Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

-улсын яллагч Б.Энхбат,

-шүүгдэгч Ж.Жавхлант нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жамъяангаравын Жавхлантад холбогдох Эрүүгийн 201619000584 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1971 оны 11 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Баянхангай сумын Жавхлантын худагт ажилладаг, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Жамъяангаравын Жавхлант /РД:НЫ71111871/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Жавхлант нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Жавхаагийн худаг гэх газраас иргэн М.Атарбаярын усалгааны системийн моторыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Жавхлант шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй..” гэв. 

 

Хохирогч М.Атарбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..Манайх төв аймгийн Баянхангай сумын Жавхаагийн худаг гэх газар байдаг ба манай мод үржүүлгийн талбайн усалгааны системийн мотор 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр алга болсон байсан. Утсыг нь таслаад моторын нь аваад явсан байсан. Өөр зүйл болоогүй. Тэгээд хажуугийн хөрш Жавхланг сэжиглээд хамт архи ууж байхад Жавхлант би моторыг чинь хулгайлсан манай байшингийн дээвэр дор байгаа гэж хэлсэн. Тэгээд байшингийн дээвэр доороос мотороо авсан ..” гэв.

           

-шүүгдэгч Ж.Жавхлант нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-26/,

-шүүгдэгч Ж.Жавхланг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-16/, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-24/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч Ж.Жавхлант нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Жавхаагийн худаг гэх газраас иргэн М.Атарбаярын усалгааны системийн моторыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч М.Атарбаярын “...Тэгээд хажуугийн хөрш Жавхланг сэжиглээд хамт архи ууж байхад Жавхлант би моторыг чинь хулгайлсан манай байшингийн дээвэр дор байгаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-13/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Жавхлантын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Жавхлантыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Жавхланттай, хохирогч М.Атарбаяр нь сайн дураараа эвлэрсэн байх тул Ж.Жавхлантад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Жавхлант нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1  ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамъяангаравын Жавхлантыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жавхлант нь хохирогч М.Атарбаяртай сайн дураараа эвлэрсэн байх тул Ж.Жавхлантад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Ж.Жавхлант нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Ж.Жавхлантад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Жавхлантад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА