Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2015/0276

 

Бэрэн майнинг ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 196 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Бэрэн майнинг ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бэрэн майнинг ХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бэрэн майнинг ХК нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт зэрэгцэн орших төмрийн хүдрийн орд газрын ХV-9774, ХV-11472 тоот хайгуулын, МV-9772 ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Хайгуулын ХV-9774, ХV-11472 тоот зөвшөөрлүүдийн 9 дэх жилийн хугацаа 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд манай компани ямар нэгэн зөрчилгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 23.3 Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ Ашигт малтмалын газарт 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот албан бичгээр, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст 2014 оны03 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот албан бичгээр, мөн газрын Кадастрын хэлтэст 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот албан бичгээр нийтдээ 3 удаа хүргүүлсэн болно.

 

Гэвч Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах эсэх талаар манай компанид ямар нэг хариу өгөлгүйгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон шийдвэр гаргасан байсан. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасны дагуу манайд хуулийн хугацаанд багтаан албан ёсоор мэдэгдэл ирүүлээгүй болно.

Ингээд хариу ирэхгүй байсан учир Ашигт малтмалын газрын даргад Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг шийдэж өгөхийг хүсэн хүсэлтээ 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 26 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Гэтэл Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5-3621 тоот албан бичгээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэх явцад Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон тул ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэн.

Ашигт малтмалын газрын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 3-т Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагаа явж байх хугацаанд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүй байхаар заасан байна.

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-3669 тоот албан бичгээр хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд ирүүлээгүй тул 9774Х, 11472Х тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон гэсэн мэдэгдэл ирүүлжээ.

Манай компани ХV-9774, ХV-11472 тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хүдрийн биетийн нөөцийн тооцооны судалгааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид нэмэлт ажил хийж, нөөц өсгөх, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцүүлэх, батлуулах ажлуудыг эхлүүлээд байсан билээ.

Иймд дээрх ХV-9774, XV-11472 тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч Ашигт малтмалын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр сумдын нутаг Тамирын гол нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 9774Х тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдөр анх Бэрэн групп ХХК-д олгожээ. Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх, Өгийнуур сумдын нутаг Тамирын гол 2 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 11472Х тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдөр анх Бэрэн групп ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын хайгуулын 9774Х, 11472Х тоот тусгай зөвшөөрлүүдийг 3 жилийн хугацаатай олгож, хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулж 9 дэх жилийн хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болжээ.

2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаа гэж үзнэ гэж заасан ба Бэрэн майнинг ХК нь Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гаргаж бүртгүүлээгүй байна.

Бэрэн майнинг ХК нь ашигт малтмалын хайгуулын 11472Х тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болдог өдрөө буюу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ Уул уурхайн хэлтэст гаргасан байдаг боловч өргөдөлд хавсарган ирүүлэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт байхгүй байсан байна.

Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар тушаалаар Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам батлагдан гарсан ба уг журмын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах хүсэлтэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын шийдвэрийг хавсаргахаар журамласан байна.

Ашигт малтмалын хайгуулын 9774Х тоот тусгай зөвшөөрлийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ Уул уурхайн хэлтэст 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байдаг ба өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын Нөөц хүлээн авч бүртгэх тухай 2008 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 81 дүгээр тушаал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 06-01 дүгээр дүгнэлтийг хавсарган ирүүлсэн ба 2008 оны тушаалыг ирүүлж байгаа тохиолдолд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гаргаж бүртгүүлэн шийдвэрлүүлэх хангалттай хугацаа байсан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлагдах үндэслэл бүрдсэн тохиолдолд болон цуцалсан шийдвэр гарсны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлдэг ба хугацаа дуусгавар болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийн эзэмшигчид мэдэгдэх болон дуусгавар болсон шийдвэр гаргах үүрэгтэй талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй болно.

Иймд Бэрэн майнинг ХК-аас гаргасан ашигт малтмалын хайгуулын 9774Х, 11472Х тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 196 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан Бэрэн майнинг ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн XV-9774, XV-11472 тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо1. 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаа гэж үзнэ" гэж заасан ба "Бэрэн майнинг" ХК нь Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гаргаж бүртгүүлээгүй байна.

"Бэрэн майнинг" ХК нь ашигт малтмалын хайгуулын 11472Х тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болдог өдрөө буюу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ Уул уурхайн хэлтэст гаргасан байдаг боловч өргөдөлд хавсарган ирүүлэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт байхгүй байсан байна.

Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар тушаалаар "Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам" батлагдан гарсан ба уг журмын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах хүсэлтэнд Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын шийдвэрийг хавсаргахаар журамласан байна.

Ашигт малтмалын хайгуулын 9774Х тоот тусгай зөвшөөрлийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ Уул уурхайн хэлтэст 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байдаг ба өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын "нөөц хүлээн авч бүртгэх тухай" 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр тушаал, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 06-01 дүгээр дүгнэлтийг хавсарган ирүүлсэн ба 2008 оны тушаалыг ирүүлж байгаа тохиолдолд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гаргаж бүртгүүлэн шийдвэрлүүлэх хангалттай хугацаа байсан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

2. Ашигт малтмалын хайгуулын 9774Х, 11472Х тоот тусгай зөвшөөрлүүдийг 3 жилийн хугацаатай олгож, хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулж 9 дэх жилийн хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53 1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон байна.

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 удаа сунгаж байх өөрчлөлтийг оруулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг буцааж хэрэглэхгүй тул Бэрэн майнинг" ХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 9774Х, 11472Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Бэрэн майнинг ХК нь Манай компани Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-9774, XV-11472 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг бөгөөд хуулийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтээ Ашигт малтмалын газарт удаа дараа хүргүүлж байсан боловч ямар нэг хариу өгөлгүйгээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,

Хариуцагчаас Бэрэн майнинг ХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-11472 тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болсны дараа Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан байдаг боловч өргөдөлд хавсарган ирүүлэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт байхгүй байсан гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгч компани Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлтдээ холбогдох баримтыг хавсаргаж өгсөн эсэхийг шалгаж, энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна гэж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар тушаалаар баталсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам-ын 3.2-д гэрээ байгуулах хүсэлтэд хавсаргах баримт бичгийг заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Бэрэн майнинг ХК нь Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтээ Ашигт малтмалын газарт 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус гаргасан гэх боловч уг хүсэлтүүдийг Ашигт малтмалын газар хүлээж авсан эсэх, хүсэлтэд дээрх журамд заасан баримт бичгийг хавсаргаж хүргүүлсэн эсэх, үүнтэй холбоотой хариуцагчийн ямар үйл ажиллагаа, шийдвэр байгаа эсэх талаар холбогдох баримтыг цуглуулан, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн, ХV-9774, XV-11472 тоот тусгай зөвшөөрлүүдийг анх 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр олгосноос хойш хуульд зааснаар хугацааг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 удаа сунгасан байх бөгөөд нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл хүчинтэй байх энэ хугацаандаа Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргасан гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь хүсэлтээ тусгай зөвшөөрөл дуусгавар болохоос өмнө гаргаагүй, дуусгавар болгосон шийдвэр гаргадаггүй гэж маргаж байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийлгүй, хэргийн оролцогчдоос маргаагүй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд, шүүх маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэдбуцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН