| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2019/01218/И |
| Дугаар | 001/ХТ2020/00570 |
| Огноо | 2020-09-24 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2020/00570
Л.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01984 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2004 дүгээр магадлалтай,
Л.С-ын нэхэмжлэлтэй,
Н-т холбогдох,
Төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1976 дугаар шийдвэрээр Лхагвын Сангидулам, Лхагвын Батдорж нараас 70 973 498 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Н “Х” ХХК-иар Л.Сын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байр, 33 тоот хаягт байрлах 2 өрөө 49,96 мкв орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар 80 634 600 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу Н нь үнэлэгдсэн үнийн дүнгийн 70 хувь болох 56 444 220 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахад санал болгох доод үнийг тогтоосон байна.
Энэхүү мэдэгдлийг Нрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг, Л.Сд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр утсаар мэдэгдэж өгсөн. “Х” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байр, 33 тоот хаягт байрлах 2 өрөө 49,96 мкв орон сууцыг өнөөдрийн зах зээлээс үнээс хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байх тул Нрын “Х” ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1976 дугаар шийдвэрээр Лхагвын Сангидулам, Лхагвын Батдорж нараас 70 973 498 төгрөгийг гаргуулж, Хинд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.С, Л.Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байр, 33 тоот хаягт байрлах, 49,96 м.кв орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 18291290/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18291290/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан.
Төлбөр төлөгч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 160 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Х” ХХК эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний “Х” ХХК-иар үнэлүүлэхэд уг орон сууцыг 80 634 600 төгрөгөөр үнэлсэнд мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/9323 дугаартай албан бичгээр, төлбөр төлөгч Л.Сд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 56 444 220 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/05376 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Л.Сын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01984 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2004 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2004 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05ны өдрийн 1976 дугаар шийдвэрээр Лхагвын Сангидулам, Лхагвын Батдорж нараас 70 973 498 төгрөгийг гаргуулж Хинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Н шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж зээлийн барьцаа хөрөнгө болох ХУД-ийн 3 дугаар хороо Энгелсийн гудамж 61 дүгээр байрны 33 тоот 2 өрөө 49,96 м.кв орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 80 634 600 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахаар болсон.
Хөрөнгө үнэлгээний компани нь Л.Сын өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байсан тул Нрын “Х” ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр “нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны хөрөнгө гэдэгт маргаагүй, Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29- ны өдрийн 2004 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...үнэлгээний шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын, аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан боловч “Х” ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ онцлог зориулалтыг харгалзан үзээгүй хийсвэрээр үнэлэлт өгч хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байхад шүүх байгууллага үүнийг огт харгалзан үзэхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2004 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, үлдээж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Л.С нь Нт холбогдуулан төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...”Х” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байрны 33 тоот 2 өрөө, 49.96 м.кв талбай бүхий орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 80 634 600 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэж тайлбарлажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1976 дугаар шийдвэрээр Л.С, Л.Б нараас 70 973 498 төгрөгийг гаргуулан “Х” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байрны 33 тоот 2 өрөө, 49.96 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, улмаар барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч Л.С, Л.Б нар 160 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Х” ХХК үнэлгээг зах зээлийн үнээс хэт өндөр гэж үзэж, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 80 634 600 төгрөгөөр үнэлжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2. дахь заалтад нийцжээ.
“Х” ХХК нь үнэлгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан шинжээчийн үүргээ зөрчсөн байдал тогтоогдоогүй, үнэлгээг Хөрөнгийн тухай хууль, тогтоомж, ОУҮС-ийн дагуу мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг мөрдөж, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бусаар хийж гүйцэтгэсэн байх бөгөөд төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.
Шинжээч үнэлэгдэж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байрны 33 тоот 2 өрөө, 49.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгийн шинж байдал, байрлал, орчинтой нь газар дээр нь очиж танилцан, хөрөнгөнд үзлэг, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судалж, өнөөгийн болон ирээдүйн төлөвийг сонирхож, үнэлгээнд зайлшгүй шаардагдах мэдээллээ олж авсны эцэст үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргаар үнэлж, нэгтгэсэн дүнг гаргасан тухай тайланг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж үзсэн тайлбар, үндэслэлээ нотлоогүй тул “...шинжээч үнэлгээ хийхдээ хөрөнгийн онцлог зохицуулалтыг харгалзан үзээгүй, хийсвэрээр үнэлэлт өгч, үнэлгээний тайланг гаргасан байхад шүүх харгалзан үзээгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2004 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Л.Саас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД