Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 18

 

“Практикал Даатгал” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Д.С-т холбогдох иргэний

 хэргийн талаар

 

226/2017/00018/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,

    Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М, С.Г,

    Хариуцагч: Д.С

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Б нарыг оролцуулан

    Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 19-ний  өдрийн 356 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.С-ын давж заалдах гомдлоор “Практикал Даатгал”ХХК-ний нэхэмжлэлтэй, Д.С-т холбогдох  “гэм хорын хохирлын 62 776 576  төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Нэхэмжлэгч “Практикал Даатгал” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С- нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Нэгдсэн эмнэлгийн баруун талаас 4 замын уулзварт “Тоёото Эстима”маркийн 95-40 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж манай компанид даатгалтай “Капитал Континент Инвестмент” ББСБ-ийн эзэмшлийн “Тоёото Ланд круйзер 200” маркийн 12-79 УНЛ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 62 776 576 төгрөгийн хохирол учруулсан. Манай компанид уг машин нь даатгалтай учир гэрээний дагуу 62 776 576 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг төлсөн. Иймд даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу С-аас 62 776 576 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С- нь “Тоёота Эстима” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас тус компанид даатгалтай байсан 12-73 УНЛ улсын дугаартай “Тоёото Ланд круйзер-200” маркийн машиныг мөргөсөн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. “Тоёото Ланд круйзер-200” маркийн авто машин нь 2016 онд Монгол улсад орж ирсэн. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр улсын дугаар авч, Авто тээврийн газар бүртгүүлж, тодорхой хэмжээний даатгалын шимтгэл төлж 148 000 000 төгрөгийн даатгалын хамгаалалтыг тус даатгалын компаниас авсан. Даатгалын гэрээний дагуу учирсан хохиролд 47 938 139 төгрөгийн сэлбэг хэрэгслийг “Мөнххада” ХХК-иас захиалан авч төлбөрийг 9 сард шилжүүлсэн. Дараа нь засвар үйлчилгээг “Хэт моторс” ХХК-иар хийлгэсэн бөгөөд 14 667 137 төгрөгийг шилжүүлсэн. Иймд дээрх хохирлыг нэхэмжлэх явцад С нь “МИГ даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалын 5 сая төгрөгийг авч, уг мөнгийг манай компани руу шилжүүлснээр нэхэмжлэлийн шаардлагаа 57 605  276 төгрөг болгож бууруулж байна гэжээ.

   Хариуцагч Д.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би  зам тээврийн ослын дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ланд круйзер авто машинд үнэлгээ хийсэн “Бэст стима” ХХК-ийн үнэлгээгээр 41 522 000 төгрөг гарсан боловч, дахин үнэлгээ гаргасан “Вендо” ХХК нь 62 776 576 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргаж, эвдрээгүй эд ангиудыг эвдэрсэн мэтээр үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Иймд Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлйн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

   Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.С-аас гэм хорын хохиролд 55 251 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-д олгохоор, нэхэмжлэлээс үлдэх 2 354 276 төгрөгийг  хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 471 833 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.С-аас 434 205 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-д олгохоор  шийдвэрлэжээ.

   Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.С- давж заалдах гомдолдоо: “Практикал Даатгал” ХХК-ний нэхэмжилж байгаа нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины эвдрэлийн үнэлгээ нь олон янзаар гарсан нь эргэлзээтэй байна. Машины эвдрэлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргахад хангалгүй орхиж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

        Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв, үндэслэл бүхий үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

         Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь хариуцагч Д.С-т холбогдуулан гэм хорын хохиролд 62 776 576 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

         Хариуцагч Д.С нь “Ланд круйзер 200” маркын 12-79 УНЛ тээврийн хэрэгслийн хохирлыг  Бэст стима ХХК  41 522 000 төгрөг, Вендо ХХК 62 776 576 төгрөгөөр хоёр өөр үнэлгээ тогтоосон мөн эвдрээгүй эд ангиудыг эвдэрсэн мэтээр үнэлсэн  тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            

Хэрэгт авагдсан  Вендо ХХК-ийн  үнэлгээний тайланд / хх 81-82/  үнэлгээ гаргасан захирал Ц.Түвшинцэнгэлийн гарын үсэг зурагдаагүй,  нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж буй хохирлын үнэлгээг тогтоосон бичмэл нотлох баримтууд нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн  44-р зүйлийн 44.2-т заасан  шаардлагыг хангаагүй  байхад  анхан шатны шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчжээ.

            Мөн хариуцагч Д.С-ын тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ өөр, өөрөөр тогтоогдсон тул үнэлгээний компаниас тайлбар гаргуулан хохирлыг бодитойгоор  тогтоолгох, мөн өмгөөлөгч Х.Биязханы тээврийн хэрэгслийн аралыг сольсон эсэхийг шалгуулах  талаарх хүсэлтүүдийг шүүх шийдвэрлээгүй  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан “ хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэснийг зөрчсөн байна.

Иймд хариуцагч Д.С-ын давж заалдах гомдлыг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 434205 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 19 ний өдрийн 356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.С-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 434205 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

 

                                       ШҮҮГЧИД                                            З.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                                        Я.АЛТАННАВЧ