Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 22

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагаасаа

татгалзсаныг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын

 эвлэрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                    114/2018/0015/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би Э.Отгонзулын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар хариу албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Отгонзулын Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/240 дугаартай захирамжаар өмчилж авсан газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг хийхийг даалгах  тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

             1. Миний бие Т.Тэмүүлэн нь Э.Отгонзулын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн болон хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясах, Ч.Анхбаяр нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  харилцан тохиролцон байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

 

 

 

 Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Энэхүү гэрээгээр талуудын эвлэрлийн нөхцөл буюу тохиролцооны агуулгыг шүүхээр баталгаажуулж, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа Э.Отгонзулын нэхэмжлэлтэй Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох маргааныг дуусгавар болгохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

 

Хоёр. Маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь

 

  1. Маргааны агуулга:

Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа маргаан нь …нэхэмжпэгч Э.Отгонзулын Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/240 дугаартай захирамжаар өмчилж авсан газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй юм.

  1. Талуудын байр суурь:

Нэхэмжлэгч Э.Отгонзул нь өмчлөх эрхээ баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг анх удаа авахад шаардлагатай байгаа Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10-р зүйлд заасан газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг хариуцагчаас гаргуулах шаардлагатай баримт бичгүүдийг саадгүй гаргуулан авах хүсэлтэй байна.

          Хариуцагч нь нэхэмжлэгчийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг батлан, газрын кадастрын зургийг шинээр гаргаж өгөх боломжтой гэж үзэж байна.

 

                                      Гурав. Тохиролцооны агуулга

 

          3.1.Иймээс талууд дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

          -Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь нэхэмжпэгчийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг хуульд заасны дагуу баталж өгөх

          -Мөн газрын кадастрын зургийг шинээр гаргаж өгнө.

 

 

 

 

 

Дөрөв. Талуудын эрх, үүрэг

 

4.1. Талууд энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу эвлэрч байгаа бөгөөд цаашид, энэ асуудлаар ямарваа маргаан гаргахгүй болно.

4.2.Талууд энэхүү гэрээг байгуулснаар үүсэх үр дагаварын талаар мэдээлэл авсан тул хүлээсэн үүргээ сайн дураар, шударгаар биелүүлнэ.

4.3. Талууд гэрээг биелүүлэх явцад бие биедээ хуулийн дагуу өгсөн зөвлөмжийг анхааран ажиллана.

 

 

Тав. Гэрээний хэрэгжилт, гүйцэтгэл

 

5.1.Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлээгүйгээс үүсэх үр дагаварын талаар мэдээлэл авсан бөгөөд мэдэж байгаа болно.

            5.2.Энэхүү гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.

                                                            Зургаа: Бусад заалт

6.1. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд талууд тус бүр нэг хувь хадгалсан нь хууль зүйн хувьд адил хүчинтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Э.Отгонзул нь тус шүүхэд нэхэмжлэлээ хоёр шаардлагатай гаргасан бөгөөд нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай  нэг дэх шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, ...” шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь  нэхэмжлэлийн хоёр дахь “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/240 захирамжаар өмчилж авсан газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт хийхийг даалгуулах” шаардлагын тухайд харилцан тохиролцон 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...хариуцагчтай эвлэрэх”, 28 дугаар зүйлийн 28.2.5-д “эвлэрэх”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаас өгсөн итгэмжлэлээр олгосон эрх, үүргийн хүрээнд хуулийн 21 дугаар зүйлийн 21.1.1-д “ ...нэхэмжлэгчтэй эвлэрэх”, 28 дугаар зүйлийн 28.2.5-д “эвлэрэх” гэж тусгайлан заасан эрхийн хэмжээнд эвлэрлийн гэрээг байгуулж, энэхүү эвлэрлийн гэрээ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “ нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ...биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж зааснаар талууд эвлэрлийн гэрээ байгуулж, маргаан дуусгавар болж байх тул нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас татгалзсаныг, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн эвлэрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг,  эвлэрлийн гэрээ байгуулсан талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т  “...шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх  журамтай болохыг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Отгонзул нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагаас татгалзсаныг, нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/240 захирамжаар өмчилж авсан газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт хийхийг даалгуулах” шаардлагын талаар талууд харилцан буулт хийж,  2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн эвлэрлийг тус тус баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Отгонзулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                     З.ЭНХТУЯА