Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 004/2015/0008/З |
Дугаар | 221/МА2015/0242 |
Огноо | 2015-06-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2015/0242
Иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч Ч.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, тус аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин мөн нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан бусад зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар зүйлийг удаа дараа зөрчиж, 2013 оны Засаг даргын Тамгын газрын төсөвт зохицуулалт хийхдээ өөрийн дураар амралт, цалинг давхардуулах өсгөх, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр урамшуулал олгох, баяр наадмын зардлыг хэтрүүлэн зарцуулах, өөрийн орлогыг нярвын тайлангүйгээр шууд зарцуулах зэргээр удаа дараа хууль зөрчсөн болох нь тус сумын төсөвт байгууллагуудын 2013 оны төсвийн зарцуулалт, үр дүн, төсвийн гүйцэтгэлд баталгаажуулах аудит хийсэн аймгийн Аудитын газрын шалгалтаар тогтоогдож сумын Засаг даргын Тамгын газрын 1131.7 мянга, Засаг даргын Тамгын газрын ангилагдаагүй зардлын дүнгээр 1014.0 мянган төгрөгийн акт тавигдаж хязгаарлалттай дүгнэлт авсан. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зарцуулалтын тайланд хийсэн Аудитын дүгнэлтээр 6867.3 мянган төгрөгийн төлбөрийн акт зөрчил арилгуулах 6 заалттай албан шаардлага өгч сөрөг дүгнэлт өгсөн. Ажилдаа хариуцлагагүй хандаж, Сумын Засаг дарга Н.Б-ийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/70 дугаар захирамжаар "Албан тушаалын цалинг 1 сарын хугацаанд 10 хувь бууруулах" сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Б.Б ажилд орсон цагаасаа хойш сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр гар худаг гаргуулах гэрээ хийгээд, хийгээгүй ажилд 100 хувь мөнгийг нь олгосон. Ийм хариуцлагагүй хүн учир Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул ажлаас халсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Б-г Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-т зааснаар Б.Б нь Төрийн албаны салбар зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргахад гаргасан зардал, хохирлоо иргэний шүүхээр шийдвэрлүүлэхийг дурьдаж,
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.006.857 төгрөгийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэгч Б.Б-г анх Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд орсноос хойш 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, хэрэгжүүлбэл зохих албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь баримтаар нотлогдож байсан учраас би Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас нь халсан юм. Миний захирамждаа дурдсан ... удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул ... гэсэн утга нь өнгөрсөн цагийг зааж байгаа гэдгийг би шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч миний тайлбарыг хэрэгсээгүй байна. байх гэдэг үгийг Монгол улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Я.Ц гэдэг хүний зохиосон Монгол хэлний товч тайлбар толь номын 69 дүгээр талд тайлбарлахдаа: байх-үйлийн нэр, нөхцөл үйлийн зарим хэлбэртэй хамтран орж тухайн үйлийн цагийг заана гэсэн байдаг.
Иймд би Б.Б-г ажиллаж байсан хугацаандаа удаа дараа хууль зөрчиж, албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэсэн утгаар захирамждаа бичсэн болно. Үүнийгээ ч баримтаар нотолж байгаа.
2. Шүүхийн шийдвэрт ... захиргааны хэргийн анхан шатны 04 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр хариуцагч Ч.Г-ийн үндэслэл болгон тайлбарлаж буй дээрх үйл явдлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн... гэж тэмдэглэсэнтэй би санал нийлэхгүй байна. Учир нь миний 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг Б.Б-г ажлаас чөлөөлөхдөө хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу ойлгож зөрүүтэй байдлаар хэрэглэсэн учир уг захирамжийг шүүх хүчингүй болгосон, Үүнийг ч би хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Түүнээс биш Б.Б гэдэг хүн хууль зөрчөөгүй байна гэснийг нотолсон ямар ч шийдвэр гараагүй. Тийм байтал уг асуудлыг шүүх эцэслэн шийдсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хачирхалтай бөгөөд шүүгч өөрөө хуулийг буруу тайлбарлаж хууль зөрчсөн Буянзаяаг хамгаалаад байгаа мэт ойлгогдож байна.
3. Миний бие 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга Эрдэнэцэцэгээс хавтаст хэргийн материалаа авч танилцахад шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны эхэнд миний шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудын нэрийг буруу бичсэн, тэр баримтуудыг шинжлэн судлуулсан баримтын жагсаалтад оруулж бичээгүйгээс гадна уг баримтуудыг хэргийн материалд хавсаргаагүй байсан нь шүүгч уг баримтуудыг санаатайгаар авч үлдэх гэсэн оролдлого гэж үзэж байна. Яагаад гэвэл эдгээр баримтуудын талаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрт огт дурьдаагүй байгаа болно. Шүүх хурал дээр миний гаргаж тавьсан нотлох баримтууд нь:
- Б.Б-ийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигладгийг нотолсон /цалин тогтоох тухай/ 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дүгээр тушаал бөгөөд энэ тушаалаар өөрийнхөө томилдоггүй сумын засаг дарга, засаг даргын орлогч, мөн өөрийнхөө цалинг шинэчлэн тогтоосон.
- Авлигатай тэмцэх газраас 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн тухай 05/9526 дугаар албан бичигт сумын засаг даргыг төлөөлж өөрийн эхнэр Л.Б-г сумын соёлын төвийн эрхлэгчээр томилуулахын тулд түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар явуулсныг хянан үзээд энэ асуудлыг хянуулах хүн нь Б.Б биш учраас хүлээн авах боломжгүй гэсэн хариу бичиг юм. Энэ асуудал нь мөн л албан тушаалаа хэтрүүлэн ашигласны нотолгоо болно.
- Сумын төрийн сангийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын хуулга, 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс 2014 оны 12 дугаар сарын 31 хүртэлх орлогын хуулбар зэрэгт Б.Б-ийн иргэн Мөнхбаатартай байгуулсан худаг засварлах гэрээний дагуу олгосон мөнгө түүнийг буцаан төлүүлснийг гэрчлэх баримт юм.
4. Б.Б-ийн нэхэмжлэлийг өмнө нь нэг удаа хүлээн авч хариуцагчаар намайг татаж байсан Ерөнхий шүүгч Ш.Б хоёр дахь удаагаа Б.Б-ийн өмнөх хэрэгтэй адил төстэй нэхэмжлэлийг өөрөө хүлээн авч шалгаж шийдвэрлэхээр болсон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийг зөрчиж ерөнхий шүүгчийн эрх мэдлээ урвуулан ашиглаж Б.Б-г ямар ч хамаагүй аргаар буруугүй болгох гэж оролдож байгаа нь шүүх хурлын үйл явцаас надад мэдэгдсэн болно. Иймд эрхэм шүүгчид та бүхэн уг шүүх хуралдааны бичлэгийг бүрэн эхээр нь сонсохыг хүсэлт болгож байна.
5. Нотлох баримтаас хасах тухай Ш.Б шүүгчийн 64 дүгээр захирамжаар Арга хэмжээ авах тухай аймгийн төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаас төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч нарт хандаж гаргасан албан тоотыг нотариатаар батлуулаагүй гэсэн шалтгаанаар нотлох баримтаас хассан нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Учир нь энэ баримтыг би 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхийн архиваас авсан бөгөөд үүнийг шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч Л.О гэдэг хүн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж гарын үсэг зурж өгсөн. Иймд энэ баримт шаардлага хангана гэж үзэж байна.
6. Засаг дарга миний гаргасан 2 захирамжийн хуулийн үндэслэл нь өөр өөр байтал шүүгч ажлаас халсан захирамжийг өмнө гаргасан ажлаас чөлөөлсөн захирамжтай үндэслэл ижил байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүгч хуулийг урвуулан тайлбарлаж болдгийг харуулсан хэрэг гэж үзэж байна, Иймд би энэ 2 захирамжийн хуулбарыг нотлох баримт болгон өгөхийг хүсч байна.
7. Шүүхийн шийдвэрийн эхний хэсэгт ... Ч.Г-т холбогдох засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулж ... гэж буруу бичсэн нь шүүгчийн эрхэлсэн ажилдаа хэр зэрэг хариуцлагатай ханддагийг гэрчилж байна. Эдгээр шалтгаануудыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Б.Б-аас Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах мөн нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан бусад зардлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан Б.Б-ийн нэхэмжлэлийг шүүх 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэж, Б.Б-г Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоожээ.
Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх явцад Б.Б-г Төсвийн тухай хуулийг зөрчиж 2013 онд эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр амралтын цалинг өсгөх, урамшуулал олгох, баяр наадмын зардлыг хэтрүүлэх, орлогыг нярвын тайлангүйгээр шууд зарцуулсан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж хамаарал бүхий этгээдийг төрийн албанд томилсон, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хэрэгжүүлэх талаар ямар ч ажил зохион байгуулаагүй, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй, албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээ баталгаажуулаагүй, оны эхний сард хийх ёстой ажлуудыг хийгээгүй гэх асуудлууд хэлэлцэгдсэн боловч шүүх Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Үүний дараа Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай Б/23 дугаар захирамжаар Б.Б-г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон атлаа 4 өдрийн дараа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар 2011 оноос хойш сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаагүйгээс гадна удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Б.Б-г ажлаас дахин халсан нь хууль бус болжээ.
Учир нь хариуцагч албан тушаалтан Б.Б-г урьд нь ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон зөрчлүүдийг дахин ажлаас халах үндэслэл болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд заасан шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолгүй баримтуудыг нотлох баримтаас хассан 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 64 дүгээр захирамжид гомдол гаргах эрх хариуцагчид нээлттэй байсан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлээгүй тохиолдолд хариуцагчийн баримтыг хассан нь шүүгчийн буруутай, санаатай үйлдэл гэх гомдлыг үндэслэлтэй гэх боломжгүй.
Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт маргаан бүхий захиргааны актын огноо, дугаарыг буруу бичсэн нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР