Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0231

 

ХТ ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ХТ ХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.С , Б.Р , С.М нар болон Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.С , Б.Р , С.М нарын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20/04/022/186 дугаар дүгнэлт, Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.С , Б.Р , С.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын байцаагчид албан шаардлага гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг, акт бичихдээ тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад 10.9.7 дахь заалтыг тус тус үндэслэл болгодог. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар дүгнэлт гаргах тодорхой зүйл заалт байхгүй байгаа билээ. Улсын байцаагч аливаа дүгнэлтийг Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт-д заасны дагуу үйлддэг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг нэг бүрчлэн заасан байгаа боловч одоогоор энэхүү хуулийг байгаль орчны хяналтын улсын байцаагч хэрэглэж хариуцлага тооцох эрх зүйн заалтгүй байгаа. 2014 оны 04 дүгээр сарын 23-ны 20/04/022/186 дугаар дүгнэлтэд цуцлах үндэслэл бүрдсэн хэмээн бичсэн нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын дагуу тухайн нөхцөл байдлыг үнэн бодитоор тусгасан болно. Улсын байцаагчид дүгнэлт үйлдэхдээ 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үйлдсэн бөгөөд хуулийг буцаан хэрэглээгүй. Харин 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинэчилсэн найруулгаас өмнөх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус олсон орлогыг улсын орлого болгож, сум, дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх хэмээн заасан нь одоогийн мөрдөгдөж байгаа хуультай адил хэвээр хадгалагдсан байна. ХТ ХК-ийн нүүрсний уурхайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэрэгжих хугацаа нь 2010 оны 12 дугаар сард дуусгавар болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн ХТ ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 4 талбай нь уурхайн аманд байгаа 49 32' 38.1, 91 40' 33.2 солбицол бүхий булгийн хамгаалалтын бүсэд орж байгаа нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчиж байгаа болно. Мэргэжлийн хяналтын газарт ХТ ХК-аас улсын байцаагчдын 20/04/022/186 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсний дагуу хариуг 2014 оны 07 дугаар сарын 28-ны 322 дугаар албан бичгээр /хугацааг сунгасан/ тус компанийн захирал Д.С т хүргүүлэхээр удаа дараа очсон боловч өөрөө байгаагүй учир харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн егсөн. Гэтэл ХТ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 2015 оны 01 сарын 19-ны өдрийн 48 дугаар албан бичгээр дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулах талаар хүсэлт ирүүлсний дагуу хариуг нь 2015 оны 01 сарын 19-ний 25 дугаар албан бичгээр 2 дахь удаагаа өгсөн болно гэжээ.

 

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тариалан сумын нутаг дэвсгэрт байрлах ХТ ХК-ийн үйл ажиллагаанд болон байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж санал, дүгнэлт гаргахаар ажиллаж, ХТ  уурхай дээр ХТ ХК-ийн ерөнхий захирал Д.С тай хамт очиж захирамжийг танилцуулсан. Үүнийг тухайн ажлын хэсэгт орсон ажлын хэсгийн гишүүд гэрчилнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр А/217 дугаар захирамжийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч гэж дурьдсан байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасныг зөрчсөн байна.

1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалтыг үндэслэсэн нь захирамж гаргах хууль ёсны эрх хэмжээний асуудлыг, мөн салбарын хуульд захирамж гаргах тухай нарийвчлан заагаагүй тохиолдолд 29.2 дахь заалтыг баримталж болно.

2.  Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийг бүхэлд нь үндэслэсэн нь тухайн зүйлийн хэд хэдэн заалт зөрчигдөж байгаа учраас аль нэг заалтыг дангаар хэрэглэх боломжгүй байсан, хуулийн нэг заалтыг бүхэлд нь хэрэглэхийг хориглосон ямар нэгэн эрх зүйн баримт бичиг байхгүй.

Аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ажлын хэсэг

байгуулах тухай А/217 дугаар захирамж нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гарсан тул хуулийн үндэслэлтэй байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: 1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.7, 52.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ХТ ХК-ийн үндсэн нэхэмжлэл болох Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.С , Б.Р , С.М нарын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20/04/022/186 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахыг хүссэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт улсын байцаагч нарын дүгнэлтийн тухай хийсэн зарим дүгнэлт, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг дээд шатны шүүхээр хянуулахаар гомдол гаргалаа.

Нэг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хяналт шалгалтыг эхлүүлэхэд ажлын хэсгийн ахлагч нь Увс аймгийн Засаг даргын ажлын хэсэг байгуулах тухай захирамжийг танилцуулан мэдэгдсэн тул нэхэмжлэгч захиргааны актад гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн... гэж дүгнэжээ.

Уг дүгнэлтийг хийхдээ анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал хуулийн дээрх заалтад холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш гомдол гаргах тухай заажээ.

Захиргааны актыг мэдэгдэх нь төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхаар өргөн утгаар ойлгох юм.

Гэтэл хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжаар ХТ ХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг томилсон атлаа уг захирамжийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдээгүй, гардуулан өгч баримтжуулаагүй, мэдэгдэх сонсгох зарчмыг хэрэгжүүлэн ажиллаагүй байна.

Энэ нь Захиргааны хэргийн шүүхээс Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн бүртгэлд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үзлэгээр маргааны зүйл болж буй Увс аймгийн Засаг даргын 2014 оны А/217 дугаар Ажлын хэсэг томилох тухай захирамжийг ХТ ХК-д хүргүүлсэн баримт олдоогүй байгаагаар нотлогдсон байв.

Нэгэнт иргэн, хуулийн этгээдийн эрхийг хөндсөн захиргааны акт гаргаж байгаагийн хувьд уг актыг эрх нь зөрчигдөж буй этгээдэд гардуулж, мэдэгдэж байх нь хариуцагчийн үүрэг юм. Уг үүргээ хэрхэн хэрэгжүүлж ажилласан болохоо шүүхэд архив, албан хэрэг хөтлөлтийн баримтаар нотлох үүрэгтэй юм. Увс аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар нь Архивын тухай хууль болон Архив албан хэрэгт хөтлөлтийн заавар журмыг хэрэгжүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтан юм.

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн шүүгч Д.А нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ХТ ХК-ийн захирал Д.С аас авсан тайлбарт ажлын хэсэг томилсон шийдвэрийг надад хүргүүлнэ гэсэн гэжээ.

Гэтэл бодит байдалд хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь ажлын хэсэг томилсон захирамжаа нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлээгүй, мэдэгдээгүй байдаг.

Захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын зөвлөх Ч.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ захирамжийн талаар Д.С  захиралд урьдчилан танилцуулсан зүйл байхгүй талаар мэдүүлжээ.

Иймд анхан шатны шүүх Д.С ын тайлбар болон Ч.Б-ын мэдүүлэг зэрэгт үндэслэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 6.1 дэх заалт захиргааны актыг мэдэх тухай заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийлээ.

Үүний улмаас хууль бус захиргааны акт болох Увс аймгийн Засаг даргын 2014 оны А/217 дугаар захирамж нь захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гадуур үлдэж, анхан шатны шүүх үндэслэл муутай дүгнэлтийн улмаас нэхэмжлэгч ХТ ХК-ийн шүүхэд гомдол гаргах эрх зөрчигдөв.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалттай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамж хуульд нийцсэн эсэх асуудалд дүгнэлт хийж, шүүхийн хяналтыг хэрэгжүүлэх байсан.

Хоёр. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлийн талаар:

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зүйл болсон Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамж Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмыг илэрхий зөрчсөнөөс гадна хариуцагч хуулиар өөрт эрх олгоогүй, өөрт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргажээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 зүйлийн 10.12.5 дахь заалтад Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах эрх хэмжээг Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч хэрэгжүүлэхээр заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд мэргэжлийн хяналтын газар, түүний улсын байцаагчаас хийх хяналт шалгалт нь зөвхөн эрх бүхий этгээдийн баталсан удирдамжаар хийгдэхээр байна.

Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамж гарган нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилсон нь өөрт хуулиар эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

Засаг даргын дээрх захирамжаар томилогдсон ажлын хэсэг нь нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, улмаар уг ажлын хэсэгт багтсан улсын байцаагч Д.С , Б.Р , С.М нар нь улсын байцаагчийн дүгнэлт гаргажээ. Үүнээс үзэхэд Засаг даргын захирамж нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хяналт шалгалтыг төлөвлөх, удирдамж батлах эрх хэмжээг Увс аймгийн Засаг даргад олгоогүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 зүйлийн 4.1.6 дахь заалтад хяналт шалгалтыг гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх зарчмыг тусгажээ.

Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт-ын 10.2.5 дахь заалтад хяналт шалгалтын үйл ажиллагаанд шалгагчийн зүгээс удирдамжид заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс бусад хүн байлцуулахыг хориглоно гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад хянан шалгах эрхгүй этгээдүүд болох Засаг даргын зөвлөх гэх мэтийн 7 хүнийг оролцуулж төрийн хяналт шалгалтын зарчмыг зөрчжээ.

Хариуцагч улсын байцаагч нараас шалгалт хийсэн нэрийдлээр бодит байдалд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон хэсгийг оролцуулсан нь Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг илэрхий зөрчсөн байв.

Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын явцад Засаг даргын захирамжаар.томилогдсон ажлын хэсэг, түүний ахлах Ч.Б зааж зааварлах байдлаар явуулжээ.

Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 зүйлийн 4.1.2 дахь заалтад заасан Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бусаар явуулах зарчим зөрчигдсөнийг нотолж байна.

Увс аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэгт орсон гишүүн тус бүрээр авч үзвэл хариуцагч өөр эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргаж, төрийн бүх эрх мэдлийг зөвхөн нэг компанид хэрэгжүүлэх эрх зүйн үр дагаврыг агуулсан, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт болох нь нотлогдох юм. Тодруулбал, ажлын хэсгийн ахлагч Увс аймгийн Засаг дарга Д.Ц-ийн зөвлөх Ч.Б нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан биш байхад түүгээр ажлын хэсгийг ахлуулжээ. Ийм байхад төрийн хяналт шалгалт хараат бусаар явагдах зарчим хэрэгжсэн гэж үзэхгүй юм. Ажлын хэсгийн гишүүд болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Б , Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Т нар зөвхөн Засаг даргын ажлын аппаратын гүйцэтгэх албан тушаалтан юм. Байгаль орчны газрын мэргэжилтэн П.Б нь Засаг даргын эрхлэх хүрээний нэг агентлагийн мэргэжилтэн юм.

Тэдэнд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ямар ч эрх хэмжээгүй олгогдоогүй байхад ажлын хэсгийн гишүүнээр томилсон байдаг. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль зүйн хэлтсийн дарга Г.Б зөвтгөхдөө авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахын тулд томилогдсон гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл Засаг даргын Тамгын газрын ажилтан Б.Б , Н.Т нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг хянан шалгах эрх байхгүй юм.

Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана гэжээ. Татварын хяналт шалгалт хийх тохиолдолд татварын улсын байцаагч нь харьяалах татварын даргаар батлуулсан удирдамжийн дагуу хийх ёстой. Татварын хяналт шалгалт хийх удирдамж батлах, татварын хяналт шалгалт хийлгүүлэхээр татварын улсын байцаагчийг ажлын хэсэгт оруулан томилох эрх хариуцагч Увс аймгийн Засаг даргад байхгүй.

Гэтэл хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч ХТ ХК-ийг шалгах байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шалгалт хийлгэхдээ ажлын хэсгийн гишүүнээр Татварын хэлтсийн байцаагч П.А-ийг томилжээ.

Үүний улмаас татварын улсын байцаагч нь татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглосон Татварын ерөнхий хуулийн 30 зүйлийн 30.1.1 дэх заалт зөрчигдөхөд хүрчээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-т аймаг, нийслэлийн Засаг дарга нь ямар хүрээнд цагдаагийн байгууллагатай харилцах, удирдлага хэрэгжүүлэхийг тодорхой заажээ.

Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил явуулах зэрэг үйл ажиллагаанд аймаг нийслэлийн Засаг дарга оролцох, удирдах, цагдаагийн гүйцэтгэх ажил эрхэлдэг албан тушаалтныг ажлын хэсэгт гишүүнээр томилох эрх хэмжээ огтхон ч байхгүй юм.

Гэтэл хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь ажлын хэсэг томилсон захирамждаа Увс аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгч Д.Буянжаргал гэсэн гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий этгээдийг гишүүнээр томилжээ.

Ажлын хэсгийн гишүүн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Л нь урьд ХТ ХК-д ажиллаж байгаад байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа нэхэмжлэгч хуулийн этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй юм.

Ажлын хэсгийн гишүүн, Тариалан сумын Толь багийн Засаг дарга Г.Х нь жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн хурал хийлгэх зэргээр ХТ ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар татагдсан, ашиг сонирхлын зөрчилтэй.

Гэтэл дээрх ашиг сонирхлын зөрчилтэй, төрийн хяналт шалгалт хийх эрх хэмжээгүй этгээдүүдийг Засаг дарга захирамж гарган нэхэмжлэгч компанийг шалгах комисст томилсон нь хуульд нийцээгүй, өөрт хамааралгүй асуудлыг шийдвэрлэж, эрх хэмжээгүй хууль бус захиргааны акт гаргасныг нотолж байна.

Гурав. Маргааны зүйл болж буй захиргааны актад бус нэхэмжлэгч зөрчил гаргасан асуудалд дүгнэлт өгсөн нь талаар:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол ... захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.1-т Захиргааны хэргийн шүүх захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд захиргааны хэргийн шүүх зөвхөн захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэдэг байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч ХТ ХК зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч хууль зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт хийсэн нь хуулиар өөрт эрх олгогдоогүй асуудлаар буруу дүгнэлт хийсэн болохыг магадлалдаа дурьдаж өгөхийг хүсье.

Увс аймгийн Засаг дарга Д.Ц нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжаа гаргахдаа хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн бөгөөд ийм төрлийн захирамжаар дахин ажлын хэсэг томилж иргэд хуулийн этгээдийг хохироож, хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж болзошгүй юм.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасны дагуу давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлагдахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ХТ ХК-аас Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.С , Б.Р , С.М нарын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20/04/022/186 дугаар дүгнэлт, Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөөнд 02 дугаар сард ХТ ХК-ийг шалгахаар тусгасан боловч төлөвлөгөөт хяналт шалгалтыг хугацаанд нь хийгээгүй, харин Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын хүсэлтийн дагуу Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар захирамжаар ХТ ХК-ийн үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын зөвлөхийг томилж, хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1 /Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ/, 52.3, /Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ/, 52.5 /Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно/-д заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6-д заасан шаардлагыг хангасан төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг батлуулаагүй, хяналт, шалгалтын талаар ХТ ХК-д удирдамж болон хяналтын хуудсыг өгөөгүй нь хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

 

Ийнхүү ХТ ХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамж, хяналтын хуудасгүй явуулсан, дүгнэлтдээ хуулийг баримтлаагүй зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2 /хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх/-д заасантай нийцээгүйн зэрэгцээ хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн маргаан бүхий 20/04/022/186 дугаар дүгнэлтээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, ХТ ХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоож, 2010 оны 12 дугаар сарын 31-нээс хойш 3 жилийн хугацаанд олсон орлогыг сумын төсвийн дансанд шилжүүлэх нөхцөл бүрдсэн гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна.

 

Хэдийгээр хариуцагчаас Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20/05/026/80 дугаар төлөвлөгөөт хяналт хяналт шалгалтын удирдамжийн дагуу гүйцэтгэсэн гэх боловч энэ нь ХТ ХК-д явуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагаатай тохирохгүй байна.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20/04/022/186 дугаар дүгнэлтийг хүчингүй болгожээ.

 

Увс аймгийн Засаг даргын 2014 оны А/217 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Увс аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хяналт шалгалтыг эхлүүлэхэд ажлын хэсгийн ахлагч нь Увс аймгийн Засаг даргын Ажлын хэсэг байгуулах тухай захирамжийг танилцуулан мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Т.Ц , Ч.Б нарын мэдүүлэг, ХТ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.С ын тайлбар, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Тодруулбал, ХТ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.С  Увс аймгийн Засаг даргын 2014 оны А/217 дугаар захирамжийн агуулга, ажлын хэсгийн бүрэлдэхүүн зэргийг хяналт шалгалт хийсэн өдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин шүүх нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас бус Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулахаар байжээ.

 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах-аар заасан тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн 3 дугаар заалтын Д.С , Б.Р , С.М нараас гэснийг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР