| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01054/и |
| Дугаар | 182/ШШ2017/02232 |
| Огноо | 2017-11-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2017/02232
| 2017 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 182/ШШ2017/02232 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т /РД:ИЮ71080912/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, “М.Ш” ХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т нь М.Ш ХК-ийн Завхан аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын даргаар 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан.
Энэ хугацаанд ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль Хөдөлмөрийн дотоод журам, М.Ш ХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан байдаг.
Гэтэл М.Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т үндэслэн “2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажлын байранд архидан согтуурч ажлын байрны дэг журмыг зөрчсөн” гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас нь халсан.
Нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ажлын байранд архидан согтуурах үйлдэл гаргаж байгаагүй тул М.Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч М.Ш ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдаш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Б.Т нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажлын байранд тус аймгийн татврын хэлстийн мэргэжилтэн, Боловсрол газрын мэргэжилтэн, Өмчийн албаны мэргэжилтэн, МУИС-ийн Завхан салбарын багш гэх мэт нэр бүхий хүмүүсийн хамт бүхэл өдрийн турш архидан согтуурч ажлын байрны дэг журам, Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.1-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан.
Энэ байдлыг тухайн үед харсан хүн болох гэрч М.Даваасүрэнгийн “...өрөөнд нь яваад ороход ширээн дээр нь “Соёрхол” нэртэй 750 граммын шилтэй архи задалчихсан ууцгааж байсан. Надад хундагалаад өгөхөөр нь би уугаагүй...” гээд бодитой мэдүүлэг, гомдлыг манай байгууллагад хэлсэн учраас ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан 2016 оны 5 сарын 02-ны өдрийн 12/16 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, түүнийг Завхан аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын даргын ажил, албан тушаалаас халсан.
Ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэгсэх нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцогддог учраас Б.Тийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь М.Ш ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Т нь М.Ш ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхантай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 12/16 дугаартай Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж М.Ш ХК-ийн Завхан аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад М.Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Ажлын байранд архидан согтуурч ажлын байрны дэг журмыг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1А, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хэдийгээр байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульд заасан хэдий ч талууд хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан талаар маргаагүй, харин ажлаас халсан тушаалын үндэслэлийн талаар маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Б.Т нь М.Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.
Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Б.Тийг М.Ш ХК-ийн Завхан аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн А, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн учраас М.Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 дугаар тушаал хуульд нийцсэн гэж маргасан.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой учраас шүүхээс хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагатай байдаг.
Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг авч үзвэл:
Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.1-д “Ажилтан нь ажлын байранд архи ууж согтуурсан, мансууруулах бодис хэрэглэсэн, ажилдаа согтуурсан, мансуурсан байдалтай ирсэн, ажлын байрнаас гадуур ажиллах үедээ архидсан, архидахыг шаардсан...”,
Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн А “ажлын байранд болон гадуур ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн., албан үүргээ согтуугаар гүйцэтгэсэн...” бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдийг 5.5.1-ээс 5.5.9 хүртэл заасан байх ба дээрх үндэслэл тогтоогдвол ноцтой зөрчилд тооцогдохоор заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Тийг “2017 оны 3 дугаар сарын 03-нд бүхэл өдрийн турш ажлын байранд нэр бүхий хүмүүстэй архидан согтуурч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь гэрч М.Даваасүрэнгийн мэдүүлгээр тогтоогдсон гэж тайлбарласан.
Аливаа хувийн сонирхол нь эдийн болон эдийн бус, ашгийн сонирхлыг хамтад нь багтаадаг өргөн ойлголт бөгөөд тухайн хүний хувийн сонирхол нь эрхэлж буй албан тушаал, гүйцэтгэж буй ажил, үүрэгтэй нь зөрчилдөж болзошгүй нөхцөлд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үздэг.
Өөрөөр хэлбэл гэрч М.Даваасүрэн нь Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргаар томилогдож, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ашиг сонирхолын зөрчил бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан М.Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын “...Мөнхтогоогийн Даваасүрэнг Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргаар 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар түр томилсугай ...” гэсэн Б/60 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Д.Баасанжаргалын “2017 оны 3 сарын 03-нд ажил дээрээ байсан. ...Би касс дээр байнга суудаг болохоор дээшээ 2 давхарт гарч даргын өрөөнд орж уулзаагүй. Харин 00 орох гэж дарга кассын хажуу талд өлгөөтэй байдаг 00-н түлхүүр авсан. Тэгэхэд таарсан. ...Архи дарс уугаагүй байсан...” гэх мэдүүлгээр гэрч М.Даваасүрэнгийн мэдүүлэг няцаагдаж байх тул нэхэмжлэгч Б.Тийг Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн А-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Ажил олгогчийн зүгээс 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажилтан Б.Тийн ажлын байранд архидан согтуурч ажлын байрны дэг журмыг зөрчсөн зөрчлийг тухайн цаг үед нь баримтжуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна.
Иймд ажил олгогчийн санаачлагаар Б.Тийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Тийг урьд эрхэлж байсан ажил буюу М.Ш ХК-ийн Завхан аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Б.Тийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 843,557 төгрөг /2,503,671 : 3 сар = 834,557/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 38,816 /834,557 : 21.5 хоног = 38,816/ төгрөг болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2017 оны 1, 2, 3 дугаар саруудын цалингаас тооцсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан учраас Б.Тийн ажлаа хүлээлгэж өгсөн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш түүнийг Завхан аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэст баталгаажуулалтын шинжээчийн. Албан тушаалд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр түр тушаалаар томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны буюу ажлын 111 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,308,576 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч М.Ш ХК-д нэхэмжлэгч Б.Тийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тийг урьд эрхэлж байсан ажил буюу М.Ш ХК-ийн Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 4,308,576 төгрөгийг хариуцагч М.Ш ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,600,672 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М.Ш ХК-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М.Ш ХК-иас 83,887 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА