Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1664

 

2018.12.10

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Элжигэн овогт Д.Од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0647 01799 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Элжигэн овгийн Д.О, 1975 оны 07 сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ********** тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар /***********/

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *********** тоотод оршин суух хохирогч Д.Цгийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бэлэн 1.400.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Хохирогч нь манай эгч юм, би хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Ажил хийж төлөхөөр эгчтэйгээ тохирсон байгаа. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн дүү Д.О, түүний хамтран амьдрагч Жагаа нартай цай, хоол идэж, архи уусан. Тухайн өдөр тэр хоёроос өөр хүн манайд ирээгүй. Гэрт бид дөрөвөөс гадна Үржинханд эгч байсан. Манай нөхөр хэсэг сууж байгаад архи сайн даадаггүй учир түрүүлээд согтоод өгөхөөр нь би орон дээр унтуулсан юм. Тэгээд би 00 руу бие засаж байхад гэнэт хүн орилох чимээ гарахаар нь би гайхаад гэртээ орсон. Гэрт орсон чинь орны хойд талд байсан чемодан дотор байсан хувцаснууд газар асгарсан байсан. Хувцаснаас гадна өөрийн өөрийн эмчилгээнд хэрэглэх гэж байсан 1.400.000 төгрөг алга болсон байсан. Манай нөхөрийн эгч Үржинцэрэн эгч 72 настай, огт архи уудаггүй байсан. Намайг ороод ирэхэд Д.О Зоригоог "сэрээрэй, сэрээрэй танай эгч чемодан дотроос мөнгө авчихлаа гээд орилоод байсан, би айгаад сандарлаа" гээд айсан түгшсэн шинжтэй зогсож байсан. Намайг 00 орчихоод гэртээ орж ирэхэд 1.400.000 төгрөгнөөс мөнгө газар унаагүй байсан. Би Д.О, Жагаа хоёроос мөнгөө нэхсэн боловч "бид хоёр аваагүй" гэж яриад байгаа мөртлөө нөхөр Жагаа нь огт дуугархагүй байсан. Цагаан сараар манай гэрээс Д.О 170.000 төгрөг бас хулгайлж байсан. Мөн адил би аваагүй гээд гүрийгээд байсан. Тухайн үед би өөрийн төрсөн дүү болохоор цагдаад хандаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-7-8/

Гэрч Н.Зоригоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 07 сарын 18-ны өглөө сэрэхэд манай эхнэр өөрийн эмчилгээнд хэрэглэх гээд авсан байсан 1.400.000 төгрөгөө орны дээд талд чемоданд хийсэн байсныг Д.О, Жаргалсайхан нар хулгайлсан гэж байсан. Миний эгч Үржинханд одоо 72 настай, хараагүй, миний асаргаанд байдаг эгчийг авсан гэж гүтгэсэн. Үржинцэрэн эгч "хэдийгээр би хараагүй ч гэсэн сонсох зүйлээ сайн сонсоно, тэр хоёр мөнгө хулгайлсан" гэж хэлж байсан Миний эгч барагтай гадагшаа гарч чаддагүй, ойр зуурын юм түшээд явдаг юм. Манай чемоданд 1.400.000 төгрөг байсан. Банкгы зээл авсан баримт, хуулга нь хүртэл байгаа. Хамгийн гол нь тухайн цаг хугацаанд бид хэдээс өөр хүн байгаагүй. Эхнэр 00 ороод ирэх хооронд л алга болсон байсан юм байна лээ..." гэх мэдүүлэг /хх 10-11/

Гэрч Н.Үржинцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Д.О, Жаргалсайхан, Зоригоо, Цэцэгмаа энэ дөрөв Цэцэгмаагийн гэрт архи ууж байгаа бололтой байсан. Би сонсголоороо болон үнэрлэж мэдсэн. Намайг Жаргалсайхан "архи уу" гээд шахаад байсан. Би угаасаа архи уудаггүй учир уугаагүй. Ингээд 1 цаг гаран архи ууж байгаад нэг мэдсэн Д.О "Зоригоо ахаа босооч ээ" гээд дуугараад байсан. миний ойлгосноор Зоригоо амархан согтдог учир унаад өгсөн бололтой байсан. Тухайн үед Цэцэгмаа 00 орох гээд гараад явсан байсан. Тэр үед тэр хоёр гэнэт босоод хувцасаа авах шиг чимээ гараад, Д.О байн байна "Зоригоо ахаа босооч" гээд сандралдаад ийш тийшээ холхиж байснаа Д.О Жаргалсайханд хандаж " чи rap, гар" гээд хөлийн чимээ хурдан гараад байхаар нь би айгаад гэрээс арай хийж тэмтрээд гарсан чинь цүнх шиг эд зүйлээр цохиод байх шиг байсан. Тэгээд намайг барьж аваад "чи муу ах дүү нартаа аваачиж өгөх гэж байна уу" гээд намайг түлхсэн. Тэр хооронд Цэцэгмаа ирсэн бололтой дуу нь гарсан чинь Д.О гэнэт "танай сохор эгч чинь мөнгө хулгайлчихлаа, гарцаагүй" энэ тэр гээд орилоод байсан. Би маргааш нь Цэцэгмаагийн гэрт орж юу болсон талаар асуухад "хамаг эд зүйл онгичож, сандайлсан байсан" гэж надад хэлсэн. Би хичнээн хараагүй боловч сонсох, мэдрэх чадвартай тухайн хоёр хүн гэрт хурдан, хурдан холхилдоод сандраад "Зоригоо ахаа босооч" гээд орилоод байсан. Би Цэцэгмаагийн гэрт тахил нь хаана байдаг эсэхийг нь мэдэхгүй, мөн тэр чемодан нь хаана байдаг талаар ч мэдэхгүй байж хараагүй намайг далимдуулж шууд гүтгэж эхэлсэн.Мөн тухайн үед "Цэцэгмаа эгч ороод ирнэ шүү" гээд Д.О чимээгүй гээд шивнээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/

            Хохирогчоор Д.Цгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 7-8 хуудас/ гэрч Н.Үржинцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, гэрч Б.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/, гэрч Н.Зоригоогийн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.     

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 08-1*********од оршин суух хохирогч Д.Цгийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бэлэн 1.400.000 төгрөг хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.О нь хохирогчид учруулсан 1.400.000 төгрөгийн нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүнрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.Од ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Элжигэн овгийн Д.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ооос нийт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цд олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР