Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 114/2020/0010/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч “Дархан амьд үг” шашны байгууллагын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28  дугаар тогтоолын “Дархан амьд үг” шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                       Д.Дарханбаяр

Шашны байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч         Р.Нямтөгс, У.Түвшинжаргал

                                                                                            Г.Алтансүх

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                              Ц.Цэцэнбаатар, С.Базарсад

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                       Л.Алтанчимэг,   Н.Цасчихэр                                                                

нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч: “Дархан амьд үг” шашны байгууллагын тэргүүн Д.Дарханбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Дархан амьд үг” шашны байгууллага нь 2004 онд “Арвижих амь” нэртэйгээр Хууль зүйн яамны албан ёсны зөвшөөрөл, бүртгэлтэйгээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба 2012 оноос улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж “Дархан амьд үг” нэртэйгээр 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулж  Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн шашин шүтэх эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг хангаж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан сүсэгтэн олны шашин номын эрэлт хэрэгцээг хангаж шашны зан үйл, хурал цуглаан хийж үзэл итгэл бишрэлээ хуваалцах, номлох зэргээр албан ёсны 100 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж буй шашны байгууллага юм.

Манай шашны байгууллага нь 2017-2019 онуудад  үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ өгөөгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01, 02, 03 дугаарын албан тоотоор үйл ажиллагааны зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ Сум, аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох материалын хамт  гаргасан бөгөөд зохих журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, Сумын засаг дарга Азжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/412 албан тоотоор хариуг ирүүлсэнийг хүлээн авсан. 2020 оны цар тахлын үед Аймгийн холбогдох шийдвэрийн дагуу шашны байгууллагаас цугларалт зохион байгуулахаа зогсоосон каринтины нөхцөл байдал бий болсон цагт бидний эрх ашгийг хөндсөн хууль бус тогтоол шийдвэр гаргаж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 тоот тогтоолоор манай байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалсан байсан байна.

Энэ тухай  03 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн телевизээр ярьж байхад нь сонсож мэдсэн, манай байгууллагыг хууль зөрчсөн, үйл ажиллагааг зогсоосон гэж олон нийтэд зарлан нэр хүндийг минь унагаасан, мөн энэхүү тогтоол гарах гэж байгааг урьдчилан мэдэгдэлгүйгээр, тайлбар гаргах боломж, бололцоо олголгүй, асуудлыг нарийвчлан судлалгүйгээр бидний эрх ашгийг хөндсөн хууль бус тогтоол шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалсанд гомдолтой байна. Энэхүү хууль, эрх зүйн үндэслэлгүй тогтоол шийдвэр нь 16 жил хамтдаа цуглан, итгэл шүтлэгийнхээ дагуу дүрмэндээ заасан үйл ажиллагаа явуулж ирсэн манай байгууллагын нийт албан ёсны 100 гаруй гишүүдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон шүтэх эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолыг хөндөж, хохироож байна.

Иймд Дархан-уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолын 'Дархан амьд үг” шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатараас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шашин шүтэх, эс шүтэх эрх нь Монгол улсын үндсэн хуульд заасан иргэний баталгаажсан эрх чөлөө юм. Уг эрх чөлөөг сүм хийдийн үйл ажиллагаа явуулснаар эдлэх бололцоотой юм.  Маргаан бүхий акт бол төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баримталж гарсан байна. Монгол шинэ үндсэн хуулиа баталсантай холбогдуулаад төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1993 онд батлан гаргасан. Уг хуулийн зорилго нь шашин шүтэх эрхийг жигд эдлүүлэх зорилготой гэж ойлгож байгаа ба төр, сүм хийдийн харилцааг зохицуулах тусгай зохицуулалт бүхий хууль юм. Монгол улсын түүхийн цаг хугацаанд шашин шүтэх эрхтэй нь холбоотой залхаан цээрлүүлэх үе байсан учраас төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх гол зарчмыг тогтоосон. Үүнд үндэслэж төр сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэх, зогсоох үйл ажиллагаа яригдана гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 

 Маргаан бүхий актад Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн                  1-т заасныг баримталсан байдаг. Уг хуульд хууль тогтоогч маань үйл ажиллагааны зөвшөөрөл олгох болон зөвшөөрлийг зогсоох хоёр тусдаа зүйлийг параллель байдлаар хуульчилсан байдаг. Хуулийн 9.1 дүгээр заалтыг харвал зөвхөн зөвшөөрөл олгох эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон бөгөөд Сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоох хоёр төрөл байдаг уг хуулийн 10 дугаар зүйлд зааснаар өөрөө үйл ажиллагааг зогсоохоор эсвэл хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь шүүхээр тогтоогдсон бол үйл ажиллагааг зогсоохоор заасан. Маргаан бүхий актыг гаргах үндэслэл нь “Дархан амьд үг” сүм нь хууль тогтоомжийг зөрчиж шүүхээр шийдвэрлэгдсэн болон холбогдоод тайлбар мэдүүлэг өгч байсан талаар нотлох баримт байхгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн төлөөллийн байгууллага болохоос биш шүүх эрх мэдлийн байгууллага биш учраас цуцалсан тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болно. Сүмийн зөвшөөрлийг сунгах тухай ойлголт байддаггүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сунгалт гэдэг нэрээр цуцлах эрхийг өөртөө хадгалж үлдээд байгаа нь хууль бус байна. 2018 оны 11/02 дугаартай Сүм хийдийг бүртгэх, хяналт тавих, цуцлах журам нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болох нь захиргааны хэм хэмжээний актын шинжтэй боловч хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаагаар харагдана.

Захиргааны ерөнхий хуулийн 59-67 дугаар зүйлүүдэд энэ талаар хангалттай тодорхой хуульчилж зохицуулсан байдаг. Хэм хэмжээний акт нь хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас гарна гэж заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль буюу тусгай зохицуулалт бүхий хуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд журам гаргах эрхийг тусгайлан олгоогүй байна. Иймээс Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгогдоогүй гэж үзэж байна. Монгол улсын үндсэн хууль болон бусад холбогдох хуульд энэхүү журам нийцэж байх ёстой. Журмын 7.1-д зөвхөн зөвшөөрөл өгсөн байршилд үйл ажиллагаа явуулна гэж журамласан байгаа ба 1993 онд батлагдсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд энэ заалт байсан боловч энэхүү заалтад тодорхой нэр бүхий хүмүүс цэцэд хандсан бөгөөд цэцийн зүгээс уг заалт нь хууль зөрчсөн гээд хуулиас хассан байдаг. 1994.1.12-ны өдрийн цэцийн дүгнэлттэй энэхүү журамтай зөрчилдөж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн байршил дээрээ үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд шашны байгууллага хуулиар хориглосноос бусад газарт үйл ажиллагаа явуулж болно гэж зөвшөөрсөн байдаг.

 Гэтэл маргаан бүхий акт нь өөрөө журмыг үндэслэж гарсан бөгөөд уг журам нь үндсэн хуулийг зөрчсөн заалт байсан. Тусгайлан эрх олгосон зорилго зорилттой нийцсэн байх ёстой гэж заасан. Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах, зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах журмыг батлах тухай 11/02 тоот тогтоол нь захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тухай баримтаар нотлогдож байгаа учраас иргэд, хуулийн этгээд бүгдээрээ дагах үүрэг хүлээхгүй юм. “Дархан амьд үг” сүмийн хувьд дээрх журмыг зөрчсөнтэй холбоотойгоор үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар нийтээр үйлчлэх хэм хэмжээний акт нь тухайн баталсан байгууллагынхаа цахим сайтад байршуулах ёстой байтал Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал цахим сайтад байршуулаагүй байгаа нь нийтэд дагах шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна бөгөөд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд зөвшөөрөл олгох сунгалт хийх тухай тусгайлсан эрх хуулиар олгогдоогүй байна. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар бүртгүүлэхдээ өргөдөл, дүрэм гаргаж өгөөд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээж аваад зөвшөөрөл олгоно эсвэл олгохгүй гэсэн хариу өгөхөөр хуульчилсан. Дээрх журам нь хуулийг давж гарсан журам байгаа учраас хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базарсадаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэсэн, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

     1.Хуульд үндэслээгүй зөвшөөрөл цуцлахад удирдлага болгосон Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.10 гэх заалтад шашны байгууллагын зөвшөөрөл цуцлах, эрхийг хязгаарлах ямарч сөрөг агуулга байхгүй олон нийттэй харилцах хамтран ажиллах заалт байдаг. Гэтэл шашны байгууллагын эрхийг хязгаарлах гэж хуулийг буруу тайлбарлаж, хуулийг үндэслэхгүй захиргааны акт гаргаж байгаа нь өөрөө хуульд үндэслэх гэсэн зарчмаа алдагдуулж байна.

       2. Өнөөдөр үүссэн цар тахалын хүрээнд урьдчилан сэргийлэх хамгаалах зорилготойгоор улс орон нь улсын онцгой комисст тодорхой хэмжээний бүрэн эрхийг өгдөг тэр эрхийг авсан эрх бүхий байгууллага нь цар тахалын эсрэг урьдчилан сэргийлэх хамгаалах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх эрх авсан байгууллага нь үйл ажиллагаанаасаа гажаад бусдын эрх ашгийг зөрчсөн тохиолдолд маш өндөр болдог. Хариуцагчийн тайлбарт Онцгой комиссын хуралдааны тэмдэглэлийг удирдлага болгосон гэдэг боловч уг тэмдэглэлд шашны байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрөлтэйг нь хаа гэсэн чиглэл өгсөн байдаг. Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссын зорилго нь цар тахал тархаж байгаа болон болзошгүй байдлыг урьдчилан тогтоож тархаахгүй байх талаар арга хэмжээ авах талаарх тодорхой зорилго байсан. Гэтэл хариуцагч байгууллага зорилгоосоо гажаад ямарч үйл ажиллагаа явуулаагүй зогссон байсан шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоож хаа гэдэг шийдвэр гаргасан нь захиргааны акт зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдлыг тогтоох тухай зарчмаа хангаж чаддаггүй. Үндсэн хуулийн 19 дугаар зүйлийн 19.2-т онц болон дайны байдал зарласан тохиолдолд хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлана тийнхүү хязгаарлалт нь хүний амьд явах, шашин шүтэх, эс шүтэх, хүнд эрүү шүүлт тулгах хуулийн заалтыг үл хөндөнө гэж заасан байдаг.

      Аливаа улс оронд онц байдал зарлаж болно гэхдээ эрх бүхий байгууллагын шийдвэр нь хэзээ ч бусдын эрх, эрх чөлөөг хөндөж болохгүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд эрх бүхий байгууллага гамшгаас хамгаалах тухай хуулиар арга хэмжээ авахдаа доорх шаардлагыг хангана гэж байгаа ба аливаа гаргаж байгаа шийдвэр нь хуульд үндэслэсэн, үндэсний аюулгүй байдал болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байна гэж заасан болохоос биш бусдын эрхийг зөрчих тухай ойлголт биш юм. Гамшгийн тухай хуулийн гол зүйл нь хүний амьд байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хөндөөгүй байх гэсэн шаардлагыг гамшгийн тухай хуульд заасан байдаг. УИХ-ын тусгай журмаар цар тахлын нөлөөллийг багасгах хуулийг баталсан байдаг уг хуульд мөн адил эрх бүхий байгууллагын албан тушаалтан шийдвэр гаргахдаа бүх зүйлийг дурдсан цар тахалын хүрээнд шалгалт явуулж байгаад цугларсан нотлох баримтыг нийгмийн эрүүл мэндийг хангах зорилгоор ашиглаж болохоос биш урвуулан ашиглаж сүм, хийдийн үйл ажиллагаа цуцлах хүртэл арга хэмжээ авч байгаа нь ойлгогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуульд  заасан сонсох ажиллагаа явуулах талаар дурдсан байгаа захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдээс санал тайлбарыг нь авдаг ба сонсох ажиллагаа явуулаагүй байдаг. Шашны байгууллагын улсын бүртгэлд дурдсан ганц гишүүний талаар яриагүй шашны байгууллага нь өөрөө онцлогтой, гишүүнчлэлтэй байгууллага юм. Иймээс хүний эрхэд үндэслэлгүйгээр халдсан акт гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэл болон нотлох баримтын хүрээнд үнэн зөв шударгаар шийдэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдөр дэлхий даяар цар тахал тархаж байгаатай холбогдуулан дэлхийн бүх улс орон өөрийн дотоод үйл ажиллагаагаа зогсоох талаар ажил хийгдэж байгаатай адилаар Монгол улс цар тахалыг дотооддоо алдаагүй байгаа энэ байдлаа хадгалахын тулд онцгой нөхцөл байдал зарлаж онцгой нөхцөл байдал үүссэн үед иргэдийг олноор цуглуулдаг, үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хязгаарлалт тогтоож ирсэн. Төр, сүм хийдийн тухай хуулийн 9.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрхийг олгох эсэхийг заасан байгаа гэтэл Дархан амьд үг шашны байгууллага нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулаагүй байж өнөөдөр бидний эрхийг хөндөөд байна гэж байна. Жишээ нь Солонгос улсад шашны байгууллага үйл ажиллагаа явуулснаас болж цар тахал маш хурдтай тархаж байна. Ийм байдалтай байхад бид нар онцгой нөхцөл байдал үүссэн учраас Захиргааны ерөнхий хуулийн 28.1.2-т заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй. Дарханбаяр гэдэг хүнтэй өчнөөн олон удаа холбогдсон боловч утас нь холбогдохгүй байдаг утас нь холбогдохоороо манайх үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа гэдэг өөрийн гарын үсэгтэй ирсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан байдаг ба нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөд байгаа гэдэг нь үндэслэлгүй юм.

“Дархан амьд үг” шашны байгууллага нь бүтэн 5 жил үйл ажиллагаа явуулаагүй  ба энэ хугацаанд итгэгч нар итгэл үнэмшлийнхээ дагуу бусад сүмүүд дээр очиж мөргөлөө үйлдээд явж байгаа бид нар бусад сүмүүдэд очиж үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаагүй гэж үзэж байна. Иймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гарсан тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Дархан-Уул аймагт сүм, хийд байгуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих цуцлах, сунгах” тухай журмыг хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэж байна. Үндсэн хуулийн 62.2 дугаар зүйлд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж болно гэж заасан, хэрэв нутаг дэвсгэрийн тодорхой үйл ажиллагаа зохицуулах талаар зохих дээд шатны байгууллага тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага үндсэн хуулийн дагуу бие даан шийдвэрлэж болно гэж заасныг дагуу дээрх журмыг баталсан. Төр, сүм хийдийн хооронд харилцааг зохицуулах тухай хууль нь өөрөө 1992 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш шинэчлэгдсэн өөрчлөлт ороогүй байдлыг харгалзан хуулиар зохицуулаагүй харилцааг журмаар зохицуулж болдог учир бид өөрийн эрх хэмжээний хүрээнд дотооддоо энэхүү журмыг гаргасан. Хууль зүйн яаманд хандаж хэм хэмжээ тогтоосон акт хариуцах хэлтсийн даргатай холбогдож зөвлөгөө авч дээрх журмыг баталсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цасчихэрээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2020 оны Улсын онцгой комиссын 09 дүгээр хурлын шийдвэрт аймаг, нийслэлийн Хурлын дарга болон Засаг дарга нарт тусгайлан чиглэл өгсөн байдаг ба энэ нь тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрөлгүй сүмийг хаах арга хэмжээ авах тухай үүрэг өгсөн. Аймгийн онцгой комиссын 10 дугаар хурлаар аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын даргын баталсан удирдамж, онцгой байдлын газар, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газрын дарга нарын баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, шалгалт хийх удирдамжийн дагуу шашин сүм хийдийн байгууллагад хийгдэж буй шалгалтыг эрчимжүүлэх, хууль зөрчсөн болон зөвшөөрөлгүй байгууллагуудын үйл ажиллагааг хаах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэлдэхүүнийг энэ үйл ажиллагаандаа татан оролцуулах, нийгмийн бодлогын хэлтэс удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах чиглэлийн дагуу шашны байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлтийг танилцуулах үүрэг өгөгдсөн. Уг шалгалтын мөрөөр 33 шашны байгууллага шалгалтад хамрагдснаас “Дархан амьд үг” шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа дууссан, бүртгэлтэй байршилдаа байгаагүй нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11/02 дугаар тогтоолоор батлагдсан “Дархан-Уул аймагт сүм, хийд байгуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих цуцлах, сунгах” тухай журмын 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн. ДУА-т үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Засаг даргын А/208 дугаар, 2018 оны 01/367, 2019 оны 01/А338 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг тухайн байгууллагуудаар очиход Дархан амьд үг шашны байгууллага улсын бүртгэлийн хэлтэс болон аймгийн засаг даргын тамгын газарт бүртгэлтэй хаягтаа байхгүй утас нь холбогддоггүй эсвэл хотод байна гэдэг хариуг удаа дараа өгч байсан.

 “Дархан амьд үг” сүм нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 40 дүгээр тогтоолоор үйл ажиллагааныхаа зөвшөөрлийг сунгуулснаас хойш огт зөвшөөрлөө сунгуулаагүй байсан бөгөөд Дархан-Уул аймагт сүм, хийд байгуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих цуцлах, сунгах” тухай журмын 3.2-т заасан заалтыг зөрчсөн. 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 10:21:56 цагт 70373717 дугаарын утаснаас тус хэлтэст бүртгэлтэй байгаа 88078917 дугаарт залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Мөн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 08:18 цагт Ганбаатар мэргэжилтэн өөрийн 99371199 дугаар утаснаас тус хэлтэст бүртгэлтэй 94949481 утсаар сүмийн тэргүүн Дарханбаярт сүмийн зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэн ямар нэгэн тайлбар хүсэлт байвал яаралтай өгөх талаар хэлсэн. Дахин 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 10:32 цагт залгаж тайлбар хүсэлт байна уу? гэхэд сүмийн тэргүүн зөвшөөрлөө Дархан сумын Засаг даргад өгсөн гэсэн мэдүүлэг өгсөн. Ингээд Дархан-Уул аймгийн онцгой комиссын 2020 оны 13 дугаар хурлаас гарсан шийдвэрийн дагуу нэр бүхий хоёр сүмийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар болсон. “Дархан амьд үг” сүм зөвшөөрлөө сунгуулаагүй 3 жил болсон нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, “Дархан-Уул аймагт сүм, хийд байгуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих цуцлах, сунгах” тухай журмын 3 дугаар 3.2, 7.1, 8.2, 8.3, улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 13 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн шашны үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлахаар санал оруулснаар Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 28 дугаар тогтоолоор уг сүмийн шашны үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дархан амьд үг” шашны байгууллагаас “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28  дугаар тогтоолын “Дархан амьд үг” шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар тогтоолоор анх “Арвижих Амь” нэртэйгээр сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож шийдвэрлэснээр, шашны байгууллагын зөвшөөрөл авч, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ.

Улмаар 2006 онд “Бялхам амь” нэртэй,  2012 оны 11 сарын 15-ний өдөр “Дархан амьд үг” гэж нэрээ өөрчлөн шашны үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь удирдах зөвлөлийн хурлын тогтоол, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл хүсэлт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 73, мөн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолууд, 000039900 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тус тус  нотлогдож байна.

Хариуцагч нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний улирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Төр сүм хийлийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Дархан амьд үг” шашны байгууллагыг 2017 оноос үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунгуулаагүй” гэсэн үндэслэлээр шашны байгууллагын зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Дархан амьд үг” шашны байгууллагын сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл нь 2015 онд дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанаас хойш бүтэн 5 жилийн дараа дахин сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгуулах тухай” хүсэлтээ 2020 оны 03 дугаар сарын 18-19-ний өдрийн 02, 03, 22 дугаарын албан бичгээр Дархан-Уул аймгийн  болон сумын Засаг дарга, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус гаргасан байх ба Дархан сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/412 дугаар албан бичигт “ ...дэмжих боломжгүй”, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 80 дугаар албан бичигт “...аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн” гэсэн хариуг хүргүүлжээ.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг,нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байх бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  зөвхөн сүм хийд байгуулах тухай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх, мөн сүм хийдийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэлээр зогсоохоор зохицуулагдсан байна.

Гэтэл хариуцагчаас “сүм, хийд байгуулах, зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах” журмын дагуу шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунгуулаагүй, байршилаа өөрчилсөн тухайгаа мэдэгдээгүй” гэсэн үндэслэлээр “Дархан амьд үг” шашны байгууллагын зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11/02 дугаар тогтоолоор “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах, зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах” тухай  журмыг баталсан байх бөгөөд “Дархан амьд үг” шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлахдаа дээрх журмын наймдугаар бүлгийн зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох гэсэн заалтын 8 дугаар зүйлийн 8.2-д “холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд”, 8.3-д “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс аливаа шашны байгууллагын зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг зогсоосон тухай шийдвэр гармагц ... мэдэгдэж, хэвлэл мэлээллийн хэрэгслээр нийтэд зарлана” гэсэн заалтыг баримталжээ.

Энэхүү журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 3-2/82 дугаарын лавлагааны хуудсаар тодорхойлогдож байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэнтэй нийцээгүй, өөрөөр хэлбэл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт байна.

Түүнчлэн  “Дархан амьд үг” шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 дүгээр сарын 13, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус тус 1 жилийн хугацаагаар сунгасан, энэ хугацаа  нь 2014 оны 12 сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон, энэхүү хугацаанаас хойш 6 жилийн хугацаанд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна.

Нэгэнт шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь дуусгавар болсон, үйл ажиллагаа явуулах эрхгүй  байхад Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан маргаан бүхий актаар зөвшөөрлийг цуцалсан нь агуулгын хувьд ойлгомжгүй хууль зүйн үндэслэлгүй байх тул Дархан-уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолын  “Дархан амьд үг” шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  баримтлан  нэхэмжлэгч “Дархан амьд үг” шашны байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28  дугаар тогтоолын “Дархан амьд үг” шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА