Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

-улсын яллагч М.Үүрийнтуяа,

-хохирогч Ө.Саранцацрал,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав,

-шүүгдэгч О.Ганхуяг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хүү овогт Осоржамын Ганхуягт холбогдох Эрүүгийн 201619000544 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1983 оны 12 сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкны албаны офицер мэргэжилтэй, Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны ЗХ-336 дугаар ангид инженерийн бүлгийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн дэнж 29-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Хүү овогт Осоржамын Ганхуяг /РД:НЗ83122676/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Ганхуяг нь Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн дэнжийн 29-10 тоотод 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эхнэр Ө.Саранцацралыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ганхуяг шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай найз нар намайг эргэж ирээд архи пиво өгсөн. Би маргааш өглөө нь буюу 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн архиа уугаад согтсон байсан. Тэгээд өөрийн эхнэр Саранцацралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо би эхнэртэйгээ эвлэрсэн. Эхнэр Ө.Саранцацрал надад гомдол нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа. Би цаашид  архи ууж, эхнэртэйгээ маргаж зодож байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

 

Хохирогч Ө.Саранцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.....Манай нөхөр О.Ганхуяг  нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өмнөх өдөр нь ууж байсан үлдэгдэл архиа ганцаараа ууж согтоод том охиноо загнаад байхаар нь би “чи согтуу байж хүүхдээ загналаа” гэхэд урдаас уурлаад намайг багалзуурдаж дарж унагаасан. Би охиноо цагдаа дуудаарай гэж хэлээд байж байтал манай ээж, эгч хоёр ирж таараад цагдаа дуудсан. Одоо би нөхөртэйгээ өөрийн сайн дурын үндсэн дээр эврлэрсэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Иймээс манай нөхөр О.Ганхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.....” гэв.

Хохирогч Ө.Саранцацрал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр манай нөхөр Ганхуяг гэртээ ганцаараа 0.75 литртэй Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд 15 цаг өнгөрч
байхад манай нөхөр согтоод надруу агсам тавиад намайг багалзуурдаад, үснээс
зулгайгаад байсан. Тэгхээр нь би түлхээд гар одоо хүүхдүүд айчихлаа одоо цагдаа аль эсвэл дуудчихан шүү гэж хэлтэл манай том охин гарч гуйгаад өмнөөс нь манай ээж, эгч хоёр орж ирж таараад цагдаа дуудаад Ганхуягыг цагдаад өгсөн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай нөхөр Ганхуяг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэдэг. Их хартай намайг хүмүүстэй харддаг. 2013 онд бас ийм асуудал болж цагдаад шалгагдаж байсан..” гэх мэдүүлэг /хх-12/,

             Шинжээчийн 9786 тоот дүгнэлтэнд:

1. Ө.Саранцацралын биед зүүн хацар, хоолой, зүүн гуянд цус хуралттай
гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангад нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

   

         -шүүгдэгч О.Ганхуяг нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-26/,

-шүүгдэгч О.Ганхуягийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-20/, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-24/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч О.Ганхуяг нь Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн дэнжийн 29-10 тоотод 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эхнэр Ө.Саранцацралыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ө.Наранцацралын мөрдөн байцаалын шатанд өгсөн: “..15 цаг өнгөрч байхад манай нөхөр согтоод надруу агсам тавиад намайг багалзуурдаад, үснээс зулгайгаад байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн  9786 тоот дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ө.Саранцацралын: “...” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Ганхуягийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно..“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч О.Ганхуягтай, хохирогч Ө.Саранцацрал нь сайн дураараа эвлэрсэн байх тул О.Ганхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч О.Ганхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хүү овогт Осоржамын Ганхуягийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганхуяг нь хохирогч Ө.Саранцацралтай сайн дураараа эвлэрсэн байх тул О.Ганхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. О.Ганхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. О.Гануягт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Ганхуягт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА