Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00572

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2123 дугаар магадлалтай,

Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 182/ШШ2017/00436 дугаартай захирамжаар Г.А, Ц.Т нараас 156 687 416 төгрөгийг гаргуулан “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Н нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.А миний өмчлөлийн эрхийн улсын Ү-2206032096 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот 103.68 м.кв талбайтай, орон сууцны зах зээлийн ханшийг 187 900 000 төгрөгөөр үнэлэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээ тогтоон, албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр намайг дуудаж, энэ бичгийг хүлээж авахгүй бол дуудлага худалдаанд оруулах болно гэж хүлээлгэж өгсөн.

Н нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 3 хоногийн дотор танилцуулаагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчид эрх үүргийг хэдэн сарын хэдний өдөр, хэн танилцуулсан нь тодорхойгүй, үнэлгээ гаргуулсан байна. Уг үл хөдлөх хөрөнгийг бараг 10 жилийн өмнө одоо тогтоосон үнээр шахуу худалдаж авсан, одоо бол 230 000 000 төгрөг хавьцаа бэлэн мөнгөөр зарагдаж байхад хэт доогуур хууль зөрчин үнэлгээ гаргуулсан, төлбөр мөнгөө төлсөөр байхад үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна.

Иймд Нрын үнэлүүлсэн үл хөдлөх хөрөнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 257 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр Г.А, Ц.Т нараас 156 687 416 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор, төлбөр төлөгч нар хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот, 103.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17290812 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17290812/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17290812/03 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Г.Ат, Ц.Т нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4/10599 тоот мэдэгдлийг гардуулахад үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилоход Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот орон сууцыг 187 900 000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг талуудад 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/13190 дүгээр албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тайлан, мэдэгдлийг оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Г.Аийн 99102713 дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00436 дугаар захирамжаар хариуцагч Г.А, Ц.Т  нараас зээлийн төлбөрт 156 217 897 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 32 217 897 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 469 519,5 төгрөгийн хамт нэхэмжлэгч “Х” ХХК-д төлөх, хариуцагч Г.А, Ц.Т нар нь хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2206032096 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Гандийн гудамж, 19 дүгээр байрны 18 тоотод байрлах, 103.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нт шилжүүлсэн бөгөөд уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, дээрх үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 187 900 000 төгрөгөөр үнэлэн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон.

Гэтэл төлбөр төлөгч Г.А, Ц.Т нар нь үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Уг орон сууцны 1 м.кв талбайн үнэлгээ нь 1 812 307 төгрөг /103.68 м.кв талбайн үнэ 187 900 000/ төгрөг байгаа нь зах зээлийн бодит ханш бөгөөд уг хөрөнгийг багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Зарын unegui.mn сайтаас үзэхэд тухайн байрлалд байрлах орон сууцны үнэ ханш үнэлгээчний гаргасан үнэтэй дүйцэж  байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон М.Ганди гудамж 19 байр 18 тоот 103,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2123 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2123 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хяналтын гомдол гаргаж байна.

Тус магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон М.Ганди гудамж 19 байр 18 тоот 103.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байдаг.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2017/00436 дугаар захирамжаар Г.А, Ц.Т нараас 156 687 416 төгрөг гаргуулж, Хинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас бичигдэж Н албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Нийспэлийн Нраас “Хө” ХХК-ийг шинжээчээр томилж, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон М.Ганди гудамж 19 байр 18 тоот 103.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 187 900 000 төгрөгөөр үнэлсэн.

Нраас 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 162 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор төлбөр төлөгч Г.Аийн өмчлөлийн хөрөнгийг үнэлэхээр “Хө” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтийг 2019 оны 05 сарын 25-ны дотор ирүүлэхийг шинжээчид даалгасан.

Хөрөнгийн үнэлгээг Ж.Уртнасан гэх шинжээч дүгнэлт гаргасан бөгөөд тухайн шинжээчийг хэрхэн томилсон, “Хө” ХХК-ийн үнэлгээчин гэж үзэж байгаа бол тухайн газраас томилсон албан ёсны тушаал байхгүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийж буй шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хуульд заасан эрх, үүргийг танилцуулах ёстой.

Үнэлгээ хийсэн шинжээч Ж.Уртнасанд 2019 оны 05 сарын 24-ний өдөр “шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай” баримтаар эрх, үүргийг танилцуулсан гэх боловч тухайн баримт ямар дүгнэлт гаргахад эрх, үүрэг танилцуулж байгаа, эрх үүргийг хэн танилцуулж байгаа нь тодорхойгүй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Н баримт №1 гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт”-аар шинжээчид эрх, үүргийг тухайн шийдвэр гүйцэтгэгч өөрөө танилцуулдаг.

Шинжээч Ж.Уртнасанд эрх, үүрэг дээрх баримтаар танилцуулаагүй, танилцуулсан баримт хуулийн шаардлага хангаагүй байна.

Орон сууц үнэлсэн хөрөнгийн үнэлгээг шинжээч Ж.Уртнасан үнэлгээний зах зээлийн харьцуулах арга, өртөгийн хандлагын арга гэх 2 аргаар үнэлж, дүгнэлт гаргахдаа зах зээлийн харьцуулах аргаар гаргасан.

Зах зээлийн харьцуулах аргаар үнэлэхдээ тухайн бүс нутагт зарагдаж буй 3 орон сууцыг сонгож авсан.

  • ХУД-ийн Хурд хороолол 114 м.кв талбайтай орон сууц 228 000 000 төгрөг,
  • ХУД-ийнХурд хороолол 114.5 м.кв талбайтай орон сууц 217 550 000 төгрөг,
  • ХУД-ийн Хурд хороолол 74 м.кв талбайтай орон суусц 148 000 000 төгрөг

Дээрх байрны мэдээллүүдийг сайтаас авсан гэх бөгөөд тухайн байрны зар нь хэзээ хэвлэгдсэн, хэзээний зарын талаар мэдээлэл байхгүй байна. Энэ нь тухайн харьцуулж байгаа зар нь үнэлгээ гаргах үеийн баримт гэдэг нь тогтоогдоогүй.

Мөн хөрөнгийн үнэлгээг харьцуулах аргаар гаргахад тухайн үнэлгээ гаргах үеийн зарын мэдээлэлтэй харьцуулж гаргах, тухайн байрнууд үнэлж байгаа байртай адилгүй тул байрны байрлал, шинж чанар, засвар хийсэн байдал зэрэгт зохицуулалт /тохируулга/ хэрэглэдэг бөгөөд Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад зааснаар тухайн зохицуулалт нь нэмэх, хасах 20 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан.

Хөрөнгийн үнэлгээний Хүснэгт 11-д тухайн тохируулгыг хийхдээ -30, +30-иар хийж байгаа нь стандарт зөрчсөн байна.

Тухай хэрэгт нэхэмжлэгч Г.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль миний бие 2018 оны 09 сарын 24-ний өдөр анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож, тус өдрөө шүүх хуралдааныг хэргийн материал танилцах хүсэлтээр хойшлуулсан. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-д хандаж, маргаж буй хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр болсон.

Хойшилсон шүүх хуралдааныг 2019 оны 10 сарын 01-ний өдөр зарласан, тухайн үед “С” ХХК хөрөнгийн үнэлгээ гүйцэтгэж дуусаагүй байсан тул тухайн газраас үнэлгээг ажлын 5 өдрийн дотор хийж, дүгнэлтийг гаргах талаар албан тоот ирүүлсэн.

Шүүх хуралдаанд албан тоотыг танилцуулж, нотлох баримт цуглуулах боломжит хугацаа олгох, мэтгэлцэх эрхийг хангаж, хүсэлтийг шүүхэд гаргахад татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ нь хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, мэтгэлцэх зэрэг эрхийг зөрчсөн.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “...түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзсан.

Шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг гаргахдаа “шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзаагүй, зөвхөн хэргийн оролцогчийн мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн, хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд нь эргэлзсэн учраас шүүгчийг татгалзсан.

Ийм байтал шүүгч хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулж татгалзсан гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ оруулсан нь үндэслэлгүй юм. Тус хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэж, хүсэлт хүлээж аваагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэрийг 2019 оны 10 сарын 18-ны өдөр гардан авсан. Тухайн гардан авсан шүүхийн шийдвэрт шүүгчийн гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан. Шүүхийн шийдвэрт гарын үсэг зурагдаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

Шийдвэрийн эх хувийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад хавсаргаж өгөөгүй зөвхөн хуулбарлаж өгсөн бөгөөд тус үндэслэлээр давж заалдах шатны шүүх хуулбар ирүүлсэн учир үнэлээгүй. Одоо хяналтын гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн эх хувийг хавсаргаж байна.

Нэхэмжлэгч Г.Аийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаар гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй гэжээ.

Төлбөр төлөгч Г.Ат түүний нэхэмжлэлд дурдснаар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдлээ хүлээж ав, авахгүй бол дуудлага худалдаанд орууллаа гэснээр мэдсэн. Мөн шууданд хүргүүлсэн гэх боловч тухайн шууданг Г.А хүлээж аваагүй. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт төлбөр төлөгч Г.Ат үнэлгээний мэдэгдлийг гардуулсан баримт байхгүй болно.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 2123 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Г.А Нт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилохдоо шинжээчид холбогдох хууль тогтоомжид заасан эрх үүргийг танилцуулаагүй тул үнэлгээг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй, ...хэргийн оролцогчид нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх боломж олгоогүй, эрх ашиг сонирхлоо хамгаалах эрхийг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага туршлага, мэргэшсэн байдал... зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана, 8.3.-т шинжээчид эрх бүхий албан тушаалтан эрх үүргийг нь тайлбарлан өгч, ...түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. 

Шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээч томилох тухай 162 дугаартай тогтоолд төлбөр төлөгч Г.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Хө” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд Р.Зоригт нь үнэлгээчин Ж.Уртнасанг тухайн хөрөнгийг үнэлэх үнэлгээчнээр томилсон баримтгүй байтал Ж.Уртнасан үнэлгээ хийсэн, улмаар үнэлгээчинд үнэлгээг үнэн зөв хийх, эрх үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй, 2019 оны  05 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны үнэлгээ гаргаснаас хойно буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шинжээчийн эрх үүрэгтэй танилцсан /хх-75/ тухай баримт хэрэгт авагдсан байх тул үнэлгээг үнэн зөв, эргэлзээгүй, хуульд нийцүүлэн гарсан гэж үзэх боломжгүй талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх эрхийг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх үүрэгтэй, 105 дугаар зүйлийн 105.2.-т хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэжээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор өөрийн өмчлөлийн ХУД-ийн 1 дүгээр хороо, Стадион Оргил хотхон, М.Гандийн гудамж, 19 дүгээр байрны 18 тоот 103.6 м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “С” ХХК-д хүсэлт гаргасан байсан ба тус үнэлгээний компаниас үнэлгээг ажлын 5 өдөрт гаргах тул шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн албан тоотыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “тухайн дүгнэлт хэрэгт ач холбогдолгүй” гэх үндэслэл заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.2. дахь заалтад нийцээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид нотлох баримтаа бүрдүүлэх боломж олгоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдсэн, хураагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Гандийн гудамж, 19 дүгээр байрны 18 тоот 103.6 м.кв талбайтай орон сууцыг  187 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2123 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Гандийн гудамж, 19 дүгээр байрны 18 тоот 103.6 м.кв талбайтай орон сууцыг 187 900 000 төгрөгөөр үнэлсэн “Хө” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Нраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Г.Ат олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалиас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД