Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 21

 

       

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс 114/2020/0019/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Дархан сум, Хонгор сум, Орхон сум, Шарын гол сумын Ардчилсан намуудын нэхэмжлэлтэй

           Хариуцагч  Дархан-Уул аймгийн Дархан сум, Хонгор сум, Орхон сум, Шарын гол сумдуудын сонгуулийн хороонд тус тус холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: Дархан сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоол, Хонгор сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол,  Орхон сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоол, Шарын гол сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолуудыг тус тус  хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч:                                   Л.Эрдэнэбилэг

           Хариуцагч:                                    Д.Чагнаадорж, С.Дэлгэржаргал, Г.Шинэхүү

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                   Л.Алтанчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хонгор сумын Ардчилсан намын дарга Л.Эрдэнэбилэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хонгор сумын Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож, нэр дэвшүүлэхээр сонгуульд оролцох хүсэлтээ Хонгор сумын сонгуулийн хэсгийн хороонд 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 10/46 тоот албан бичгээр хуульд заасан бүх баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлэх хүсэлтээ өгсөн боловч сонгуулийн хэсгийн хорооноос биднийг хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан, “орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлээгүй” гэдэг шалтгаанаар бүртгэхээс татгалзсан тухай тогтоолыг 2020 оны 08 сарын 18-ны өдөр өгсөн ба уг шийдвэрийг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд Хонгор сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.

Сонгуулийн тухай хуульд 2020 оны 06 сарын 25-ны дотор хандивын тайлангаа баталгаажуулахаар заасан байгаа энэ заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн. Аудитын газраас тайлангаа өгөх тухай  манайд албан бичиг хүргүүлээгүй төрийн байгууллагаас сонгуулийн тухай шинэ хуулийн талаар тодорхой нам эвслүүдэд дуудаж танилцуулаагүй, ийм өөрчлөлт орсон байна гэдгийг танилцуулж байх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Төрийн аудит гэдэг үгээр хүмүүсийн сонгох сонгогдох эрхийг хаагаад байгаа, мөн тус намын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаагаас гадна тус сонгуулийн хороо нь намын олон мянган гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч: Шарын гол сумын Ардчилсан намын дарга Сундуйжаваас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.” 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж тус тус заасны дагуу Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож, нэр дэвшүүлэхээр сонгуульд оролцох хүсэлтээ сумын сонгуулийн хороонд гаргасан.

Гэвч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын сонгуулийн хороо нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоол гарган Шарын гол сумын Ардчилсан намыг сонгуульд бүртгэхээс татгалзсан ба татгалзах үндэслэлээ “орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан”-г тус тус ирүүлээгүй гэж дурджээ.Шарын гол сумын Ардчилсан нам нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу бусдаас хандив хүлээн аваагүй. Нэгэнт хандив хүлээн аваагүй учраас тухайн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайлан гаргах боломжгүй байсан. Иймд хандив хүлээн аваагүй байхад төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан хандивын тайланг Шарын гол сумын сонгуулийн хороо нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Ийнхүү Шарын гол сумын Ардчилсан намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаас бүртгэхээс татгалзсан нь тус намын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаагаас гадна тус намын олон мянган гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шарын гол сумын Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хонгор сумын сонгуулийн хорооны дарга Д.Чагнаадоржоос шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хонгор сумын ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна. Ардчилсан намаас 2020 оны 08 сарын 14-ний өдөр холбогдох бичиг баримтуудыг сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн ба хувийн аудитаар баталгаажуулсан учраас сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзэн бүртгэхээс татгалзсан тогтоолыг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт Ардчилсан нам хандив хүлээж аваагүй байхад Төрийн аудитын байгууллагаар хянуулсан шийдвэрийг бид нараас шаардсан нь үндэслэлгүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ өөр зүйл яриад одоо шүүх хуралдаан дээр нэг өөр юм яриад байгаа нь ойлгомжгүй байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 25.3.6 дахь хэсэгт “...Төрийн аудитын байгууллагаар хянуулна” гэж заасан байдаг ба өөрсдийн буруутай үйлдлийг Сонгуулийн хороо хууль бус үйлдэл хийгээд байгаа юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хуульд зааснаар дээд шатны байгууллагад гомдлоо гаргах шаардлагыг хангахгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Сонгуулийн хороог хууль тайлбарлаж өгөх ёстой гэж тайлбарлаад байх юм,  сонгуулийн хороо сонгууль болохоос 60 хоногийн өмнө байгууллагддаг ба бид нар хууль тайлбарладаг газар биш, төрийг төлөөлж сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй юм. Нэхэмжлэгч тал яг юунд үндэслэж нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

Хариуцагч Шарын гол сумын сонгуулийн хорооны дарга Г.Шинэхүүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарын гол сумын Ардчилсан намаас сонгуулийн хуулийн  25.1-т зааснаар 2020 оны 08 сарын 14-ны өдөр 24 тоот албан бичгээр сонгуульд оролцох хүсэлтээ шаардагдах материалыг хавсарган ирүүлсэн ба материалыг судлан үзэхэд иргэн хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг “Пантер Мидланд Аудит” компанийн хувийн аудитын байгууллагаар хянуулсан байсан бөгөөд сонгуулийн хэсгийн хорооны бүх гишүүдийн хурлаар мэдэгдэл тайлбар авах шийдвэр гаргаснаар 2020 оны 08 сарын 14-ний өдөр сумын Ардчилсан намруу ярьж үүнтэй холбоотой тайлбараа ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн боловч 2020 оны 08 сарын 18-ны өдөр аудиттай холбоотой гомдлоо Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас Захиргааны хэргийн шүүхэд  гаргасан тул шүүхийн шийдвэр гарсны дараа албан ёсны хариу өгье гэсэн албан тоот ирүүлсэн.Энэ талаар тодруулахаар Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт албан бичиг явуулахад Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газраас 2020 оны 08 сарын 19-ний өдөр Ардчилсан намаас хандивын тайландаа дүгнэлт гаргуулах хүсэлтээ хуулийн хугацаандаа өгөөгүй учраас дүгнэлт гаргаагүй гэсэн хариу өгсөн. Шарын гол сумын сонгуулийн хороо материалуудыг үндэслэн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн ардчилсан намыг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Ардчилсан нам төрийн аудитаар хянуулах тухай мэддэг байсан боловч өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж дүгнэлт гаргуулаагүй нь хууль зөрчиж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хандив аваагүй бол төрийн аудитын байгууллагаар хянуулах шаардлагагүй гэсэн нэг ч үг өгүүлбэр байдаггүй. Иймээс сумын сонгуулийн хорооны шийдвэр хуулийн үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, Хонгор сум, Орхон сум, Шарын гол сумын Ардчилсан намуудын хороо нь “Дархан сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоол, Хонгор сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол,  Орхон сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоол, Шарын гол сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолуудыг тус тус  хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр хэргийг шийдвэрлэлээ.

 

  1. “Дархан-Уул аймгийн Хонгор сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол, Шарын гол сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Хонгор сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол, Шарын гол сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Хонгор сумын Ардчилсан намын хороо болон Шарын гол сумын Ардчилсан намын хороог Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 25 дугаар зүйлийн 25.3.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсгийг тус тус үндэслэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хонгор сумын Ардчилсан намаас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20/46 тоот албан бичгээр, Шарын гол сумын Ардчилсан намаас 2020 оны 8 дугаар сарын 14-ний 24 тоот албан бичгээр Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн хамт сумын сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн бөгөөд  уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.6-д “орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан”-г дутуу хүргүүлснээс 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” гэсэн нөхцөлийг бүрдүүлсэн  байна.

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д намын сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийн бүрдлийг хангах үүргийг тухайн намд хүлээлгэж хуульчилсан, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам хуулиар тогтоосон, түүний дотор сонгуулийн тухай хуульд заасан бүрдүүлэх баримт бичгийг бүрэн хангах нь зүй ёсны шаардлага бөгөөд Хонгор сум, Шарын гол сумын Ардчилсан намууд нь энэхүү үүргээ биелүүлээгүй,  хуульд заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн,  дутуу баримт болох тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг гаргаж өгөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Хонгор сум, Шарын гол сумын сонгуулийн хороод нь Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана, 27.2-д “...баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана”гэж зааснаар нэхэмжлэгч Хонгор сум, Шарын гол сумын Ардчилсан намын хорооноос ирүүлсэн баримт бичгийг сумдын сонгуулийн хороод нь нягтлан шалгаж бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1 “хууль дээдлэх”, 7.4.3 “шударга ёсыг сахих” гэж заасан зарчимтай нийцсэн байна.

Иймд Дархан-Уул аймгийн Хонгор сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 06 дугаар тогтоол, Шарын гол сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Хонгор сумын сонгуулийн хорооны даргаас “хуульд зааснаар дээд шатны байгууллагад гомдлоо гаргах шаардлагыг хангаагүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байх бөгөөд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-д “...сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана”,  14.10-т “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна” гэж хуульчилснаас үзэхэд сум дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байхаар зохицуулагдсан байх тул шүүх нэхэмжлэлийг шууд авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Шарын гол сумын Ардчилсан намын дарга Сундуйжаваас эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлэх өгөх тухай амаар мэдэгдсэн байх тул Шарын гол сумын сонгуулийн хороонд холбогдох хэсгийг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

2.”Дархан сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоол,  Орхон сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            Шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр товлон товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д зааснаар Дархан сумын Ардчилсан намын дарга Б.Эрдэнэбилэг, Орхон сумын Ардчилсан намын дарга Д.Эрдэнэцогт нарыг хуралдаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай гэж шүүхээс үзэх тухайн хуралдааныг хойшлуулсан байна.

            Түүнчлэн дахин шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч  Дархан сумын Ардчилсан намын дарга Б.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлд бичсэн 99101102 дугаарт залгаж мэдэгдэхэд “за ойлголоо”, мөн өөрийнх нь утас болох 99994449 руу ярихад “Би шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл өгөөгүй, би Ардчилсан намаас гараад удаж байна гэж, Орхон сумын Ардчилсан намын дарга Д.Эрдэнэцогтын 99073556 дугаарт залгахад “би Ардчилсан намаас гарсан, наад хэрэг чинь надад ямар ч хамаагүй, би ямар нэгэн нэхэмжлэл шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж тус тус тайлбарласан болох нь утсаар ярьсан тухай тэмдэглэл, шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Мөн Дархан сумын Ардчилсан намын нэхэмжлэлд бичсэн 99101102 дугаарт залгаж Дархан сумын Ардчилсан намын дарга Б.Эрдэнэбилэг, Орхон сумын Ардчилсан намын дарга Д.Эрдэнэцогт нарт хурлын тов мэдэгдэхэд оролцох боломжгүй талаар тайлбарласан, Дархан сум, Орхон сумаын Ардчилсан намаас ирүүлсэн нэхэмжлэлийг дэмжиж оролцох төлөөлөгч байгаа эсэхийг тодруулж лавлахад “за би өөрөө итгэмжлэл аваад очъё” гэж тайлбарлажээ.

             Ардчилсан намын Дархан-Уул аймгийн хорооны тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Орхон сумын Ардчилсан намын дарга Дамбадоржийн Эрдэнэцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлээс чөлөөлсөн, Ардчилал шинэчлэлийн намын Дархан-Уул аймгийн намын хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 09 дүгээр тушаалаар Д.Эрдэнэцогтыг Орхон сумын намын хорооны даргаар батламжилсан байх бөгөөд  Дархан сум, Орхон сумын Ардчилсан намаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж шүүх хуралдаанд ирүүлээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцоогүй тул шүүх  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т “... дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Дархан сум, Орхон сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй  “Дархан сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоол,  Орхон сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийн холбогдох хэсгийг буцаах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2,106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сум, Орхон сумын Ардчилсан намын хороодын нэхэмжлэлтэй Дархан сум, Орхон сумын сонгуулийн хороонд тус тус холбогдох Дархан сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоол, Орхон сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг нэхэмжлэгч Дархан сумын Ардчилсан нам, Орхон сумын Ардчилсан намын хороодод тус тус  буцаасугай.    

 

             2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1,7.4.3, 25 дугаар зүйлийн 25.3.6, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3.3, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сум, Шарын гол сумын Ардчилсан намын хороодын “Хонгор сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 06 дугаар тогтоол, Шарын гол сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 280800 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 210600 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Дархан сум, Орхон сум, Шарын гол сум, Хонгор сумын Ардчилсан намын хороонд тус тус 52650 төгрөгийг буцаан олгосугай.

 

           4. Дархан сум, Орхон сумын Ардчилсан намаас ирүүлсэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 зааснаар шүүхээс буцаасан тул хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар  гомдол гаргах эрхгүйг, мөн хуулийн  113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хонгор сум, Шарын гол сумын Ардчилсан нам, хариуцагч Хонгор сум, Шарын гол сумын сонгуулийн хороо нь  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 /тав/  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА