| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/2753/И |
| Дугаар | 181/ШШ2017/02846 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2017/02846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...........хаягт оршин суух Х овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .......... оршин суух БНХАУ-ын иргэн H /Х/-д холбогдох
Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний үүргийн гүйцэтгэлд 58,500,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн бичгээр гаргасан батлагааг хүчинтэйд тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн төлөөлөгч Р.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б би 2017 оны 2 сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Н /Х/ -тай зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон болно. Зээл авахын тулд Б.Б миний бие нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 76 тоот хаягт байрлах 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж барьцаалан барьцааны гэрээ хийе гэсэн боловч Н /Х/ нь барьцааны гэрээ хийхгүй чи үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр сууцны “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ чинь миний өмчлөлд шилжин, миний нэр дээр гарч ирэнгүүт зээл олгоё, чи зээлээ төлж дуусгаад буцаагаад өөрийн байраа нэр дээрээ шилжүүлээд аваарай гэсний дагуу 2017 оны 2 сарын 3-ны өдөр барьцааны гэрээний оронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулсан болно. Зээлийн гэрээг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрны 1-р давхарт байрлах нотариатч дээр хийгээд тэндээсээ гараад шууд үүдэнд байрлах нотариатч дээр үл хөдлөх эд хөрөнгө худапдах, худалдан авах гэрээг тус тус нэг дор хийсэн. Зээлдүүлэгч нь зээлдэгч миний Хаан банкны 5009046439 тоот дансанд 2017 оны 2 сарын 3-ны өдөр 36,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлдэгч Б.Б би зээлдүүлэгчийн дансанд 700,000 төгрөг, 4,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд миний барилгын компанид нийлүүлсэн бараа материалын үнэ төлөгдөхгүй байсан учраас зээлдүүлэгчид учир байдлаа хэлж зээлийн гэрээний хугацааг сунгах, зээл төлөх хугацааг түр хугацаагаар хойшлуулаад өгөөч, энэ хугацаанд зээлээ төлж барагдуулъя гэсэн хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй. Гэтэл зээлдүүлэгч нь барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлж өг, өгөхгүй бол хүн хөлсөлж хөөж гаргаж бусдад худалдан борлуулна гэх мэтээр сүрдүүлж, дарамталж эхэлсэн болно. Би Н /Х/ -аас зээл авсан болохоос өөрийн амьдарч байгаа орон сууцаа худалдан борлуулаагүй билээ. Иймд Б.Б миний Н /Х/ -тай 2017 оны 2 сарын 3-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хувьсгалт нь 2017 оны 2 сарын 3-нд Б.Б тай харилцан тохирч 40,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 1 сарын 10 хувийн хүүтэй зээлүүлж зээлийн гэрээ байгуулсан юм. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрын 76 тоотод байрлах 2 өрөө байрыг барьцаалах баталгаа гаргаж өгснөөс гадна тус байрыг худалдах худалдан авах гэрээг байгуулан Хувьсгалтын нэр дээр шилжүүлж өгсөн. Учир нь хугацаандаа мөнгөө өгч чадахгүй бол тухайн байрыг авч болно гэж хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр энэхүү гэрээ болон баталгааг гарган өгсөн. Ингээд зээл шилжүүлж өгдөг өдөр өнөөдөр эхний сарын хүүгээ өгье гэж хэлээд 4,000,000 төгрөгийг хасч тооцоод 36,000,000 төгрөгийг шилжүүлэх хүсэлтийг надад тавьсан. Дараа нь 5 сард 4,500,000 төгрөг, 7 сард 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 9.500,000 төгрөг төлсөн үндсэн зээлээс төлөөгүй болно. Зээлийн гэрээний 2.7-д Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохирсон. Б.Б тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 сарын 4-нд дууссан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон анзыг төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ч амаар болон бичгээр удаа дараа дээрхи худалдах худалдан авах гэрээг үндэслэн байрыг өөрийн өмчлөлд авахыг санал болгож байсан. Иймд миний зээлсэн 40,000,000 төгрөгийн анзыг тооцоход нийт 35,000,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 20,000,000 төгрөгийн анзыг тооцож түүнээс дээр төлсөн 1,500,000 төгрөгийг хасч нийт 58,500,000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хандан гаргасан Хувьсгалтын сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Б.Б би 2017 оны 2 сарын 3-ны өдөр Хувьсгалттай зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон болно. Зээлдүүлэгч нь зээлдэгч миний Хаан банкны 5009046439 тоот дансанд гэрээгээр тохирсон зээл болох 40,000,000 төгрөг биш 36,000,000 төгрөгийг 2017 оны 2 сарын 3-ны өдөр шилжүүлсэн. Зээлдэгч Б.Б би зээлдүүлэгчийн дансанд 700,000 төгрөг, 4,500,000 төгрөг, 500,000 төгрөг, 500,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэгэхээр Б.Б би үндсэн зээл 36,000,000 төгрөг, 2 сарын хүү 7,200,000 төгрөг, нийт 43,200,000 төгрөг төлөх ёстой ба үүнээс төлсөн 6,200,000 төгрөгийг хасаад 37,000,000 төгрөгийг төлнө. Нэхэмжилж байгаа алдангийг төлөхгүй болно. Учир нь би зээлээ бага дээр нь төлье өө та миний байрыг буцаагаад шилжүүлээд өгөөч би хүү багатай зээл авч таньд өрөө төлье гэсэн зөвшөөрөөгүй зугтсаар байсан ба би аргаа бараад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зугтаж энэ хаяган дээр байхгүй гэж хүн явуулан нэхэмжлэлийг хүлээн аваагүй болно.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч БНХАУ-ын иргэн Н /Х/ -д холбогдуулан 2017 оны 2 сарын 3-ны өдөр Б.Б болон Н /Х/ нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 76 тоот хаягт байрлах 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг хэлцэл нь талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах зорилгоор хийгдсэн хэлцэл биш, харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах үүднээс барьцааны гэрээний оронд байгуулагдсан дүр үзүүлсэн хэлцэл тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлүүлэх хүсэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасныг баримтлан хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч БНХАУ-ын иргэн Н /Х/ нь нэхэмжлэгч Б.Б ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58,500,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн бичгээр гаргасан баталгааг хүчинтэйд тооцож үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 76 тоот хаягт байрлах 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үндсэн зээлд 36,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн авсан тул үндсэн зээл 36,000,000 төгрөг, 2 сарын хүүнд 7,200,000 төгрөг, нийт 43,200,000 төгрөг төлөхөөс 6,200,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл төлбөр 37,000,000 төгрөгийг төлнө, алдангийн хувьд худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг нь шилжүүлсэн байсан орон сууцыг өөр бусад этгээдэд барьцаалах замаар зээлийн төлбөрийг төлж барагдуулах саналыг удаа дараа тавихад зөвшөөрөөгүйн улмаас зээлийг буцаан төлөх хугацаа алдаж, алдангийн хэмжээ нэмэгдэхэд хүрсэн тул алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж маргаж байна.
Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болох боловч хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Н /Х/ болон Б.Б нарын хооронд 2017 оны 2 сарын 3-ны өдөр “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-5 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Н /Х/ нь Б.Б ад 40,000,000 төгрөгийг 2017 оны 2 сарын 3-ны өдрөөс 2017 оны 4 сарын 4-ний өдрийг дуусталх хугацаанд буюу 2 сарын хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.Б нь зээлийг гэрээнд заасан хугацаанд Н /Х/ -д буцаан төлөх, зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 40,000,000 төгрөг гэж бичсэн байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 2 сарын хүүг суутган авсан гэх үндэслэлээр 36,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь заалтад “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд зээлийн хүү нь мөнгөн зээлийг ашиглах боломжийн хариу үүрэг тул мөнгөн зээлийг ашиглаагүй байхад урьдчилан суутгасан мөнгөн дүнг зээлийн хүү гэж үзэх үндэслэлгүй, талуудын хооронд 36,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Талуудын хооронд 36,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 36,000,000 төгрөг, сарын 10 хувийн хүүгээр тооцоход 2 сарын хүүнд 7,200,000 төгрөг, нийт 43,200,000 төгрөгийг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үүрэгт нийт 6,200,000 төгрөгийг буцаан төлсөн гэх боловч 2017 оны 4 сарын 24-ний өдөр 4,500,000 төгрөг, 2017 оны 7 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 7 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг хариуцагчийн Төрийн банкин дахь дансанд буцаан төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банкны 105000671878 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч дээр дурдсан 5,500,000 төгрөгөөс гадна 700,000 төгрөгийг Энхцогт гэгчийн дансанд төлсөн гэх боловч уг тайлбар нь баримтаар нотлогдохгүй, нөгөө талаар Энхцогт гэгчид төлсөн төлбөрийг хариуцагчид төлсөн төлбөр гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс 5,500,000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Зээлийн гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч нь хариуцагчид үндсэн зээл 36,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг, нийт 43,200,000 төгрөг төлөхөөс 5,500,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчээс үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 37,700,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад “Анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн зүйлийн 232.6 дахь заалтад “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасны дагуу талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз буюу алданги төлөх тохиролцоог бичгээр хийсэн бол анзыг шаардах эрх үүсэх ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс алданги шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх алдангийн хэмжээг тооцоход 18,850,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч хариуцагчид 2017 оны 7 сард худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг нь шилжүүлсэн орон сууцыг өөр бусад этгээдийн барьцаанд тавих байдлаар зээлийг буцаан төлөх саналыг тавьж байсан боловч хариуцагч зөвшөөрөөгүй болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул алдангийн хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус хэлцлийн үндсэн дээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалан зээл авч зээлийг буцаан төлөх боломжийг хязгаарласан үйлдэл нь нөлөөлсөн, үүний улмаас анзын хэмжээ илтэд нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг баримтлан алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, нэхэмжлэгчээс алдангид 9,425,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б аас зээл, зээлийн хүүгийн төлбөр, алдангид нийт 47,125,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н /Х/ -д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11,375,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2017 оны 4 сарын 17-ны өдөр гараар бичсэн “Баталгаа гаргах нь” нэртэй, зээлийн төлбөр, хүү, алдангийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг худалдан борлуулахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий баримтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 76 тоот хаягт байрлах 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан боловч уг баримтыг барьцааны гэрээ гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтад “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн гаргасан бичгээр гаргасан баталгааг хүчинтэйд тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б аас 47,125,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н /Х/ -д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11,375,000 төгрөгийн шаардлага, бичгээр гаргасан баталгааг хүчинтэйд тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Н /Х/ нь нэхэмжлэгч Б.Б ын гаргасан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 76 тоот хаягт байрлах 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Б аас 2017 оны 8 сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н /Х/ -аас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б ад, хариуцагч Н /Х/ -аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 215,700 төгрөг, 2017 оны 10 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 204,750 төгрөг, нийт 450,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б аас 393,575 төгрөгийг гаргуулан хариуцагч Н /Х/ -д тус тус олгож, хариуцагч Н /Х/ -аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар зохигч талууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР