| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0197/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/207 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний оройн 21 цагийн орчим Дорноговь аймгийн ... тоотод хохирогч С.Мтай маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй …” гэв.
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна...Би түүнийг толгойгоороо 1 удаа мөргөсөн ба тэр үед түүний шүд хугарсан.С.М гадаа байхдаа цээж нүцгэн байсан ба бид 2 зууралдаж газар унахад түүний нуруу зулгарсан байх мөн газар унасан байхдаа түүнийг 2, 3 удаа цохьсон, хаана хаана нь цохисноо мэдэхгүй байна...Би түүнтэй уулзаж албан ёсоор уучлал гуйж...эвлэрсэн...С.Мын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
Хохирогч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Тд зодуулж бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсон...өөр хүнд зодуулаагүй...архи ууж байгаад ажлаас болоод маргалдсан...хохирлоо авсан ...гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болсон...би тухайн үед нилээд согтолттой байсан учраас яагаад түүнийг түрүүлээд цохьсон үйлдлээ санахгүй байна, архи ууж байхдаа Ттай ажлаас болж маргалдаж байсан үйлдлээ санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас /,
Шинжээчийн ... дугаартай: “...С.Мын биед доод зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ххийн 5 дугаар хуудас/,
Гэрч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр...М ахын гэрт... архи хуваагаад ууж байтал С.М ах Б.Ттай ажил ярьж байгаад хоорондоо маргалдсан...М ах гэнэт ууртай босож ирээд Ты нүүр рүү баруун гараараа 1 удаа цохьсон...М Ты энгэрээс нь заамдаж аваад үүд хэсэг рүү түрэхэд Т түүний нүүр рүү нь 1 удаа толгойгоороо мөргөхөд...А салгасан...Т М ахыг мөргөх үед амнаас нь цус гарсан байсан...Гэрээс нь гараад М ахыг босгох үед түүний нуруу нь зулгарсан байдалтай байсан. Мөн нүүр нь шанаа талаараа хавдсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч В.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд...Т босож ирээд Мыг бариад татаж аваад нүүр хэсэг рүү нь мөргөсөн...араас нь гарахад М доор нь орчихсон, Т дээр нь гарчихсан байдалтай түүнийг дараад хэвтэж байхад нь бид нар очиж салгаад...харьсан...Тэр хоёр хоорондоо 50 вагон газар алхсан, алхуулсан талаар ярьж байсан ба...М Тыг шууд цохиж эхэлсэнээс болж зодоон үүссэн...М нь Тыг зүгээр сууж байхад нь хэрэлдэж байгаад түүнийг гараараа 1 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас /,
Гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т, М нар...хоорондоо маргалдаж байсан... М нь Тыг зүгээр сууж байхад нь хэрэлдэж байгаад түүнийг гараараа 1 удаа цохиод авахад Т босож ирээд Мыг бариад татаж аваад нүүр хэсэг рүү нь мөргөөд тэр 2 зууралдаад...Т “3а одоо больё, Найраа” гээд гэрээс гарч байгаа харагдсан. Би шалан дээр гоожсон байсан цусыг цэвэрлэж дуусаад...араас нь гартал М доор нь орчихсон, Т дээр нь гарчихсан байдалтай түүнийг дараад хэвтэж байхад нь бид нар очиж салгаад...харьсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас /,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний оройн 21 цагийн орчим Дорноговь аймгийн ... тоотод хохирогч С.Мтай маргалдаж улмаар түүний нүүр рүү мөргөж, 2-3 удаа цохьсон болох нь тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр...М ахын гэрт... архи хуваагаад ууж байтал С.М ах Б.Ттай ажил ярьж байгаад хоорондоо маргалдсан...М ах гэнэт ууртай босож ирээд Ты нүүр рүү баруун гараараа 1 удаа цохьсон...М Ты энгэрээс нь заамдаж аваад үүд хэсэг рүү түрэхэд Т түүний нүүр рүү нь 1 удаа толгойгоороо мөргөхөд...А салгасан...Т М ахыг мөргөх үед амнаас нь цус гарсан байсан...Гэрээс нь гараад М ахыг босгох үед түүний нуруу нь зулгарсан байдалтай байсан. Мөн нүүр нь шанаа талаараа хавдсан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч В.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд...Т босож ирээд Мыг бариад татаж аваад нүүр хэсэг рүү нь мөргөсөн...араас нь гарахад М доор нь орчихсон, Т дээр нь гарчихсан байдалтай түүнийг дараад хэвтэж байхад нь бид нар очиж салгаад...харьсан...Тэр хоёр хоорондоо 50 вагон газар алхсан, алхуулсан талаар ярьж байсан ба...М Тыг шууд цохиж эхэлсэнээс болж зодоон үүссэн...М нь Тыг зүгээр сууж байхад нь хэрэлдэж байгаад түүнийг гараараа 1 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т, М нар...хоорондоо маргалдаж байсан... М нь Тыг зүгээр сууж байхад нь хэрэлдэж байгаад түүнийг гараараа 1 удаа цохиод авахад Т босож ирээд Мыг бариад татаж аваад нүүр хэсэг рүү нь мөргөөд тэр 2 зууралдаад...Т “3а одоо больё, Найраа” гээд гэрээс гарч байгаа харагдсан. Би шалан дээр гоожсон байсан цусыг цэвэрлэж дуусаад...араас нь гартал М доор нь орчихсон, Т дээр нь гарчихсан байдалтай түүнийг дараад хэвтэж байхад нь бид нар очиж салгаад...харьсан…” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн ... дугаартай: “...С.Мын биед доод зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл болох шүүгдэгч Б.Ты нүүрэн тус газар гараараа цохих, хэрүүл маргаан үүсгэх зэрэг зүй бус үйлдлээс шалтгаалсан болох нь гэрч Б.Х, В.А, О.А нар гэрчлэн мэдүүлснийг хохирогч үгүйсгээгүй ба “...би тухайн үед нилээд согтолттой байсан учраас яагаад түүнийг түрүүлээд цохьсон үйлдлээ санахгүй байна, архи ууж байхдаа Ттай ажлаас болж маргалдаж байсан үйлдлээ санаж байна...” гэсэн хохирогч С.Мын мэдүүлэг нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсныг нотлож байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Тд торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, эд хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгчийн эдийн засагт дарамт учруулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Хавтаст хэргийн 32 дугаар хуудаст хохирогч С.М нь “...Тд гомдолгүй...сайн дураараа эвлэрч ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА