Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Б.Ганбулган,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /№0695/,

-шүүгдэгч А.Батбаяр нарыг оролцуулан

Төв аймгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Утайхүү овогт Авидын Батбаярт холбогдох Эрүүгийн 201619000496 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Мэндийн үзүүр гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Утайхүү овогт Авидын Батбаяр /РД:НМ83062712/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Батбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг 7-8 тоотод иргэн П.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Би П.Энхцэцэгийг цохьсон нь үнэн. Миний буруу....” гэв.

Хохирогч П.Энхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..Би 2016 оны 06-р сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын, 1-р баг 7-8 тоотод А.Батбаяр намайг бусдын худлаа хэл амнаас болж явдалтай гэх зэргээр доромжилж өглөөний 09 цагийн орчим миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж миний биед гэмтэл учруулсан байгаа.." гэх мэдүүлэг /хх-14/,

 

Гэрч Ц.Буянболор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "....Тухайн 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр намайг Төв аймгийн Жаргалант суманд гэртээ нөхөр Пүрэвжавтайгаа байж байсан чинь миний төрсөн охин Энхцэцэг маань над руу өөрийн гар утаснаас залгаж Батбаяр намайг зодчихлоо хамар мурийсан ГССҮТрүү очиж үзүүлэхгүй бол болохгүй боллоо гэхээр гэрт яваад очсон чинь манай охины хамар нь мурийсан нүүр ам нь хавдсан байдалтай байсан. Батбаяр нь манай охинтой хамт амьдраад 1 жил гаран болж байгаа миний ажигласнаар бол Батбаяр нь морь мал унаж давхисан онгироо сагсуу, бөх барилддаг залуу байгаа юм. Тэгэхээр нь би Батбаяр луу чи миний охиныг ийм болголоо гээд хэдэн үг хэлчхээд хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдсэн...", "...Сүүлд нь охиноосоо асуусан чинь охиныг маань хөгшин 3 хүүхэдтэй хүүхэн гээд гадуур хүмүүс ярьж байна гэж хэрүүл өдөөд зодсон гэж байсан. Хүмүүсийн ам дамжсан хов ярианаас болж хэрүүл маргаан үүсч зодоон болсон гэж би ойлгосон.." гэх мэдүүлэг /хх-16/,

 

Гэрч Д.Пүрэвжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..Тухайн 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр намайг Төв аймгийн Жаргалант суманд гэртээ эхнэр Буянболортойгоо хамт байсан чинь охин Энхцэцэг маань эхнэр лүү залгаж Батбаяр намайг зодчихлоо хамар мурийсан эмнэлэг рүү очиж үзүүлэхгүй бол болохгүй боллоо гэхээр гэрт яваад очсон чинь манай охин Энхцэцэгийн хамар нь мурийсан нүүр ам нь хавдсан гэмтэл авсан байсан. Батбаяр нь манай охинтой хамт амьдраад 1 жил болж байгаа...", "...Миний ойлгосноор Батбаяр охиныг маань хов ярианаас болж зодсон байна лээ..." гэх мэдүүлэг /хх-18/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9162 тоот: "...П.Энхцэцэг-ийн биед зүүн ухархайн дотор хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны зүүн хажуу хананы нийлмэл хугарал. таславчын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэпгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт/хх-ийн 20-рт/,

 

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-8-9/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-10/,

-шүүгдэгч А.Батбаярын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-31/,

-шүүгдэгч Б.Анхбаярыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр /хх-26/ сэжигтнээр, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр /хх-28/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Батбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг 7-8 тоотод иргэн П.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Энхцэцэгийн "...Төв аймгийн Жаргалант сумын Буурлын, 1-р баг 7-8 тоотод А.Батбаяр намайг бусдын худлаа хэл амнаас болж явдалтай гэх зэргээр доромжилж өглөөний 09 цагийн орчим миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж миний биед гэмтэл учруулсан..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Буянболорын: “..Тэгэхээр нь би Батбаяр луу чи миний охиныг ийм болголоо гээд хэдэн үг хэлчхээд хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдсэн...", "...Сүүлд нь охиноосоо асуусан чинь охиныг маань хөгшин 3 хүүхэдтэй хүүхэн гээд гадуур хүмүүс ярьж байна гэж хэрүүл өдөөд зодсон гэж байсан. Хүмүүсийн ам дамжсан хов ярианаас болж хэрүүл маргаан үүсч зодоон болсон гэж би ойлгосон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Пүрэвжавын: “...Энхцэцэг маань эхнэр лүү залгаж Батбаяр намайг зодчихлоо хамар мурийсан эмнэлэг рүү очиж үзүүлэхгүй бол болохгүй боллоо гэхээр гэрт яваад очсон чинь манай охин Энхцэцэгийн хамар нь мурийсан нүүр ам нь хавдсан гэмтэл авсан байсан..” гэх мэдүүлэг, шинжээчийн №91662 тоот дүгнэлт /хх-20/, шүүгдэгч А.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч А.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулж байгаа байдал зэрэг хувийн байдлыг харгалзан хөнгөн ял болох албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч П.Энхцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд нийт 1 843 450 төгрөгийн нэхэмжлэлийн   шаардлага  гаргаснаас шүүгдэгч А.Батбаяр нь мөрдөн байцаалтын шатанд 1 500 000 төгрөгийг, шүүхийн шатанд 348 800 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт шүүгдэгч А.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Утайхүү овогт Авидын Батбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батбаярыг 255 /хоёр зуун тавин тав/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан А.Батбаярыг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Ялтан А.Батбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Батбаярт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргү/цэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан А.Батбаяр урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА