Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0100/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч А.Б,

Шүүгдэгч Т.А /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.А-д холбогдох эрүүгийн 1918008380042 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Т.А, суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  .......... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 1 жил 2 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчин” зочид буудлын 05 тоот өрөөнөөс иргэн А.Б  ....... дугаартай ХААН банкны данстай виза карт,  өмсөж явсан хар өнгийн хагас түрийтэй шинэвтэр өвлийн гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1335000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Т.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг очиход Н.Т ах унтаж байсан бөгөөд А.Б ах байгаагүй. Шөнийн 01:00 цагийн орчимд ирсэн. ...А.Б ах бид хоёр авсан шар айргаа уугаад шар айраг дуусаагүй байхад А.Б ах согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь А.Б өмсөж явсан 1 хос гутал, түүний банкны виза картыг аваад виза картыг ашиглан АТМ-ээс 1,150,000 төгрөг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цагдан хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгосон” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч .А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Нүүдэлчин зочид буудалд байхдаа гутал, виза картаа хулгайд алдсан. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө сэрээд дансны үлдэгдлээ шалгахад 1,150,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Мөн тухай өдөр 185000 төгрөгөөр худалдан авсан гутлыг хулгайлаад явсан байсан. Иймд 1335000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,

 

-Хохирогч А.Б Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4/,

 

-Хохирогч А.Б ........ дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 5/,

 

-Хохирогч А.Б ....... дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

 

-“Нүүдэлчин” зочид буудлын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12/,

 

-Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 01-ний шөнө манай найз ***** манай гэрт ирээд буудалд өрөө авчихсан байгаа гээд явах гээд манай төрсөн дүү Т.А хамтаар гарсан. Тэгтэл өнөө өглөө 00.09 цагийн үед манай найз Бнад руу залгаад “танай дүү миний гутал, виза карт зэргийг аваад явчихсан байна.” гэж хэлсэн.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар 185000 /нэг зуун наян таван мянга/ төгрөг байна.” гэх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / хавтаст хэргийн 40-41/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эрүүгийн 1918008380042 дугаартай хэргийн яллагдагч этгээд нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт айлд байна гэх мэдээлэл ирж Цагдаагийн газраас алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу хөдөлсөн. Ингэхдээ албаны***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарч явсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу очоод эргээд Дархан-Уул аймагт буцаж ирэхэд шаардлагатай 40 литр бензинийг авч зарцуулсан.

...бензиний мөнгөн дүн нь нийт 70640 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87/,

 

-Аксент маркын***** улсын дугаартай автомашинд АИ-92 төрлийн 70640 төгрөгийн үнэ бүхий 40 литр бензин олгосон хуудас /хавтаст хэргийн 88/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчин” зочид буудлын 05 тоот өрөөнөөс иргэн А.Б  ..........  дугаартай ХААН банкны данстай виза карт,  өмсөж явсан хар өнгийн хагас түрийтэй шинэвтэр өвлийн гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1335000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *****ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б 1335000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг,  ***** дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 5/, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / хавтаст хэргийн 40-41/ зэргээр тус тус нотлогдож байх бөгөөд шүүгдэгч ***** нь хохирлоос төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Т.А 1335000 төгрөг гаргуулж, хохирогч А.Б олгохоор шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.А эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны  04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.А Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас баривчлан авчирсан зардалд 70640 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бензиний мөнгөн дүн нь нийт 70640 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87/, аксент маркын***** улсын дугаартай автомашинд АИ-92 төрлийн 70640 төгрөгийн үнэ бүхий 40 литр бензин олгосон хуудас /хавтаст хэргийн 88/ зэргээр тус тус нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 70640 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Т.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1335000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Т.А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.А энэ хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны  04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.А 1335000 /нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ......... тоотод оршин суух Б овогт А.Б-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 70640 /далан мянган зургаан зуун дөч/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ