүр”-ийн урд хаалганд байх “Diebold Opteva” загварын CDM020 буюу бэлэн мөнгөний машинд халдлага болж уг бэлэн мөнгөний машиныг эвдсэн. Уг этгээд машины гадна хэсгийг эвдсэн боловч дотогш халдаж мөнгөнд хүрч чадаагүй бэлэн мөнгө алдагдаагүй” /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Пүрэвжавын өгсөн:…“Би энэ өдөр хамгаалалтын үүргээ гүйцэтгэж байхад шөнийн 04.42 цагт “Голомт” банкны АТМ ухагдаж байна гэсэн мэдээ ирсэн. Уг мэдээний дагуу би жолооч Ш.Батчулууны хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун”-д байх “Голомт” банкны АТМ-д ирээд машинаасаа буухад хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн үүргэвч үүрсэн залуу уг АТМ-ын хаалгаар гараад гүйхээр нь би араас нь “хөөе” гэж орилоход тэр чигээрээ цаашаа зугтаасан. Энэ үед урдаас нь манай хамгаалагч машинтайгаа гарч ирэхэд нөгөө залуу намайг чиглээд гүйхээр нь би машинаас буугаад урдаас нь очоод “зогс” гэхэд зогсохгүй урдаас хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “гартаа байгаа зүйлээ хая” гэтэл хаяхгүй байхаар нь ахин нэг удаа дээш хий буудаад уг залуу дээр очиж гартаа барьсан зүйлийг нь гал руу нь бууныхаа бөгсөөр нэг удаа цохисон” /хх-26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Батчулууны өгсөн:…“Би хамгаалагчийн үүргээ гүйцэтгэж байхад манай төвөөс “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун”-д байх “Голомт” банкны АТМ-ыг хүн ухаад байна очоод шалгаадах” гэхээр нь би хамгаалагч Д.Пүрэвжавын хамт очсон биднийг очоод машинаа тавиад АТМ-д ойртоход бид хоёрыг анзаарсан бололтой хар өнгийн малгайтай цамцтай залуу уг АТМ-с гараад явсан. Тэгэхээр нь Д.Пүрэвжав араас нь “хөөе” гэтэл тэр залуу шууд зугтаасан. Тэгэхээр нь Д.Пүрэвжав араас нь явган хөөгөөд би урдаас нь машинаараа амдаж хөөсөн. Тэгээд намайг урдаас яваад очиж байхад уг зугтаад байсан залуу Д.Пүрэвжав руу эргээд гүйсэн энэ үед Д.Пүрэвжав уг залууд хандаж “зогс буудлаа шүү” гэж анхааруулсан боловч тоохгүй урдаас нь гүйгээд байхаар нь Д.Пүрэвжав уг залуу дээр очоод гартаа барьсан байсан алхыг нь цохиж унагаад гарыг нь ард нь гавласан” /хх-28/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Э-ын сэжигтнээр өгсөн:…”2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би өөрийн эзэмшлийн 92-85 УБХ улсын дугаартай приус 20 маркийн автомашинтайгаа 7 буудал явж байгаад хүн шүргэсэн. Тэгээд уг мөргөсөн залуутайгаа зохицоод 6.400.000 төгрөгийг өгөхөөр болж уг мөнгийг би хүүтэй мөнгө зээлдэг хүнээс өдрийн нэг хувийн

 

хүүтэй 3.500.000 төгрөг зээлж аваад надад мөргүүлсэн Бадарч гэх хүнд өгсөн. Тэгээд өөрийнхөө машиныг 2016 оны 10 дугаар сарын эхээр “Хан агьт” ломбарданд 3.500.000 төгрөгөөр барьцаалж эхний хүүтэй мөнгө авсан хүнд өгсөн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр өөрийн найз болох Гүндсамбуугийн найз Золбоо гэгчээс сарын 10 хувийн хүүтэй 1.700.000 төгрөг зээлээд надад мөргүүлсэн хүнд өгч хохирлоо барагдуулж дууссан. Энэ хооронд миний “Хан агьт” ломбарданд тавьсан машины хугацаа дуусч машинаа хураалгах болсон тул зээл чөлөөлдөг хүмүүстэй холбогдож зар дээрээс нэг хүнээр машинаа авахуулж буцаагаад “Best easy investment” ХХК-д 3.800.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Үүнээс хойш надад мөнгө байхгүй машинаа авмаар бусдаас зээлсэн мөнгөө өгөх хугацаа дөхөөд ирэхээр нь мөнгө хайсан боловч олдоогүй. Үүнээс манай хүүхэд Э.Есүйжингийн сургуулийн төлбөр мөн нэмэгдэж мөнгөний хэрэг гарсан. Уг асуудлаас болж 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө гэрээсээ 03 цаг өнгөрч байхад гараад урд харж байсан “Энканто таун”-д байх “Голомт” банкны АТМ орж ухахыг завдаж гэртээ байсан лоомоор АТМ-ын гадна хэсгийг хөшиж онгойлгоод хартал сейф байсан. Тэгэхээр нь яаж онгойлгох учраа олохгүй хараад зогсож байтал АТМ-ын гадна хамгаалалтын машин хүрээд ирэхээр нь гараад зугтаасан. Тэгээд гүйж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим хамгаалагчид баригдсан” /хх-44-45/ гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч О.Э-ын ял шалгах хуудас /хх-58/, -Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/, -Эд зүйлийн үнэлгээ /хх-62-63/, -Мөнгө хүлээлцсэн акт /хх-65/,

 

Мөрдөн байцаалтад хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-21/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11/,

 

-Хавтаст хэрэгт шинээр гаргаж өгсөн мөнгө хүлээлцсэн актууд

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч О.Э-ын 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” таунд байрлах “Голомт” банкны АТМ-г багаж хэрэгсэл ашиглан эвдэлж хулгайлахаар завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, мөн хуулийн тусгай ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлын 60.3 дахь хэсэгт буюу гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар завдсан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж зааж өгсөн.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэдэг нь хэргийн 65 дугаар талд болон шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Э-ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд “анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бодонгууд овогт Отгончулууны Энхбатыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  

 

  1. О.Э-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, мөн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Э-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Э-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Э-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
 
  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                             Э.ЧИНГИС