Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/146

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Мгийн Бд холбогдох 2212000000116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Т багийн Г хороолол гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Мгийн Б /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Г хороололд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Зд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000116 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Зын мэдүүлсэн: ...А аймгийн Ц сумын Т багийн Г хороололд гэртээ байж байтал 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой 22 цагийн үед манай нөхөр Б гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би архи уухаа боль гэж уурласан чинь согтуурхаад намайг шалтгаангүй хардаж эхэлсэн. Тэгээд архи ууна, архи уухаар яадаг юм гэж агсарч байгаад миний хамар руу гараараа 2 удаа цохиод, баруун гуя руу 1 удаа өшиглөөд, намайг гэрээс гаргаж ална гэж чирсэн. Тэгээд аргаа бараад намайг цагдаа дуудахад Б зугтаагаад алга болчихсон. Тэгээд би сумын эмнэлэг дээр очиж хамрынхаа цусыг тогтоолгоод эмнэлгийн тусламж авсан. Миний хамар руу 2 удаа гараараа цохиод хамраас цус гарч хавдаад 2 нүд хөхөрсөн, баруун талын гуя руу нэг удаа хөлөөрөө өшиглөөд гуя хөхөрсөн. Өөр бэртэл, гэмтэл учраагүй. Архи уугаад байхаар нь боль гэж хэлсэн чинь над руу агсраад учир зүггүй хардаад байсан. Тэгээд хэрэлдээд намайг цохиж, зодсон. Б бид 2 гэртээ байсан. Өөр хүн байгаагүй. Болсон асуудлын талаар манай найз Р мэдэж байгаа. Б бид 2 гэр бүлээд болоод 2012 оноос хойш одоог хүртэл 10 жил хамт амьдарч байна. Урьд нь намайг цохиж зодож, хэрүүл, маргаан хийж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ргийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой 23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн төвд сумын эмнэлэг дээр манай найз З нөхөр Бдээ зодуулсан байна гэхээр нь яваад очсон. Намайг очиход Зын хамраас нь цус гарчихсан, хамрынх нь 2 тал нь нүд рүүгээ хавдчихсан байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр эмч дуудаж анхан шатны тусламж үзүүлсэн. Манай нөхөр Б архи уугаад согтуурхаад намайг нүүр рүү цохичихлоо гэж ярьж байсан. Юунаас болж муудалцсаныг нь би мэдээгүй. Тэрийг нь би сайн мэдэхгүй. З надад нөхөртэйгээ муудалцсан, зодолдсон гэж ярьж байгаагүй. Энэ талаар мэдэгдэж байгаагүй. Б, З 2 гэр бүл болоод 10 болж байгаа. Хамар, нүд нь хөхрөөд, хамраас нь цус гараад, 2 өвдөг нь халцарсан байсан. Бусад гэмтлийг нь хараагүй, юм мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Сын мэдүүлсэн: ...Зыг бол багаасаа таньдаг байсан. Хүнтэй сууснаасаа хойш нэг их уулзахаа болсон. Бид 2 бага байхдаа айл байдаг байсан. Саяхан эмнэлэг дээр ирж үзүүлчихээд явсан. Харин Б гэх хүнийг бол танихгүй. 2022 оны 03 дугаар сарын хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна, нилээн оройхон намайг гэртээ байж байтал зодуулсан хүн ирчихлээ, үзүүлье гэж байна гэхээр нь би ажил дээрээ очтол З байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр согтуудаа намайг зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед биеийн байдал нь хамраас нь цус гарсан, хамар нь хугарчихсан, яс нь шажигнаад байсан. Өөр ил харагдах шарх, сорив бол мэдэгдээгүй. Тэгээд би аймаг руу явж хамраа үзүүл гэтэл би маргааш өөрөө явж үзүүлье гээд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Бийн мэдүүлсэн: ...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Одоо надад мэдүүлэх зүйл байхгүй. Би эхнэрийнхээ хамарт цохиж гэмтэл учруулсан үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин ийм зүйл хийхгүй. Надад хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсч байна. Би эхнэрийнхээ хамрыг ноолуур гарах үеэр Улаанбаатар хот руу авч явж янзлуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. П.Зын биед хамрын хянга яс, ухархайн доод ханын цууралт, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун өвдөгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20-21 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Ц сумын Тбагийн нутаг дэвсгэр Г хороололд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр П.З нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр М.Бдээ зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Г хороололд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Зд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч П.Зын мэдүүлсэн “Ааймгийн Ц сумын Т багийн Г хороололд гэртээ байж байтал 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой 22 цагийн үед манай нөхөр Б гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би архи уухаа боль гэж уурласан чинь согтуурхаад намайг шалтгаангүй хардаж эхэлсэн. Тэгээд архи ууна, архи уухаар яадаг юм гэж агсарч байгаад миний хамар руу гараараа 2 удаа цохиод, баруун гуя руу 1 удаа өшиглөөд, намайг гэрээс гаргаж ална гэж чирсэн. Тэгээд аргаа бараад намайг цагдаа дуудахад Б зугтаагаад алга болчихсон. Миний хамар руу 2 удаа гараараа цохиод хамраас цус гарч хавдаад 2 нүд хөхөрсөн, баруун талын гуя руу нэг удаа хөлөөрөө өшиглөөд гуя хөхөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

 

гэрч Д.Ргийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой 23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн төвд сумын эмнэлэг дээр манай найз З нөхөр Бдээ зодуулсан байна гэхээр нь яваад очсон. Намайг очиход Зын хамраас нь цус гарчихсан, хамрынх нь 2 тал нь нүд рүүгээ хавдчихсан байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр эмч дуудаж анхан шатны тусламж үзүүлсэн. Манай нөхөр Б архи уугаад согтуурхаад намайг нүүр рүү цохичихлоо гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,  

 

гэрч Ц.Сын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна, нилээн оройхон намайг гэртээ байж байтал зодуулсан хүн ирчихлээ, үзүүлье гэж байна гэхээр нь би ажил дээрээ очтол З байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр согтуудаа намайг зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед биеийн байдал нь хамраас нь цус гарсан, хамар нь хугарчихсан, яс нь шажигнаад байсан. Өөр ил харагдах шарх, сорив бол мэдэгдээгүй. Тэгээд би аймаг руу явж хамраа үзүүл гэтэл би маргааш өөрөө явж үзүүлье гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,  

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд М.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.Б нь А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Г хороололд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Зыгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч М.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч П.З нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч М.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Бовогт Мгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ