Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/02825

 

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/02825

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч  Ч.Ичинхорлоо  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК /РД/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК /РД/-д холбогдох

            худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 44.926.635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р,  П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Г.О, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Э ХХК нь  2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр М ХХК-тай 15/07/30 тоот Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж 59.939.878 төгрөгийн бараа /өрөмдлөгийн багаж хэрэгсэл/-г нийлүүлсэн юм.

Худалдагч нь өрөмдлөгийн багаж хэрэгсэл гэдэгт гэрээнд зааснаар бол хавсралт №1-т заасан өрөмдлөгийн багаж хэрэгсэл гэж нэрлэж байгаа ч зарлагын падаанд бичсэн бараа /өрөмдлөгийн багаж хэрэгсэл/-г 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр худалдан авагчид шилжүүлсэн. Энэ талаар бид маргадаггүй юмаа. Уг нь гэрээг 7 дугаар сарын 28-нд хийх байсан боловч хариуцагч ХХК-ийн захирал нь Налайх явж ирээд хийхээр тохирсон тул 30-ны өдөр гэрээ хийсэн.

Дээрх гэрээний дагуу М ХХК зээлээр авсан өрөмдлөгийн багаж хэрэгсэлийн төлбөрөөс 15.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 44.939.878 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 60 хоногт буюу 2015 оны 9 дүгээр сарын 30-нд багтаан төлөхөөр үүрэг хүлээсэн.

            Өнөөдрийн байдлаар М ХХК гэрээ дуусгавар болсноос хойш өрмийн яндангаас /сумнаас/ бусад төлбөрийг төлж, үлдэгдэл  29.951.090 төгрөгийг төлөөгүй байна.

Талуудын байгуулсан Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээний 8.2-д Худалдан авагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж заасан байгаа. Энэ дагуу нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар буюу 117 хоногоор нийт алдангийг тооцоход 14.975.545 төгрөг болж байгаа юм.

Энэ алданги нь Монгол улсын иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-д (Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй) заасантай нийцэж байгаа болно.

М ХХК нь тухайн үед буюу 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас 2 хоногийн өмнө 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тоног төхөөрөмж /бараа/-ийг хүлээн авсан. Хүлээн авахдаа барааны үнэ, тоо, ширхэг, чанар байдлыг зөвшөөрөөд хүлээн авсан.

            Э ХХК нь бараа үйлдвэрлэгч биш, дээрх барааг БНХАУ-аас оруулж ирдэг.

Нэхэмжлэгчийн зарсан өрмийн яндангийн /сумны/ нэг бүрийн үнэ 406.392 төгрөг, хариуцагчийн харьцуулаад байгаа өрмийн яндангийн /сумны/ нэг бүрийн үнэ 590.000 төгрөг гээд байгаа юм. Ямар ч бараа үнэ, өртөгөөсөө хамаарч чанар нь тодорхойлогддог болохыг хэн аль нь мэдэж байгаа, уг барааг худалдахдаа гарал үүсэл, нэг бүрийн үнийг худал мэдээллээгүй, тодорхой санал болгосон байхад М ХХК тухайн үед хүлээн авч үнэ өртгийг төлж байсан. Одоо үлдсэн төлбөрийг төлөхгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Шүүхэд анх нэхэмжлэл гаргах хүртэл чанарын шаардлага хангахгүй байна гэсэн асуудал яригдаж байгаагүй,хариуцагч хуульд заасан хугацаанд чанарын шаардлага хангахгүй байгаа талаар гомдол гаргаагүй. Иргэний хуулийн 254.6-д эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч доголдлыг арилгуулах, эсхүл гэрээг цуцлах шаардлага гарах эрхтэй байсан. Энэ хугацаанд гомдол гаргаагүй.

Иймд талуудын хооронд байгуулсан №15/07/30 тоот гэрээний дагуу төлөх үлдэгдэл 29.951.090 төгрөг, уг гэрээнд зааснаар төлөх алдангид 14.975.545 төгрөг, нийт 44.926,635 төгрөгийг М ХХК-аас гаргуулан өгнө үү.

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: 

М  ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Э ХХК -тай 15/07/30 тоот Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 59.938.878 төгрөгний бараа /өрөмдлөгийн багаж хэрэгсэл/-г авсан нь үнэн.

Уг гэрээгээр нэг бүр нь 406392.2 төгрөгийн үнэ бүхий 67 ширхэг нийт 29.951.090 төгрөгийн өрмийн янданг бусад өрөмдлөгийн багаж хэрэгслийн хамт авч өрмийн яндангаас /сумнаас/ бусад барааны үнийг бүрэн төлсөн.

Тухайн худалдан авсан өрмийн яндан /сум/ нь чанарын шаардлага хангаагүй ба 2015 оны 08-р сарын 02-нд өрөмдлөгийн ажилд хэрэглэж эхэлсэн боловч өрмийн яндангууд /сумнууд/ нь резбагаар тасарч цаашдын ажилд хэрэглэх боломжгүй болсон. Энэ тухай бид тухайн өдөр нь “Э” ХХКомпанийн менежерт хэлж Хөвсгөл аймаг дахь кемпэд дуудан ирүүлж, газар дээр нь өрмийн яндангийн /сумнуудын/ тасарсан байдалтай зургийг авахуулж, өрмийн яндангийн /сумны/ чанарын талаар танилцуулж байсан.

Бид энэ талаар Э ХХК-д албан бичгээр мэдэгдэж байсан ба уг өрмийн яндан /сум/-гын талаар хоёр компанийн зүгээс комисс гаргаж чанарын асуудлыг олж тогтоох саналыг удаа дараа тавьж байсан боловч бидний саналыг хүлээж аваагүй өдий хүрсэн.

            Манай компани нь ижил төрлийн өрмийн янданг Атлас Корко ХХК болон бусад компаниас нэмж худалдаж авч ажиллахад чанарын хувьд ямарч асуудалдгүй бүрэн гүйцэд ажлыг дуусгасан болно.

Уг эвдрэл нь тухайн өрмийн яндан /сум/ чанарын шаардлагад нийцэхгүй, стандарт хангахгүй байсантай холбоотой болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Хавтаст хэргийн 3,4 дүгээр хуудсанд байгаа Зарлагын баримтанд бичигдсэн барааг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон төлсөн.

            Нэхэмжлэгч Э ХХК-ийн зүгээс гэрээ хэрэгтэй байна гэж хүсэлт гаргасан тул 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээг нөхөж хийсэн тул гэрээний 5.4., 6.2.-т заасан акт үйлдэгдээгүй тул дүр үзүүлэн хийсэн гэрээг үндэслэн шаардах эрх тухайн компанид байхгүй юм.

            Худалдагчаас хүлээн авсан өрмөөр 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд ажил гүйцэтгэж эхлэхэд өрмийн яндангууд /сумнууд/ резбагаараа тасарч цооногт аваар үүссэн. Энэ талаараа худалдагч талд мэдэгдэн, хамтарсан комисс гарган ослын шалтгааныг тогтооё гэхэд хариу өгөхгүй алга болсон. Бид өөр компаниас өрмийн яндан /штанг/ худалдан авч өөрийн ажлаа гүйцэтгэсэн. Мөн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан, гэрээг батлах эрхгүй этгээд баталсан байна.

            Иймд талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 30-нд  байгуулагдсан Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, манайхаас шилжүүлсэн 35.355.170 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч Э ХХК сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

            Э ХХК болон М ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 30-нд  байгуулагдсан Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь талууд хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгосон байх ёстой.

Гэтэл нэхрэмжлэгч хариуцагч нарын хооронд дүр үзүүлсэн зүйл байгаагүй.  М ХХК нь төлбөрийг төлөхгүй, удаашруулах санааг агуулж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.  Бараа худалдан авч байх үедээ түүнийгээ шалгахгүй яасан юм бэ. Гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулж гэрээгээр шилжүүлэх барааг шилжүүлж, барааны үнийн зарим хэсгийг төлчихсөн байгаа бөгөөд  одоо үлдэгдэл төлбөрийг л гэрээнд заасан алдангийн хамт нэхэмжилж байгаа тул  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            НЭГ:Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч  М ХХК-д холбогдуулан зээлээр бараа худалдах худалдан авах гэрээний үүрэгт 44.926.635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч М ХХК  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хавтаст хэргийн 4,5 /98,99/-р хуудсан байгаа хайгуулын өрөмдлөгийн багаж хэрэгсэл /бараа/-ийг хүлээн авч, маргааш өдөр нь буюу 7 дугаар сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг төлж, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-ийн 3,4,9-11, 101,102-р хуудас/

            Уг гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид  төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл худалдагч Э ХХК нь худалдан авагч М ХХК-д 59.939.878 төгрөгийн     үнэ бүхий хайгуулын өрөмдлөгийн багаж хэрэгсэл /бараа/-ийг худалдахаар, худалдан авагч нийт төлбөрийн 25 хувь буюу 15.000.000 төгрөгийг барааг хүлээн авсан өдөр, үлдэх 75 хувь буюу 44.939.878 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-ийн 9-11,3,4,101,102-р хуудас   

Хариуцагч М ХХК нь дээрх гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг хүлээн авсан, барааны үнэд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 230, 231 –р хуудас/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2-т Худалдан авагч төлбөрийг...хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэжээ.

Хариуцагч М ХХК нь Зээлээр бараа худалдах, худалдан аварх гэрээний үүрэгт үлдэгдэл 29.951.090 төгрөгийг алданги 14.975.545 төгрөгийн хамт нийт 44.926.635 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Гэрээний зүйлд хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж чанарын шаардлага хангасан эсэхийг тогтоолгоход:

Шинжээч дүгнэлтдээ:

          1.Химийн найрлагын үзүүлэлтээс харахад эвдрэлтэй гэсэн штанг /өрмийн яндан/- нь ГОСТ 4553-71 стандартын сталь 40Г2маркийн гантай дүйж байна. Эвдрэлгүй гэсэн дээж нь ГОСТ4543-71 стандартаар 30ХМА маркийн гантай дүйж байна.

            2. Механик шинж чанарын үзүүлэлтийг харьцуулж үзэхэд эвдрэлтэй штангийн хатуулгийн үзүүлэлт 20,3HRC байхад эвдрэлгүй штангийн үзүүлэлт нь 28,5HRC илүү өндөр хатуулагтай байна. Бат бөхийн үзүүлэлтээс харахад эвдрэлтэй штанг нь сунгаж туршсан үзүүлэлтийн үр дүнгээр 2 дахин бага үзүүлэлттэй гарсан байна.

            3. Микро бүтцийн шинжилгээнээс харахад эвдрэлтэй штангад феррит, бейнит бүтэц үүссэн. Зарим хэсэгт дангаараа судал хэлбэртэй феррит бүтэц ажиглагдаж байна. Феррит бүтэц нь зөөлөн уян налархай бүтэц учир механик шинж чанарыг бууруулж эвдрэл үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 176-179-р хуудас/

            Шинжээчийн дүгнэлтээс харахад гэрээний дагуу нийлүүлсэн өрмийн штанг /яндан,сум/-ийн хатуулаг, химийн найрлага, микро бүтцийн талаар талууд гэрээгээр тохироогүй тул худалдагчийг чанарын шаардлага хангаагүй бараа нийлүүлсэн гэж үзэх үндэсгүй юм.

Иймд М ХХК-иас Зээлээр бараа худалдах, худалдан аварх гэрээний үүрэгт 44.926.635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

ХОЁР: Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч  М ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 30-нд  байгуулагдсан Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 35.355.170 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Э ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

М ХХК нь дээрх гэрээг байгуулахдаа хуульд заасан журмыг зөрчиж нөхөж гэрээ байгуулсан гэж маргажээ.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4.-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж,

Мөн хуулийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч М ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хавтаст хэргийн 4,5/98,99/-р хуудсанд байгаа хайгуулын өрөмдлөгийн багаж хэрэгсэл /бараа/-ийг хүлээн авч, маргааш өдөр нь буюу 7 дугаар сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг төлж, талууд 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулсан байна.

Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Мөн хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй бөгөөд энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог.

Гэтэл  дээрх гэрээгээр худалдан авагч нь гэрээнд заасан өрөмдлөгийн багаж хэрэгсэл /бараа/-ийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх, худалдагч нь гэрээгээр тохирсон барааг нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. 

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 30-нд  байгуулагдсан Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд М ХХК –ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Гэрээний зүйл болох 59.939.878 төгрөгийн үнэ бүхий өрөмдлөгийн багаж хэрэгсэл /бараа/-д хавтаст хэргийн 3,4,/98,99/-р хуудсанд авагдсан Зарлагын падаанд бичигдсэн эд зүйлийг ойлгож байгаа талаар талууд маргаагүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар М ХХК –иас 44.926.635  /дөчин дөрвөн сая есөн зуун хорин зургаан сая зургаан зуун гучин тав/төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар 2015 оны 7 дугаар сарын 30-нд талуудын хооронд байгуулагдсан Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 35.355.170 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.600 төгрөг, хариуцагч М ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 382.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч М ХХК-иас шинжээчийн зардалд 816.000 /найман зуун арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Механик тээврийн сургуулийн зөвлөх багш, доктор профессор Д.Лханаг, ахлах багш доктор Ц.Мөнхтуяа нарт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                        

                                 ШҮҮГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО