Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0020

 

2014 оны 01 сарын 03 өдөр                    Дугаар 20                                      Улаанбаатар хот

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Ш.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.С нарыг оролцуулан хийж, Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор, Г.Д-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, Боловсрол соёлын газрын даргын ажлыг эгүүлэн тогтоолгох, мөн 2013 оны 01 дүгээр сарын 15-наас өнөөг хүртэл цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Г.Д-ийн 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэхэд дундаж оноо 67.7 хувь буюу дутагдалтай үнэлэгдсэн нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.2 дахь хэсэгт заасны дагуу албан тушаал бууруулах үндэслэл болсон.

Нэхэмжлэгч Г.Д нь 2013 оны 01 дүгээр сарын 11-нд аймгийн Засаг даргын дүгнэж баталгаажуулсан үр дүнгийн гэрээний илтгэх хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулахаас татгалзсан бөгөөд ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбарыг гаргаж өгөөгүй тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Б/14 тоот захирамжийг гаргасан.

Аймгуудын Боловсрол, соёлын газрын 2009, 2010, 2011 оны үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хяналт-шинжилгээ хийж, үнэлсэн үнэлгээгээр улсын дунджаас доогуур үнэлэгдэж байсан нь Г.Д албаны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ чанарын хувьд доголдуулсан болох нь тогтоогдож байсан тул албан тушаал бууруулах шалтгаан болсон.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Г.Д-ийн шүүхийн нэхэмжлэлтэй холбоотойгоор миний эрх, ашиг хөндөгдөж байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Г.Д-ийн үр дүнгийн гэрээний үнэлгээ, Засаг даргын захирамж, гарсан шийдвэрт манай байгууллагын зүгээс нөлөөлөх, эсвэл зөв бурууг дүгнэх боломжгүй юм.

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны үнэлгээ дүгнэлтээр сүүлийн 4 жилийн байдлаар манай газар нь улсын хэмжээнд ажлаараа 18-21 дүгээр байранд орж байсан болно. Аймгийн Засаг даргын тамгын газрын ХШҮ-ний тасгийн төлөвлөгөөт шалгалт 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллага дээр хийгдэж 2012 оны ажлын үзүүлэлтүүдийг голлон шалгахад хангалтгүй дүгнэгдсэн болохыг дурдъя” гэжээ.

Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д тус тус заасныг баримтлан Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Д-г урьд ажиллаж байсан Боловсролын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д-д 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүүг тооцож, зохих суутгалыг суутган бодож олгохыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолдоо: Гомдлын шаардлага: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн Г.Д-аас аймгийн Засаг дарга Ж.О-т холбогдуулан аймгийн Боловсрол соёлын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай буюу аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгуулж Боловсрол соёлын газрын даргын үүрэгт ажилд томилуулах мөн цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2,3 дугаар зүйлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн 2012 оны 12 дугаар сарын сүүлээр АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүргүүлсэн 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Э-д аймгийн Засаг дарга урьдчилсан байдлаар гэрээний биелэлтийг дүгнэх үүрэг амаар өгсний дагуу хэлтсийн салбар хариуцсан мэргэжилтнүүд буюу Н.О, Д.Ө нарын хамт Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам”-ын дагуу бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлснийг аймгийн Засаг дарга хянаж албан ёсоор баталгаажуулсан ба нэхэмжлэгч Г.Д-д гэрээтэйгээ танилцаж гарын үсэг зурах тухай мэдэгдэхэд Засаг даргын дүгнэж баталгаажуулсан Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулахаас татгалзсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.15.2 /Ерөнхий менежер төсвийн ерөнхийлөн захирагчийн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа бол энэ тухай үндэслэлийг тусгасан тайлбарыг төсвийн ерөнхийлөн захирагчид бичгээр гаргаж өгнө.1 дахь хэсэгт заасны дагуу ямар үндэслэлээр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбарыг нэхэмжлэгч аймгийн Засаг даргад гаргаж өгөөгүй тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 тоот захирамжаар Албан тушаал бууруулах шийдвэрийг гаргасан.

Мөн нэхэмжлэгч Г.Д аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд албан тушаал бууруулсан асуудлаар өргөдөл гаргаж зөвлөлөөс нэхэмжлэгчийн 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшнийг 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, “мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх журам”-ын дагуу дахин үнэлэх шийдвэр гаргасан.

Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдож нэхэмжлэгчийн 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшний биелэлтээс бага оноо авсан бүтээгдэхүүн тус бүр дээр ярилцлага хийж дахин үнэлж, уг үнэлгээний талаар ажлын хэсэг Төрийн албаны салбар зөвлөлд мэдээллийг сонсгоход өмнөх дүгнэлтийн үнэлгээ бодитой байна гэж үзсэн нь аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 тоот захирамж эрх зүйн үндэслэлтэй болохыг баталсан.

2. Аймгуудын Боловсрол соёлын газрын 2009, 2010, 2011 оны үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 337 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан хяналт-шинжилгээ хийж, үнэлсэн үнэлгээгээр манай аймгийн Боловсрол, соёлын газар нь тоон үзүүлэлтийн үнэлгээ болон газрын үйл ажиллагаанд өгсөн чанарын үнэлгээгээр дээрх онуудад улсын дунджаас доогуур үнэлэгдсэн нь Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байсан Г.Д албаны үндсэн чиг үүрэг болох Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Соёлын тухай хуульд болон Ажлын байрны тодорхойлолтод заасан Боловсрол, соёлын талаарх төрийн бодлогыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхдээ чанарын хувьд доголдуулсан болох нь дээрх онуудад салбарын яамнаас хийсэн хяналт шинжилгээний үнэлгээгээр тогтоогдож байсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 /албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн/ дэх хэсэгт заасан үндэслэлээр албан тушаал бууруулах болсон.

Иймд аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Г.Д-г түүний 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний үнэлгээ хангалтгүй үнэлэгдсэн болон, 2009, 2010, 2011 онуудад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аймгийн Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааг үнэлсэн үнэлгээгээр хангалтгүй байсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр албан тушаал бууруулах үндэслэл болсон учир Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа тул давж заалдах журмаар тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Д-г Боловсрол, соёлын газрын даргын албан тушаалаас бууруулжээ.

Маргаан бүхий дээрх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийсэн чанарын үнэлгээгээр Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газар 2009 онд 21 дүгээр байранд 2010 онд 17.5 буюу улсын дунджаас доогуур, 21 аймаг, 1 нийслэлээс 22 дугаар байранд, 2011 онд 20.3 буюу улсын дунджаас доогуур, 20 дугаар байранд 2012 онд 22.5 буюу улсын дунджаас 1.5-аар доогуур, 18 дугаар байранд орсон байна.

Аймгийн Боловсрол, соёлын газрын даргын ажлын байрны тодорхойлолтоос үзвэл орон нутгийн боловсрол, соёлын хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тухайн салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах зэргийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйн хувьд аймгийн Боловсрол, соёлын газрын ажлын чанарын үзүүлэлтийг хариуцаж ажиллах албан тушаалтан мөн боловч тухайн аймгийн боловсролын чанарын үзүүлэлт нь сургууль завсардалт, сургуулийн анги, бүлгийн дүүргэлт зэрэг тоон үзүүлэлт, ажилтнуудын мэргэжил дээшлүүлсэн байдал зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байх тул боловсролын чанар доогуур байгааг зөвхөн тухайн газрын даргын үйл ажиллагаатай холбох үндэслэлгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулсан үр дүнгийн гэрээний[1] биелэлтийг дүгнэж, түүнийг үндэслэн Б/14 дүгээр тушаалыг гаргасан гэх атлаа тайлбар болон давж заалдах гомдолдоо 2009-2011 онуудад Боловсрол, соёлын газрын үйл ажиллагаа улсын дунджаас доогуур байсан” гэж тайлбарлаж байгаа нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй бөгөөд хэрэв эдгээр үзүүлэлттэй холбоотой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн бол үр дүнгийн гэрээг 2012 онд байгуулахдаа энэ талаар хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлуудыг харилцан тохиролцож, 2012 оны үр дүнгийн гэрээнд тусгаж, гэрээг байгуулаад, түүнийг үнэлж, дүгнэх ёстой байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн 2012 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, түүнийг үндэслэн шийдвэр гаргахдаа 2012 онд яамнаас хийсэн хяналт-шинжилгээгээр тус аймгийн Боловсрол, соёлын газар үйл ажиллагаагаараа 18 дугаар байр эзэлж, 2009-2011 онтой харьцуулахад ахиц гарсан байгааг анхаарч үзээгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ “О” буюу дутагдалтай биелүүлсэн гэж дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлж дүгнэх журмын 6.1, 6.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-тай ярилцлага хийх журмыг зөрчсөн болох нь хэргийн оролцогчийн тайлбар, гэрч С.Э, Д.Ө нарын “ярилцлага хийгээгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн хариуцагчаас давж заалдах гомдолдоо “... Н.О, Д.Өг нарын хамт нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг 2009 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэлснийг аймгийн Засаг дарга хянаж баталгаажуулсан” гэх боловч тус 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам”-ын 3.8-д үр дүнгийн гэрээг дүгнэж, үнэлгээ өгөхдөө ярилцлага хийх журамтай байх тул хариуцагч нь үр дүнгийн гэрээг үнэлэхдээ тогтоосон журмын дагуу үнэлээгүй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “Г.Д нь ямар үндэслэлээр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбарыг өгөөгүй тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрсөн” гэж үзсэн гэжээ.

Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх журам /2009 он/-ын 3.15.2, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх журам /2012 он/-ын 6.5-д тус тус зааснаар өгсөн үнэлгээтэй санал нийлэхгүй талаар Г.Д нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар албан бичгээр мэдэгдсэн байхад дээрх журмын дагуу асуудлыг дахин авч үзэлгүйгээр, “үндэслэлээ бичээгүй” гэх шалтгаанаар үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.13-т заасны дагуу аймаг, нийслэлийн боловсролын газрыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Боловсрол, шинжлэх ухааны яам хэрэгжүүлэх бөгөөд мэргэжлийн удирдлагаар хангах бүрэн эрх бүхий тус байгууллагаас Боловсрол, соёлын газруудын 2012 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, тус аймгийг “хангалттай” түвшинд ажилласан гэж дүгнэсэн байхад аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагын энэхүү үнэлгээг судлахгүйгээр зөвхөн “улсын дунджаас доогуур” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан нь дээрх хуультай нийцээгүй байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн боловсролын газрын даргыг томилж, чөлөөлөхдөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж шийдвэрлэх ёстой ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд "... Боловсрол, шинжлэх ухааны яамтай зөвшилцсөн” гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.