Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 20

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Хэргийн индекс 114/2020/0017/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй

           Хариуцагч  Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 398 дугаар актыг хүчингүй болгуулах, аймгийн Ардчилсан намын ХААН банкан дахь 5109018726 тоот дансны хандивын тайланг баталгаажуулж, аудитын дүгнэлт гаргахыг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт даалгах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч:                                                                                Г.Гантулга

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                               Ж.Ганболд

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                         Н.Ариунболд

           Хариуцагч:                                                                                 Ч.Чүлтэмбат  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Аймгийн Ардчилсан намын дарга Г.Гантулгаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 140 дугаар албан тоотоор Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газарт хандан Дархан-Уул аймгийн Ардчилсан намын ХААН банкан дахь 5109018726 тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хандивын тайланг баталгаажуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газраас мөн өдрийн 398 албан тоотоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д1 гэж заасан хуулийн хугацаанд хандивын тайлангаа ирүүлээгүй тул хандивын тайланд дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

 Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газраас тус аймаг дахь улс төрийн нам, эвслүүдэд хандивын тайлан гаргаж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч манай намд уг мэдэгдлийг хүргүүлээгүй. Манай нам нь өөрийн ХААН банкин дахь 5109018726 тоот дансаар сонгуулийн жилд ямар нэгэн хандив авч байгаагүй бөгөөд Хувийн аудитын компаниар 2019 он, 2020 оны хагас жилийн тайландаа дүгнэлт гаргуулсан байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аудитын тухай хуульд тус тус зааснаар “сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдөр буюу хуулийн хугацаанд хандивын тайлангаа ирүүлээгүй гэх үндэслэлээр хандивын тайланд дүгнэлт гаргахгүй” талаар огт зохицуулаагүй. Харин нам, эвсэл, нэр дэвшигч нь тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуульд заасан асуудал байтал хариуцагч Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар нь өөрт эрх олгогдоогүй асуудлаар, хууль зүйн үндэслэлгүйгээр дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж байна.

Нам, эвсэл орон нутгийн хурлын ИТХ-ын сонгуульд оролцоход бүртгүүлэх шаардлагатай бичиг баримтын бүрдүүлбэрт Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 37.7-д заасан дээрх төрийн аудитын дүгнэлт шаардлагатай байдаг. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас Дархан-Уул аймгийн Ардчилсан намын ХААН банкан дахь 5109018726 тоот дансны хандивын тайланд үндэслэлгүйгээр дүгнэлт гаргахгүй, баталгаажуулахгүй гэснээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг бүртгэхээс татгалзах, улмаар сонгуульд оролцож чадахгүй үр дагавар, нөхцөл байдлыг үүсгэж байна. Манай намаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Үндэсний аудитын газарт гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд ийнхүү шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Дархан-Уул аймгийн Аудитын газрын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн Аудитын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гэх мэт олон хууль тогтоомж, дүрэм журмыг илтэд зөрчиж байгаа хууль бус, улс төржсөн байж болзошгүй үйл ажиллагаа, төрийн албан тушаалтны албан үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарч буй хохирол, үр дагаварууд нь эхнээсээ хууль зөрчсөн, төрийн байгууллагын хариуцлагагүй, алдаатай үйл ажиллагаа байсныг

 

аймгийн Аудитын газрын 2020 оны 06 дугаар сарын 329 дугаар албан бичиг, Монгол улсын Ерөнхий Аудиторын 2020-ны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/47 дугаар хүчин төгөлдөр бус эх сурвалж ашигласан, хууль бус тушаалаар нотлогдож байна. Төрийн аливаа байгууллага, албан тушаалтны албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах гол үндсэн зарчим нь ард иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих байдаг. Гэтэл иргэдээс хууль мэдэхийг шаардаж буй хариуцлагатай байгуулага нь шат шатандаа салбарынхаа хуулийг мэдэхгүй, хууль бус тогтоол шийдвэр гаргах, түүнийгээ биелүүлэхийг шаардаж, түүнээс үүдэн гарах хохирлыг ч үл хайхран бүхэл бүтэн 100 мянган хүнтэй аймгийн Ардчилсан нам, гишүүдийг Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчин хааж, хорьж байгаа нь өөрөө илт хууль бус гэдгийг нотолж байна.

 Иймээс олон мянган хүний эрх ашгийг зөрчсөн, олон хууль, тогтоомж зөрчсөн дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Төрийн байгууллагын удирдлага хүн өнөөдөр шинэ гарсан хуулийг иргэд төрийн бус байгууллагууд судалсан байх үүрэгтэй гэж  байна. Бид өнөөдөр хуулийн хэллэг ярихаасаа илүүтэй яг юу зөрчигдсөн талаар өмгөөлөгч тайлбарлалаа бид өнөөдөр акт мөн биш талаар маргах гэж ирээгүй. Шинэ гарсан хуулийг иргэн төрийн байгууллага хоёр хамтарч хэрэгжүүлж байж биелдэг зүйл, төрийн байгууллага иргэд болон аж ахуйн нэгжүүдэд таниулах үүрэгтэй. Бүртгэхгүй дүгнэлт гаргахгүй гээд байгаа төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа нь сонгогч иргэдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэдгийг шүүхийн зүгээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунболдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хандивын тайлангаа хянуулж, баталгаажуулах хүсэлт гаргах ёстой зөрүүлээд Төрийн аудитын байгууллага сонгууль эхлэхээс 60 хоногийн өмнө дүгнэлт гаргаж өгөх хуультай. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.2-т “...Орон нутгийн Хурлын сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, төлөөлөгчид нэр дэвшүүлж болно...” гэж заасан ба Ардчилсан нам нэр дэвшигчдээ дэвшүүлэх эрх нь зөрчигдөж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн 37.11-д “Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ” гэж заасан зохицуулалттай. Төрийн аудитын байгууллагаар дүгнэлтээ гаргуулахдаа материалаа хожимдуулж өгвөл хүлээж авахгүй гэсэн хориглосон заалт Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд хараахан байхгүй байна. Хориглоогүй байхад төрийн аудитын байгууллагын тайланг хүлээж авахгүй гэсэн тайлбар нь үндэслэл муутай  байна. Татварын хууль тогтоомжид татварын тайлангаа хожимдуулж өгвөл тодорхой хэмжээний торгуулийг нь төлөөд хүлээж авдаг. Заасан хугацаанд буюу 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор өгөөгүй бол хүлээж авахгүй байхаар зохицуулах хуулийн зохицуулалт байхгүй.

 Мөн Төрийн аудитын байгууллага өөрөө захиргааны байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийг үйл ажиллагаандаа баримталж ажилладаг гэж ойлгож байгаа.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар урьдчилан мэдэгдэх, хууль ёсны итгэлийг хангах гэсэн зарчмууд байдаг. Манай талаас ирсэн бичгийн дэвтрээ хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн уг дэвтэрт Төрийн аудитын газраас ирсэн мөрийн хөтөлбөртэй холбоотой анхааруулсан бичгийг хүлээж авсан бөгөөд сүүлийн бичгийг нь хүлээж авсан талаар дэвтэрт бүртгэл авагдаагүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын дагуу тайлангаа хугацаа хоцороож өсгөн нь Төрийн аудитын байгууллага нь хандивын тайланд аудитын дүгнэлт гаргахгүй байхаар заасан зохицуулалт байдаггүй. Төрийн аудитын байгууллага ирсэн тайланд дүгнэлт хийхэд тодорхой хугацаа зарцуулдаг учраас хуульд 60 хоногийн дотор дүгнэлт гаргана гэж заасан байдаг. Ардчилсан намаас сонгууль болохоос 60 хоногийн өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төрийн аудитын газарт дүгнэлт гаргуулахаар албан бичгээ хүргүүлсэн.

Аудитын байгууллага бол дүгнэлт гаргадаг болохоос биш сонгуультай холбоотой этгээд биш тодорхой нэг удаагийн үйлдлээр дүгнэлт гаргадаг байгууллага юм. Нэгэнт хугацаа хэтэрсэн тохиолдолд яах талаар тодорхой заалт болон хориглосон заалт байхгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Тухайн маргаанд хэрэглэх хуулийн заалт байхгүй бол үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан шийдвэрлэх боломжтой гэдгийг шүүх анхааран үзэхийг хүсч байна. Үндэсний Аудитын газрын 2020.06.17-ны өдөр намуудад хүргүүлсэн албан бичигт улс төрийн намын гишүүдээс намдаа өгсөн хандивыг хандив өгсөнд тооцохгүй гэсэн агуулгатай бичиг байсан. Ардчилсан намд гадны хувь хүн, байгууллагаас хандив өгсөн зүйл байдаггүй гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ч.Чүлтэмбатаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд энэ нь акт биш  мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг ба манай зүгээс акт гаргасан зүйл байхгүй учир нэхэмжлэлийн эхний шаардлага бол хуульд нийцэхгүй байна.

Хандивын тайланг баталгаажуулж, дүгнэлт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид  нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Нэгдмэл байсан 3 хуулийг салгаж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болгосон. Энэ тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд яригдах асуудал юм. Аливаа сонгуулийн тухай хууль тодорхой цаг хугацааны цагалбартай байдаг. Ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хандивын тайлангаа тухайн төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр хуульд заасан байгаа.

 Өөрөөр хэлбэл 06 сарын 24-ний өдөр сонгууль 22 цаг гэхэд тасалбар болгоно гэж заасантай яг адил утгатай юм. Ардчилсан намын тухайд сонгуулийн тухай хуулийн 25.3.6-д маш тодорхой заасан зүйлийг 37.7-д заасны дагуу биелүүлэх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй. 06 сарын 25-ны өдрөөс хойш Төрийн аудит хүлээн аваад дүгнэлт гаргах юм бол бид өөрсдөө хууль зөрчих болно. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр яг адилхан санкцтай мөрийн хөтөлбөрөө өгсөн мөртлөө хандивын тайландаа дүгнэлт гаргуулах талаарх материалаа өгөөгүй.

Хуулийн 25.3 -т “ намын сонгуульд оролцох хүсэлтийг бүртгэхэд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 7 зүйлийг нарийвчлан заасан ба энэ 7 зүйлийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайлан гэсэн хоёрт нь Төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргана гэж тодорхой хуульчилсныг Ардчилсан нам өөрсдөө зөрчсөн мөртлөө төрийн байгууллага ажлаа дутуу хийсэн гэж хандаж байгаад харамсаж байна. 07 дугаар сарын 09-ний өдөр мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг Ардчилсан намын Г.Гантулга даргад хүлээлгэж өгөхдөө хандивын тайлангаа цаг хугацаанд нь өгөөгүй юм бишүү гэж хэлсэн. Төрийн аудитын байгууллагаас намуудад зардлын дээд хэмжээ, хандивын тайланг гаргах тухай албан бичгийг 6 сарын 17-нд, мөн 06 сарын 19-ний өдөр мөрийн хөтөлбөрийн талаарх албан бичгийг Төрийн аудитын байгууллагын жолоочоор хүргүүлсэн. Зөвхөн Ардчилсан намыг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй харин шүүхээс үзлэг хийх явцад манай жолоочоос тодорхой тайлбар авсан байгаа. Тодруулбал тэр өдөр жолооч Ардчилсан намын байранд очоод Төрийн аудитаас явж байна бичиг өгөх гэсэн юм гэхэд Г.Гантулга дарга хуралтай байсан манай бичиг хэрэгт өгөөрэй гэж хэлсэн байдаг. Мөн 06 сарын 19-ний өдрийн албан бичгийг 06 сарын 20-ны өдөр яг тэр өрөөнд бичиг хүлээн авсан хүнд нь өгсөн байдаг. Бид цаг хугацааны цагалбарт зохицуулагдснаар сонгуулийн хуульд тусгаснаар эхэлж, дуусгавар болно  гэсэн үг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  хууль нь 2020 оны 01 дүгээр  сард батлагдсан ба энэ шинэ хуулийг бүх намууд  судалсан байгаа, Ардчилсан нам ийм ноцтой процетурын алдааг гаргасан байх ба нам хариуцлагатай хандсан бол ийм асуудал гарахгүй байсан, Ардчилсан намыг ганцааранг нь хавчсан мэтээр тайлбар өгч байгаад харамсаж байна.

 Бид төрийн байгууллагынхаа хувьд намууд хандивын тайлан, мөрийн хөтөлбөрөө ирүүлэх тухай мэдээлэл болон холбогдох ажилтныхаа дугаарыг хүртэл бичсэн. Ардчилсан намаас 06 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хугацаанд хандивын тайлангаа хянуулж баталгаажуулах тухай ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байхад бид дүгнэлт гаргах боломжгүй юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас  хариуцагч  Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар актыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар нь Дархан-Уул аймгийн Ардчилсан намын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаар “...дансны хандивын тайланг баталгаажуулж өгөх” тухай хүсэлтийг хүлээн авч,  2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан хуулийн хугацаанд хандивын тайлангаа ирүүлээгүй тул хандивын тайланд дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар маргаж байна. Маргаан бүхий 398 дугаар албан бичиг нь ээлжит сонгуулийн жилийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэхэд шаардлагатай баримт бичигт хариу өгсөн, эрх зүйн үр дагаврыг бий болгосон, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан  захиргааны актын шинжийг агуулж байх тул энэхүү албан бичгийг захиргааны акт гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Аймгийн Ардчилсан нам нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулах тухай хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Аудитын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, аймгийн Ардчилсан намын  2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д “Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж хуульчилснаас үзэхэд хандивын тайландаа дүгнэлт гаргуулах үүргийг  сонгуульд оролцох  Нам, эвсэлд орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хандивын тайлангаа баталгаажуулахыг үүрэг болгосон заалт байх бөгөөд нэхэмжлэгч нь  ээлжит сонгуулийн жилийн 6 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хандивын тайлангаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.4.1-д “хууль дээдлэх”, 7.4.3-д “шударга ёсыг сахих” гэж заасан зарчимтай нийцэж байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймаг дахь улс төрийн, нам, эвслүүдэд хандивын тайланг гаргаж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч манай намд мэдэгдлийг хүргүүлээгүй, энэ талаар мэдэгдэх байсан, хууль тогтоомж, дүрэм журмыг илтэд зөрчиж байгаа нь хууль бус, улс төржсөн үйл ажиллагаа гэжээ.

Хариуцагч нь хуульд зааснаар мэдэгдэл хүргүүлэх үүрэггүй боловч 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 323, 329 дүгээр албан бичгээр  2020 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн удирдлагуудад “хандивын тайлангийн маягт хүргүүлэх тухай”  мэдэгдлийг хүргүүлсэн байна.

2. “Аймгийн Ардчилсан намын ХААН банкан дахь 5109018726 тоот дансны хандивын тайланг баталгаажуулж, аудитын дүгнэлт гаргахыг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт даалгах тухай” шаардлагын тухайд:

Нэгэнт нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нь хуульд заасан хугацаанд хандивын тайлангаа гаргаж ирүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул “Аймгийн Ардчилсан намын ХААН банкан дахь 5109018726 тоот дансны хандивын тайланг баталгаажуулж, аудитын дүгнэлт гаргахыг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт даалгах” шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2,106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

            1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намын “Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар актыг хүчингүй болгуулах, аймгийн Ардчилсан намын ХААН банкан дахь 5109018726 тоот дансны хандивын тайланг баталгаажуулж, аудитын дүгнэлт гаргахыг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 /тав/  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА