Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 17

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй, Б.М-эд

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00016/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

     Нэхэмжлэгч: Ч.Г,

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.А,

     Хариуцагч: Б.М-,

     Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ж нарыг  оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар шийдвэртэй, Ч.Г-ын нэхэмжлэлтэй, Б.М-эд холбогдох “эксковаторыг түрээслээгүй буюу ашиглаагүйн төлбөр 45400000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.М-ийн давж заалдах гомдлоор 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Г миний бие Б.М-ийн эксковаторыг нэг сард 10 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, улмаар Б.М-ийн 50001023050000021 данс руу 2014 оны 5 сарын 13-ны өдөр өөрийн 5007133379 тоот данснаасаа 33640 ам долларыг шилжүүлсэн. Удалгүй Б.М- нь эксковатороо түрээслэхээ больсон тул миний бие түрээсийн үлдэгдэл мөнгөө буцаан авахаар болж тооцоо нийлээд Б.М- надад 45 400 000 төгрөгийг төлөхөөр болсон. Энэ талаар 2014 оны 09 сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн бичвэр үйлдэж аль аль нь гарын үсгээ зурсан. Мөн мөнгөө 2014 оны 10 сард багтаан буцаан төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл Б.М- нь нэг ч төгрөгийг надад буцааж өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул Б.М-ээс түрээсийн мөнгө /түрээслээгүй буюу эксковатор ашиглаагүй хугацааны түрээс/ 45 400 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М-тэй харилцан тохиролцож эксковотарыг нэг сарын 10 сая төгрөгөөр түрээслэхээр болсон. Үүний дагуу 2014 оны 5 сарын 13-ны өдөр өөрийн данснаас 33640 ам долларыг М-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед 2014 оны 5 сарын 18-ны өдөр М-ийн молтокийг 6 сарын хугацаатай түрээслээд 2014 оны 11 сарын 18-ны өдөр буцааж өгөхөөр тохиролцсон. Дундговь аймгийн Хулд сумын жонжны уурхайд үйл ажиллагаа явуулж байтал 2014 оны 7 сарын 13-нд эвдэрсэн. 2014 оны 8 сарын 20-нд “Хас лизинг” компани уг молтокийг хурааж авсан. Би ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр 45400000 төгрөгийг Б.М-ээс нэхэмжилж байгаа. 2014 оны 9 сарын 06-ны өдөр М- бид хоёр тооцоо нийлж акт үйлдэж гарын үсгээ зурсан. Би сөрөг нэхэмжлэл болох М-ийн нэхэмжилж байгаа 44224500 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Энэ мөнгө үндсэн нэхэмжлэлтэй огт хамаагүй. Миний нэхэмжилж байгаа 45400000 төгрөгийг төлчихвөл уг молтокийг М-эд хүлээлгэж өгнө. Иймд Б.М-ээс 45400000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Г-аас эксковатор түрээслэж байсан. 45.400.000 төгрөгний барьцаанд тавьсан молтокоо тухайн үед 31000 доллараар авсан. Мөнгөө төлж чадахгүй учир /бүх ажлууд зогсоод эксковаторыг Хас лизинг компанид төлбөрөө төлөөгүй хураалгасан/ үүгээрээ хаая гэж ярьсан байсан. Тийм учир энэ барьцаагаараа төлбөрийг хаах хүсэлтэй байна  гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Ч.Г-ын нэхэмжлэлтэй ашиглаагүй түрээсийн төлбөр 45400000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд миний эзэмшлийн DMB-300 загварын 44224500 төгрөгний үнэтэй молотокны үнийг Гаас нэхэмжилж байна. Эксковатор ашиглаагүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45400000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний DMB-300 маркийн молтокийг Г барьцаанд авсан. Ингэхдээ барьцааны зүйлийг ашигласан гэж үзэж байгаа. Гэрээг анх байгуулсан Р Д, Ч.Г нартай үлдэгдэл төлбөрт молтокоо өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Иймд Ч.Г-аас DMB-300 маркийн молтокны үнэ болох 44224500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мөнх ёст хатагин овогт Батмөнхийн М-ээс 45400000 /дөчин таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Үст овогт Чимэдрэгзэнгийн Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар Б.М-ийн 44224500 төгрөгийг Ч.Г-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Г-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950 төгрөгийг мөн хариуцагч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379072 төгрөг 50 мөнгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.М-ээс 384950 төгрөгийг, төрийн сангийн данснаас тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-д олгохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.М- давж заалдах гомдолдоо: Р Д, Г нар нь банкинд хураагдсан байгаа эксковаторын мөнгийг төлөөд авч хэрэглэх, надад тусалж байгаа үүднээс 10 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Р Д Г-ын данс руу 33640 доллар буюу тухайн үеийн ханшаар 60451000 төгрөгийн төлбөр төлсөн. Ингээд Гтай тооцоо нийлэхэд надад 45400000 төгрөгийн өр үүссэн. Г-ын данс руу Р Д түрээсийн төлбөр шилжүүлсэн байхад ганцаараа надаас нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна. Бидний дунд бичгээр хийсэн хэлцэл байхгүй. Би өөрийн молотокийг барьцаанд үлдээсэн ба энэ хугацаанд уурхайд ашигласан байсан. Г-аас молотокны үнэ 44224500 төгрөг гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр товлогдож хойшилсон. Дараагийн шүүх хурал 6 дугаар сарын 20-ны 10 цаг хүртэл хойшилсон болохыг шүүгчийн туслахаас мэдсэн. Манай өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон. Би өмгөөлөгчийн хүсэлт, эмнэлгийн магадлагаа зэргийг нь шүүхийн факс ажиллахгүй байсан болохоор холбооны факсаар хүлээн авч 10 цаг 01 минутад хурлын танхим руу орох гэтэл намайг оруулахгүйгээр хурлыг үргэлжлүүлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх  ноцтой зөрчигдсөн байна.

Ч.Г-ын нэхэмжлэлтэй Б.М-эд холбогдох хэргийг 2017 оны 06 сарын 20 ны өдөр  хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдээгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн  “шүүхээс хуралдааны товыг мэдэгдээгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар  “зохигч, шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэх” үүргээ шүүх огт биелүүлээгүй хирнээ хариуцагч түүний өмгөөлөгчийг  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэж үзэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Мөн  шүүх хуралдаанд зохигчдыг биеэр оролцуулах нь мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд ч чухал ач холбогдолтой бөгөөд хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрх бүрэн хангагдаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Б.М-ийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950  төгрөгийг шүүгчийн захирамжаар   буцаан олгохыг дурдсугай.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

  ШҮҮГЧИД                                             З.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                                       Я.АЛТАННАВЧ