Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 95

 

“Эм Эм И Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 810 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар магадлалтай, “Эм Эм И Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 810 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, 18 дугаар зүйлийн 18.1, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эм Эм И Жи” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Эм Эм И Жи” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгож, тус компанийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан NE-024987 өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт орших “Дөт” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрээс “Домогт хээр” компанид Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дах “Хүрэн Уул” нэртэй талбайд XY-018741 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс “Эм Эм И Жи” ХХК-тай давхацсан хэсгийг хүчингүй болгож, “Эм Эм И Жи” ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дах “Дөт” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 36 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 810 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5” гэснийг хасч, “Ашигт талтмалын газрын” гэснийг “Ашигт малтмалын газрын” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг төлөөлж тус хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Говь-Алтай аймгийн Засаг даргын татгалзсан хариуг үндэслэж “Эм Эм И Жи” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй атлаа уг нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад Говь-Алтай аймгийн Засаг даргын дэмжсэн хариуг үндэслэж “Домогт хээр” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ” гэжээ.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Дөт” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн “Эм Эм И Жи” ХХК-ийн өргөдлийг бүртгэсэн даруйд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзээд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 6/388 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Татгалзсан хариуг хуулийн хугацаанд ирүүлсэн тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “Эм Эм И Жи” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дах “Дөт” талбайтай хэсэгчлэн давхцалтай Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Хүрэн уул” талбайд талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн “Домогт хээр” ХХК-ийн өргөдлийг бүртгэсэн даруйд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзээд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6/3853 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Дэмжсэн саналыг хуулийн хугацаанд ирүүлсэн тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “Домогт хээр” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Ингэхдээ өөрийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулаагүй болно.

Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг өөрийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд үндэслэн Засаг даргын саналын үндэслэл, шалтгааныг тодруулаагүй тусгай зөвшөөрөл олгосон буруутай гэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироож Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийг дүгнэхдээ хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудтай зөрчилдсөн дүгнэлт хийсэн. Үүнд, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 26 өдрийн 1/317 дугаар албан бичиг, 2015 оны 2 дугаар сарын 26 өдрийн 66 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 16 өдрийн 04 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2 дугаар сарын 16 өдрийн 1/100 дугаартай албан бичиг зэрэгтэй зөрчилдөж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан нь хуулиар эрх олгосон байна. Ийнхүү “Эм Эм И Жи” ХХК-д аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг үндэслэн “дэмжихгүй” гэсэн санал өгч түүнийг нь үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс татгалзсан хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар санал авахаар Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Аймгийн Засаг дарга нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэн-Уул нэртэй талбайд “Домогт хээр” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналын хуудсыг Кадастрын хэлтэс ирүүлсэн тул “Домогт хээр” ХХК-д ХҮ-018741 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Эм Эм И Жи” ХХК-ийн гаргасан Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Дөт” нэртэй газрын 5541 га талбайд хайгуул хийх эрхийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч бүртгэж, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу анхан шатны болон зураг зүйн шүүлт хийж, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, энэ тухай Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, санал авахад тус Засаг даргаас тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/137 дугаартай албан бичгээр хариу мэдэгджээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оос татгалзсан хариу нь тухайн талбай байрших Бигэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс авсан саналын дагуу байх ба тэдгээрт  “Дөт” нэртэй газарт сүг зураг, хадны бичээс, өвөг дээдсийн булш бунхан олноор байдаг, одоо сумын оршуулгын газар болсон гэж дурдаж, тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч байгууллага нь Говь-Алтай аймгийн Засаг даргаас дахин “санал” авахаар 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэл явуулсан ба Засаг даргаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “санал өгөх боломжгүй, танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн хариу ирүүлсэн тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.2.3-т заасныг үндэслэн “Эм Эм И Жи” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Мөн гуравдагч этгээд “Домогт хээр” ХХК нь дээрх “Дөт” нэртэй газрын 5541 га талбайг бүхэлд нь хамруулан “Хүрэн уул” нэртэй газрын 11220 талбайд хайгуул хийх эрхийн тусгай зөвшөөрөл авахаар 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргасныг Кадастрын хэлтэс хүлээн авч бүртгэн, анхан болон зураг зүйн шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахад тусгай зөвшөөрөл олгохыг нь “дэмжсэн” байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Домогт хээр” ХХК-ийн өргөдлийн талбайд хийсэн зураг зүйн шүүлтээр 0.13 га нь “нөөцөд авсан” талбайтай давхацсаныг тогтоож, энэ давхцалыг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар “давхцалд тооцохгүй” гэж үзсэн, тус компанийн өргөдөлд тусгагдсан хайгуулын талбайд  Засаг даргын “дэмжээгүй” саналын дагуу нэхэмжлэгч “Эм Эм И Жи” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан “талбай” бүхэлдээ багтсан болох нь тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зохицуулсан нь хуульд заагаагүй үндэслэлээр “татгалзаж” болохгүйг хориглосон агуулгатай учир хууль зүйн үндэслэлгүй татгалзсан Засаг даргын “санал” нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийн үндэслэл болохгүй.

Ийм ч учраас Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.3-т “аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлтэй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулах” гэж, 4.5-д “хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 3 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулах” гэж тус тус журамласан байна.

Гэтэл хариуцагч нь, Засаг даргын “дэмжээгүй санал”-ыг 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр авсан атлаа дүгнэлт өгч, дээрх журмын дагуу шийдвэрлээгүй, улмаар нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрөл хүссэн” өргөдлийг 3 сар 15 хоногийн дараагаар “татгалзаж”, татгалзсан шийдвэр гаргасныхаа 7 хоногийн дараа уг талбайг хамруулан тусгай зөвшөөрөл авахаар гаргасан гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “...шударга ёсыг хангах, хууль дээдлэх...” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт төрийн захиргааны байгууллагын баталсан зааврыг баримталсан нь буруу болсныг магадлалд хасч залруулсан нь зөв болжээ.

Шүүхүүд Ашигт малтмалын тухай 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан төрийн захиргааны байгууллага нь “тусгай зөвшөөрөл олгох” захиргааны актыг гаргахын тулд заавал биелүүлэх ёстой буюу аймаг, нийслэлийн Засаг даргаас “санал” авах эрх зүйн шаардлагыг үгүйсгээгүй, 19.5 дахь заалтын агуулга нь аймаг, нийслэлийн Засаг даргад “хуульд заагаагүй үндэслэлээр татгалзах”-ыг хориглосон зохицуулалт болохыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан “Засаг даргын “дэмжихгүй” санал өгсөн үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар 12.1.1-д заасан ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ