Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-очир нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Иргэдийн төлөөлөгч Б.Гэрэлмаа

Хохирогч Д.М***********а

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгч Ч.Б*********** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч***********ын Б***********ид холбогдох Эрүүгийн ***********тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ч.Б*********** нь нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Гандан Дайцолин хийдэд хууль бусаар нэвтэрч зурмал болон шавар, модон бурханууд хулгайлж 42.250.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Б*********** нь нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Гандан Дайцолин хийдэд хууль бусаар нэвтэрч зурмал болон шавар, модон бурханууд хулгайлж 42.250.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.М***********ын ... манай гандан хийдэд 2016 оны 10 дугаар сарын 12-13 шилжих шөнө хийдийн баруун талын цонхыг хагалаж эд зүйл алдагдсан... ...манай хийдэд хулгай орсон гэдгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай гэсгүй лам миний утасруу залгаад чи хаана байна гэсэн тэгтэл сахиус алга болсон байна гээд залгасан. Тэгээд ум хумгүй гандан дээр гүйгээд иртэл багш Мягмар, М***********а хоёр байж байсан. Тэгээд гандан хийдрүү гүйж ороод сахиусаа хартал Хар морьт сахиус /хар морь унасан баруун зүгрүү харсан, баруун гартаа очир барьсан, зүүн гартаа бумба барьсан, морин дээрээ урд зүгрүү харж суусан, хоёр мутартай, гурван мэлмийтэй, улаан хүрэн өнгийн модон сахиус, 17 дугаар зууны үеийн сахиус, уг сахиусыг дээр үеэсээ ахай бээсийн хошууны ноён хүн Түвдээс залж ирсэн/, Жигжид бурханы зурмал хот мандал/50*40 харьцаатай,бурхадын дээд хамгийн эхний бурхан л юмдаа, дөрвөлжин зурчихсан,олон мутартай хөх өнгийн, толгойндоо 2 ширхэг эвэртэй, цаасан дээр зурсан зурмал бурхан/, Авид бурханы зурмал хөрөг, хуучны үеийнх/40*50 орчим хэмжээтэй, урдаа хөх өнгийн бумба барьсан, бадамлянхуа дээр суусан, зүүн талдаа суваргатай, цаасан зурмал бурхан, хуучны үеийнх/, Пүрэв/дээрээ хүний толгойтой доошоо үзүүртэй сумны зэв шиг, 20 см орчим урттай, зэс гуулин, түрүү үеийн хийцтэй/, сахиусан тахилгад хэрэглэдэг, нэр нь тодорхойгүй жижиг гуутай бурхан нь болохоор шүдэнзний хайрцаг шиг гуулин гуутай, шавар бурхан, бас л түрүү үеийн бурхан, шавар шаазан жижиг хоёр арслан нь жижигхэн шүдэнзний хайрцаг шиг дээр үеийн, Дэншиг нэг ширхэг/сахиусны урд байдаг, гуулин материалтай, дээрээ хээтэй, дээд орой нь бөөрөнхийдүү, шүдэнзний хайрцаг шиг хэлбэртэй/, хуучны шавар бурхан 20 ширхэг, шавар бурхадын нэр төрлийг нь мэдэхгүй. Дээрх зүйлүүд алдагдсан байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 64-66-р тал/

Гэрч Ч.Өлзийбаярын ...Г.Алимаатай 2016 оны 10 дугаар сарын дунд үед уулзсан... ...Г.Алимаа "би танайд яваад очьё" гээд манайд 22 цагийн үед машинтайгаа, хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд "Манайд очьё би гэртээ орхоосоо айгаад байна. Хамт явъя" гэхээр нь би хамт Дэнжийн мянгын цагаан байрны тэнд байдаг гэрт нь очиход Г.Алимаа "чи хүүхэдтэй хамт машинд сууж бай, би орчихоод ирье" гээд би Г.Алимаагийн машинд сууж байтал Г.Алимаа гэртээ ороод том өндөрдүү 60*40*30 см орчим хэмжээтэй халуун тогооны зурагтай цахилгаан тогооны хайрцагтай юм авч гарч ирээд "Энийг Хөвсгөл явуулах гэж байгаа юм" гэж хэлээд замаасаа дэлгүүрээс скоч аваад тэр скочоороо хайрцагтай юмаа надтай хамт скочидоод цаашаа явж байгаад телевиз өгсөөд Дэнжийн мянгаруу салдаг замын тэнд зогсоод би буугаад такси бариад гэртээ харьсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 125- 126-р тал/

Гэрч Qi Haibao /Монголд Хадаа гэж дууддаг/-ийн ...2016 оны 10 сарын эхээр санагдаж байна өдрийг сайн санахгүй байна. Би нэг өдөр гэртээ байж байтал 20 цагийн үед миний гар утасруу Б*********** залгаад уулзах хэрэгтэй байна гэхээр нь би гэрт хүрээд ир гэсэн чинь Б*********** манайд ирээд надад нэг Дэншиг үзүүлээд үүнийг барьцаанд тавих гэсэн юм, надад 500,000 /таван зуун мянга/ төгрөг хэрэгтэй байна авчихаач гэхээр нь би за гээд тэр Дэншигийг нь аваад Б***********ид 500,000 /таван зуун мянга/ төгрөг өгөөд явуулсан. Маргааш орой нь Б*********** дахиж ирээд надад зурмал бурхан байна гээд хоёр зураг үзүүлсэн, тэр зургаас гадна бас нэг ус хийдэг гэмээр гүц шиг юм, нэг жижиг гуулин бурхан үзүүлсэн. Тэгээд Б*********** манай найз зарах гэж байгаа юм. Өөрт нь 10 сая төгрөгний хэрэг болоод байгаа юм байна чи авчихаач гэхээр нь би тэр бурханыг нь үзсэн чинь зурмал бурхан нь хуучин үеийн хоёр ширхэг бурхан байсан, хоёр бурхан хоёулаа дээд талдаа сэтрээд урагдсан байсан... ...би тэр бурхануудыг нь бүгдийг нь 7 сая төгрөгөөр авахаар болоод мөнгийг нь Б***********ийн өгсөн дансанд хийсэн... ...анх бурхан авч ирж өгөхөд тэр хүүхэн нь ирсэн, гэхдээ машинаас огт буугаагүй, Б*********** өөрөө хэлэхдээ манай эхнэр л гэсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 127-129-р тал/,

Гэрч Г.Алимаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Ч***********ын Б*********** гэж 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 33 настай залуутай 2016 оны 4 дүгээр сараас хойш хамтран амьдрах болсон юм. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 04 цаг өнгөрч байхад Б*********** бид 2-ыг Чингэлтэй дүүргийн 9-р хороо Дэнжийн 46Т-3 щ-5 тоот хаяганд байх түрээсийн байрандаа унтаж байтал Б***********ийн найз гэх Баатка гэх залуу ганцаараа ирсэн. Б***********ийг дуудаж уулзаад байсан. Тэр хооронд нь би босоод ажил руугаа явсан юм. Манайх буфетнуудад ширхэгийн хоол хийж зардаг болохоор өглөө эрт ажилдаа явдаг юм. Б***********, Баатка 2 гэрт үлдсэн. Б*********** Бааткаг танилцуулахдаа надад эртний эдлэл зардаг найз маань байгаа юм гэж хэлсэн. Б*********** өөрөө эртний эдлэл худалдан авч урт цагааны ойролцоо зарж борлуулдаг юм. Өдөр 11 цагийн үед Б*********** намайг дуудаад 2 ширхэг зурмал бурхан байна. Энийг Хадаад үзүүлээд заръя гэж хэлсэн. Хадаа гэдэг нь Уртцагаанд эртний эдлэл авдаг хүн байгаа юм. Тэгээд би Б***********ийг аваад 2 ширхэг зураг, шармал гүц, шармал жижиг бурхан аваад Хадаа руу явсан. Намайг гэрт очиход Б*********** авч явснаасаа өөр бурхан гаргаж ирээгүй. Хадаа дээр Б*********** бид 2 очоод Баатка гэрт унтаад үлдсэн. Хадаад бурханаа 7.000.000 төгрөгөөр зараад миний дансруу 7.000.000 төгрөгийг хийсэн. Тэгээд Б*********** бид 2 гэртээ буцаж очоод Бааткаг сэрээгээд тэр 2 миний ХААН банкны картыг аваад явсан. Би ажилруугаа явсан. Өдөр ажилаа хийж байхад миний гар утсанд даснаас мөнгө гарч байгаа банкны мэдээлэл ирж байсан. Дансанд 1.000.000 төгрөг үлдсэн. 22 цаг өнгөрч байхад би ажлаа хийж байтал Б*********** над руу утсаар залгаад чи гэртээ хүрээд ир Хадаа уулзъя гээд байна гэхэд нь гэртээ очсон. Б*********** архи уучихсан согтуу байсан. Тэгээд бид 2 Хадаа руу очиж уулзтал найз нь энэ бурханыг авахгүй бурхан хулгайд алдагдсан сурагтай байна гээд бурхануудыг буцаагаад өгсөн. Б*********** бид 2 гэртээ ирж хоночихоод маргааш өдөр нь буюу 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б*********** Завхан аймгийн шуудан автобуснаас аавыгаа тосч аваад Орхон аймаг руу тэр өдөртөө аав Бямбадашийн хамт явсан. Надруу 13 цагийн үед яриад замдаа явж байна гэж хэлж байсан. Тэр өдрөө надтай дахиж ярихгүй салгачихсан. 2016 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед түрээсийнхээ байранд очтол ногоон өнгийн ширээг хөдөлгөчихсөн байхаар нь лавшруулаад хартал хөнгөн цагаан хайрцганд эдгээр бурхануудыг хийгээд дээрээс нь миний хувцасаар бүтээчихсан байсан. Тэгэхээр нь би хулгайд алдагдсан бурхан байна гэж ойлгоод бүгдийг нь цаасан хайрцганд хийгээд ажлынхаа байранд аваачиж тавьсан. Тэгэхдээ найз Өлзийбаярыг дагуулаад явж байсан юм. Өлзийбаярт хулгайн эд зүйл юм шиг байна гэдгээ хэлсэн. Харих замдаа Өлзийбаярыг гэрт нь буулгаад би харьсан. Тэрээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хүчит шонхор захаас хүнсний бараагаа аваад явж байхад цагдаа нар ирээд намайг авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 220-222-р тал/,

 Гэрч Ч.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын дундуур 16 билүү 17-ны үед Г.Алимаа над руу залгаад Хаана байна ажлаа тарж байна уу гэхээр нь би ажлаа тарж байна гэхэд Г.Алимаа би танайд яваад очъё гээд манай гэрт 22 цагийн үед машинтайгаа хүүхэдтэйгээ хамт ирсэн. Тэгээд манайд очъё би гэртээ орохоосоо айгаад байна. Хамт явъя гэхээр нь би хамт Дэнжийн 1000-ын цагаан байрны тэнд байдаг гэрт нь очиход Г.Алимаа чи хүүхэдтэй хамт машинд сууж бай, би орчихоод ирье гээд би Г.Алимаагийн машинд сууж байтал Г.Алимаа гэртээ ороод том өндөрдүү 60х40х30 см орчим хэмжээтэй Халуун тогооны зурагтай цахилгаан тогооны хайрцагтай юм авч гарч ирээд энийг Хөвсгөл явуулах гэж байгаа юм гэж хэлээд замаасаа дэлгүүрээс скоч аваад тэр скочоороо хайрцагтай юмаа надтай хамт скочидоод цаашаа явж байгаад телевиз өгсөөд Дэнжийн 1000 руу салдаг замын тэнд зогсоод би буугаад такси бариад гэртээ харьсан. 60х40х30 см орчим хэмжээтэй Халуун тогооны зурагтай цахилгаан тогооны хайрцагтай хүндэвтэр зүйл байсан. Г.Алимаа бид 2 скочидож байхад 5-10 орчим кг зүйл байх шиг байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 123-126-р тал/,

 Шүүгдэгч Ч.Б***********ийн мөрдөн байцаалын шатанд өгсөн: Сумын төвд очоод гандан хийдийнх нь урдхан талд очиж зогсоод машинаас би ганцаараа буугаад гандан хийдийн баруун талын цонхны тэнд очоод гартаа барилгын цагаан бээлий өмсөж байгаад газраас чулуу аваад цонхных нь салхивчны орчимд нэг удаа цохиж шилийг нь хагалсан. Тэгээд цонхны хагархайгаар зүүн гараа оруулж байгаад салхивчны түгжээг онгойлгоод дотогш орсон. Ороод хийдийн хойд хананд байсан гүнгэрвааны урдуур байсан тавиурууд дээрээс шавар бурхануудыг аваад тэнд авч очсон байсан цоохор өнгийн үүргэвчинд хийсэн, дараа нь модон том бурханыг авч үүргэвчиндээ хийсэн. Тэр гүнгэрваан дотор хадсан байсан 2 ширхэг зурмал бурханыг бас авсан. Тэгээд орж ирсэн цонхоороо эргээд гараад шууд машиндаа ирээд суусан, намайг машиндаа ирэхэд Алимаа унтаж л байсан. Бид машинаа асаагаад шууд Улаанбаатарын зүг хөдөлсөн. Бид 2 сааталгүй явсаар байгаад 13 цаг болж байхад Улаанбаатар хотод ирсэн. Хотод ирээд бид 2 Дэнжийн 1000-ын тэнд байдаг түрээсийн байрандаа унтсан. Би тэр өдрөө гадуур гараагүй өнжсөн. Маргааш нь би 2 зурмал бурханаа аваад Урт цагааны тэнд очоод Хадаа нэртэй нэг өвөр монгол ченжэд үзүүлээд нийлүүлээд бэлэн 7.000.000 төгрөгөөр зарсан. Тэндээсээ мөнгө аваад шууд Да хүрээ зах гарч нэг танихгүй ченжээс 5.500.000 төгрөгөөр приус-11 маркийн машин худалдаж аваад урд талын 2 дугуйны цафны шарик дугараапд байхаар нь засварын газарт очиж бүтэн солиулсан. Тэр засварын газарт байж байтал ченж Хадаа над руу залгаад чи надад хулгайн бурхан өгсөн байна, сая манай тагнуулийн ерөнхий газарт ажилладаг найз маань ярилаа энийгээ ирж ав гээд залгаад байхаар нь Урт цагаан дээр Хадаа дээр очоод 2 бурханаа аваад Дэнжийн 1000-ын хөлснийнхөө байшинд очсон. Маргааш нь би надад үлдсэн байсан 1.000.000 төгрөгийг Хадаагийн дансанд хийсэн. Тэгтэл хадаа чи тэр бурханыг ямар хүнээс авсан юм бэ гэхээр нь өөрөө авсан гэж хэлж чадахгүй Булганаас нэг хүнээс авсан гэж хэлсэн. Маргааш нь буюу 2016 рны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймагт байсан манай аав Улаанбаатар хот руу хүн тээврийн машинаар гараад 2016 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед хүн тээврийн автобусаар ирэхээр нь би тосч авсан. Машинаараа шууд Эрдэнэт рүү гарсан, манай гэр Эрдэнэтэд байдаг болохоор гэрээ эргэхээр аавтай хамт явсан юм. Эрдэнэтэд 13 цаг 30 минутын үед ирээд аавыг гэрт нь буулгаад эхнэр Доржхандтай засварын газарт очиж уулзаж ойр зуурын юм ярьжбайгаад тэндээ хонохоор болоод Титэм нэртэй буудалд эхнэр Доржханд, хүүхэд, эхнэрийн төрсөн дүү Эрдэнэсувд нарын хамт орж хоносон. Тэнд хоноод архи ууцгаагаад би тасарсан байсан. Нэг сэрсэн чинь би газарт унтажбайсан. Эрдэнэсувд болохоор шөнө миний машиныг унаж гараад журмын хашаанд оруулаад өөрөө эрүүлжүүлэхэд хоносон байсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би дүү охиныг эрүүлжүүлэхээс гаргаж аваад, машинаа авах гэсэн чинь өгөөгүй, тэгэхээр нь би тосгон гэдэг газарт байаг дүү Мөнхцэцэгийн гэрт очиж хоносон. Маргааш нь Эрдэнэтийн цагдаа дээрээс машинаа авах гээд ирсэн чинь цагдаа нар намайг маргааш ир гэхээр нь эхнэр хүүхэдтэйгээ хамт Улаантолгой гэдэг газарт байдаг хадам аавын гэрт очиж хоноод өнөөдөр тарьсан ногоогоо зооринд хийж байсан чинь цагдаа нар намайг бариад авсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-14-р тал/, Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 174-р тал/, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөлийн 1-1 тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-27-р тал/, Шүүх эмнэлэгийн комиссын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай Ч.Б*********** нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй, эмчлүүлж байгаагүй, Ч.Б*********** сэтгэцийн өвчингүй. Ч.Б*********** нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Ч.Б*********** нь хэрэг хариуцах чадвартай Ч.Б*********** нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан гэх дүгнэлт /хх-ийн 151-р тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 48-55-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б***********ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 15-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь урьд 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсанн боловч хүндэвтэр гэмт хэрэг үйлдснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн буюу ялтай байх хугацаа дууссан байхад гэмт хэрэг үйлдсэн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохиролоо төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн ***********дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Приус-10 маркийн 59-57 УБД улсын дугаартай автомашины битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Г.Алимаад олгож, түүний үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, приус-11 маркийн 01-56 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ч.Б***********оос 6.000.000 төгрөг гаргуулж БНХАУ-ын иргэн, иргэний нэхэмжлэгч Qi Haibao /Монголд Хадаа гэж дууддаг/-д гаргуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгчийн цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Боржигон овогт Ч***********ын Б***********ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Ч.Б***********ийг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ч.Б***********ид оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Ч.Б***********ийн цагдан хоиригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ч.Б***********оос 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Qi Haibao /Монголд Хадаа гэж дууддаг/-д олгосугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгэээр зүйлийн 134.10-т зааснаар иргэн Г.Алимаагийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, приус-11 маркийн 01-56 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болохыг дурьдаж, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх машины үнэ 4.000.000 төгрөгийг Ч.Б***********оос гаргуулж улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б***********ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН

М.ЭРДЭНЭ-ОЧИР