| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0147/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/161 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогч Д.О,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч-ын Б-т холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, У.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 08-р сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Оын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...О ирээд ахдаа архи аваад өгчих гэхээр нь надад мөнгө алгаа би мөнгөтэй болохоороо тэгж байгаад аваад өгчихье гэсэн. Тэгсэн О ах мотоциклийн түлхүүр авчихаад архи авч өгвөл түлхүүрийг чинь өгнө гээд түлхүүр өгөхгүй байсан. Тэгээд би О ахаа надад үнэндээ мөнгө алга дараа авч өгье гээд уур хүрээд хавсраад унагаачихсан. Миний буруу...” гэв.
Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим би дэлгүүр орох гээд очоод зогсоход араас О ирээд ахдаа архи аваад өгчих гэхээр нь би О ахыг О гэж дуудаад байдаг болохоор нь О ахаа надад мөнгө алгаа би мөнгөтэй болохоороо тэгж байгаад аваад өгчихье гэсэн. Тэгсэн О ах мотоциклийн түлхүүр авчихаад архи авч өгвөл түлхүүрийг чинь өгнө гээд түлхүүр өгөхгүй танайхан архи авч өгдөггүй харамч голоо цохисон та нар бүгдээрээ л ийм улс шдээ гээд байсан. Тэгээд би О ахаа надад үнэндээ мөнгө алга дараа авч өгье гээд уур хүрээд хавсраад унагаачихсан. Хавсарч унагаадаг миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна..., ...хэргээ аль болох түргэн шалгаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна. Өөртөө их дүгнэлт хийж байгаа, маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72- р хуудас/
Хохирогч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...Ч.Б-ээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг Хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр... Бээс ахдаа ганц шил архи аваад өгчих гэж хэлсэн тэгсэн Б би яаруу ажилтай явна гэж хэлээд миний зүүн нүд рүү гараараа цохисон /зүүн нүдээ зааж үзүүлж байв/ тэгэхэд нь би арагшаагаа саваад унасан..., …Улаанбаатар хотод эмнэлэгт нэг сэрсэн манай охин Ө сахиж байсан. Ухаан ороод өндийхөөр толгой эргээд, гар хугарсан байсан зовиуртай байсан. Эхэлж тархийг нь эмчилж байж гарыг нь эмчилнэ гэж байсан..., ...эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ. Манай эгч нар мөнгө нийлүүлж миний эмчилгээнд зарцуулсан. Баримтаар заримыг нь гаргаж өгсөн байгаа. 5000000 төгрөг нэхэмжилнэ. Тархины зураг л гэхэд нэг ширхэгийг нь 45000 төгрөгөөр авахуулсан. Өдөр болгон 71000-76000 төгрөгийн хооронд тархиндаа гаднаас тариа авч хийлгэж байсан..., ...гомдолтой, гар дээшээ болохгүй гарандаа 9 хадаас хадуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/
Гэрч Д.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...дэлгүүр рүү орж ноосны талон бичүүлчихээд гарч ирэхэд дэлгүүрийн урд талд нүүр нь хавдчихсан нэг нүд нь таг болчихсон..., ...хамраас нь цус гоожчихсон байж байхаар нь би талийгаач Мөнхбат гэх дүүгийнхээ гэр рүү нь чирч авч яваад галынх нь амбаарт оруулж хэвтүүлчихээд ...явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/
Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 цагийн үед манай нөхрийн дүү О нь намайг амбаараа цоожлох гээд гарахад амбаар дотор сууж байхаар нь би буцаад гэр рүүгээ орж амарсан. О харин манай амбаарт хоночихоод өглөө босоод гэрийн сүүдэрт унтаж байгаад ...15-16 цагийн хооронд таталт өгсөн ...зүүн талын нүд нь хөхөрч тагларсан байсан ...тэр өдөр шар ногооноор бөөлжөөд өндийж ус уучихаад л хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Манай дүү Довогтой О 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Алтанширээ сумын 4 дүгээр баг сумын төвд баруун гэр байранд Жгийн дэлгүүрийн гадаа хүнд зодуулж маргааш нь сумын Эрүүл мэндийн төвд үзүүлээд тэр шөнөдөө сахиуртай хоноод аймгийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Аймгийн эмнэлгийн эмч нар таталт өгөөд байсан учир “одоо таталт өгвөл зүрх нь дийлэхгүй, мөн эгэм мөр орчимд учирсан гэмтлийг Улаанбаатар хот руу очиж эмчлүүлсэн нь дээр” гэж хэлсэн учир Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/
Гэрч О.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг дэлгүүр рүү орчихоод гарч ирэхэд Ч.Б-тэй хамт юм яриад байгаа бололтой зогсож байсан. Б нь мотоциклиосоо буучихсан хажууд нь харин О зэрэгцээд зогсож байсан ...мэндлээд өнгөрөхөд Оын нүд ам нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ... дугаартай: “...Д.Оын биед тархины баруун дэлбэнд цусан хураа, зүүн атгаал ясны далд хугарал, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 08-р сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Оын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч-ын Б-т бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.О нь шүүгдэгч Ч.Б-ээс 2018 оны 08-р сарын 25ны өдөр “Тэрмэстийн өгөөж” ХХК-иас худалдан авсан гарын сойлтны үнэ 10000 төгрөг, улавчны үнэ 900 төгрөг, соруул 1000 төгрөг, актовегийн үнэ 32000 төгрөг, цераксоны үнэ 68000 төгрөг, церебролидиний үнэ 50400 төгрөг, актовегийн үнэ 16000 төгрөг, цераксоны үнэ 34000 төгрөг, церебролидиний үнэ 25200 төгрөг, актовегийн үнэ 8000 төгрөг, церебролидиний үнэ 12600 төгрөг, цераксоны үнэ 17000 төгрөг, актовегийн үнэ 16000 төгрөг, цераксоны үнэ 34000 төгрөг, церебролидиний үнэ 12600 төгрөг, цераксоны үнэ 17000 төгрөг, актовегийн үнэ 8000 төгрөг, кетоналын үнэ 11000 төгрөг, асмефийн үнэ 1500 төгрөг, Алтан гагнуурын хандны үнэ 4400 төгрөг, нийт 379600 төгрөг /хх-ийн 29-р хуудас/,
2018 оны 09-р сарын 17-ны өдөр “Дуалповер” ХХК-иас худалдан авсан ган тетан хадаасны үнэ 260000 төгрөг /хх-ийн 30-р хуудас/, 2018 оны 08-р сарын 29-ний өдөр Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээр үйлчлүүлсэн төлбөр 450000 төгрөг /хх-ийн 30-р хуудас/,
2018 оны 09-р сарын 10-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд КТГ толгойн шинжилгээ хийлгэсэн төлбөр 75000 төгрөг /хх-ийн 31-р хуудас/, 2018 оны 09-р сарын 18-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэсэн төлбөр 76194 төгрөг /хх-ийн 31-р хуудас/, 2018 оны 12-р сарын 09-ний өдрийн 14900 төгрөгийн худалдан авалтын баримт /хх-ийн 32-р хуудас/, 2018 оны 10-р сарын 09-ний өдрийн 25000 төгрөгийн худалдан авалтын баримт /хх-ийн 32-р хуудас/, 2018 оны 08-р сарын 30-ны өдөр “Фармалогик” эмийн сангаас худалдан авсан эмийн үнэ 41050 төгрөг /хх-ийн 32-р хуудас/, 2018 оны 09-р сарын 16-ны өдөр “Фармалогик” эмийн сангаас худалдан авсан бинтний үнэ 3600 төгрөг /хх-ийн 32-р хуудас/, 2018 оны 09-р сарын 05-ны өдөр “Фармалогик” эмийн сангаас худалдан авсан эмийн үнэ 37200 төгрөг /хх-ийн 32-р хуудас/, 2018 оны 09-р сарын 04-ний өдөр “Фармалогик” эмийн сангаас худалдан авсан эмийн үнэ 25200 төгрөг /хх-ийн 32-р хуудас/, 2018 оны 09-р сарын 14-ний өдөр “Фармалогик” эмийн сангаас худалдан авсан эмийн үнэ 5100 төгрөг /хх-ийн 33-р хуудас/, 2018 оны 08-р сарын 25-ны өдөр “Неомед” ХХК-иас худалдан авсан эрэгтэй хөтөвчний үнэ 5000 төгрөг /хх-ийн 33-р хуудас/, 2018 оны 09-р сарын 01-ний өдөр “Фармалогик” эмийн сангаас худалдан авсан эмийн үнэ 37200 төгрөг /хх-ийн 33-р хуудас/, 2018 оны 09-р сарын 09-ний өдөр “Ази-Фарма” эмийн сангаас худалдан авсан бинтний үнэ 3600 төгрөг, гипсэн боолтны үнэ 2400 төгрөг, том хүний памперсний үнэ 2343 төгрөг, нийт 8343 төгрөг /хх-ийн 35-р хуудас/, 2018 оны 08-р сарын 28-ны өдөр “Монос-Улаанбаатар” ХХК-иас худалдан авсан эмийн үнэ 3440 төгрөг /хх-ийн 35-р хуудас/, “Монос-Улаанбаатар” ХХК-иас худалдан авсан эмийн үнэ 71520 төгрөг /хх-ийн 35-р хуудас/, “Монос-Улаанбаатар” ХХК-иас худалдан авсан эмийн үнэ 9000 төгрөг /ххийн 35-р хуудас/, 2018 оны 08-р сарын 24-ний өдөр О.Өийн Сайншандаас Улаанбаатар чиглэлд зорчин явсан зорчих эрхийн тасалбарын үнэ 8900 төгрөг /хх-ийн 36-р хуудас/, 2018 оны 09-р сарын 20-ны өдөр Отгонбаярын Улаанбаатараас Сайншанд чиглэлд зорчин явсан зорчих эрхийн тасалбарын үнэ 20100 төгрөг /хх-ийн 37-р хуудас/, 2018 оны 09-р сарын 20-ны өдөр О.Өийн Улаанбаатараас Сайншанд чиглэлд зорчин явсан зорчих эрхийн тасалбарын үнэ 20100 төгрөг /хх-ийн 37-р хуудас/, 2018 оны 08-р сарын 09-ний өдрийн 75200 төгрөгийн худалдан авалтын баримт /хх-ийн 37-р хуудас/, 2018 оны 09-р сарын 13-ны өдөр төлсөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр гэмтлийн зэрэг тогтоолгох төлбөр 8000 төгрөг, нийт 1659647 /нэг сая зургаан зуун тавин есэн мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнээс 2018 оны 08-р сарын 09-ний өдрийн 75200 төгрөгийн худалдан авалтын баримт /хх-ийн 37-р хуудас/ цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарахаас өмнөх үеийн баримт байх тул шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хохирогч Д.От хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас 1584447 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Ч.Б хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бээс 1584447 төгрөгийг гаргуулж хохирогч Д.От олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогчид 5000000 төгрөгийг эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн бөгөөд шүүгдэгч Ч.Б нь эвлэрлийн гэрээгээ зөрчиж хохирлыг төлөөгүй бол хохирогч Д.О нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч-ын Б-ийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.
6.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ээс 1584447 төгрөгийг гаргуулж хохирогч Д.От олгосугай.
7.Шүүгдэгч Ч.Б нь хохирогчид 5000000 төгрөгийг эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч Ч.Б нь эвлэрлийн гэрээгээ зөрчиж хохирлыг төлөөгүй бол хохирогч Д.О нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА