Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0215

 

ИМ  СӨХ, О.Г , Х.Э , Ч.О

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч О.Г , Х.Э , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ИМ  сууц өмчлөгчдийн холбоо, иргэн О.Г , Х.Э , Ч.О  нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, тухайн газрыг ИМ  сууц өмчлөгчдийн холбооны орчны газрын зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 672 дугаар захирамжаар 5306 м.кв газрыг эзэмшүүлсэн нь шинээр газар олголт биш тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн ЗЗ1.1, 33.1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалттай зөрчилдөх тул Д ХХК-д эзэмшүүлсэн 600 м.кв газрыг ИМ  сууц өмчлөгчдийн холбоонд эзэмшүүлэх боломжгүй.

Нэхэмжлэгч ИМ  сууц өмчлөгчдийн холбоонд Нийслэлийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 649 дүгээр захирамжаар 20570 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь заалтыг зөрчөөгүй юм. Иймд Д  ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 672 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамж нь тухайн байрны болон Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшил газарт хамааралгүй оршин суугчдын нийтийн эрх ашгийг хөндөөгүй. Тухайн үед уг газарт оршин суугчид тоосгон гараж бариагүй байсан бөгөөд 2009 онд дүүргийн газрын албаны шаардлагыг үл тоон зөвшөөрөлгүй гараж барьсан нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Д  ХХК-д газар эзэмшүүлэхдээ ИМ  сууц өмчлөгчдийн холбооны орчмын хамаарах хэсэгт орсон авто замын болон барилга байгууламжийг оршин суугчид болон сууц өмчлөгчдийн холбооны чөлөөтэй ашиглах боломжийг хязгаарласан эсэх талаар тодорхойгүй байна. 2005 оны 11 дүгээр сард маргаан бүхий газарт дүүргийн газрын албанд хандаж гараж барихаар иргэдээс хүсэлт гаргаж байсан эсэх лавлагаа, эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргаж байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт холбогдох материалууд хадгалагдаагүй байна.

Д  ХХК-д эзэмшүүлсэн газар нь 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үйлдвэрийн зориулалтаар бусдад эзэмшүүлэхээр тусгагдаж байгаагүй болно. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаар захирамжийн Д  ХХК-д хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамжаар Д  ХХК-д тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 0.140 га газар эзэмших эрх олгож, дүүргийн газрын алба аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0172153 дугаар гэрчилгээ өгч, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаар гуравдагч этгээд нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж, хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, холбогдох төлбөр, хураамжийг төлж ирсэн билээ.

Улмаар өөрийн эзэмшил газруудыг нэгтгэн нэг захирамж, нэг эрхийн гэрчилгээгээр эзэмших хүсэлт Нийслэлийн Засаг даргад гаргасны дагуу 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар 5306 м.кв газар эзэмших эрхийн нэр шилжүүлэн баталгаажуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын 672 дугаар захирамжийн Гурав дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан 2006 оны 363 дугаар захирамжийн С.Ганбатад холбогдох хэсэг, 2005 оны 55 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах тухайд:

Энэхүү 672 дугаар захирамжаар Д  ХХК-д шинээр газар эзэмших эрх олгоогүй бөгөөд өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан хил залгаа нэгж талбар бүхий газруудыг нэгтгэн, иргэн С.Ганбатаас нэр шилжүүлэн өгснийг баталгаажуулсан тул Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил газарт төмөр гараж байрлуулж байгаад, даамжран бетон хавтан, тоосго зэргээр барьж, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж байсан тул бид арга буюу дүүргийн газрын албанд хандаж өргөдөл гарган газар чөлөөлж өгөхийг хүссэн билээ. Үүний дагуу газрын албанаас хууль бусаар барьж буй гаражуудыг буулгах, зайлуулах мэдэгдэл удаа дараа өгөхөд үл тоомсорлон биелүүлэхгүй байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын 672 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжийн үндсэн дээр иргэн С.Ганбатын эзэмшиж байсан газар эзэмших эрхийг гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлж, мөн 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн эзэмшиж байсан хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамжаар эзэмшиж байсан газруудыг нэгтгэж, баталгаажуулсан байхад нэхэмжлэгч нар нь 672 дугаар захирамжийн Д  ХХК-д хамаарах заалтыг бүхэлд нь хүчингүй болгохыг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамжаар олгосон нэгж талбарын ******* дугаартай 600 м.кв газар дээр нэхэмжлэгч этгээдүүд хууль бусаар гараж барин маргаан үүсгэж байгаа бөгөөд уг газар нь тухайн байрны сууц өмчлөгчдийн холбоо, эсхүл хэн нэг иргэний эзэмшил газар биш, орчны газар эсхүл авто зогсоолын аль нь ч биш, тухайн газар байрлаж буй орон сууцтай хил залгаа оршиж байгаа газар байсан бөгөөд гуравдагч этгээд нь хууль ёсоор эзэмшиж байгаа билээ.

Д  ХХК нь гэр ахуйн тавилга үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч, олон арван ажилтантай компани бөгөөд бид тухайн 600 м.кв талбай бүхий газар дээрээ өөрийн ажилчдын орон сууцыг барьж нийгмийн хариуцлагаа ухамсарлан нэг ч гэсэн залуу гэр бүлийг орон сууцтай, ажлын байртай тогтвортой ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр чармайн ажиллаж байгаа. Инженерийн шугам сүлжээ бүхий газарт Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх ёстой байтал дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн гэж байна. Манай өөрийн татсан дулааны шугам байгаа. Өөрийн хийсэн дулааны шугамаа хэрхэн ашиглах нь манай эрхийн асуудал юм. Галын машин, түргэний машин, бидний машин эргэж болохгүй байна, тоос босоод эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй байна гээд эрх ашиг нь хөндөгдөөгүй байгаа зүйлийг яриад байна. Газар дээр очоод галын машин эргэж болох эсэхийг туршиж үзээд нотолгооны үндсэн дээр ярих хэрэгтэй. Хууль бусаар барьсан гаражийг нураавал харин ч том талбайтай болж машин эргэх боломжтой болно.

Маргааныг ярихаас өмнө нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөж байна уу гэдгийг дүгнэж үзнэ үү гэж хүсэж байна. Хуулийн зорилго нь зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахад оршино. Гэтэл эрх ашиг нь хөндөгдөөгүй байхад төрийн байгууллагад чирэгдэл учруулаад яваад байна. Дүүргийн Засаг даргын 170 дугаар захирамжийг хүчингүй болгоод Нийслэлийн Засаг даргын 672 дугаар захирамжийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болсон захирамжийг хүчингүй болгохоор шаардаад байгааг харгалзан үзнэ үү. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо газар эзэмших хүсэлт гаргаж өгч байгаагүй.

Дураараа өөрсдөө гараж барьсан бөгөөд энэ дунд одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гараж орсон байгаа. Ямар ч газар эзэмших ашиглах эрхгүй. Гараж барьж орц гарцыг хааснаар оршин суугч нарын эрх ашиг зөрчигддөггүй харин манай газар эзэмших захирамж гарснаар эрх ашиг нь зөрчигдлөө гээд байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлох хэрэгтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны дарга гэж хүнд нэхэмжлэл гаргах эрхийг сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчид итгэмжлэл олгосон эсэх нь тодорхойгүй байна. Нийт оршин суугчдын хурлын шийдвэр байдаггүй. Сууц өмчлөгчдийн холбооны нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага. Оршин суугчдын шийдвэрээр явах ёстой. 2, 3 хүний гаражийн асуудлаар сууц өмчлөгчдийн холбооны нэр барьж маргаан үүсгээд байгаа. Манай компанийг хүсэлт гаргалгүй газар эзэмших захирамж гаргуулсан гэж байдаг. Шүүхээс үзлэг хийж, үзлэгээр манайх хүсэлт гаргасан болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан ИМ  СӨХ, иргэн О.Г , Х.Э нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ИМ  СӨХ-ны орчны газрыг баталгаажуулаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн талбайг ИМ  СӨХ-д орчны газрын зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 170 тоот захирамжийн Д ХХК-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжаар хүчингүй болгосныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Нэхэмжлэгч ИМ  сууц өмчлөгчдийн холбоонд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 5, 6, 7, 12, 14, 15, 16 дугаар байрууд хамаардаг бөгөөд тус сууц өмчлөгчдийн холбоо нь 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж, Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-д заасны дагуу орчны газрыг ашиглах хүсэлтээ гарган, ИМ  сууц өмчлөгчдийн холбооны харьяалах орчны газрын схем зургийг хавсарган ирүүлсэн, уг схем зурагт маргаж буй газар буюу 16 дугаар байрны хойд талын газрыг автомашины гараж, зогсоол гэж тусгасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан хүсэлт, схем зургийн эх хувь, шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ИМ  сууц өмчлөгчдийн холбоо орчны газраа баталгаажуулахаар гаргасан хүсэлтэд маргаан бүхий газрыг автомашины зогсоол, гаражийн зориулалтаар ашиглахаар тусгаагүй юм. Учир нь тухайн газар нь автомашины зогсоол биш нөгөө талаар тус газар иргэд зөвшөөрөлгүйгээр гараж барьсан, уг гаражуудыг буулгах талаар газрын албанаас удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байхад шүүх маргаан бүхий газрыг автомашины зогсоол, гаражийн зориулалтаар ашиглах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүх Маргаан бүхий газар нь гуравдагч этгээд Д  ХХК-ийн хашааны гадна талд байрладаг, тус сууц өмчлөгчдийн холбооны харьяа 14 болон 16 дугаар байрны орцны үүдээр өнгөрөх туслах авто замын төгсгөл газар байх тул автомашинууд тухайн газар дээр зайлшгүй буцаж эргэх шаардлагатай учраас тухайн байрны оршин суугчид нийтийн эзэмшлийн зориулалтаар тус газрыг ашиглах нь гарцаагүй бөгөөд хууль ёсны эрхтэй байна гэж таамаглал байдлаар дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Гуравдагч этгээдийн эзэмшил газар хашааны гадна байрлах нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч иргэн О.Г , Ч.О , Б.Э нар манай эзэмшил газарт зөвшөөрөлгүй гараж барьсан байхад автомашин эргэж болж байгаа нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээр автомашин эргэх боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй болохыг харуулж байна. Шүүхийн энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөх магадлалтай гэсэн ирээдүй цаг дээрх тайлбарт хэт хөтлөгдсөнийг харуулж байна. Үнэн хэрэгтээ гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрыг өнөөдөр нийтийн хэрэгцээнд бус нэхэмжлэгч 3 иргэний хувийн хэрэгцээнд ашиглаж байгааг шүүхийн үзлэгээр тогтоогдож байгааг шүүх анхаарч үзээгүй болно.

Шүүх хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2008 онд 170 дугаар ч захирамжийг гаргасан бөгөөд эзэмшүүлэх бүх газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаардсан гэж ойлгох боломжгүй юм.

18635310738450, 18635310789330 дугаар нэгж талбар бүхий 1400 м.кв газрыг нэгтгэж хамт бичсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэснийг зөрчсөн гэх боловч энэхүү акт нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нэг үндэслэлээ болгосонд гомдолтой байна.

Хариуцагч нар нэхэмжлэгч ИМ  сууц өмчлөгчдийн холбооны орчны газраа баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн тул хууль бус эс үйлдэхүй байхгүй юм. Газрын тухай хуулийн 441 зүйлд газрыг ашиглуулж болохоор зааснаас бус ашиглуулах үүрэгтэй гэж хуульчлаагүй юм. Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийн тухайд нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооны орчны газрыг баталгаажуулсан захирамж гарснаас хойш гарсан тул сууц өмчлөгчдийн холбооны орчны газартай давхцалтай гэж үзэх боломжгүй билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, тухайн газрыг ИМ  сууц өмчлөгчдийн холбооны орчны газрын зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч ИМ  сууц өмчлөгчдийн холбоо 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж, тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3.2 га газар ашиглах хүсэлт гаргахдаа маргаан бүхий 600 м.кв газрыг хамааруулан Нийслэлийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 649 дүгээр захирамжаар ИМ  сууц өмчлөгчдийн холбоонд 2570 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэхдээ бусдад эзэмшүүлж, ашиглуулаагүй байсан тухайн газрыг хамруулаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар ИМ  сууц өмчлөгчдийн холбоонд хүсэлт гаргасан газрыг бүхэлд нь ашиглуулаагүй талаар мэдэгдээгүй, маргаан бүхий 600 м.кв газрыг ашиглуулах боломжгүйгээ тайлбарлаагүй атлаа нийслэлийн болон дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн болон орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, мөн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаар захирамжаар Д  ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасныг,

 

Нийслэлийн Засаг дарга шалгаж нягтлалгүйгээр дээрх хууль бус захирамжийг үндэслэн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар маргаан бүхий 600 м.кв газрыг Д  ХХК-д эзэмшүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэн нэхэмжлэлийг хангаж, ИМ  сууц өмчлөгчдийн холбооны хүсэлт гаргасан газрыг орчны газраар нэмж ашиглуулах шийдвэр гаргаж, орчны төлөвлөгөөг зохих журмын дагуу баталж, газар ашиглах эрхийг баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2009 оны 672 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу байна. Зүй нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 672 дугаар захирамжаар Д  ХХК-д эзэмшүүлсэн газраас маргаан бүхий 600 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох байжээ.

 

Түүнчлэн шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 672 дугаар захирамжаар хүчингүй болгосныг дурдсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д заасантай нийцэхгүй, тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 672 дугаар захирамжийн Гурав дахь заалтаар нэгэнт хүчингүй болсонд тооцогдсон захирамжийг шүүх дахин хүчингүй болгох шаардлагагүй, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын захирамжийн тухайн заалт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэг байдлаар хөндөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 16 дугаар байрны хойд талд Д  ХХК-д 600 м.кв газрыг эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, ИМ  сууц өмчлөгчдийн холбооны орчны 600 м.кв газрыг баталгаажуулаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн талбайг ИМ  сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрын зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтын дугаарыг 3, 5 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР