Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Х-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Х-т холбогдох эрүүгийн 1802004140238 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э-ийн Х, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ аймгийн ............. суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүргийн ... дүгээр хороо, Ар согоотын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:...................../;

Э.Х нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс 2018 оны 8 дугаар сард НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 992 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-42 тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Э.Х-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Х-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.Х-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус   дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ногоон өнгийн чийгтэй 992 грамм ургамал мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан хар ногоон өнгийн ургамлын үр мэт зүйлтэй тугалган цаас, 8x14см хэмжээтэй базсан хэлбэртэй тугалган цаас, “Оригнал асаагуур” гэсэн бичигтэй нэг талдаа бор өнгийн шавар мэт зүйл наалдсан ногоон өнгийн асаагуур, Coca Cola гэсэн бичиглэлтэй таггүй 0.5 литрийн багтаамжтай, 30 литрийн багтаамжтай, дотроо ургамлын үр мэт зүйлийн үртэстэй цэнхэр өнгийн хуванцар сав, хоёр талдаа бариултай, дотор тал нь ногоон шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хоолны сав, бор өнгийн цаасан голд нь хуйлсан тугалган цаас зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын 50 төгрөгний мөнгөн дэвсгэртийг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлж, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Х гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас нийгэмд учрах хор хөнөөлийг арилгах талаас нь хориотой зүйлээ сайн дураараа өөрөө хүлээлгэж өгсөн. Мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж хэрэгтэнг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Би тодорхой эрхэлсэн ажилтай, оршин суух хаягтай бөгөөд ээж Энхцэцэг ажилгүй эмнэлэгийн хяналтанд байдаг. Эхнэр Анужин МУИС-д оюутан, хүү Азбилэг 1 нас 5 сартай. Ээж, эхнэртээ тус болж ар гэрээ авч явдаг. Өөрийн буруугаас болж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, дахин хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байж чадна.” гэв.

 

Шүүгдэгч Э.Х-ийн өмгөөлөгч Г.Сүхээ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Х нь анхнаасаа хэргээ үнэн зөвөөр тогтвортой мэдүүлсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Мөн тэрээр өөрөө сайн дураараа эд мөрийн баримтаа хураалгаж байсан. Миний хувьд хэргийн зүйлчлэл болон процессын хувьд маргахгүй. Э.Х-ийн хувийн байдлын талаар ярихад, түүний эхнэр эрхэлсэн ажилгүй, оюутан, бага насны хүүхэдтэй, одоо жирэмсэн, төрсөн эх Энхцэцэг нь мөн архаг хууч өвчтэй байнга асаргаа шаардагддаг. Э.Х “Ихэр алмаз” ХХК-д ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан бөгөөд одоо гэр бүлийн байдал хүндэрч байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэж оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Х-ийн хувьд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Э.Х нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс 2018 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 992 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-42 тоотод хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Гэрч У.Анужингийн “Э.Х нь 2018 оны 8 дугаар сарын сүүлээр билүү, 9 дүгээр сарын эхээр билүү би яг сайн санахгүй байна, Төв аймгийн Жаргалант руу төмс хураах гэж явсан. Хөдөөнөөс ирэхдээ хоосон халтайсан юм ирсэн, юу ч авчраагүй” гэх мэдүүлэг /1хх-37-39/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-6/, хэргийн газарт үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-11/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12-16/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9844 дугаартай дүгнэлт /1хх-48/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9841 дугаартай дүгнэлт /1хх-55-56/, шинжээч Б.Лхамчингийн мэдүүлэг /1хх-60-62/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Э.Х-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Э.Х-ийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Э.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                     ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ