Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

 Хохирогч Б.Лхаандовдон,

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Х.Алтантулга, Д.Нямсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

 Насанд хүрээгүй шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваа-Очирын И***********, Лхагва-Очирын Л***********ж нарт холбогдох эрүүгийн *********** дугаар хэргийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч Л.Л***********ж, Д.И*********** нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 30-01 тоотод оршин суух иргэн Б.Лхаандовдонгийн байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Л***********ж, Д.И*********** нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 30-01 тоотод оршин суух иргэн Б.Лхаандовдонгийн байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд: Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Л***********жийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2017 оны 01-р сарын 08-ны өдөр би 17 цагийн орчим зах дээр эмээтэйгээ уулзчихаад өөрийн найз И***********ээтэй зах дээр уулзсан. И***********ээтэй уулзаад Эрчмийн зааланд очиж 2 цаг орчим тоглоод орой 20 цагийн орчим заалнаас гарсан. Заалнаас гараад Оргил РС тоглоомын газарт очиж нэг цаг тоглочихоод орой болсон байна гээд харих гээд И***********ээгээс салах гэсэн чинь өнөөдөр нөгөө айлын цонхыг очоод онгойлгоод өгчихөөч гэхээр нь би зөвшөөрөөд хамт И***********ээгийн гэрт очсон. Бид хоёр тэдний гэрт очиж хоол идчихээд 23 цаг өнгөрөөд 00 цаг гэж байхад гэрээс нь гараад И***********ээгийн урд талын гудамжны баруун талын үзүүрт байх урагшаа харсан хаалгатай айлын гадаа очсон. Бид хоёр хашааны гадаа нь очиж 15 орчим минут орохоосоо айж зогсож байгаад блокоор барьсан хашаагаар дамжаад граш дээр гарсан, грашны цонхны тэнд очоод би салхивчны түгжээний орчим гараараа цохьсон чинь салхивч нь онгойсон, тэгээд бид хоёр дотогшоо орсон. Бид хоёр дотогшоо ороод компьютерийн процессорыг залгуураар нь салгаж аваад гарах гэж байсан чинь И***********ээ энэ арай хүрэхгүй юм шиг байна, өөр юм хайя гээд доошоо нэг давхар руу буусан. Нэг давхарт буугаад цоожгүй авдраас дээлийн торго авсан, тэгээд буцаж дээшээ гараад авдар дээр байсан бурхныг авсан, тэгэхээр нь би хэрэггүй больчих бурхны хэрэг байхгүй гэсэн чинь үгэнд орохгүй авчихсан, бид хоёр авсан эд зүйлүүдээ нэг хөнжилд боогоод буцаад орж ирсэн цонхоороо гарсан. Бид хоёр грашнаас буухдаа И***********ээ түрүүлж буугаад эд зүйлүүдийг аваад дараа нь би буусан, тэгээд бид хоёр хулгайлсан эд зүйлүүдээ аваад И***********ээгийн гэрт очиж хуучин таампарны хажууд нь эд зүйлээ нууж тавьсан. Тэгээд шууд И***********ээгийн гэрт очиж унтсан. Тэгээд өглөө унтаж байхад цагдаа нар орж ирээд бид хоёрыг барьсан авсан... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.И***********ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01-р сарын 06-ны өдөр би 13-р хороонд байх Game Town нэртэй РС тоглоомын газарт очсон юм. Тэнд байж байхад миний зүс таних банди бооцоотой Дота тоглоом тоглох уу гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр нэгийн эсрэг нэг халз тоглосон. Бид хоёр тоглож эхлэхдээ дараа өгөхөөр тохироод 5.000 төгрөгийн бооцоотой тоглож эхэлсэн, тэр өдөр би 5-6 цаг халз тоглоод 400.000 төгрөгийн өрөнд орчихсон. Тэгээд дахиад тоглох гэтэл нөгөө банди өрөө өгч байж тоглоорой гээд тоглохгүй байхаар нь шаралхаад дахиж тогломоор санагдаад байсан. Үүнээс хойш 2017.01.08-ны өдөр би Л***********жтой уулзаад манай эзэнгүй нэг ахынх байгаа, тийшээ очоод компьютерийг нь авчихъя гэж хэлэхэд Л***********ж зөвшөөрсөн. Тэр өдөр бид хоёр зааланд тоглоод дараа нь РС тоглоомын газраар орчихоод манай гэрлүү явсан. Манай гэрт бид хоёр 23 цаг өнгөрч байхад очсон, манайд орж юм идчихээд буцаад 00 цаг болох гэж байхад гараад манай урд талын гудамжны баруун үзүүрт байх Банзрагч ахын гэрийн гадаа очсон. Бид хоёр хашааны гадаа очоод хашаагаар нь дамжиж граш руу нь гараад байшингийн 2 давхрын цонхны тэнд очсон. Цонхны тэнд очоод Л***********ж гараараа салхивчийг цохиж онгойлгоод дотогшоо орсон. Бид хоёр байшингаас компьютерийн процессор, нэг давхарт байсан авдраас дээлийн даавуу торго, 2 давхарт цонхны доод талд байсан зургийн аппарат, хоёр давхрын авдран дээр байсан бурхан зэрэг зүйлүүдийг аваад нэг хөнжилд боогоод орж ирсэн цонхоороо буцаж гарсан. Тэгээд хулгайлсан эд зүйлээ аваад манай гэрт очиж амбаарын хажуу талд нууж тавьсан. Эд зүйлээ нууж тавьчихаад манай гэрт орж унтаад байж байтал өглөө цагдаа нар орж ирсэн... гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Лхаандовдонгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай гэр Мөрөн сумын 10-30-01 тоотод байдаг юм. Гэхдээ одоо гэр маань эзэнгүй хүн амьдрахгүй байгаа. Манай аав, ээж Солонгос явчихсан, би өөрөө 4-р хороонд хадмындаа байгаа юм. Би гэрээ хамгийн сүүлд уржигдар буюу 2016-01-07-нд очиж эргэхэд зүгээр байсан, тэгээд өнөөдөр гэрээ эргэхээр очтол манай грашны дээврээр дамжаад хоёр давхрын цонхоор хулгай орчихсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манайхаас Dell I-3 маркийн компьютерийн процессор, хулгана, камер /нийт 400.000 төгрөг/, өвөөгөөс аавд өв дамжин ирсэн Жанрайсаг бурхан /хэдээр үнэлэхээ мэдэхгүй байна/, хурган дотортой дээлийн дотор /200.000 төгрөг/, орчин үеийн хөөрөг /10.000 төгрөг/, Сони маркийн зургийн аппарат /100.000 төгрөг/, шаазан 5 ширхэг аяга /комоороо 25.000 төгрөг/, гипт нэртэй набор /2.000 төгрөг/, 4 метр урттай улаан өнгийн даавуу /нийт 8.000 төгрөг/, 4 метр урттай саарал өнгийн дээлийн гадар өнгө /нийт 10.000 төгрөг/, 2 метр урттай улбар шар өнгийн дээлийн гадар өнгө /нийт 20.000 төгрөг/, 3 метр урттай дээлийн шар өнгийн торго /нийт 18.000 төгрөг/, 5 метр урттай шар өнгийн дээлийн торго /60.000 төгрөг/, 4 метрийн урттай хүрэн өнгийн үйтэн хуар дээлийн гадар /нийт 80.000 төгрөг/, 4 метр урттай ягаан өнгийн дээлийн даавуу /нийт 28.000 төгрөг/, 4 метр урттай ногоон өнгийн даавуу /нийт 20.000 төгрөг/, 2 метр урттай шаргал өнгийн даавуу /20.000 төгрөг/, 2 метр урттай шар хөх өнгийн торго /нийт 14.000 төгрөг/, 5 метр урттай саарал өнгийн даавуу /нийт 25.000 төгрөг/, ...2 давхарт миний өрөөнд байсан хөвөнтэй хөнжил /10.000 төгрөг/ зэрэг зүйлүүд алдагдсан байна. Хулгай нь хөнжлөнд бүх юмаа боогоод аваад явсан байна билээ. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Алдсан эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн олж авсан... гэх мэдүүлэг,

Гэрч Х.Алтантулгын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 01-р сарын 09-ний өглөө гэртээ байж байтал манай хашаанд цагдаа орж ирээд манай үүдэнд байсан гутал хараад мөн байна гээд И***********, Л***********ж хоёрыг орноос нь босгоод гадаа гарч таампарын хажууд боолттой зүйлийг задалж үзээд зургийг нь аваад И***********, Л***********ж хоёрыг аваад явсан. Би тэр хоёрыг хулгай хийсэн талаар нь огт мэдээгүй, өглөө цагдаа нарыг ирэхэд нь мэдсэн. Хашаан дотор юм авчирж тавьсныг ч мэдээгүй. Өнгөрсөн өдөр нь тэр хоёр 23 цаг 30 минутын орчим гэрт орж ирж юм идээд буцаад гараад явах гэхээр нь хаачих гэж байгаа юм бэ гэхэд дэлгүүр орчихоод ирье гэсэн, тэгээд гарч яваад 00 цаг 50 минутын орчим гэрт орж ирэхээр нь яасан их уддаг юм гэхэд ангийнхаа Пүүжийгийнд юм ярьж байгаад ирлээ гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 Гэрч Д.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би хэрэгт оролцсон гэдгийг И***********ийн ээжээс нь мэдсэн. Би хулгай хийсэн талаар нь огт мэдээгүй. Л***********ж манай гэрт амьдардаг юм, миний охины том хүүхэд нь байгаа юм. 2017 оны 01-р сарын 08-ны өдөр И***********ээтэй уулзана гээд гэрээсээ гараад явахаар нь эрт ирээрэй гэхэд за гээд л явсан, тэр шөнөө ирж хоноогүй, тэгсэн харин тэр шөнөө хэрэгт холбогдчихсон байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-10 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай "...1.Хэргийн газраас олж илрүүлж бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн ?11 дугаартай гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. ?12 дугаартай гутлын улны мөр шинжилгээнд тэнцэхгүй. 2. Хэргийн газраас олж илрүүлж бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн ?11 дугаартай гутлын улны мөр нь сэжигтэн Д.И***********ээс хураан авсан зүүн хөлийн гуталын улны мөртэй тохирч байна. 3. Хэргийн газраас олж илрүүлж бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн ?11 дугаартай гутлын улны мөр нь сэжигтэн Д.И***********ээс хураан авсан гэх зүүн хөлийн гутлын улны мөртэй хээний онцлог, дүрс, хэмжээ, элэгдэлт зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна." гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ. Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 52, 27 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 Насанд хүрээгүй шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нарт ял шийтгэл оногдуулахдаа арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч, сурч, боловсрох хүсэлтэй зэрэг тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан насанд хүрээгүй шүүгдэгч нарт эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Хонин онход овогт Даваа-Очирын И***********, Бяруу занги овогт Лхагва-Очирын Л***********ж нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.И***********ээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг /сарын хорих ялаар, шүүгдэгч Л.Л***********жоос эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг /сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч нар сургуульд суралцах, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа цагдаагийн газарт мэдэгдэж байх, засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг насанд хүрээгүй шүүгдэгч нарын эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нарт тус тус даалгасугай.

 6. Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.И***********, Л.Л***********ж нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР