Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч Б.А

Шүүгдэгч Д.Э-Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Дийн Э-От холбогдох 2216000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суух хаягтай, 2001 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, ДК01230616 регистрийн дугаартай, Ж овогтой Дийн Э-О

 

Шүүгдэгч Д.Э-Онь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Халиун сум, Сүүж 3-р багийн нутаг “Халиун толгой” гэх газарт хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Атай шалтгаангүйгээр маргалдаж улмаар цээж, хэвлийн тус газарт нь хөлөөрөө олон тооны удаа өшиглөж “хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн няцрал, хэвлий доторх цус алдалт, цус алдалтын дараах цус багадалт цөсний шалтгаант хэвлийн гялтантаст, сэмжний үрэвсэл, гэдэсний наалдац бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Э-Охохирогч Б.А нар нь  2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Халиун сум, Сүүж 3-р багийн нутаг “Халиун толгой” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч Д.Э-Онь Б.Аг хөлөөрөө олон удаа өшиглөж биед нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал халдаж хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Д.Э-Оүйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Агийн шүүх хуралдаанд өгсөн “...Би Говь-алтай аймагт ирж байж байгаад хот явах гээд Халиун сумд очиж ээжтэйгээ уулзсан.  Очоод хэд хоног эмнэлгээр үзүүлчихээд буцах гэж байсан. Шөнө 10 цагийн үед манай найз орж ирээд машин суучихлаа машин гаргая гэж хэлээд намайг аваад Д.Э-Онд очиж Д.Э-О-г  аваад гурвуулаа гарсан. Энэ хоёр согтуу байсан. Тэгээд машинаа гаргачхаад явах гэхэд машин дотроос нэг бүтэн, нэг тал архи гаргаж ирээд уугаад хамт хоносон. Маргааш өглөө нь машинаа унаад дэлгүүр ороод архи аваад Халиун толгой гэдэг газар хамт очъё гээд гурвуулаа хамт Халиун толгой гэдэг газар архи ууж байгаад М-Эжоохон муудсан байсан. Бид хоёр ууж сууж байгаад тэрнээс хойш согтсон сайн гэж хэлсэн. Эрдэнэ-Очир чиний дээр гараад суусан байсан. Би салгасан гэж хэлсэн. Тэрнээс хойш юмыг сайн санахгүй байгаа юм. Хагалгаанд ойр ойрхон орсон учир санахгүй байгаа. Хотод очиж хагалгаанд орсон. 10-аад хоноод тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй мартаад болохгүй байна. Хот руу явахад Э-О-нээж араас очсон. Тухайн үедээ эмнэлэгт хэрэгт болж байсан ойр зуурын мөнгө өгсөн. Хотоос ирээд Халиунд ирсэн байхад манайхаар орж ирсэн. Ээж нь байнга ярьдаг. Утсаа авахгүй байгаа юм. Өөрсдөө ирээд уулзвал гомдол санал байхгүй. Эмчилгээний зардлыг гаргуулж биеэ эмчлүүлнэ гэж бодож байна. Уулзсан зүйл байхгүй байгаа. Эмчилгээний зардал мөнгөө сайн гаргуулж эмчилгээ хийлгэмээр байна гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-рт/,

 

Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн “...11 цагийн үед дэлгүүрээс М-Э“Соёрхол” нэртэй 0,75 л архи, бас нэг 0,75 л архи авсныг сумаас зүүн тийш 3 гаран км зайд “Халиун толгой” гэх газарт очоод “Соёрхол” нэртэй архиа задлаад гурвуулаа ууж байгаад нэлээн муудацгаасан. Тэгэхэд бид гурав гадаа машины хажууд толгой дээр сууж байсан. Ингээд М-Эмуудаад шууд жолооч талын хаалгаар ороод унтсан. Ингээд 2 дахь шил архиа Эрдэнэ-Очир бид хоёр задлаад дээрээс нь бага зэрэг хундаганд хийгээд ууж байхдаа адуу мал ярьж байгаад муудалцсан. тэгтэл босоод ирэхээр нь би бас босоод иртэл намайг заамдаж хувцсаар боож унагаад бид хоёр дээр доороо орж ноцолдох үед уруул руу гараараа цохисон. Ингээд босож ирээд цээж рүү дэвсэнгүүт нь ухаан балартаад юу болсныг тэрнээс хойш мэдэхгүй нэг ухаан ортол манай найз М-Эмашинаасаа буугаад ирчихсэн больцгоо гээд Эрдэнэ-очир бид хоёрыг салгаад машиндаа суулгаад машинаа жолоодоод сум ороод шууд намайг гэрийн үүдэнд буулгасан. Тэр үед 22 цаг болж байсан юм. Ингээд шөнө нь гэртээ хоночхоод маргааш нь манай ээж сумын эмч дуудаад ирж үзүүлээд аймгаас эмч дуудаж хагалгаанд орсон юм. Миний зүүн талын нүд хавдаад хөхөрсөн, зүүн талын уруул дотор талдаа язарсан. Цээж аюулхай хэсгээрээ хавдсан байсан. Ингээд эмч нар хагалгаанд оруулахад элэг няцарч дотуур цус алдсан байсан гэсэн. Эрдэнэ-Очир гараараа нүүр амруу цохиод, цээж рүү хөлөөрөө нэг удаа дэвсэж байсан. Тэгээд тэрнээс хойших үйл явдлыг сайн санахгүй байгаа юм ...1.500.000 гаран мянган төгрөгийн зардал гарсан баримтууд нь надад байгаа албан ёсоор хүлээлгэж өгье. Эмчилгээний зардал мөнгийг гаргаад өгчихвөл гомдол, санал алга.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 74-рт/,

Гэрч Г.М-нмөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө А, Э-О бид гурав хамт архи ууж байгаад өглөө эрт “Халиун толгой” овоо руу гарах гэж яваад замдаа 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад “Халиун толгой” гэх газар овооны хажууд очоод 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Би нэлээн муудаад унтаж байтал машины хажууд хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь сэрээд хартал Э-О Аг газарт унагаагаад дээр нь гарсан байж байсан. Би машинаасаа бууж очоод салгах үед Аийн амнаас нь цус гарсан байсан. А, Э хоёрыг машинд суулгаад Халиун гол руу очиж ус аваад сумын хойд талд ирж Амгалангийн цусыг угааж цэвэрлээд уруул нь сэтэрсэн байхаар нь аймаг явна гээд 2-3 км яваад бензинээ хартал багассан байсан. Тэгээд зогсоод хэсэг унтаж байгаад сэртэл гадаа харанхуй болчихсон байсан. Амгаланг гэрт нь хүргэж өгөөд Э-о бид хоёр сумын хойд талд машиндаа унтсан. ...унтаж байтал Аийн ээж Норжмаа гэх хүн орж ирээд Аийн цээж бие нь өвдөөд байна очиж тэр хүнээ янзал гэж хэлсэн. Тэгээд сумын эмч Ц гэж хүнийг дагуулж очоод А-г үзүүлсэн. Би А, Э-О хоёрыг ямар шалтгааны улмаас маргалдсаныг санахгүй байна. Хэсэг унтаж байгаад сэртэл Э-о Аийн дээр гарчихсан зодолдоод байх шиг байхаар нь машинаас бууж очоод салгасан. Аийн уруул сэтэрсэн цус их гарч байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23-рт/,

 

Гэрч Ж.Цын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 15 минутад 95824348 гэсэн дугаарын утаснаас эрэгтэй хүн залгаад А гэх хүний биеийг үзээд өгөөч гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад цээж нь өвдөөд байна гэж хэлсэн. Тухайн үед ковид туссан байж магадгүй гэж бодоод эмнэлэг дээр хүрээд ир нэг бол их эмчид үзүүлээдэх гэж хэлсэн. Хүнд зодуулсан талаар нь мэдээгүй байсан. Тэгээд цайны цаг дуусгаад эмнэлэг дээр очоод байж байтал Аийн ээж Н гэх хүн залгаад цээж нь өвдөөд нэг л болохгүй байх шиг байна гэж хэлэхээр нь би гэрт нь очиж Амгалан гэх хүний биеийг үзэхэд ухаан саруул, биеийн байдал харахад хүндэвтэр, зүүн талын нүдний эргэн тойронд хөхөрсөн, дээд уруул дотор талаасаа язарсан, цээжний баруун хавирга орчим өнгөц зулгарсан байдалтай, даралт 100:70, пульс 106, хүчилтөрөгчийн хангамж 97, хэвлийн аюулхай цээжин хэсэг нэлээн эмзэглэлтэй, хэл болон нүдний скайлер цайвар ягаан өнгөтэй байсан. Тэгээд шингэн сэлбэх, цус бүлэгнүүлэх зүрх судасны үйл ажиллагаа дэмжих зэрэг шинж тэмдгийн эмчилгээ хийсэн. Сумын эмч ирэхээр үзүүл, хөдөлгөж болохгүй гэж хэлээд үлдээсэн. Орой 21 цаг 50 минутын үед аймгийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч онош тодруулахаар ЭХО аппаратаар харж хэвлийд шингэн хуралдсан, дотуур цус алдалтын шинжтэй гэх онош тогтоогдож аймгаас хагалгааны бүрэлдэхүүн дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/

 

Гэрч Ж.Өны мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө их орой болсон байхад манай гэрт орж ирээд аккумлятор аваад явсан. Би хэдэн цагийн үед ирснийг нь сайн санахгүй байна.Тэгээд удалгүй машинтайгаа ирээд аккумулятор өгчхөөд явсан. Хаашаа явах талаар надад тодорхой юм хэлээгүй.Манай гэрт ганцаараа орж ирсэн. Хэнтэй явж байгаа талаар нь асуухад Эрдэнэ-очиртой хамт явж байна гэж хэлээд гарсан. Архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг уусан байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/,

 

Гэрч Ч.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед Г.М-Эманайд орж ирээд машин суусан, хамт асаалцаад өг гээд Амгаланг дагуулаад гараад явсан. 02 дугаар сарын 26-ны орой 21 цаг 15 минутын үед хашааны гадна М-Э машинтайгаа А-г хүргэж ирээд явсан. Тэгээд А гэртээ орж ирээд 1 удаа бөөлжөөд шөнөжин ёолоод унтуулаагүй. Өглөө нь харахад А-ийн нүд нь хөхөрсөн, чих хамраас цус гоожсон баруун хавирга орчим хөхөрсөн, аймхай орчим бага зэрэг зулгарсан байсан. Тэгээд хэнд зодуулсан талаар нь асуухад Эрдэнэ-очир намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би Э-О, М-Э хоёрыг хайгаад явж байтал Батсайхан гэх айлын хашаанд байх Дукаа гэж дууддаг Э гэх айлд унтаж байхаар нь сэрээгээд очиж тэр зодсон хүнээ янзалж өг эмчид үзүүл гэж хэлсэн.Тэгээд багийн эмчээс очиж өвчин намдаах эм аваад гэртээ очоод байж байтал өдөр 14 цагийн үед Э-О, М-Э хоёр орж ирсэн. Тэгээд Э-о миний утсаар Ц эмчтэй ярьсан. Хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь би өөрөө Ц эмч рүү залгаж ярьсан. Удалгүй Ц эмч ирж үзээд эм тарилга, дусал хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-рт/,

 

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Анх Халиун суманд очиход хэвлийдээ сул шингэнтэй, цус багадалттай, шокийн байдалтай, зүүн талын нүд хөхрөлттэй байсан. Ингээд яаралтайгаар 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Халиун суманд очиж яаралтайгаар мэс заслын хагалгаанд орсон. Хагалгаагаар Б.Агийн биед элэгний няцрал, хэвлийн хөндийд 2 литр орчим цус алдалттай байсныг цус тогтоож, хэвлийг нь угааж цэвэрлэх хагалгааг хийсэн. Б.Агийн биед цус их алдсан учраас цус төлжүүлэх, шокноос гаргах болон амин үзүүлэлтүүдийг дэмжих эмчилгээ болон элэг хамгаалах эмчилгээг хийсэн. Ингээд дээрх хүнийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр аймагт авч ирж эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 76-рт/,

 

Гэрч Г.Э-Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...Э-О А-г зодсон гэж байсан. М-Э машиндаа тасраад унтсан байсан гэж хоорондоо ярилцаж байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81-рт/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай “...Б.Агийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн няцрал, хэвлий доторх цус алдалт, цус алдалтын дараах цус багадалт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чих, баруун бугалганд цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.Агийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн няцрал, хэвлий доторх цус алдалт, цус алдалтын дараахь цус багадалт/ цөсний шалтгаант хэвлийн гялтантаст, сэмжний үрэвсэл, гэдэсний наалдац/ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-35-рт/,

 

Хохирогч Б.А нь хүнд гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2022 оны 03 дугаар сарын 01-нээс өдрөөс2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 22 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 656 тоот өвчний түүх/хх-ийн 133-191-рт/,

Хохирогч Б.А нь хүнд гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Халиун сумын Эрүүл мэндийн төвд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 03 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 78 тоот өвчний түүх /хх-ийн 100-118-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Д.Э-Онь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутаг “Халиун толгой” гэх газар зүс таних Б.Атай архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр халдаж түүний эрүүл мэндэд учрах үедээ амь насанд нь аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Агийн мэдүүлэг, гэрч Ц, Ө, Н, Б, Б-А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, уг гэмтлийн улмаас хохирогч нь аймгийн нэгдсэн эмнэлэгт 22 хоног, Халиун сумын эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсэн талаар өвчний түүхүүд авагдсан байгаа. Иймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор хохирогч нь баримтаа гаргаж өгөхдөө баримтын тооцоог сайн гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгчийн тухайд 2.210.000 төгрөг төлсөн тухай шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч өөрөө мэдүүлж байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх нь зүйд нийцэж байна. Иймээс хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргаад байх зүйл байхгүй. Зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын тухайд 2.210.000 төгрөгийн хохирол хийсэн байгаа. Үүнээс эмнэлэгт хэвтсэн 450.000 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй. Үүнийг хасаад 1.760.000 төгрөгийг дансаар хийсэн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудтай танилцаж байна. Үүн дээр эмнэлгийн эм тариа авсан баримтуудыг хүлээн зөвшөөрнө, цаашид гарах зардлыг төлнө гэдгээ ярьж тохирсон, шүүгдэгчийн аав ээж нь хохирогчийн ээж аавтай уулзсан байгаа. Өнөөдрийн гаргаж өгсөн баримтууд дээрээс харахад бараа материалын баримт нэлээд их байна. Хүнсний бүтээгдэхүүн авсан баримт, бараа материал авсан баримтууд байна. Гарсан хохирол гэдэг нь идэж уух бараа материалын тухайд хүн өвдөөгүй байсан ч гэсэн идэж ууна, бараа материалаа хэрэглээд явдаг. Энэ бол бүх хүн дээр амьдралын жам ёсны зүйл байгаа. Эм тарианы зардлыг нэгдсэн журмаар бодоод гаргахад татгалзах зүйл байхгүй гэж хэлмээр байна гэв.

 

 Шүүгдэгч Д.Э-Онь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан хохирогч эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд нэхэмжилсэн байна.

 

 Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нь шинээр 1,841,028 төгрөгийн 111 баримт гаргаж өгсөн бөгөөд үүнээс 50 баримтын 814,345 төгрөгийг хангаж, 61 баримтын 1,026,683 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. Учир нь хангахаас татгалзсан 61 ширхэг баримтаас 60 ширхэг баримт нь  хоол хүнс, бараа материал болон өргөн хэрэглээний бараа авсан баримтууд байх тул эдгээрийг  гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг буюу хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээ сувилгаатай хамааралгүй гэж үзсэн болно. Мөн 1 ширхэг 450000 төгрөгний ор хоног төлсөн баримт нь давхардаж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь хохиролд 2,210,000 төгрөгийг төлсөн. Үүнээс ор хоногийн мөнгө 450,000 төгрөгийг хасаж тооцвол, шүүгдэгчийн зүгээс 1,760,000 төгрөгийг төлсөн байна. Хавтаст хэрэгт хохирогч нь 1,255,851 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул   шүүгдэгчийг  504,141 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байна.

Харин шүүх хуралдаанаар шинээр гаргаж өгсөн баримтуудаас хангаж шийдвэрлэсэн 814,345 төгрөгөөс 504,149 төгрөгийг хасахад 310,196 төгрөгийг шүүгдэгч Д.Э-О хохирогчид төлөхөөр байна гэж үзэв.

 

Шүүхээс 310,196 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Ад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Д.Э-О нь хохирол төлөх завсарлага авч хохирогчид 315,000 төгрөгийг төлж, нийт 2,525,000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн барагдуулсан байна.

 

Хохирогч Б.А нь дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх  тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх шүүгдэгч Д.Э-О-нүйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э-Онь шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, урьд нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.  

Шүүгдэгч Д.Э-О-нхувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн...” хх-ийн 69-р тал, Говь-Алтай аймгийн Халиун сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай албан тоот /хх-ийн 57-р хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Э-От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзээд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Э-От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Э-От оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Д.Э-Ог цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид нийт 2,525,000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Дийн Э-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Э-От 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Э-От оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч Д.Э-Оыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид нийт 2,525,000 төгрөгийг төлсөн, хохирогч А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА