Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

-насанд хүрээгүй хохирогч Э.Мандахын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэ-Очир,

-шүүгдэгч Г.Мөнхзаяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Мөнхзаяад холбогдох Эрүүгийн 201619000632 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1990 оны 09 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 64-926 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ганбаатарын Мөнхзаяа /РД:НШ90090586/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Мөнхзаяа нь 2016 оны 08 сарын 13-ны 14-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр 71 дэх кмийн урд замд Тоёота-Приус маркийн 28-85 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч Э.Эрдэнэ-очир, Ж.Алтанцэцэг нарын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Мөнхзаяа шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..2016 оны 08 дугаар сарын 13-14-нийг шилжих шөнө Эрээнээс гарч яваад Алтанцэцэг эгчтэй таарсан. Тэгээд наашаа явж байгаад ядарсанаас болж замын хажуу руу орсон..” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Мандахын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би эхнэр хүүхэдтэйгээ бас замаас суусан хоёр хүний хамтаар Эрээн хотоос гарч Чойроос нааш би машинаа барьж яваад хотруу дөхөж яваад нойр хүрээд байхаар нь эхнэрээ сэрээгээд  эхнэр машин бариад цааш хөдөлсөн. Эхнэр Г.Мөнхзаяа хол замд ядарснаас болж үүрэглээд замын хажууруу орсон. Осолд орсон машин бол ганц миний машин биш. Эхнэр бид хоёрын дундын өмчлөлийн машин байсан. Хүүхдийн маань биеийн байдал гайгүй байгаа. Хохирол төлбөрт нэхэмжлээд байх зүйл байхгүй. Санал гомдолгүй..” гэв.

 

Хохирогч Ж.Алтанцэцэг хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: “..2016 оны 08 сарын 14-ны өдөр Замын-үүдээс хот явах гээд Эрээнээс хил рүү машинаар гарч ирэхдээ танилцсан эхнэр нөхөр 2 той хоорондоо ярилцаад автобусны зардлыг нь өгөед орой 20 цагийн орчимд Замын-үүдээс хөдөлсөн замдаа бид хэд аажуу тааваараа явж эхнэр нөхөр 2 ээлжлээд машинаа жолоодоод яваад байсан тэгээд би хэсэг хугацаанд унтсан байсан тэгтэл хүн орлилдоод машин онхолдсон байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч П.Эрдэнэчимэг хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: “..Би 2016 оны 08 сарын 12 ны өдёр хотоос Эрээний автобусаар Эрээн орхоор яваад 08 сарын 13 ны өглөө Эрээн дээр очоод тэгээд тэр өдөртөө буюу 08 сарын 13 ны орой Эрээнээс гархаар явж байгаад Эрээний захаас бөөнөөрөө машинаар хил гарахдаа .танилцсан Мөнхзаяа,Эрдэнэ-очир,Алтанцэцэг нартай Эрдэнэ-очирын машинтай 19 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн тэгээд замдаа Эрдэнэ-очир машинаа бариад бид хэд замдаа яарсан зүйлгүй тайван явж байгаад Сайншандын колонк дээрээс нь бид хэд тамхи аваад хөдлөөд явж байгаад Эрдэнэ-очирын эхнэр Мөнхзаяатай жолоогоо солиод хөдлөөд явсан тэгээд Чойр дээр зогсоод Эрдэнэ-очир жолоогоо буцааж бариад хөдлөөд явсан тэгээд замдаа зөрлөгтэй газар зогсоод ундаа, ус аваад хөдөлсөн тэгээд би хэсэг унтсан байсан тэгтэл хүмүүс орилхоор нь сэртэл онхолдсон байсан..” гэх мэдүүлэг,

 

ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 08 сарын 25-ны өдөр Э.Эрдэнэ-очирын биед үзлэг хийж биед учирсан гэмлийн зэргийг тогтоосон №418 тоот дүгнэлтэнд:  

-"Э.Эрдэнэ-очирын биед ууцны 3-р нугалмын сэртэнд хугарал гэмтэл, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд. хөдөлмөрййн чадварыг сарниулахгүй" гэх дүгнэлт,

 

ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 08 сарын 29-ны өдрийн №417 гоот дүгнэлтэнд:

-Ж.Алтанцэцэгийн биед үзлэг хийж биед тархи доргилт.бүсэлхийн 1-р нугаламд хугарал,баруун бугалганд цус хуралт.баруун бугалга.духанд цус хуралт, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй" гэх дүгнэлт

 

ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 08 сарын 25-ны өдөр Э.Мандахын биед үзлэг хийж биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон

-тархи доргилт Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй" гэх 2016 оны 08 сарын 25-ны өдрийн №419 тоот шинжээчийн дүгнэлт,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13/,

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-15/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18/,

-шүүгдэгч Г.Мөнхзаяа нь “урьд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-58/,

-шүүгдэгч Г.Мөнхзаяаг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-51/, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-54/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Мөнхзаяа нь 2016 оны 08 сарын 13-ны 14-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр 71 дэх кмийн урд замд Тоёота-Приус маркийн 28-85 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч Э.Эрдэнэ-очир, Ж.Алтанцэцэг нарын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..хотоос 110 км дутуу байхад миний нойр хүрээд байхаар нь эхнэрийгээ сэрээгээд жолоо солиод манай эхнэр жолоо бариад би хажууд нь унтсан, тэгээд гэнэт хүн хашгирахаар нь сэртэл онхолдсон байсан..” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Алтанцэцэгийн: “..Замын-үүдээс хөдөлсөн замдаа бид хэд аажуу тааваараа явж эхнэр нөхөр 2 ээлжлээд машинаа жолоодоод яваад байсан тэгээд би хэсэг хугацаанд унтсан байсан тэгтэл хүн орлилдоод машин онхолдсон байсан..” гэх мэдүүлэг, гэрч П.Эрдэнэчимэгийн “..Сайншандын колонк дээрээс нь бид хэд тамхи аваад хөдлөөд явж байгаад Эрдэнэ-очирын эхнэр Мөнхзаяатай жолоогоо солиод хөдлөөд явсан тэгээд Чойр дээр зогсоод Эрдэнэ-очир жолоогоо буцааж бариад хөдлөөд явсан тэгээд замдаа зөрлөгтэй газар зогсоод ундаа, ус аваад хөдөлсөн тэгээд би хэсэг унтсан байсан тэгтэл хүмүүс орилхоор нь сэртэл онхолдсон байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн үзлэг хийсэн 418 тоот, 417 тоот, 419 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Г.Мөнхзаяагийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Мөнхзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно..“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Г.Мөнхзаяа нь хохирогч, хохирогийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэ-Очир, хохирогч Ж.Алтанцэцэг нартай сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Мөнхзаяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Г.Мөнхзаяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирсэн иргэний баримт бичиггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Мөнхзаяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас 1 /нэг/ хүний биед хөнгөн, 2 /хоёр /хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхзаяа нь хохирогч Э.Эрдэнэ-Очир, Ж.Алтанцэцэг нартай сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Мөнхзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Г.Мөнхзаяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүдэгч Г.Мөнхзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Мөнхзаяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ю.ЭНХМАА