Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 21320000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1980 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хоёр хүүхдийн хамт, *******,******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Дулам овогт Довдоны Дагвадорж/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн 76 тоотод байрлах Б.Нармандахын гэрт иргэн Ц.Сарантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Миний урд өмнө өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232000000067 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч Ц.Сарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр найз Нармандахын гэрт 17 цагийн үед Сараа, Дагвадорж, Ганцэцэг нарын хамт 0.75 литрийн хараа архи хувааж ууж сууж байгаад Дагвадоржид чи эхнэр Сараагаа зодож цохиж болохгүй ш дээ 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажил явдал дээр ирэхдээ нүд нь хөхөрчихсөн байсан гэхэд Дагвадорж юм дугарахгүйгээр миний толгой хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохиж унагаасан би уначхаад буцаж босоод толгойгоо барихад миний толгой хэсгээс цус гарч байхаар нь би эмнэлэгт очиж үзүүлсэн. ...Дагвадорж миний толгой хэсэгт цохиж уг гэмтлийг үүсгэсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.    ...гэх мэдүүлэг/Хх-ийн 7  дугаар хуудас/

Гэрч Г.Ганцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед намайг гэртээ байхад Сарантуяа, Дагвадорж, Сараа гурав манай гэрт ирж 0.75 литрийн хараа архи хувааж уугаад сууж байхад манай гэрийн ууланд явах гэж байгаа хүмүүс  ирээ би гарч юм өгчхөөд буцаад гэртээ орж ирэхэд Сарантуяагийн толгой хэсгээс цус гарчихсан байсан. Тэгэхээр нь Сарантуяагаас юу болсон талаар асуухад Дагвадорж миний толгой руу цохисон гэж хэсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч Л.Саруултуул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би нөхөр Дагвадорж, Сарантуяа нарын хамт 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед Ганцэцэгийн гэрт 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байхад Ганцэцэг хүнд юм өгнө гэж гараад явсан. Ганцэцэгийг гэрээсээ гарсан хойгуур Сарантуяа манай нөхөр Дагвадорж  руу чи яахаараа эхнэрээ зоддог юм гэж хэл амаар дайрч хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр Сарантуяагийн толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон тэгэхэд Сарантуяа газар уначхаад буцаж босож ирэхэд толгойноос нь цус гараад байхаар нь эмнэлэгт хүргэж өгсөн. ...Манай нөхөр Дагвадорж толгой хэсэгт гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 11 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр найз Нармандахын гэрт 17 цагийн үед эхнэр Сарантуул, найз Сарантуяа нарын хамт очиж 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байтал Сарантуяа чи эхнэрээ зоддог гэж хэдээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь миний уур хүрээд толгой хэсэгт нэг удаа цохичхоод Нар мандахын гэрээс гараад явсан. ...Би нэг удаа гараараа толгой хэсэгт цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 17 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №62 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.Ц.Сарантуяагийн биед толгой хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 12-13 дугаар хуудас/

Хохирогч Ц.Сарантуяагийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт/Хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 38 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн 76 тоотод оршин суух иргэн Б.Нармандахын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Сарантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний толгойн тус газарт гараараа нэг удаа цохиж хуйханд шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Ц.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 7 дугаар хуудас/, Гэрч Г.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 9 дүгээр хуудас/,Гэрч Л.Саруултуулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 11 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ийн  эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 25 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №62 дугаартай дүгнэлт/Хх-ийн 15-16 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч Ц.Сарантуяагийн эрүүл мэндэд учирсан толгойн хуйханд үүссэн шарх, зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна

 

Гурав.Шүүгдэгч *******ид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн 76 тоотод оршин суух иргэн Б.Нармандахын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Сарантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний толгойн тус газарт гараараа нэг удаа цохиж хуйханд шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шалтаг шалтгаангүйгээр, найз нөхдөөрөө нийлж архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, нэг нэгнийхээ зүй ёсны шаардлага, үгийг үл тоосон, бусдад хүндэтгэлтэй хандах хувь хүний хүмүүжлээс шалтгаалсан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Дулам овогт Довдоны Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ийг 480/дөрвөн зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 480000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Сарантуяа гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ