Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар М*******ны Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.Б*******ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б******* миний бие 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Голомт банк ХХК-иас 65 сая төгрөгийн зээл авсан авсан бөгөөд уг зээл миний дансанд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орж ирсэн. Орж ирэхдээ 63.700.000 төгрөг шилжин орж ирж зээл олгосны шимтгэл 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг суутгасан байсан. Би энэхүү зээл олгосны шимтгэл гэж яагаад авдаг, хэн авах эрхийг олгосон талаар судлаад үзтэл М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-г баримтлан банкууд зээл олгохдоо шимтгэл авдаг болохыг олж мэдсэн. Өмнө нь иргэд аж ахуй нэгж байгууллага ер нь хэн бүхэн л банкинд ямар нэг хураамж төлж тэр нь авах ёстой мэтээр ойлгож явсаар өдийг хүрсэн. Гэтэл эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг мөчид 1.300.000 төгрөгийг шууд суутгуулахаар ер нь энэ зээл олгосны шимтгэл гээч нь хууль тогтоомжид нийцсэн байдаг юм уу гэдгийг судалж үзлээ.

Гэтэл М*******ны Ерөнхийлөгчийн А/236 тоот тушаалаар батласан дээрх журмын зээл олгосны төлөө харилцагчаас шимтгэл авахаар зохицуулсан журмын холбогдох заалтууд нь хууль тогтоомж зөрчсөн байгаа тул доорхи үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

1.М*******ны Ерөнхийлөгч журам гаргахдаа Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг удирдлага болгосон. Уг зүйлд М******* хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл банкинд олгох, түүний өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам шийдвэр гаргаж, хэрэгжилтэнд нь хяналт тавина гэжээ.

Банкны тухай хуулийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг М*******ны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Тэгвэл банкны үйл ажиллагааг зохицуулсан журам гаргана гэдэг нь хадгаламж, зээл, төлбөр тооцоо, санхүүгийн зуучлал гэсэн 4 үйл ажиллагааг зохицуулсан л журам гаргана гэсэн үг.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар Монгол банк ямар ямар журам аргачлал гаргахыг нарийвчлан зохицуулж өгсөн.

Үүнд: Уг хуулийн 6.5 Мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг М******* батална, 13.3 Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг М******* тогтооно, мөн хуулийн 24.4 Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг М******* батална гэж тус тус хуульчилсан.

Банкны эрхлэх үйл ажиллагааны 3 гол хэсэг болох зээлийн хүүгийн хэмжээ, төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэр, хадгаламжийн хүүгийн хэмжээг тогтоох эрхийг М*******инд тусгайлсан хуулиар олгосноос үзвэл зээлийн шимтгэл авах эрхийг арилжааны банкинд олгох, энэ талаар журам гаргах эрх хуулиар олгогдоогүй нь харагдаж байна.

2. Тэгвэл арилжааны банкинд хуулиар зээл олгосны төлөө шимтгэл авах эрх зүйн зохицуулалт байна уу гэдгийг судалж үзье. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д Зээлийн ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно мөн хуулийн 22.2-т Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж заасан. Энэ хуульд зээлийн шимтгэл гэж нэг үсэг алга. Гэтэл М*******ны баталсан журмын 3.2.2-т Банк зээлдэгчээс авах шимтгэл, хураамж болон цаашид авч болзошгүй шимтгэл, хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгана, гэж заасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.2 дахь заалттай зөрчилдөж байна.

Иймд М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б*******ы нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар М*******ийг татжээ. Тус нэхэмжлэлд М*******ны Еренхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулж өгөхийг хүсчээ. М*******наас тус нэхэмжлэлтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тус иргэний нэхэмжлэлд дурдсан банкнаас зээл олгох ажиллагааг доорх хуулиудаар зохицуулжээ.

  1. Банк нь иргэдийн хадгалуулсан мөнгөн хөрөнгөөс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний тухай хуулийн 451.1 дэх зүйлд тус тус заасны дагуу өөрийн нэрийн өмнөөс зээл олгодог.

Ийнхүү зээл олгохдоо Банкны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн болзол, нөхцөлийн дагуу олгох бөгөөд хүүгийн хэмжээг өөрөө тогтоож мөн хуулийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу учирч болох эрсдэл, хариуцлагыг өөрөө хүлээдэг ашгийн төлөө хуулийн этгээд болно.

Дээрх үйл ажиллагаа нь М*******наас баталсан журмын дагуу бус зөвхөн банкны өөрийн бодлого, шийдвэрийн хүрээнд явагддаг.

  1. М******* нь Төв банк(М*******)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банкны үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон дүрэм, журам, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг төрийн эрх бүхий байгууллага юм.

Итгэмжлэлд дурдсан журмын зорилго нь харилцагчийн эрх ашгийг хамгаалах бодлогын хүрээнд банкны хүү бодох зарчим, түүнээс тогтоосон хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлыг хангахад оршино. Энэ журмаар М******* банкинд иргэн, аж ахуйн нэгжээс шимтгэл, хураамж авах зөвшөөрөл олгодоггүй ба ямар нэгэн хэмжээг журамлаж зааж өгдөггүй болно.

Түүнчлэн, Банкны тухай хуулийн 5.16 дэх хэсэгт заасанчлан М******* хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй, банкны зээлийн дотоод үйл ажиллагаа болон дотоод хэрэгт нөлөөлөх боломжгүй.

Иймд М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3,1, 3.2 дахь зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан харилцагчаас шимтгэл, хураамж авахаар тогтоосон акт биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:

М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-нд дурдагдсан зохицуулалтууд нь арилжааны банкуудад зөвхөн зөвлөмжийн шинж чанартай бөгөөд арилжааны банкууд нь өөрсдийн үйл ажиллагаандаа заавал мөрдөх ёстой журам биш юм гэсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б******* нь М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ 2015 онд арилжааны банкнаас 65 сая төгрөгийн зээл авахад 2 хувьтай тэнцэх шимтгэлийг М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны А/236 дугаар тушаалыг үндэслэж суутгаж олгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэсэн.

Шүүх Б.Б*******ы нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч нь шүүх хурал дээр Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам нь Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн санд бүртгэгдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих нэг үндэслэл болгож мэтгэлцсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-ыг баталсан бөгөөд энэхүү тогтоолын 5 дугаар зүйлд ...захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа дагаж мөрдөж ажиллахыг ... Улсын Их Хурлаас байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтанд зөвлөсүгэй гэжээ.

Төв банк /М*******/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д М*******ийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. М*******ны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно, 31 дүгээр зүйлийн 31.2-т М******* Засгийн газраас хараат бус байна гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч М******* нь Монголд Улсын Засгийн газарт харъяалагдахгүй субъект болохын хувьд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргаж буй журмыг Хууль зүйн яамны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн санд заавал бүртгүүлэх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Хоёр. Маргаан бүхий захиргааны акт болох Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дугаар заалтууд нь арилжааны банкуудаас зээлийн төлбөрт харилцагчаас авч буй зээлийн хүү, шимтгэл, хураамжийг бүхэлд нь зээлийн бодит өртөгт хамаатуулж, шимтгэл хураамжинд хамруулахгүй зардлын жагсаалтыг баталж, зээл олгохдоо авч буй шимтгэл хураамжийн ил тод байдлыг хангах зэрэг зохицуулалтуудыг агуулж байна.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр маргаан бүхий журам нь арилжааны банкуудад зөвхөн зөвлөмжийн шинж чанартай бөгөөд арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил тод болгох зорилготой журам гэж мэтгэлцсэн.

Төв банк /М*******/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д М******* хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл банкинд олгох, түүний өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина, 28 дугаар зүйлийн 28.1-р заалтын 2 дахь хэсэгт банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, хэм хэмжээ, шаардлагыг тусгасан бодлого, санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалт зэрэг асуудлаар дүрэм, журам, заавар, тушаал гаргах гэж заасны дагуу М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам нь хуулиар олгогдсон өөрийн эрх мэдлийн хүрээнд хариуцагчаас гаргасан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд заавал мөрдөх ёстой акт байна.

Түүнчлэн, журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т ...энэ журмыг удирдлага болгон хэрэгжүүлнэ гэж зааснаас дүгнэхэд арилжааны банкууд өөрийн үйл ажиллагаандаа М*******ны журмыг заавал биелүүлэх шинжийг агуулж байна. Иймд хариуцагчийн дээрх мэтгэлцээн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Нөгөө талаар, маргаан бүхий акт нь Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам гэж хэдийгээр нэрлэгдэж байгаа боловч бодит агуулгаараа арилжааны банкуудад зээл олгосны төлбөрт зөвхөн зээлийн хүү аваад зогсохгүй шимтгэл, хураамж нэмж авахыг зөвшөөрсөн зохицуулалтыг агуулж, зээлийн бодит зардалд зээлийн хүү, шимтгэл, хураамж гэх 3 төрлийн төлбөрийг тогтоосон байна.

Тухайлбал журмын 1 дүгээр хавсралт болох Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал-ын Зээлийн бодит өртөг тооцох гэх гуравдугаар хэсэгт зээлийн үйл ажиллагаанд шимтгэл хураамжийг хэрхэн тооцох талаар тодорхой тусгажээ.

        Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно, 10.З-т Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж тус тус заажээ.

         Тодруулбал, арилжааны банкнаас зээлдэгч зээл авсаны төлбөр нь зээлийн хүү байх бөгөөд зээлийн төлбөртэй холбоотой аливаа нэмэлт төлбөрийг зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд авч болохоор зохицуулагджээ. Гэтэл холбогдох хуулиар зөвшөөрөөгүй байхад М******* нь өөрийн журмаар зээлийн төлбөрт зээлийн хүүгээс гадна, шимтгэл, хураамж авахаар зохицуулалт хийсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм.

         Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.8.9-т Тухайн зээлтэй холбоотой зээлдүүлэгчийн зүгээс шаардаж буй аливаа нэмэлт үйлчилгээний зардал, шимтгэл, хураамж гэсэн нь зээл авсаны хариуд зээлдэгчээс төлж байгаа шимтгэл болон хураамж нь юуны төлбөр болох нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр шимтгэл хураамж нь юуны төлбөр болох талаар шүүгчийн тавьсан асуултанд ямар нэгэн тайлбар, хариулт өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

       Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч Б.Б*******ы хүчингүй болгохоор шаардаж буй журмын заалтууд нь арилжааны банкууд зээлдэгч нарт зээл олгохдоо хүү, шимтгэл, хураамж гэсэн 3 төрлийн төлбөр авч байхыг М*******ны Ерөнхийлөгч өөрийн баталсан журмаар зөвшөөрсөн байх бөгөөд зээлийн хүү нь хуулиар зохицуулагдаж, зөвшөөрөгдсөн байхад шимтгэл, хураамж нь хуулиар зөвшөөрөгдөөгүй төлбөр байхаас гадна юуны төлбөр болох нь ойлгомжгүй байх тул М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч дахин шинэ акт гаргахдаа зохих хуулиар зөвшөөрөгдсөн зээлийн төлбөр болох зээлийн хүүг хэвээр үлдээн харин хуулиар зөвшөөрөгдөөгүй зээлийн төлбөр болох шимтгэл, хураамжийг журмаас хасах шаардлагатай байна.

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Төв банк /М*******/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 1-р заалтын 2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 32.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3-т заасныг тус тус баримтлан М*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ С. ТӨМӨРБАТ