Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Ч.Б,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-гийн давж заалдах гомдлоор Ч.Б-д холбогдох эрүүгийн 1709015030055 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч.Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. аймгийн ........... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүргийн .. дугаар хороо, ногоон талбай .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

Ардын армийн Зүүн баян гарнизоны тусгай шүүхийн 1986 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйл, 200 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 544 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 267 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 3 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаартай тогтоолоор тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийи 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

 

Ч.Б нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 239 тоотод оршин суух иргэн С.Оюуны байшингийн хаалгыг хөшин нэвтрэн орж, Самсунг загварын 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 1-34а тоотод оршин суух Б.Отгонбаярын гэрт нэвтрэн орж, Самсунг загварын 32 инчийн зурагт, 20 килограмм ямааны мах, ногоон өнгийн цүнх, углааш зэрэг эд зүйлс хулгайлж, 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын 41 дүгээр гудамжны 653 тоотод оршин суух С.Байгалмаагийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Самсунг загварын 32 инчийн зурагт, 4 кг хонины мах хулгайлж, 210.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Ч.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийи 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 8 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгийн цагдан хоригдсон 462 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-гээс 775.800 төгрөгийг гаргуулж, 565.000 төгрөгийг хохирогч Бөхчүүд овогт Баасансүрэнгийн Отгонбаяр /РД:АН72020763/-т, 210.800 төгрөгийг хохирогч Бэсүд овогт Сангийн Байгалмаа /РД:СП62012401/-д тус тус олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ч.Б нь хохирогч С.Оюунд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 10 дугаар сарын 29-нд шийтгэгдсэн хэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 405 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын хяналтын прокурор Халиун, Булганчимэг нар хяналт тавин шалгаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэг мөсөн нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүй 405 дугаар шийтгэх тогтоолыг гаргуулснаар миний хуульд заасан эрхийг ноцтой зөрчин эрх зүйн байдлыг минь дордуулах үндэс суурь болсон. Энэ хуралдаанд надад 7 жилийн хорих ял сонсгоод өмнөх тогтоолын 3 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэх, өөрөөр хэлбэл 10 жилийн хорих ял сонсгосон явдал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан байгаа. Үүний дагуу хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т “гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” журмыг маш тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар энэ зохицуулалтыг халсан байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэслэл болгосон 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсанаас биш тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх агуулгыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй байна. Иймд хэргийг нэгтгүүлэх юм уу, тус тусад нь эдлэх шийдвэр гарсан тохиолдолд ямар нэгэн маргаан гарахгүй байсан. Мөн 405, 769 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж өгнө үү. Мөн намайг хуулиар ялгаварлан гадуурхаж, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэнийг эсэргүүцэж байна. Намайг энэ хэрэгт яллахдаа урд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, олон удаа ял шийтгэгдэж байсан гэдгийг хүндрүүлэх гол үндэслэлээ болгосон. Миний хийсэн 3 үйлдэл нь шинэ хуулийн хэрэгжилтийн үед хийсэн хэрэг учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б нь 8 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Мөн 56 настай бөгөөд нийт 25 жил хорих байгууллагад ял эдэлсэн. Анх 24 настайгаасаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд, 6-7 жил хүн амьдрах орчинд амьдарсан байдаг. Сүүлд үйлдсэн 3 үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу байнга гэх шинжийг хангасан учраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс байнга үйлдсэн шинж нь хангагдаж байна, мөн урьд өмнө удаа дараа шийтгэгдэж байсан, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, үйлдэл тус бүрт нь ял оногдуулах” гэсэн заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолд, хэд хэдэн төрлийн ял оногдуулахаар заасан заалт хангагдаж байгаа учраас анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр байх бөгөөд хууль буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хавтас хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон учраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ч.Б нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 239 тоотод оршин суух иргэн С.Оюуны байшингийн хаалгыг хөшин нэвтрэн орж, Самсунг загварын 42 инчийн ЛСД зурагт хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 1-34а тоотод оршин суух Б.Отгонбаярын гэрт нэвтрэн орж, Самсунг загварын 32 инчийн зурагт, 20 килограмм ямааны мах, ногоон өнгийн цүнх, углааш зэрэг эд зүйлс хулгайлж, 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын 41 дүгээр гудамжны 653 тоотод оршин суух С.Байгалмаагийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Самсунг загварын 32 инчийн зурагт, 4 кг хонины мах хулгайлж, 210.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Оюун /1хх-13-14/, Б.Отгонбаяр /1хх-135-136/, С.Байгалмаа /2хх-19/, гэрч Ц.Орхонсэлэнгэ /1хх-15-16/, Ч.Адъяасүрэн /1хх-233/ нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4-5, 128-129/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-7/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-9-10/, хохирогч С.Оюуны эд зүйлийн үнэлгээ /1хх-32/, хохирогч Б.Отгонбаярын эд зүйлийн үнэлгээ /1хх-150/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-16/, хохирогч С.Байгалмаагийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-29-30, 33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь “Анхан шатны шүүхээс миний хэргийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн нь буруу...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголтод энэ гэмт хэргийг тодорхой хугацаанд тогтвортой үйлдэж, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус орлогыг амьдралынхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон байхыг хамааруулж ойлгох ба түүний дээрх 3-н үйлдэлд ийм шинж бүрэн агуулагдаагүй байна.

 

Ч.Б  нь 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 10 дугаар сарын 9-ний өдрүүдэд нийт 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх ба үйлдлийн цаг хугацааны үргэлжлэл нь байнга үйлдсэн гэсэн давтамжийг илэрхийлж чадахгүй байгаагаас гадна уг эд зүйлүүдийг амьдралын эх үүсвэрээ болгож зарцуулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Ч.Б-гийн 3 удаагийн хулгайн үйлдэл нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж шийдвэрлэв.

Ч.Б-гийн гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд оногдуулах хорих ялын хэмжээг тогтоов.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчээр төлүүлэх хохирлын хэмжээг зөв тогтоож шийдвэрлэжээ.

Ч.Б нь 405 дугаар шийтгэх тогтоол гарах өдөр хүртэл 119 хоног, 769 дүгээр шийтгэх тогтоол гарах өдөр хүртэл 343 хоног, нийт 462 хоног хоригдсоныг түүнд оногдуулсан 5 жилийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтооход оногдуулсан хорих ялуудыг бүгдийг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоож болохоор хуульчилсан байх тул энэ байдал болон одоогийн шийдвэрлэж байгаа гэмт хэрэг нь 2015 онд батлагдсан хууль хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн байгаа зэргийг шүүх харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх зайлшгүй шаардлага байхгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэсэн байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөлд хамаарахгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б-гийн давж заалдсан гомдлын “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” талаарх хэсгийг хүлээн авч, хэргийг нэгтгэн шийдвэрлээгүй гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ч.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б овогт Ч-ы Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцсугай” гэснийг “Б овгийн Ч.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

-2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ч.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

-3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-гийн давж заалдсан гомдлын “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” талаарх хэсгийг хүлээн авч, хэргийг нэгтгэн шийдвэрлээгүй гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ