| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0050/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/60 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,
Хохирогч С.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Айраг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн С.Аын нүүрэн тус газар нь өвдөглөж, өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хохиорогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хоёр шил архи уугаад утсыг нь мартаад авсан байсан. Намайг хоёр удаа дэвссэн дараа нь би эмнэлэг явсан. Өөр зүйл болоогүй...” гэв.
Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр...бид нар архи ууж байгаад Б гэнэт босож ирээд шууд миний эрүү рүү өвдөглөчихсөн...тэгээд би гараад алхаж байсан чинь гарч ирээд намайг ташиж унагаагаад энэ мууг гүйцээчихье гээд миний зүүн талын шанаа руу 2 удаа дэвссэн...Б 400 000 төгрөг өгсөн. Одоо 800 000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Аын нүүр рүү нь би өвдөглөсөн. Аыг ойчихоор нь хавирга орчимд нь нэг удаа дэвссэн...Би хохирогчдоо 400 000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас /,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ... дугаартай: “...С.Аын биед эрүү ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 21 дүгээр хуудас /,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн С.Аын нүүрэн тус газар нь өвдөглөж, өшиглөж эрүү ясны хугарал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч С.А нь шүүх хуралдаанд:“...С.Б нь надад мөрдөн шалажиллагааны явцад 400 000 төгрөг өгсөн ба өнгөрсөн 1 дэх өдөр 800 000 төгрөгийг өгсөн тул хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн тул шүүгдэгч С.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугталаар маргаангүй болон цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлого болгохоор тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 / арван таван / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА