Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2299

 

         “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02698 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б, Д.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 762 836 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Хариуцагч Д.Б-ээс 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 59-16 УНЕ улсын дугаартай автомашины барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б,

Хариуцагч Д.Б,

Хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б нь манай компаниас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Тоёото приус /Toyota Prius/ маркийн автомашиныг барьцаалан 2 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж, хариуцагч Д.Б нь батлан даалт гаргаж өгсөн. Зээлдэгч болон батлан даагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч нараас үндсэн зээл 1 800 400 төгрөг, 1 сарын хүү 144 032 төгрөг нийт 5 сарын хүү 720 160 төгрөг, гэрээний 1.5-д заасны дагуу 155 өдрийн алдангийг 50 хувиар тооцож 900 200 төгрөг болж байна. Зээлдэгч эхний төлөлтөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 190 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 200 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөр төлөлт хийгээгүй. Гэрээний 2.9-д зааснаар компани гэрээт өмгөөлөгчид нэхэмжилсэн мөнгөний 10 хувь 342 076 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 3 762 836 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийн зээл авч, өөр зээл аваагүй. Энэ зээлээс 400 гаруй мянган төгрөг төлөх дутуу байгаа. Сүүлийн зээлийн гэрээ гэх бичиг хийсэн боловч надад уг зээлийн гэрээний дагуу мөнгөө өгөөгүй. Энэ гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б-ийн “Б” ХХК-иас авсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлээс нэг ч төгрөг аваагүй. Намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, энэ хүний зээл надад хамааралгүй гэжээ.

Хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр анх удаа “Б” ХХК-иас 1 500 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авч, зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлж барагдуулахгүй бол 0.5 хувийн алданги тооцохоор гэрээг бичгээр байгуулсан. Би тухайн зээлийн гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг авсан нь үнэн. Би зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд нь төлж дуусгах байсан боловч наймаа муу байсан учир төлж чадаагүй ч 1 120 000 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч надтай “Б” ХХК нь “2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 6 сарын хугацаатай, 1 770 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй” гэсэн сунгалтын гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Энэ гэрээг байгуулахдаа надаас 50 000 төгрөг авсан. Мөн зээлийн гэрээний хугацааг сунгасан боловч зээлийг төлөөгүй байна гэж хэлээд надтай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг надад бодитоор өгөөгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Би зээлийн эргэн төлөлтөнд зориулж ойролцоогоор 3 000 000 орчим төгрөг өгчихсөн байхад миний өр зээл дуусдаггүй дээрээс нь зээлийн гэрээний сунгалт гэж хэлээд хоёр гэрээ байгуулахдаа надаас тус бүр 50 000 төгрөг нийт 100 000 төгрөг авсныг хууль бус гэж үзэж байна. Зээлийн гэрээний эргэн төлөлтөө эхний үед захирал н.Алтанхааны ХААН банкны 5058296197 тоот дансанд хийдэг байсан, хааяа бэлнээр эргэн төлөлт хийж бэлэн мөнгөний орлогын баримт бичүүлдэг байсан. Дараа нь 2016 оны 4 дүгээр сараас н.Л-ийн Хаан банкны 5006382544 дугаартай дансанд зээлийн эргэн төлөлт хийдэг байсан. Иймд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа тул 59-16 УНЕ улсын дугаартай автомашины барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Мөнгө хүлээлцсэн нотлох баримт байгаа. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнүүд тусдаа гэрээний харилцаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК, хариуцагч Д.Б, Д.Б нарын байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/474 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Д.Б, Д.Б нараас 3 762 836 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан 59-16 УНЕ улсын дугаартай автомашины барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай хариуцагч Д.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 75 155 төгрөг, хариуцагч Д.Б-ээс төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-аас 46 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Б-д олгож, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас 12 325 төгрөгийг хариуцагч Д.Б-д, илүү төлсөн 5 төгрөгийг нэхэмжлэгч “Бат тэмуун групп” ХХК-д тус тус буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэргийн 4 болон 11 дүгээр талд “Б” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн акт байдаг ба зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 190 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 200 000 төгрөг нийт 390 000 төгрөг өгсөн нь нотлох баримтаар нотлогддог. Мөн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь "Зээлийн гэрээ байгуулснаас хойш хоёр удаа төлөлт хийж байсан" гэдэг талаар маргадаггүй нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд нь үргэлжилсэн гэрээ бөгөөд "2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид 2 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн байх боловч гэрч Ж.Н-ийн тухайн өдөр зээлийн гэрээ сунгагдсан тухай мэдүүлгээр үгүйсгэгдэж байна" гэсэн нь дээрх зээлийн гэрээг шүүх гэрээний сунгалт гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Н 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтыг өөрөө бичсэн, уг баримтад дурдсан 2 100 000 төгрөгийг байгууллага хүлээж аваагүй, баримтад Г/С гэж бичсэн байгаа нь гэрээний сунгалт гэсэн утгатай, энэ өдөр Д.Б-ээс төлбөр хүлээж аваагүй талаар мэдүүлжээ” гэж мөн “2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 2 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн боловч гэрч Ж.Н-ийн тухайн өдөр зээлийн гэрээ сунгагдсан тухай мэдүүлгээр үгүйсгэгдэж байна" гэж тус тус үнэлсэн байна. Гэтэл бодит байдал дээр гэрч Ж.Н би бэлэн мөнгөний баримт үйлдсэн нь үнэн, би мөнгө хүлээж аваагүй гэсэн байдаг.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/Ш2017/0722 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Золзаяаг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хугацаа заагаагүй бөгөөд Ерөнхий шүүгчийн үндэслэл болсон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 гэх заалт тус хуульд байдаггүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шшийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Д.Б, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 762 836 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Д.Б нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашины барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

         Талууд  2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх агуулга бүхий  А/474 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.Б нь хариуцагч Д.Б-г үүргээ гүйцэтгэж чадна гэж батлан даах үүрэг хүлээсэн. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө /Тоёото приус маркийн 59-16 УНЕ улсын дугаартай автомашиныг/ өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ болон барьцааны гэрээ /хх 4-10/ тус тус байгуулагдсан үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй. Харин хариуцагч Д.Б уг зээлийн гэрээнд хамааралгүй гэж маргасан. 

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь А/474 тоот зээлийн гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримтаар 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг хариуцагч Д.Б хүлээн авсан гэж, хариуцагч Д.Б нь 2 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй гэж тус тус маргасан боловч тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний зээлийн гэрээний дагуу 2 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид бодитойгоор шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд уг мөнгийг хариуцагчид бодитойгоор хүлээлгэж өгөөгүй болохоо нэхэмжлэгч зөвшөөрсөн байна.

 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ”Б” ХХК нь хариуцагчид хүлээлгэн өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрч тайлбарласан байх тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Түүнээс гадна шүүх 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон боловч зээлдэгч нь зээлдүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг үндсэн гэрээний дагуу шаардах эрхтэй тул барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасны дагуу шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулахдаа Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 гэх хуульд байхгүй заалт барьсан” гэж дурдсан нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан  авах  үүргээ  биелүүлээгүй  нь  хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                     ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА