Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
Хэргийн индекс | 149/2022/0036/Э |
Дугаар | 2022/ШЦТ/36 |
Огноо | 2022-03-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2232000300027 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Өөлд овогт Лхагважавын Бүтэд/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэргээш кафе дотор 2022 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа мөн цагдаа дээр миний өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2232000300027 тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Золзаяа/99605460/ дугаарын утаснаас надтай утсаар холбогдож Сэргээш кафед очиж жоохон юм ярьж суух боломж байна уу гэж асуусан. Би тухайн үед за за гэж хэлээд МСҮТ-ийн ард алхаад явж байсан чинь зүс таних Золзаяа танихгүй хоёр эмэгтэйн хамтаар намайг такситай ирж авсан. Бид дөрөв Сэргээш кафед орж ус ундаа болон нэг шил болор архи авч архи уугаад хоол захиалаад ширээн дээрээ сууж байсан чинь байтал кафед өөрийгөө Бүтэд гэж танилцуулсан эмэгтэй намайг сууж байсан чинь ямар нэгэн шалтгаангүй намайг үсдэж газар унагааж нүүр толгой хэсэг дээр хөлөөрөө дэвсэж өшиглөж гараараа цохисны учир цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Би маргалдаж муудалцаагүй. Бүтэд гэх эмэгтэй ямар нэгэн шалтгаангүй миний эрх чөлөөнд халдсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Ч.Батцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байтал өдөр 15-16 цагийн орчимд манай гэрт Бүтэд нь өөрийн найз Золзаяатай ирээд тэр хоёр нэг шил 0.75 литр хэмжээтэй Хараа архи уусан. Намайг уу гэхэд нь би уугаагүй юм. Архиа ууж дуусаад 18 цагийн орчимд такси дуудаад Золзаяагийн эгч нь гээд Ганаа гэх хүнийг захын тэр хавиас авсан. Ингээд дөрвүүлээ Сэргээш бааранд ороод караокены өрөөнд орж цаг аваад архи хоол уух зүйлс зэрэг захиалаад суусан. Би сууж байгаад 00 ороод иртэл Бүтэд нь Ганаа эгчийг үсдээд газар хэвтүүлсэн байсан. Тэгээд Бүтэд нь Ганаа эгчийн нүүр рүү нь өшиглөөд байсан. Тэр үед Золзаяа болиоч гээд сууж байсан. Тэгтэл баарны хүн орж ирээд салгасан. Ийм л зүйл болсон. ...Бүтэд нь намайг 00 орчхоод орж ирэхэд Ганаа эгчийг үсдээд газар унагааж байгаад нүүр хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөөд байж байсан. ...Тухайн үед нүд нь хавдаад уруул хэсгээрээ сэтэрсэн байсан. Тэгээд ам хамраас нь цус гарч байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24-25 дугаар хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Батцэцэг Золзаяа бид гурав мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн араас Золзаяа эгчийн найз гэх Гантөмөрийг такситай очиж авсан. Батцэцэг Золзаяа Гантөмөр бид дөрөв Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэргээш кафед 19 цагийн үед орсон. Кафед нэг шил болор архи болон ус ундааны зүйл авч уусан. Бид дөрөв юм яриад сууж байтал Гантөмөр гэх эмэгтэй манай хуучин нөхөр Б.Батбаатарыг ярьж надад хандаад Чи ийм жоохон юм байж тийм хөгшин хүнтэй явж байгаад салчхаад одоо баар цэнгээ хөөгөөд гэж ярихаар нь би уурлаад чамд ямар хамаатай юм бэ миний амьдрал гээд Гантөмөр гэх эмэгтэйг үсдэж газар унагааж түүний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. ... Миний эрх чөлөөнд халдаагүй. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь бид түүний бие эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар руу нь өшиглөсөн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 34 дүгээр хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 5 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1. *******ийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүүнд цус хуралт, хоёр хацар, шанаа, баруун нүдний зовхи, зулайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 12-13 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 11 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 42 дугаар хуудас/
Хохирогч ******* хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт/Хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 43 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сэргээш кафед хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөн баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүүнд цус хуралт, хоёр хацар, шанаа, баруун нүдний зовхи, зулайд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /Хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Ч.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн24-25 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 55-56 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 32 дугаартай дүгнэлт /Хх-ийн 12-13 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүүнд цус хуралт, хоёр хацар, шанаа, баруун нүдний зовхи, зулайд учирсан зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтаар /хх-ийн 47 дугаар хуудас/ гаргаж ирүүлсэн эмчилгээний зардлын баримт хуулийн шаардлага хангасан байна. Шүүгдэгч ******* хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах эмчилгээний зардалд 425000 төгрөгийг нөхөн төлсөн ба энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сэргээш кафед хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөн баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүүнд цус хуралт, хоёр хацар, шанаа, баруун нүдний зовхи, зулайд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өөлд овогт Лхагважавын Бүтэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******/дөрвөн зуун наян/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 480000 төгрөгийн торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ