Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өнөрбаяр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг,

-шүүгдэгч Л.Хуягтбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Хуягбаатарт холбогдох 201619000451 тоот Эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1985 оны 08 сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 60 гудамжны 42 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дулдуйт овогт Лхагвадоржийн Хуягтбаатар /РД:НА85082873/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Л.Хуягтбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумыг 1 дүгээр багийн нутаг "Хүн овоотын ам" гэх газарт 80-05 УБЯ улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 бүлгийн 7.17 "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 2 бүлгийн 2.3 жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдснаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв болоцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /граш/ буюу засварын газарт очно гэсэн заалтуудыг зөрчсний улмаас өөрийн төрсөн хүү 1 нас 2 сартай Х.Энх-Амгаланг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Хуягтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өнөрбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Гэрч Э.Анужин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Төв аймгийн Алтанбулаг сумын Цэргийн ангийн урд байрлаж байгаа 6 дугаар мото буудлагын батолонд цэргийн эмчээр ажиллаж байсан...20 цагийн орчимд бааз дээрээ эмнэлгийн В байранд сууж байсан чинь гаднаас 1 нас 2 сартай гэх ухаангүй эрэгтэй хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн эхнэрийн хамт орж ирсэн...авто осолд орчихоод гэсэн...биеийн ерөнхий байдал маш хүнд , ухаангүй, хариу үйлдэлд үзүүлэхгүй, зүүн судсанд пульс тэмтрэгдэхгүй, чагнахад амьсгал сонсогдохгүй, зүрхний амиа бүдэг хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, хөхөлбөр, хэсэгт газрын үзлэг толгойн баруун талд маш их хаван хавдартай гэмтэл үүссэн, баруун хацарт бага зэргийн цус хуралттай байсан....15 минутын турш сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийсэн боловч ...зүрхний үйл ажиллагаа зогссон..“ гэх мэдүүлэг,

Гэрч Л.Хүрэлбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр...ах Арсланбаатар...нөгөө Хуягтбаатар маань хүүхдээ машинаараа мөргөчихсөн юм шиг байна гэхээр нь...яваад очсон чинь хүүхэд нь өнгөрчихсөн зүүн гэрийнхээ орон дээр байж байсан. Хуягтбаатар надад ухарч байгаад хүүгээ дайрчихлаа гээд уйлж байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Арсланбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн төрсөн дүү Л.Хүрэлбаатарын хамт Төв аймгийн Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний 311-р анги дээр буюу ажилд дээрээ моринд явах гээд байж байсан чинь Л.Хуягтбаатарын эхнэр Өнөрбаяр над руу утасдаж Хуягтбаатар маань ухарч байгаад хүү Энх-Амгалангаа дайрчихлаа гэхээр нь дүү Хүрэлбаатарын хамт очсон хүүхэд өөд болчихсон цаад гэрт нь цогцосыг нь хадгалж байсан...машинаа асаах гэсэн чинь хүүгээ дайраад алчихлаа гэж байсан. Дүүгийн маань машин астачергүй болохоор ухарч өнхөрч байгаад асдаг юм..” гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 80 тоот акт: “..Талийгаачийн биед гавал ясны салсан хугарал, цөмрөл, тархины эдийн няцрал, аалзавчийн доорх тархмал цус харвалт, хуйх, чамархайн булчин, гавлын шар хальсанд цус харвалт, уушигны гялтанд цус харвалт, нүүр, хуйх, мөчинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Толгойн хүнд гэмтлийн улмаас нас баржээ..” гэх дүгнэлт,

Төв аймгийн Замын цагдаагийн тасгын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлтэнд: ”.. 7 бүлгийн 7.17 "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 2 бүлгийн 2.3 жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдснаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв болоцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /граш/ буюу засварын газарт очно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Л.Хуягтбаатарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлнө...” гэх дүгнэлт,

 

         - гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

         - хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5/,

         - зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тодорхойлолт /хх-9/

         - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/,

         - цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/,

         

         - шүүгдэгч Л.Хуягтбаатарын ял шийтгэх хуудсыг шалгахад “урд ял шийтгүүлж байгаагүй” гэх лавлагаа /хх-53/

         - шүүгдэгч Л.Хуягтбаатарыг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр /хх-47/ сэжигтнээр, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр /хх-49/ яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд зэргийг тус тус шинжлэн судлав.

 

    Шүүгдэгч Л.Хуягтбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумыг 1 дүгээр багийн нутаг "Хүн овоотын ам" гэх газарт 80-05 УБЯ улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 бүлгийн 7.17 "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 2 бүлгийн 2.3 жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдснаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв болоцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /граш/ буюу засварын газарт очно гэсэн заалтуудыг зөрчсний улмаас өөрийн төрсөн хүү 1 нас 2 сартай Х.Энх-Амгаланг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: гэрч Э.Анужингийн: “..авто осолд орчихоод гэсэн...биеийн ерөнхий байдал маш хүнд , ухаангүй, хариу үйлдэлд үзүүлэхгүй, зүүн судсанд пульс тэмтрэгдэхгүй, чагнахад амьсгал сонсогдохгүй, зүрхний амиа бүдэг хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, хөхөлбөр, хэсэгт газрын үзлэг толгойн баруун талд маш их хаван хавдартай гэмтэл үүссэн, баруун хацарт бага зэргийн цус хуралттай байсан....15 минутын турш сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийсэн боловч ...зүрхний үйл ажиллагаа зогссон...” гэх мэдүүлэг, Л.Арсланбаатарын: “..Төв аймгийн Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний 311-р анги дээр буюу ажилд дээрээ моринд явах гээд байж байсан чинь Л.Хуягтбаатарын эхнэр Өнөрбаяр над руу утасдаж Хуягтбаатар маань ухарч байгаад хүү Энх-Амгалангаа дайрчихлаа гэхээр нь дүү Хүрэлбаатарын хамт очсон хүүхэд өөд болчихсон цаад гэрт нь цогцосыг нь хадгалж байсан..” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өнөрбаяр, шүүгдэгч Л.Хуягтбаатарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Хуягтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Хуягтбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал гаргаагүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өнөрбаяр нь хохирол нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлийн талаар:

Шүүгдэгч Л.Хуягтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №007541195 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.Хуягтбаатарт буцаан олгох, шүүгдэгч Л.Хуягтбаатарын жолооны үнэмлэх нь хэрэгт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дулдуйт овогт Лхагвадоржийн Хуягтбаатарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хуягтбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Хуягтбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Л.Хуягтбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,  2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Хуягтбаатарт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг ялтан Л.Хуягтбаатарт мэдэгдсүгэй.

7. Ялтан Л.Хуягтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан Л.Хуягбаатарын жолооны үнэмлэх нь шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №007541195 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.Хуягтбаатарт буцаан олгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Л.Хуягтбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА