| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0283/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/304 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0283/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-,
Шүүгдэгч Д.Ч-, Б.О-, Ц.У- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ч-, Б.О-, Ц.У- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 181800820095 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* тоотод оршин суудаг бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... тоотод оршин сууж байгаа гэх ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А- овгийн Д-гийн Ч- / /.
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Б- О- / /.
3. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж- овгийн Ц-ийн У- / /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Д.Ч- нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээс 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ц” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж нийт 2,101,598 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч Б.О-, Ц.У- нь Д.Ч-ийн дээрх гэмт хэрэгт хамтран оролцжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ч- нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээс 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ц-” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж нийт 2,101,598 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.О-, Ц.У- нь 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Д.Ч-ийн дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Хонгор сумын 2 дугаар багийн нутаг болох Ц- гэх газарт Д.Ч- гэж залуу зохих зөвшөөрөлгүй, ашигт малтмал олборлоод байгаа талаар мэдээлэл ирсэн. Тухайн мэдээллийг Хонгор сумын байгаль орчин хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******мэдэгдсэн. Тухайн үед Хонгор сумын байгаль орчны байцаагч Б- өвчтэй байсан. Мөн Д.Ч- нь дахин ашигт малтмал олборлоод байгаа талаар мэдээлэл ирэхэд нь байгаль орчны байцаагч Б-, хэсгийн төлөөлөгч *******, цагдаа *******нарын хамт Ц-д очиж шалгалт хийхэд 2 экскаватор нь эвдэрсэн гурван залуу Улаанбаатар хотоос өчигдөр ирсэн гээд экскаватороо засаад сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/, ... Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргэээлтийн зардлыг хуульд заасан аргачлалаар, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Э-ын өгсөн: “...Би Ч-оос хаана юу хийгээд байгаа юм бэ гэхэд миний экскаваторыг хүмүүс түрээсээр ашиглаж байгаад ууланд хаяад явсан юм. Би зардлаа нөхөх гээд газар ухах гэсэн чинь экскаватор хөлдөж эвдрээд болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд хамт явсаар байгаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болох Ц- гэдэг газарт авч очсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний нөхөрлөлийн талбайд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, Ц- гэх газарт хамрагддаг юм. Би Хонгор сумын байгаль орчны байцаагч Б-т 2018 оны 01 дүгээр сарын эхээр Ц- гэдэг газарт иргэд хууль бусаар ашигт малтмал олборлоод байгаа талаар бичгээр гомдол гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 142/,
Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч-оос мөнгө нэхээд Ц- гэдэг газарт очиход 2 экскаваторынх нь шанага хөлдүү газар ухаад ханзарсан гээд О-, У- нарын хамт 8 хүн байсан. Тэгээд экскаваторын шанага гагнах гээд 2 өдөр болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 91-94/,
Экологийн эдийн засгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-38/,
Шүүгдэгч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би анх Ц- гэх газарт ажиллаж байсан хүмүүст экскаватороо түрээслүүлж байсан. Гэтэл миний экскаваторыг түрээсэлж байсан хүмүүс мөнгөө өгөхгүй манай хоёр операторчийг техниктэй нь хамт үлдээсэн байсан. Тэгэхээр нь мөнгөө гаргаж авахаар уг газарт ажилласан. Тухайн үед газар хөлдүү байсан учраас 12 дугаар сард техник маань эвдрээд үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан. 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон. Дараа нь 3 сард уулын амнаас бууж чадахгүй байсан учраас буцах зардлаа олох зорилгоор дахин газар ухсан. Тэгээд ийм байдалд хүрсэн, “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлыг хуульд заасан аргачлалынх нь дагуу нөхөн төлсөн, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ц- гэх газарт ажиллана гээд очсон. Тэгээд Ч-той утсаар ярьчхаад буцаж очиход У- бид хоёрыг ажиллуулж байсан хүмүүс орхиод явсан. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Ч- ирээд бид хамт ажилласан. Гэтэл ажиллаж байх хугацаанд экскаватор эвдэрсэн учраас төв орж байж байгаад ирэхэд цагдаа нар ирсэн. Дараа нь экскаваторыг засаж байхад дахин цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Ц-д очиход хүмүүс байснаас 2 км зүүн урагшаа өгсөөд очиж ухсан. Тухайн үед экскаватор эвдрээд усан буу хөлдөөд байсан. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр усан буугаа янзлаад зогсож байхад Шарын гол сумын Цагдаагийн тасгаас шалгалт очоод үйл ажиллгааг зогсоосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар эрх бүхий байгууллагаас олгогддог тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулсан талаар маргаагүй харин шүүгдэгч Б.О-, Ц.У- нар нь Д.Ч-ийн хүсэлтийн дагуу хөлсөөр ажиллаж байсан тул хариуцлагыг ганцаар хүлээх ёстой гэж маргажээ.
Хууль бус үйл ажиллагаанд цалин хөлс аван оролцох нь гэмт хэрэгт хамтран оролцох нэг хэлбэр ба Д.Ч-ийг хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэгт цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн атлаа 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 13-ны үйлдэлд хамтран оролцсон нь “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.О-, Ц.У- нарыг гэм буруугийн талаар маргасан, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Д.Ч-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.О-, Ц.У- нарыг “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан” гэмт хэрэгт хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учирсан шууд хохирол, байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Ч-, Б.О-, Ц.У- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай ба шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэж, тэнсэх хугацааг ялгамжтай тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-р зүйлийн 7 дахь хэсэгт, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А- овгийн Д-гийн Ч-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б- овгийн Б- О-, Ж- овгийн Ц-ийн У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан” гэмт хэрэгт хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан А- овгийн Д-гийн Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, Б- овгийн Б- О-, Ж- овгийн Ц-ийн У- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Ч-, Б.О-, Ц.У- нарыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189-р зүйлд зааснаар ялтанд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүцэтгэх газарт тус тус даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Ч-, Б.О-, Ц.У- нарыг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД