Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/00952/И |
Дугаар | 001/ХТ2020/00568 |
Огноо | 2020-09-24 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2020/00568
М.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01933 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1840 дүгээр магадлалтай,
М.Н-ийн нэхэмжлэлтэй,
Н-т холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Н миний Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 61-2-6 тоот хаягт байрлах 42 м.кв 2 өрөө байрыг Н 28 850 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байна. Манай байрны зах зээлийн үнэлгээ 70 000 000 төгрөг байдаг Нар нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Учир нь анхны дуудлага худалдааг надад мэдэгдээгүй бөгөөд сүүлд хаягаар ирснийг мэдсэн. Гэтэл гэнэт 28 850 000 төгрөгөөр миний байрыг үнэлж дуудлага худалдаанд оруулахаар болж байгаад гомдолтой байна. Миний бие энэ талаар гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. Шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өнгө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны 183/ШШ2017/02258 дугаар захирамжаар “В” ХХК, Ц.Б. А.Н нараас 133 320 934 төгрөгийг гаргуулж Хинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18290472 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлээгүй талаар мэдэгдэж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол 61/2 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 42.3 м.кв талбайтай орон сууцыг 18290472/05 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18290472/08 дугаар тогтоолоор хураасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилоход 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон газрыг 278 500 000 төгрөгөөр 42,3 мкв талбайтай орон сууцыг 57 100 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/3024, 4/3023 дугаар албан бичгээр мэдэгдэж өмчлөгч М.Нт 1 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулсан байна. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01933 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 61/2 байрны 6 тоот хаягт байрлах 42,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1840 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.17-ны өдрийн 183/ШШ2019/01933 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.30-ны өдрийн 1840 тоот магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.
ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1-д заагдсанаар хуулийг буруу тайлбарласан, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.
Шүүх үнэлгээ хийсэн этгээдийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан.
Хуульд заасан баримтанд гарын үсэг зурсан шинжээч орон сууцны үнэлгээнд давхрын ялгаа байхгүй, балкон үнэлгээ хамаагүй, цонх нь наран талдаа сүүдэр талдаа юу гэдэг нь үнэлгээнд хамаагүй гэж гэрчилсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүх гэрчийн тухай худал гэрчилснийг цайруулан гэрчийг ИХШХШТХ-ийн 43.1 дэх хэсэгт заасан гэрч биш гэж үзэн, шүүхэд гэрч худал гэрчлэх нь алдаа биш гэлээ. Энэ бол хууль бус.
Шүүх ШШГТХ-ийн 55-р зүйлийн 55.7 дахь заалтыг илт гуйвуулан тайлбарласан.
Хуульд үнэлгээнд гомдол гаргасан заалт ба үнэлгээ гэдэгт дуудлага худалдаанд орж байгаа үнийн дүнг хэлнэ.
Гэтэл шүүх хоёр дахь дуудлага худалдаанд оруулж байгаа үнэлгээ ШШГТХ-ийн 55-р зүйлийн 55.7 дахь заалтад хамаарахгүй гэсэн нь хууль тогтоох байгууллага болох УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж үзэхээр байна.
Иймд ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1 дэх заалт, 43-р зүйлийн 43.1 дэх заалт, ШШГТХ-ийн 55-р зүйлийн 55.7 дахь заалттай зөрчилтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
М.Н нь Нт холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 61/2 дугаар байрны 6 тоот 42.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 57 100 000 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...анхны дуудлага худалдааг надад мэдэгдээгүй бөгөөд гэнэт 28 500 000 төгрөгөөр миний байрыг үнэлж дуудлага худалдаанд оруулахаар болж байгаад гомдолтой байна. ...53 м.кв талбай бүхий байрыг 42 м.кв гэж хуурамч хэмжилт хийж, тухайн үеийн ханшаар 1 м.кв нь 1 900 000 төгрөгийн үнэтэй байтал 1 350 000 төгрөгөр үнэлсэн, ...түүнчлэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь сонгон шалгаруулалтаар шалгарсан эсэх нь тодорхойгүй, энэ шаардлагыг хангаагүй тул үнэлгээг хүчингүй гэж үзэж байна...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...үнэлгээг тусгай эрх бүхий субъект буюу хөрөнгийн үнэлгээчин хийсэн, үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2258 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Б, А.Н, “В” ХХК нь зээлийн төлбөр 132 430 631 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-д гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.
Хариуцагч нар гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр төлөгдөөгүй тул барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол 61/2 дугаар байрны 6 тоот хаягт байрлалтай 42.3 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авч, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр хөндлөнгийн шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч орон сууцыг бага үнээр үнэлсэн гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн гаргасан үнэлгээг үгүйсгэсэн, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт энэ талаар баримтгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь буруу биш, шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, 55.3.-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэжээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг өмчлөгч М.Нт 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, тэмдэглэл хөтөлснөөс хойш 2 сарын дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М.Н үнэлгээг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан алдааг гаргаагүй байх тул “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01933 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1840 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД