Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1648

 

2018.12.06

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр,                           

улсын яллагч Б.Ганбулган,

хохирогч Д.Э

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Боржигон овгийн Энхбаатарын Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706023691675 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Боржигон овогт Энхбаатарын Э.Э, 1995 оны 07 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж эхнэр нарын хамтаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ************* тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар /***************/

 

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 9 дүгээр гудамжны 194 тоот хашааны орчим хохирогч Д.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч П.Энхболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "Намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Би Э.Эд гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин бүгд нийлээд 3 сая төгрөгийг түүнээс нэхэмжилж байна.” Гэв.

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2017 оны 10 сарын 03-ны өдөр 15 цагийн үед ээжийнхээ гэрийн орцонд 1 шил пиво уугаад, тэр пивоо бариад гэр рүүгээ явж байтал Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 9 дүгээр гудамжинд араас 20-25 насны нэг залуу ирээд үгийн зөрөөгүй намайг нүүр рүү цохьсон. Газар унасан чинь өшиглөөд яваад өгсөн. Би сүүлийн 10 жил архи ууж байгаа. Хэргийн талаар болсон зүйлийг сайн мэдэж байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү..." гэх мэдүүлэг/хх-н 11 дүгээр хуудас/

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12609 дугаартай дүгнэлтэд:

              1. Д.Эын зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн шанаа болон зовхины шарх, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцралт, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 9 дүгээр гудамжны 194 тоот хашааны орчим хохирогч Д.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Эрдэнэтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Д.Э нь гэм буруутай этгээдээс эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт 3 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 8.000 төгрөгийн баримтаас өөрөөр  баримт гаргаж өгөөгүй тул шүүх гэм  буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байна.

Харин хохирогч Д.Э нь гэм буруутай этгээд болох Э.Эас гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д дэх хэсэгт заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Прокуророос Э.Эд холбогдох хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлсэн болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Э.Эд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Энхбаатарын Эрдэнэтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э нь энэ хэргийн улмаас нийт 13 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эас 8000 /найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эод олгосугай.

4. Хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР