Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 16

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын

Засаг даргад  холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00017/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндуламыг оролцуулан  

     Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаар шийдвэртэй, М.Н-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад  холбогдох ажилгүй байсан хугацааны  цалин  хөлстэй тэнцэх олговорт 4 178524 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 518500 төгрөгийг гаргуулж,  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж  дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч  М.Н-ийн  давж заалдах гомдлоор 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Би 2013 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт Бумбат 3-р багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны 1  дүгээр сарын 28-ны өдрөөс Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Э-ийн  хууль бус захирамжаар ажлаас халагдсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 5 дугаар сарын 24-нд анхан шатны шүүх хуралдаан болж намайг хуучин ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шийдвэр гаргасан. Давж заалдах шат болон хяналтын шатны  шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр баталсан юм. Иймд 2016 оны 5 дугаар сарын 24-өөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 6 сар 5 хоногтой тэнцэх  олговорт  4178524 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 518500 төгрөг нийт 4697024 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбат   шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Н- нь хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн  шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-ийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 428-р тогтоолоор ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2660765 төгрөгийг буцааж олгохоор заасан учраас засаг дарга болон тамгын газраас 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр  олгосон. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дээд шүүхийн тогтоолыг биелүүлж ажилд томилсон. Томилсноос хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч тал гомдол гаргах хугацааг зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 30-наас хойш буюу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч М.Н-ийн ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 4.697.024 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 90590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхийг дурджээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Н- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Миний шүүхэд үүсгэсэн маргаан нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээний эрх зүйн маргаан биш бөгөөд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар  зүйлийн 100.1-д зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 4697024 төгрөг гаргуулахаар шаардах эрх үүсч байгаа юм. Засаг даргын буруутай үйлдлээс надад 4697024 төгрөгийн бодит хохирол учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар гэм хорын хохирол үүссэн тул хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            М.Н-ийн нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын мөнгө 4697024 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг  хүссэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газар нь М.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзжээ.

М.Н-ийг урьд эрхэлж байсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 24 ний өдрийн 21 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24 ний өдрийн 328 дугаар тогтоол гарснаар хүчин төгөлдөр болжээ. Хяналтын шатны тогтоолын дагуу ажил олгогч нь ажилтан М.Н-ийг 2016 оны 11 сарын 30 ны өдөр ажилд томилсон байна. /хх 8-9, 13-19 дэх тал/

Иймд нэхэмжлэгч М.Н- ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ээлжийн амралтын мөнгө 518500 төгрөгөөс татгалзаж,  анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилох хүртэлх 6 сар 5 хоногтой тэнцэх олговорт 4178524 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцнэ.

Ажил олгогч нь ажилтан М.Н-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн түүнийг 2016 оны 05 сарын 24 нөөс 2016 оны 11 сарын 30 хүртэл ажилгүй хүлээлгэсэн буруутай болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд нийцээгүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 90120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 сарын 23 ны өдрийн 101 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газраас 4178524 төгрөгийг гаргуулж М.Н-өд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46,2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтад “хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжинд  81806 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 90120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

  ШҮҮГЧИД                                              З.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                                        Я.АЛТАННАВЧ