| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0100/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/100 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг ад уун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Хотгойд овогт Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Хүртэн овогт Баасанжавын Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүртэн овогт Баасанжавын Пүрэвдоржид холбогдох 1923001650098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Дэлгэр багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хүртэн овогт Баасанжавын Пүрэвдорж Регистрийн дугаар : /ИС93042514/ Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг Шар тал гэх газарт бэлчиж байсан Д.Баянмөнхийн 6 тооны үхрийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг Шар тал гэх газарт бэлчиж байсан Д.Баянмөнхийн 6 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч Д.Баянмөнхийн “…2019 оны 04 дүгээр сард би Улаанбаатар хотоос ирээд үхрээ хайгаад олохгүй байсан, тэгээд өөрөө ирж явж байсан. Тэрбишийн Батсайханы үхэрт манай үхэр байхаар нь цагдаад мэдэгдсэн. ...Хоёр чих нь гол цуулбар имтэй 6 тооны үхэр алдсан. Тамга байхгүй, Бор халзан үнээ, мухар хар эр шүдлэн үхэр, цагаан цавьтай, цагаан сүүлтэй ягаан гунжин үнээ, мухар улаан гунжин үнээ, улаан гунжин үнээ, цагаан эвэртэй хар гунжин үнээ, нийт 6 тооны үхэр алдсан. ...5 тооны үхэр зүсээр нь авсан Бор халзан үнээ дутсан байгаа. Пүрэвдорж өөрөө миний үхрийг ачиж аваачиж өгсөн. Дутсан бор халзан үнээг мөнгөөр нь төлсөн...” гэсэн мэдүүлгээр, Б.Пүрэвдоржийн хулгайлсан үхрийг машинаараа ачиж айлд буулгасан талаараа мэдүүлсэн гэрч Д.Пүрэвдоржийн“...Пүрэвдорж намайг үхэр ачилцаад өг гэсэн тэгэхээр нь би юун үхэр юм бэ гэсэн чинь миний мал байгаа юм малаа авч явж айл дээр тавина гэсэн тэгээд бид хоёр ачиж ирээд зуслангийн аманд Тэрбишийн Батсайхан гэх айлд буулгаж өгсөн... гадаа бүдэг гэгээ орж байсан учир сайн анзаараагүй ямар им тамгатай байсанг мэдэхгүй. Хүрэн халзан үхэр л лав байсан юм. тэгээд ягаан, хар зүсмийн 6 тооны монголын үхэрнүүд байсан... Манай үхэр байгаа юм малаа айл дээр аваачиж тавина гэсэн намайг босож ирэхэд хөөж ирээд малын хашаанд 6 тооны монголын үхэр хашсан байсан. Тэгээд бид хоёр нийлж ачаад Зуслангийн аманд Батсайхан гэх айлд авчирч тавьсан... Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Надад өөрөө миний үхэр гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. Б.Пүрэвдоржийн 6 тооны үхрийг өөрийн хариулганд үлдээсэн тухай мэдүүлсэн гэрч Т.Батсайханы “...2019 оны 04 дүгээр сарын 10-ны үед манайх Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Их зусланд нүүж буусан байхад Пүрэвдорж 6 тооны үхэр авч ирж тавьсан. Тухайн үхэрнүүдийн им тамгыг ажиглаагүй, эвэртэй улаан үнээ, мухар улаан гүнж, эвэртэй ягаан гунж, эвэртэй хар үнээ, мухар хар шүдлэн үхэр, эвэртэй хүрэн халзан үнээ нийт 6 тооны үхрээ, хурдан морь зарж борлуулаад хүнээс авцаанд авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. Шүүгдэгч Б.Баярбатад 1 тооны үхэр худалдсан тухай мэдүүлсэн гэрч О.Баярбатын “...1 тооны монголын хүрэн халзан үхэр авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг. Гэрч Ш.Гандэмбэрэлийн “...Пүрэвдорж надаас 2019 оны 01 сард 600.000 төгрөг зээлчихсэн байсан. ...би мөнгөө нэхсэн намайг үхэр авчих гэхээр нь хаанаас үхэр авах юм гэсэн Алдархаан сумын Богдын гол багийн Их зуслан гэх газар Батсайханыд миний хэдэн үхэр байгаа тэр үхэрнээс очоод нэг хүрэн шүдлэн гунжин үхэр авчих гэсэн. Тэгээд би Батсайхан гэдэг айлд очиж Пүрэвдоржийн үхэрнээс нэг үхэр авсан...” гэсэн мэдүүлэг. Яллагдагч Б.Пүрэвдоржийн хэргээ мэдүүлсэн “...хээр морио эмээлж унаад Шар тал гэх газрын зүг явсан. Тэгээд морио хөлслөөд явж байсан Шар тал гэх газарт эзэнгүй 6 тооны үхэр байхаар нь тухайн үед архи уусандаа тэр юм уу ер нь туугаад явчихмаар санагдаад нөгөө 6 тооны үхрээ туугаад өөрийн морь тэжээж байсан Өгөөмөр багийн төвийн тэнд нөгөө жижиг гэр дээр авч ирж малын хашаанд хашчихаад ...явахдаа нөгөө 6 тооны үхрийг машин дээрээ ачна гэсэн Пүүлээ надаас ямар учиртай үхэрнүүд юм гэхээр нь би Пүүлээд манай үхэрнүүд байгаа юм би ачиж өөрийн мал байгаа айл дээрээ аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө үхэрнүүдийг миний машин дээр ачиж аваад Завхан аймгийн Улиастай сум руу буцсан... Тухайн үхрүүдийн Мухар хар шүдлэн эр үхэр, эвэртэй ягаан хүрэн гунж, мухар хүрэн ягаан гунж, эвэртэй хар үнээ зэрэг дөрвөн үхрийг зүсээр нь Д.Баянмөнхөд хүлээлгэн өгч нөгөө 2 хүнд зарсан эвэртэй бор халзан үнээ, эвэртэй ягаан гунжин үхрийн оронд ижил насны үхэр өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 6 тооны үхэр хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогджээ. Б.Пүрэвдоржийн үйлдлийн улмаас хохирогч Д.Баянмөнхөд 4.600.000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Алдархаан сумын үнэлгээний комиссын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлийг буюу хохирогчийн алдсан 6 тооны үхрийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Б.Пүрэвдорж бусдын өмчлөх эрхэд халдаж Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр “Шар тал” гэх газраас бусдын 6 тооны үхрийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын 6 тооны үхэр хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч Б.Пүрэвдоржийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.Баянмөнх нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хүртэн овогт Баасанжавын Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүртэн овогт Баасанжавын Пүрэвдоржид хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгчид тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдоржид “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 5.Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 7.Шүүгдэгч Б.Пүрэвдоржийн хувьд ногдох хөрөнгөнөөс 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА