Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0214

 

Иргэн Н.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Н.Ж-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж Боловсрол, соёл, шинжлэн ухааны яам байгуулагдан, яамны бүтэц, зохион байгуулалт Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь татан буугдаж, Боловсрол, соёл, шинжлэн ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам гэсэн яамдад чиг үүргийн дагуу шилжин бүтцийн өөрчлөлт орсон.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Үлэг гүрвэлийн музейн захирлын сонгон шалгаруулалт явуулалгүй иргэн Н.Ж г түр томилсон байдаг. ... Үлэг гүрвэлийн музейн захирлын сонгон шалгаруулалт зарлахад Н.Ж  нь сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй тул Үлэг гүрвэлийн музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ж г чөлөөлж, сонгон шалгаруулалтад оролцон тэнцсэн Ч.Д-г  Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар томилсон.

... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр шийдвэрээр: Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4-т заасныг баримтлан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн шаардлага бүхий Н.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие 1987 онд Болгар Улсын Софийн их сургуулийг аялал жуулчлалын газар зүйн чиглэлээр, 1992 онд Монгол Улсын Их сургуулийг агнуур зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1992-2001 хүртэл Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн Ан агнуурын музейд тайлбарлагч, эрхлэгч, 2001-2003 онд Байгалийн түүхийн музейн чихмэлийн лабораторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 2003-2013 эрдэм шинжилгээ арга зүй сан хөмрөгийн албаны дарга, 2013-2014 хүртэл Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар ажилласан ба нийт музейн байгууллагад 22 жил ажилласан.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтаар Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ыг баталсан бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд батлагдсан өдрөөсөө хойших сонгон шалгаруулалттай холбоотой харилцааг зохицуулах ёстой.

Миний бие уг журам батлагдахаас өмнө буюу Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар тус музейн захирлаар томилогдон ажилласаар байхад, надад Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль хууль ёсоор хүчин төгөлдөр үйлчилж байсан тул үйл ажиллагаагаа явуулж байсан болно. Уг албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт хууль бусаар зарласан нь үндэслэлгүй бөгөөд би тухайн сонгон шалгаруулалтад хамрагдах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа болно. Учир нь хөдөлмөрийн гэрээ буюу үр дүнгийн гэрээг албан ёсоор байгуулан ажил үүрэг гүйцэтгэж байсан болно. Би хууль ёсны захирлын албан тушаалыг эрхэлж байсан учраас Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллах орон тоо бүтцийн дагуу үйл ажиллагааг хууль ёсоор явуулж байсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх жинхэнэ орон тоог түр орлон гүйцэтгэгч мэт авч асуудлыг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2.1-д Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд... харьяаллын дагуу ирүүлнэ гэж,

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол дах хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ... сул орон тоо гарсан... гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн Үлэг гүрвэлийн музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан гэх тогтоол надад хамаарахгүй, ажлын байрны сул орон тоо гараагүй, нэгэнт захирлаар томилогдон албан үүргээ зохих ёсоор сайн ямар ч алдаа дутагдал гаргаагүй хэвийн ажиллаж байсан ба ажлаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад сул орон тоог нөхөх гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус гэдгийг нотлох ёстой байтал шүүх нотлохгүй, нотлох баримтыг дутуу үнэлж нэг талыг баримтлан хуулиас дээгүүр журмыг баримтлан шийдвэр гаргасан, Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүний эрх, үүргийг үл хүндэтгэн зөрчиж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг ноцтойгоор зөрчин иргэний халдашгүй эрхэнд халдаж хохироож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй.

2. Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэтэл хуулиас дээгүүр шийдвэр гаргаж хүний хувь заяаг шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байна.

3. Шүүхэд баримтлан ёстой журмыг хуульчилсан байтал шүүх бүрэлдэхүүнийг шүүгч А.С зөрчиж, шүүгч Д.Х-г сольсон, үүнийгээ маргалдагч талд мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн.

4. Шүүх хуралдаан тасралтгүй явагдах зарчимтай байтал зүүн талд сууж байсан шүүгч хурлын дундуур гарч шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж маргалдагч тал үзэж байна.

5. Шударга бус байдлаар хууль зөрчин эмнэлэгт эмчлүүлж байсан хүнийг ёс бусаар халсан учир Соёл, спорт аялал жуулчлалын сайдын тушаал хүчингүй болох ёстой. Гэтэл үүнийг нотлох баримтыг дутуу үнэлж, нэг талыг барьж хууль зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ж г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ч.Д-г  Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилжээ.

 

Нэхэмжлэгчээс анх музейн захирлаар түр томилоогүй, ажлын байрны сул орон тоо гараагүй, томилогдохдоо сонгон шалгаруулалтад орсон гэж маргасан бөгөөд шүүх тухайн тайлбарыг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тайлбар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн тогтоогдоогүй гэж үзсэн нь учир дутагдалтай.

 

Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2013 оны 01 дүгээр сард Үлэг гүрвэлийн төв музейн захирал, Ерөнхий плантологичийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж[1], сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1200 цаг хүртэл хүлээн авч бүртгэхээр заасан,

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б/48 дугаар тушаал гаргаж, Н.Ж г Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилсон /орлон гүйцэтгэгч бус/ зэргээс үзэхэд 2013 оны 02 дугаар сарын 08-наас 02 дугаар сарын 18-ны хооронд сонгон шалгаруулалт явуулсан байж болохоор байгааг шүүх анхаараагүй байна.

 

Зүй нь шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөл болон эрх залгамжлагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас энэ талаарх баримтыг шаардаад ирүүлээгүй, холбогдох баримтууд гарч ирээгүй тохиолдолд нотолгооны бусад арга хэрэгслээр тухайлбал, сонгон шалгаруулалт явуулсан байж болзошгүй албан тушаалтан болон нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан хамт өрсөлдсөн гэх иргэдээс гэрчийн мэдүүлэг авах, Н.Ж г ажилд томилсон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б/48 дугаар тушаалын үндэслэл болсон Авлигатай тэмцэх газрын 03/1077 дугаар албан бичиг, түүнтэй холбоотой Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаас Авлигатай тэмцэх газар хандсан албан бичиг зэргийг Авлигатай тэмцэх газраас гаргуулах зэргээр тухайн хугацаанд сонгон шалгаруулалт явагдсан эсэхийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг явуулах байжээ.

 

Дээрх ажиллагааг явуулаагүй атлаа маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай.

 

Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэснээр маргаан бүхий захиргааны актаар Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар шинээр томилогдсон Ч.Д-г ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д нийцэхгүй байна.

 

Иймээс дээрх зөрчил арилаагүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй, зөв эсэхэд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР